Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн хувьд асуудалтай байгааг тогтоожээ

Хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн хувьд асуудалтай байгааг тогтоожээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 7
Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа чухал асуудлуудын нэг бол өсвөр үеийнхний сэтгэл гутрал болжээ. Өсвөр насныхны сэтгэлзүйн байдлын талаар “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас Нийслэлийн 20 сургуулийн 11-17 насны 8461 хүүхдэд судалгаа хийсэн байна. Энэхүү судалгааны дүнг өнөөдөр танилцууллаа. Судалгаагаар хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудалтай байгааг тогтоожээ. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн гэр бүл, найз нөхдийн дарамт, PC тоглоомын донтолт, анги хамт олондоо гадуурхагдах, цахим орчинд дарамтлуулах, үерхэл нөхөрлөл зэрэг олон шалтгаанаас болж сэтгэл гутралд орох цаашлаад амиа хорлох оролдлогыг хийж байгаа нь судалгаагаар ажиглагдсан байна.
Хүүхдийн сэтгэл зүйн байдал ямар байгаа нь түүний гаргаж буй авир, үйл хөдлөл зэргээс тод томруун илэрдэг байна. Хэрвээ хүүхэд тань нойр муутай, шүдээ хавираад, уурламааргүй зүйл дээр огцом уурлаад, амархан уйлах зэргээр анхаарал татах ямар нэгэн сөрөг үйлдлүүдийг хийх, хичээлээ 10 цагаас дээш таслах, ямар ч идэвхи сонирхолгүй юунд ч баясахаа болих, эм ууж үзэх, гараа зүсэх гэх мэт хачин, сонин үйл хөдлөл гаргаад байвал даруй сэтгэл зүйн арга хэмжээ авах шаардлагатайг сэтгэл зүйч С.Хишигтогтох анхаарууллаа.
 Эдгээр эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхэддээ цаг гаргах, бэрхшээлтэй асуудлынх нь талаар ярилцах, тухайн насны онцлогт тохирсон шаардлагыг тавих, бодитойгоор үнэлэх мөн боловсролын салбарт сэтгэл зүйн үйлчилгээг оруулах хэрэгтэй байгааг онцолж байсан юм. Боловсролын салбарт сэтгэл зүйн үйлчилгээг оруулснаар хүүхдүүд ганцаараа шийдвэр гаргах бус бусадтайгаа ярилцан зөвлөлдөх, сэтгэл зүйн зөвлөгөө авснаар сэтгэл гутралд орох эрсдэл буурах зэрэг олон эерэг талтай.
 Дашрамд дурдахад, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс өсвөр насныханд үнэгүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор  “Сэтгэл зүйн 10с дархлаа” нэг сарын аянг долоо хоног бүрийн Пүрэв гаригт 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байгаа аж.
А.Хулан
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн