Open iToim app
Хөндөх сэдэв | 5 мин уншина

Б.Чулуунтамир: Найман сарын байдлаар бэлгийн хүчирхийлэлд бага насны 160 хүүхэд өртөж, хохирсон

Б.Чулуунтамир: Найман сарын байдлаар бэлгийн хүчирхийлэлд бага насны 160 хүүхэд өртөж, хохирсон
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 15
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.
-Цар тахлын энэ үеэр гэр бүл хүчирхийлэл маш ихэссэн статистик байна. Энэ дундаас бага насны охидыг хүчирхийлэх хэрэг хэр их гарч байна вэ?
-Гэр бүлийн хүрээнд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг нийгэмд ерөнхийдөө байсаар байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг нь хамгийн өндөр ялтай, хүнд гэмт хэрэгтээ ордог. Иргэд үүнийг ойлгох эрх зүйн мэдлэг алга. Мөн монгол гэрийн орчин нөхцөл нь эмэгтэй хүнийг тусгаарлах, тустай байх орон цай их хомс учраас тэд гэртээ байхдаа хувцсаа солих, эсвэл хөдлөх бүрдээ ямар нэгэн байдлаар эрэгтэй хүний анхаарлыг татдаг. Энэ нь бэлгийн гаж донтой хүмүүст сэдэл өгөх магадлал өндөр байдаг учраас энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 676 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртсөн байдаг. Харин 2020 он гарсаар 160 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хохирсон байгаа. Жилд дунджаар 400-500 орчим хүчингийн хэрэг үйлдэгддэг тэдгээрийн 50-60 хувь бага насны хүүхдүүд гэмтэж бэртэж, сэтгэл санаагаар хохирсон байдаг.
Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэдэг нь ганцхан бэлгийн харьцаанд орсноороо хүчирхийлэгдэж байна гэсэн үг биш юм. Тэр хүүхдийг ямар нэгэн байдлаар садар самуунд уруу татах, эмзэг хүрч болохгүй газруудад нь хүчээр хүрэх, харах, нүцгэн байхыг шаардах гэх мэт бэлгийн дарамтад байлгах эдгээр үйлдлүүд нь өөрөө бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн хүчирхийллийн бүрэлдэхүүнд хамаардаг.
-Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн ямар хүмүүс үйлддэг вэ?
-Энэ гэмт хэргийг ихэвчлэн гэр бүлийн хамаарал бүхий эцэг, өвөө, өвөөгийнх нь найз, хамаатан, үеэл гэх мэт хамгийн ойр тодны хүмүүс үйлддэг. Хувиар хэлбэл, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн 70 гаруй хувийг нь эдгээр хүмүүс үйлдсэн байдаг. Нийслэлд гэхээс илүү хөдөө орон нутагт энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг.
Үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нь илрэхэд маш хүн байдаг. Ахуй хүрээнд үйлдэгдэж байгаа тэр хэргийг бага насны хүүхэд цагдаад хандаж чаддаггүй учир ээждээ хэлдэг. Гэвч ээж нь нөгөө гэмт хэрэг үйлдсэн этгээдийн талд орж нуун дарагдуулдаг. Сургуулийн нийгмийн ажилчнаар дамжуулж цагдаагийн байгууллага хүчирхийлэлд орсон байгааг мэдэх тохиолдол их гардаг ч ээж нь нуун дарагдуулснаар мэдээ мэдээлэл өгдөггүй, эсвэл хүүхдийг мэдүүлэг өгөхөд нь ямар нэгэн байдлаар саад учруулдаг гэх мэт нөхцөл байдал их гардаг.
-Хэдээс хэдэн насны хүүхдүүд илүү өртөж байна вэ?
-Судалгаагаар үзэхэд 8-13 насны эмэгтэй хүүхдийн 60-70 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг.
-Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг яагаад буурахгүй байна вэ?
-Дээр хэлсэнчлэн энэ төрлийн гэмт хэрэг нь хөдөө орон нутагт их гардаг. Хөдөө орон нутгийн иргэд энэ талаарх эрх зүйн мэдлэг дутмаг байдаг. Тэд ямар үйлдлийг хийхэд тэр нь гэмт хэрэг болдог, бэлгийн хүчирхийлэл нь ямар, ямар хэлбэртэй байдаг, энэ гэмт хэргийг хийвэл ял шийтгэл нь хэр өндөр байдаг гэх мэт зүйлсийг сайн мэддэггүй учраас үйлддэг. Тухайлбал эмэгтэй хүний эмзэг эрхтэн рүү удаах харах нь гэмт хэрэг биш юм аа гэхэд зөрчлийн хуулиар арга хэмжээ авагддаг. Энэ мэт хуулийн маш олон зохицуулалтууд байдаг ч эрэгтэй, эмэгтэй аль нь ч мэддэггүй.  Ийм байдлаас үүдэн тухайн хүүхэд өөрийнх нь эд эрхтэнд  гар хүрэх, удаан хугацаагаар ширтэх нь байж болох асуудал гэж ойлгон явсаар эцэст нь хүчирхийлүүлдэг. Тиймээс бид иргэдийн хууль эрх зүйн л ойлголтыг дээшлүүлэхээр “Сүүдэр бүү тусга” аяныг нэг сарын хугацаатайгаар эхлүүлж байгаа юм.
Он гарсаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 160 хүүхэд байгаа ч эцэг эхдээ хэлээгүй, цагдаагийн байгууллагад хандаагүй нуугдмал байдалтай байгаа маш олон байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээний хүрээнд нуугдмал байгаа тэдгээр хэргүүдийг илрүүлэх юм. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд иргэд болон сургууль, эмнэлэг, эмч, багш, нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоо маш их байгаа тиймээс эдгээр хүмүүс өөрсдийн ажлын явцад мэдсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Иргэд миний асуудал биш гэж ойлгож болохгүй мэдсэн бол цагдаагийн байгууллагад нэн тэргүүнд мэдээлэх хэрэгтэй.
Түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдээ асран хамгаалах үүргээ сайжруулах шаардлагатай. Ер нь хойд эцэгтээ хүчирхийлүүллээ гэхээс илүүтэй хамгийн ойр дотны хүмүүс болох хамаатны хүмүүс нь энэ төрлийн гэмт хэрэг хийдэг учир хөдөө орон нутаг руу явуулахдаа заавал ханьтай хүн явуулах хэрэгтэй. Эмэгтэй хүүхдийг эрэгтэй хэн нэгэнтэй хамт үлдээхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна.
-Биеэ үнэлэгчдийн ихэнх нь багадаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс байдаг гэдэг. Тэгэхээр манай улс бэлгийн хүчирхийллийн хохирогчид анхаарлаа муу хандуулж байна гэж ойлгож болох уу?
-Манай улс бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд анхаарал хандуулж хохирсон тэр эмэгтэйг орхичихдог. Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээд мэдээж ял шийтгэлээ аваад шүүхээр шийдвэрлүүлээд ял эдэлдэг. Харин цаана нь үлдэж байгаа хүүхэд энэ гэмт хэргийн асар том хохирогч болж үлддэг. Хэдийгээр тэр хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохирол алга болдог ч сэтгэл зүйд нь үлдсэн айдас, тэр үеийн хар бараан дурсамж нь хэзээ ч арилдаггүй. Тухайлбал, өнгөрсөн жил биеэ үнэлэгчдийн дунд судалгаа явуулж үзэхэд 70 орчим хувь нь бага насандаа ойр дотныхоо хүмүүст хүчирхийлүүлж байсан эмэгтэйчүүд байсан. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэж байгаа бүлэглэлүүд болох халаасны хулгай, дээрэм, залилан мэхлэх гэх мэт эмэгтэй хүмүүсийн үйлдэж байгаа гэмт хэргүүдийг судалж үзэхэд мөн ялгаагүй 60 гаруй хувь бага насандаа ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан хүмүүс байдаг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг дээр нийгэм өөрөө их эмзэг хандах хэрэгтэй. Олон нийтэд тухайн хүчирхийллийн мэдээг аль болох хүргэхгүй байх ёстой. Хүргэвэл нэр болон үйлдсэн газар нутгийн нэрийг өөрчилж олон нийтийн сүлжээнд оруулах хэрэгтэй.  Мөн эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалсан төрийн болон төрийн бус байгууллагууд энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон хохирогчид руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж, хяналтандаа байлгаж, эрхийг нь хамгаалж, урт хугацааны сэтгэлзүйн эмчилгээ хийдэг болох хэрэгтэй.  
-Хотын захад амьдардаг, эцэг эх нь архины хамааралтай маш олон хүүхдүүд бий. Тэдгээр хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх өндөр магадлалтай шүү дээ. Тэдэнд чиглэсэн арга хэмжээ, хараа хяналт хэр байдаг вэ?
-Бид эцэг эхийн хяналтад байгаа хүүхдүүдэд анхаарал хандуулахаас илүүтэй Дарь-Эх, Баянхошууны эцэст байгаа, Цагаан давааны хог дээр амьдардаг бага насны охидын эрхийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ байхгүй байна. Тэдгээр хүүхдийн эрхийг хамгаалах ёстой хүний эрхийн байгууллагууд юу хийдэг юм бэ. Хотын захад амьдардаг эцэг эх нь хоёулаа архичин тэр найман настай охиныг хэн хамгаалах вэ. Цагдаагийн байгууллага тэднийг хянаж чадахгүй шүү дээ. Цагдаа бол гэмт хэрэг зөрчлийн араас явж, урьдчилан сэргийлдэг болохоос тэр Дарь-Эхэд байгаа найман настай охиныг хянах боломж байхгүй. Тиймээс охидын эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын байгууллага болон улсаас цалинжиж байгаа төрийн байгууллагууд, нийгмийн ажилтнууд ажлаа хийх хэрэгтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн