Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн А/155-р захирамжийн дагуу өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэх дэх бүх аж ахуй нэгж байгууллага, төр захиргааны байгууллага, сургууль цэцэрлэг, зах худалдааны үйлчилгээний төвүүд, СӨХ, дүүргийн 25 хороо, оршин суугчид “Халдварын эсрэг хамтдаа” уриан дор коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа.
Энэхүү аяны талаар Баянгол дүүргийн 13-р хорооны Зохион байгуулагч Л.Хэрлэнчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Халдварын эсрэг хамтдаа” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, орон сууцны хороолол, үерийн далан сувгийн ариутгал халдваргүйтэл, цэвэрлэгээний ажилд тухайн бүсэд оршин суух иргэд, аж ахуй нэгж байгууллага, мөн дүүргийн нийт 43 хэлтэс оролцсон. Жишээлбэл, манай 13-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллага, хувь иргэд өөрсдийн байршлын 50м2 орчныг хариуцсан гудамж талбайн хогийн сав, автобусны буудал, хашаа хайс, явган хүний замаа цэвэрлэж, угаах, автозамыг чийгшүүлэх, хүүхдийн тоглоомын талбай зэрэг гадаах талбайгаа цэвэрлэж, ариутгал хийлээ. Манай хорооны оршин суугчид энэхүү аяныг сайшаан, дэмжиж, нэлээд өргөн хүрээг хамарч чадлаа. Энэхүү аян өмнө хийгдэж байсан цэвэрлэгээ, аянаас илүү хүрээг хамарсан нь ихээхэн онцлогтой болсон. Тодруулбал, “Халдварын эсрэг хамтдаа” уриан дор манай хорооны 168 аж ахуй нэгж байгууллагын 225 ажилтан албан хаагч оролцсон байна.

Энэхүү аянд нэгдсэн оролцсон Баянгол дүүргийн 13-р хорооны иргэн Л.Бямба-Лхам: Өнөөдөр дүүргээс зохион байгуулж байгаа их цэвэрлэгээнд 13-р хороонд харъяалагдах аж ахуй нэгж, СӨХ-үүд бүгд оролцон өөрсдийн хариуцсан газруудыг үнэхээр сайхан цэвэрлэлээ. Жишээлбэл, хүүхдийн тоглоомын талбай, байрны гадаах хог, сандал, зэрэг бусад нэн цэвэрлэх шаардлагатай байсан зүйлсийг цэвэрлэн гүйцэтгэсэн байна. Иргэн хүний хувьд үүнд маш сайшаалтай хандаж байгаа. Цасанд дараад мэдэгдэхгүй хогийг цэвэрлэн, орчин тойрноо цэвэрхэн болголоо. Цаашид үе, үе ийм арга хэмжээ зохион байгуулж, нийтээрээ орчин тойрноо цэвэрлэж байвал улам сайхан болох болно. Өмнө нь манай хорооны жижүүр, СӨХ зэрэг цөөхөн хүн л хариуцан ойр орчмоо цэвэрлэдэг байсан бол энэ удаад хүн бүр оролцон гадаах талбайгаа маш сайн цэвэрлэсэн гэлээ.