Open iToim app
Анализ | 4 мин уншина

MCS-гүй Тавантолгойн хувилбар

MCS-гүй Тавантолгойн хувилбар
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 29
Таван Засгийн газар, таван Ерөнхий сайд Тавантолгойн төслийг цогцоор нь хөдөлгөхийг 2008 оноос өдийг хүртэл эрмэлзэж, өөрсдийн хувилбарыг дэвшүүлжээ. Харамсалтай нь, хэнийх нь ч Засгийн газар Тавантолгой төслийг хөдөлгөж чадалгүй 10 жилийг үдэв. Одоо зургаа дахь нь У.Хүрэлсүхийн Засгийн газар. Тэр Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбарыг бүлэгтээ танилцуулж, улс төрийн дэмжлэгийг авч чаджээ. Тавантолгой төслийг хөдөлгөх  хувилбар яригдах бүрт улс төр, бизнес бүлэглэлүүдийн эрх ашиг илүү тод илэрч, бас гацаах шалтгаан болдог. У.Хүрэлсүхийн Засгийн газрын санал болгож буй Тавантолгой хувилбар хэр амжилттай урагшлах эсэхэд ч бүлэглэлүүдийн эрх ашиг нөлөөлнө. Эх сурвалжийн хэлснээр өчигдөр Тавантолгойн асуудлаар хуралдсан МАН-ын бүлгийн олонхи Тавантолгой орд газрыг ашиглахдаа нийт хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн биржээр арилжаалж, үлдсэн 70 хувь нь иргэд, төрийн эзэмшилд хэвээр хадгалах хувилбарыг дэмжиж, УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэрийг гаргасан байна. Удахгүй Тавантолгойн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж, УИХ-аар хэлэлцэх хүлээлт үүслээ.
Өмнө нь Тавантолгойн олон удаагийн тендерт багтаж байсан Шинхуа, Сүмитомо, ММС-гийн нэгдэлд давуу эрх олгохгүйгээр хөдөлгөх  хувилбарыг бүлэг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар МCS-гүй Тавантолгойн хувилбар дэвшүүлсэн ч, түүний санал болгосон 30 хувийн IPO-д Шинхуа ч, Чалько ч, ММС ч, Энержи ресурс ч орж ирэх боломжтой бөгөөд эрх нь нээлттэй юм.   
Өнөөг хүртэл үе, үеийн Засгийн газрын дэвшүүлж байсан Тавантолгой төслийг хөдөлгөх хувилбаруудыг эргэн саная.          
1. Анх С.Баярын Засгийн газар 2008 онд Тавантолгойн ордыг төрийн мэдэлд авч, стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулж, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Таван­толгойд стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийг зарлаж, олон улсын 15 компани тунасан. Үүнд, Австралийн “ВНР billiton” групп, ОХУ-ын гурван компанийн консорциум, БНСУ-ын КОРЕС консорциум, АНУ-ын “Пибоди энержи” групп, БНХАУ-ын “Шинхуа Энержи”, Японы хамтарсан нэгдэл, Энэтхэгийн “Жиндал Стийл энд Поавер”, Бразилийн “Вале” нар сонирхлоо илэрхийлж байв. Харин удалгүй Засгийн газар солигдож, зогсонги байдалд орсон. 2. С.Батболдын Засгийн газар 2010 онд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах олон улсын тендерийг дахин зарласан. Өмнөх тендерээс шалгарсан 15 сонирхогчоос зургаан нь хураангуй жагсаалтад тунаж үлдсэн байдаг. БНХАУ-ын “Шинхуа Энержи”, ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид, АНУ-ын “Пибоди Энержи”, Люксембургийн “Арселор Метал”, Бразилийн “Вале”, Швейцарийн “Экстрата” нар үлдсэн. 2011 онд Засгийн газар Тавантолгой ордын ашиглалтын лиценз “Эрдэнэс Тавантолгой” компанид үлдэх, хувь эзэмшлийн хувьд Хятадын компани Тавантолгой ордын 40 хувьд хөрөнгө оруулах, ОХУ-Монголын хамтарсан компани болох “Дэд бүтцийн хөгжил” 36 хувь, үлдсэн 24 хувийг Америкийн “Пибоди Энержи” авах хувилбарыг зарласан юм. Гэхдээ уг хувилбарыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл дэмжээгүй, унасан билээ.
3. Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 онд “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 268 дугаар тогтоол гаргасан байдаг. Засгийн газраас хөрөнгө оруулагчдад туршлагатай үндэсний компани 51 хувийг эзэмшин олон улсын нэртэй компаниудтай баг болж оролцох үндсэн нөхцөл тавьсан. Ингэснээр  Монголын "Энержи ресурс" 51 хувьд, Хятадын "Шинхуа", Японы “Сүмитомо”-гийн нэгдэл шалгарах магадал өндөр байсан ч 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноор төсөл дахин зогссон.     4. Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан 268 дугаар тогтоолын дагуу шалгарсан консорциумтай хэлэлцээ хийхийг Монгол Улсын Сайд М.Энхсайханд даалгасан байдаг. Тавантолгой төсөлд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах саналаар Монголын “Энержи ресурс”, Хятадын Шинхуа энержи”, Японы “Сүмитомо” компанийн консорциум тендерт шалгарсан. Харамсалтай нь, УИХ-аар хэлэлцүүлдгийн даваан дээр эрх баригч төслийг унагасан.
5. Ж.Эрдэнэбатын Засгийн газар  2016 онд Тавантолгойн ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэх байдлаар өмнөх тендерт шалгарсан олон улсын хөрөнгө  оруулагч нартай хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьсан. Түүнчлэн, Тавантолгой төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой”-н оролцоог хангах хувилбарыг дэвшүүлсэн. Мөн Тавантолгойн төслийн тендерт хоёр  удаа оролцож ялалт байгуулсан Хятадын “Шинхуа” болон төсөлд оролцох сонирхолтой үндэсний 10 гаруй компанийн төлөөлөлтэй Ажлын хэсгийн уулзсан байдаг. Гэхдээ хэлэлцээрийг дуусгалгүй Ерөнхийлөгчийн сонгуультай золгож, дахиад сураг алдарсан.  
6. У.Хүрэлсүхийн Засгийн газар Тавантолгойн хөдөлгөх 2-3 хувилбар боловсруулсан гэдгээ мэдэгдэж байсан. МАН-ын бүлэгт Засгийн газраас Тавантолгой төслийн 30 хувьд олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, нийт 4.7 тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой гэсэн хувилбарыг бүлэгт танилцуулсан. IPO гаргасан эх үүсвэрээрээ авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой тооцжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн хувилбарын олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан 30 хувьд IPO гаргана гэдгийн цаана гаднын хөрөнгө оруулагчийг оролцуулах сонирхол, түүнийг дагасан хөрөнгө оруулалт яваа. IPO гаргах нь бизнесийг бизнесийн утгаар нь явуулах сайн хувилбар ч, бүлэглэлүүдийн сонирхлыг хангаж улс төрөө даах эсэх нь тодорхойгүй. Мөн энэ бүхнийг давж гарах, Тавантолгойгоо цогцоор нь буюу цахилгаан станц, төмөр зам, угаах үйлдвэртэй нь хөдөлгөж чадах эр зориг, хүч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд яг бий эсэх нь бас тодорхойгүй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн