Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Нийгмийн халамжийн нэгдсэн систем” буюу ehalamj.mn сайтаар халамжийн үйлчилгээний 39 төрлийн материалыг авах боломжтой болж байгаа тухай мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнөөдрийн байдлаар нийгэм халамжийн зургаан хууль хэрэгжиж, 1.5 сая иргэнд зайлшгүй шаардлагатай, нийгэм халамжийн үйлчилгээ авдаг. Зургаан хуулийн дагуу 12 төрлийн үйлчилгээний дөрвийг нь өөрийн биеэр очихгүйгээр цахимаар авах боломжийг бүрдүүлэхээр өнөөдрөөс ehalamj.mn сайтыг нэвтрүүлж байна. Тус сайт болон ТҮЦ машин, ибаримт системээр 39 төрлийн материалыг цахимаар авах боломжтой боллоо. Тухайлбал, насны хишиг, жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, одонтэй ээжийн тэтгэмж авах мэдээллээ цахимаар бүрдүүлж, өөрийн хүссэн дансаа холбож үйлчилгээ авах боломжтой” гэв.
Энэхүү үйлчилгээг “Төрийн банк” нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин, тэтгэврийн насны иргэдэд цахим картыг үнэ төлбөргүй олгох, картаар шимтгэлгүй гүйлгээ хийх боломжтой болгосон байна.