Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Д.Түвшинжаргал: “Багануур”-ын уурхай бүх тоног төхөөрөмж элэгдэлд орсон

Д.Түвшинжаргал: “Багануур”-ын уурхай бүх тоног төхөөрөмж элэгдэлд орсон
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 21
Багануур ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалтай тус компанийн үйл ажиллагааны хэвийн байдлын талаар ярилцлаа.
-Танай компани энэ өвөл хэчнээн хэмжээний эрчим хүчний нүүрс нийлүүлэх төлөвлөгөөтэй байна вэ, биелэлт ямар байна вэ?
-Нүүрсийг иргэд жилийн дөрвөн улирал хэрэглэдэггүй гэж боддог байж мэднэ. Бид нийслэлийн эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийг тасалдуулахгүйн тулд жилийн дөрвөн улирал тасралтгүй ажилладаг. Өдөр болгон нүүрс гаргаж байж эрчим хүчийг тасалдуулахгүй ажиллаж байна гэж хэлж болно.
2023 оны эрчим хүчний нүүрсний захиалгыг авахад энэ өвөл нийслэлд нийлүүлэх нүүрсний хэмжээ 4.6 сая тонн болж нэмэгдсэн. Энэ тоо 4.8 саяд хүрэх магадлалтай. Дээрээс нь аймаг, сум буюу жижиг хэрэглэгчийн нүүрсийг нэмбэл таван саяд хүрнэ. Бид 2020 онд 4.1 сая, 2021 онд 4.4 сая тонн нүүрс эрчим хүчний салбарт нийлүүлсэн.
2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувьтай байна. Энэ бол боломжийн үнэлгээ. Бид одоогоор хэвийн ажиллаад бүх станцуудаа нүүрсээр хангаад, гэрээнээс нь илүү нүүрс өгөөд явж байгаа.
-Таван сая тонн нүүрс гэдэг бол их тоо. Гэвч танай уурхайн техник хэрэгсэл муудсан гэх мэдээлэл бий?
-Тийм ээ. Энэ их нүүрсийг гаргахын тулд техник хэрэгслийн шинэчлэлтийг шат дараатай хийж байж уурхай найдвартай, хэвийн ажиллахаар байгаа. Манай уулын тоног төхөөрөмж буюу экскаваторууд 15-20 жил ажиллах ёстой. Бид үүнийг 35 гаруй жил ашиглаж байна. Үе үе гэмтэл, саатал гардаг. Бид засаад хэрэглээд байгаа. Засвар авахгүйдээ бүр тулчхаагүй ч хэзээ ч зогсож мэднэ. Аргыг нь олсхийгээд ажиллуулж байгаа. Ер нь манай бүх тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа хэтэрчихсэн нь үнэн. Гэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Багануурын уурхайн хүчин чадлыг нэмнэ гэж тусгасан. Үүнийг харж, харуулдаж байгаа.
-Тоног хэрэгслийн шинэчлэлийн ажлыг хийхгүй байгаа шалтгаан нь юу вэ?
-Багануур хувьцаат компани 44 дэх жилдээ ажлаа явуулж байна. Бид уул уурхайн үйлдвэрлэлийн компани мөн үү гэвэл мөн. Гэхдээ Монгол  Улсын төвийн эрчим хүчийг нүүрс, түлшээр хангадаг уурхай юм. Бид 2021 оны байдлаар төвийн эрчим хүчний нүүрсний 60 гаруй хувийг дангаараа хангаж байна. Монгол Улсад ахуйн зориулалтаар болон эрчим хүчний зориулалтаар гарч байгаа нүүрсний 50 гаруй хувийг дангаараа хангадаг.
Багануурын уурхайд хамгийн тулгамдсан асуудал бол эрчим хүчний нүүрсний үнийг нэмэх асуудал байна. Эрчим хүчний нүүрсний нэг тонныг 4750 төгрөгөөр олборлож байгаа. Гэтэл эрчим хүчний салбарт 33500 төгрөгөөр нийлүүлж байна. Нэг үгээр 13500-14000 төгрөгийн алдагдал тонн нүүрс тутамд хүлээж байгаа юм. Тиймээс манай үндсэн үйлдвэрлэл, найдвартай байдал, хөдөлмөрийн аюулгүй байдалд асуудал гарах, нөхөн сэргээлтээ хийж чадахгүй байх, техник хэрэгслээ шинэчилж чадахгүйд хүрсэн зэрэг асуудлууд үүссэн.
Хамгийн гол нь бид ажилчдынхаа цалинг нэмж, нийгмийн даатгалыг нь төлж чадахгүй байгаа. Бүр нийгмийн даатгал, татвар зэрэгт олон тэрбумын өртэй. Нийгмийн даатгалд өртэй байна гэдэг ажилчид маань төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, гадагшаа, дотогшоо визний мэдүүлэг зэрэгт хамрагдаж чадахгүй нөхцөлд байна.
-Их хэмжээний өртэй байгаа гэлээ. Яг ямар байгууллагад хэчнээн төгрөгийн өртэй вэ?
-Хамгийн хүнд нь татварт 36 тэрбум, дизель түлшинд 21 тэрбум, нийгмийн даатгалд 12 тэрбум, бэлтгэн нийлүүлэгч, сэлбэг материалын 300 гаруй компанид 65 тэрбум төгрөгийн өртэй.
-Төрөөс үнийг барьж байгаа ч танайх уул уурхайн тусдаа компани шүү дээ. Энэ их хэмжээний өрийг төлөх субъект нь хэн бэ. Төр үү, танай компани уу?
-Энэ алдагдлыг манайх төлнө. Бид төрөөс ямар нэг татаас авдаггүй. Энэ өрөө төлмөөр байна. Гэвч төрөөс нүүрсний үнийг хүчээр барьж байгаа. Ингэснээр бид маш олон бизнес эрхлэгчдийг боомилж байна. Нүүрсний үнийг нэмүүлж чадвал адаглаад алдагдалгүй ажиллах боломж бүрдэнэ. Төхөөрөмжөө ч шинэчлэх боломж гарч магадгүй. Бид нүүрсний үнийг нэмэхдээ ашиг огт харахгүй байя, ядаж алдагдалгүй борлуулах боломж олгооч гэж хүсмээр байна. Эдийн засаг хүнд байна. Энгийн ард иргэд бүгд үнийн өсөлтөд өртөөд маш хүнд байгаа. Нүүрсний үнэ нэмэгдэхээр нийгэмд бүх юмны үнэ нэмэгдэх сөрөг дагавартай гэж ярьдаг. Гэтэл 2018 оноос хойш нүүрсний үнэд огт хөдөлгөөн ороогүй. Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдээгүй байна. Гэвч бараа бүтээгдэхүүн, хүнсний үнэ өссөөр байна. Дэлхийн зах зээлд энэ есдүгээр сарын судалгаагаар 58-81 доллар байна. гэтэл манайх 10 доллароор нийлүүлж байгаа.
Гэтэл газрын тосны үнийн өсөлтөөс хамаарч дизель түлшний үнэ өндөр байна. Тэсрэх материалын үнэ нэмэгдэхээс гадна бүр олдохгүй тасарсан. Сэлбэг хэрэгслийн үнэ маш өндөр болсон. Бидэнд маш хүнд зүйлс тулгарсаар л байгаа.  Гэхдээ манай баг хамт олон төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа хэр нь үүргээ нэр төртэй биелүүлж байгаа байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн