Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Л.Мөнхбаатар: ЗГХЭГ дарга, ЕТГ-ын дарга, Засаг даргаар томилох хүмүүст тусгайлсан шаардлага тавьдаг болно

Л.Мөнхбаатар: ЗГХЭГ дарга, ЕТГ-ын дарга, Засаг даргаар томилох хүмүүст тусгайлсан шаардлага тавьдаг болно
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 21
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын гишүүд Улс төрийн албан хаагч нарт тавигдах шалгуурыг өндөрсгөх хуулийн төсөл санаачилж, өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. 
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Бид бүхний зүгээс улс төрийн албан хаагч нарт тавигдах шалгуурыг сайжруулах хуулийн төслийг өргөн барьж байна. Бидний өргөн барьж байгаа энэхүү хууль маш өндөр ач холбогдолтой. Өнөөдөр Монгол Улсад 200 мянга орчим төрийн алба хаагч нар байдаг. Үүний 3800 орчим нь улс төрийн албан хаагч нар байна. Эдгээр улс төрийн албан хаагч нар сүүлийн 30 жилийн хугацаанд ямар нэг шалгуур, шаардлагагүйгээр төрийн албанд томилж ирсэн. Гэхээр бидний хувьд Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, үүнийг дагалдуулж Монгол Улсын Засаг захиргаа, нэгжийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Дэгийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж улс төрийн албан хаагч нарт тавигдах шалгуурыг бий болгох хуулийн төслийг бий болгож байна. Энэхүү хууль бий болсноороо цаашдаа Монголын төрд томилогддог албан хаагч нарт тавигдах шалгуур шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэл болж өгнө. Улс төрийн албанд томилогдож байгаа албан хаагч нар ёс зүйтэй, хариуцлагатай, өндөр шалгуураар томилогддог байх ёстой гэж харж байна. Монгол төрийн босго өндөр байх ёстой учиртай тул өнөөдөр бид энэхүү хуулийн төслийг өргөн барьж байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдад тавих шалгуурыг өндөрсгөсөн. Тухайлбал, Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, эрүүл мэндийн асуудалгүй, авлилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлээгүй байх, гэмт хэрэгт холбогдоогүй байх, гаж зуршил, сэтгэцийн өвчин эмгэггүй байх, зан төлөвийн доголдолгүй хүнийг төрийн алба хаагчаар томилуулах заалт тусгасан. Улс төрийн албанд ажиллаж, томилогдож байгаа шалгуурыг өндөрсгөснөөр Монгол Улсын хөгжил болон төрөөс баримтлах бодлогод ихээхэн хувь нэмрээ үзүүлнэ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Аль ч төрийн үед улс төрийн албан тушаалтнууд мэдлэг боловсрол, харилцаа хандлага, ёс зүйгүйгээс болж шүүмжлэлд өртөж иргэдийн итгэх итгэлийг алдагдуулж байна. Иймд төрийн албан хаагч нарт тавигдах шаардлагыг өндөр болгож өгөх шаардлага тулгарч байна.
Бидний санаачилсан хуулийн төсөлд сайд, дэд сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, ЕТГ-ын дарга нарт тусгайлсан дөрвөн шаардлагуудыг гаргаж ирсэн.
Нэгдүгээрт, мэргэжлийн байх
Хоёрдугаарт, тухайн салбартаа дөрвөөс доошгүй жил ажилласан байх,
Гуравдугаарт, төрийн албанд дөрвөөс дээшгүй жил ажилласан байх,
Дөрөвдүгээрт, хууль ёсыг дээдэлдэг, шударга ёсыг хангасан, бие даасан хараат бусаар ажилладаг,  ёсзүйн хэм хэмжээтэй байх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа.  
Мөн бүх шатны Засаг дарга нарт тусгайлсан шаардлага тавьсан.
Нэгдүгээрт, орон нутагтаа хоёроос доошгүй жил оршин суусан байх,
Хоёрдугаарт, төрийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан байх,
Гуравдугаарт, шударга ёс, бие даасан байдлыг эрхэмлэдэг байх,
Дөрөвдүгээрт, томилгооны сонсгол хийдэг байх зохицуулалт тусгаж өгсөн.
Үүнээс гадна улс төрийн албан хаагч нарт тавигдах сахилга, хариуцлагын асуудлыг өндөрт тавьсан. Өнөөдөр улс төрийн албан тушаалтнууд ямар нэгэн сахилгын хариуцлага хүлээдэггүй. Харин төрийн жинхэнэ албан хаагчид болон тусгай албан хаагч нар хүлээдэг. Тэгэхээр улс төрийн албан хаагч нар ижил байх ёстой гэж үзэн энэ асуудлыг тавьж байна.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн