МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очиртой ярилцлаа.
-УИХ-ын нэр бүхий гишүүд Кембрижийн боловсролыг нэвтрүүлэх лобби бүлэг байгуулсан. Үүнээс үүдээд Кембрижийн хөтөлбөр зөв, буруу гэсэн олон өнцөг гарч ирж байна. Ер нь энэ хөтөлбөрийг нэвтрүүлэх тэр дундаа ЕБС-иудынхаа 10 хүртэлх хувьд нэвтрүүлэх нь хэр оновчтой бодлого вэ?
-Монголын нийгмийн нэг тулгамдаад байгаа асуудал бол тэгш бус байдлын асуудал. Олон янзын тэгш бус байдал байгаагийн нэг нь боловсролын тэгш бус байдал. Боловсролын тэгш бус байдал яагаад бий болж байгаа вэ гэхээр боловсрол үнэтэй байгаатай холбоотой. Бид бүгдээрээ мөнгөтэй, боломжтой биш. Боловсрол бизнес болоод ирэхээр боломжтой нь арай өөр боловсрол эзэмшээд бололцоогүй нь бас өөр нэг боловсрол эзэмшиж байна. Үүнээс үүдэж боловсролын тэгш бус байдал бий болж байгаа юм. Нэг боломжит шийдэл бол Кембрижийн хөтөлбөрийг улсын дунд сургуульд нэвтрүүлээд, үнэ төлбөргүй сургах гэж байна. Үүнд, хэд хэнд асуудал гарна. Нэгд, бүх сургуулийг ийнхүү шилжүүлэх боломжгүй. Заримыг нь шилжүүлээд заримыг нь үлдээхээр мөн л ялгарал, тэгш бус хамрагдал үүснэ. Гадуурхагдаад үлдэх юм уу. Боловсрол, чадвар, мэдлэгээрээ нийгэмд гадуурхагдсан, дорд үзэгдсэн байр сууринд очих юм уу. Бид өнөөдөр хүүхдүүдээ яагаад ингэж яллах гээд байгаа юм. Бидний үр хүүхэд ингэж ялгаварлан гадуурхагдах ямар гэм хийсэн юм. Хоёрт, одоо ажиллаж байгаа Кембрижийн хөтөлбөр бүхий ихэнх сургуулиуд үндсэндээ гаднын хөтөлбөрийг шууд хуулбарлан үндэсний хөтөлбөрөө хоёрт тавьсан байдалтай ажиллаж байгаа. Энэ бол үндэсний хосолмол хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэрэг огт биш.
Өнөөдрийн бүрэн дунд боловсролын тогтолцоо монголын нийгэмд бий болоод байгаа тэгш бус байдлыг улам гааруулаад байна. Хэрвээ бид тэгш бус байдлыг арилгаж, түүний эсрэг тэмцэх гэж байгаа бол тэгш боловсролын тогтолцоотой байх ёстой. Тэгш боловсролын тогтолцоотой байхын тулд тэр тогтолцоо нь хүүхдийг Үндсэн хуулийн дагуу мөнгөтэй, мөнгөгүй, чадвартай чадваргүйгээр нь ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхдаггүй байх ёстой. Тиймээс боловсрол ялангуяа дунд боловсрол үнэгүй байх ёстой. Үнэтэй байгаад байгаа нь тэгш бус байдал бий болгох нэг том хөшүүрэг болж байна. Монгол Улсын иргэн болж төрсөн хүүхэд адил тэгш сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байна. Яагаад гэхээр мөнгөгүй.
-Кембрижийн хөтөлбөр гэж хүн бүхэн л ярих болж. Энэ хөтөлбөрийг та энгийнээр тайлбарлахгүй юу?
-Кембрижийн хөтөлбөр гэдэг бол олон улсын хөтөлбөр. Анх Англи улсад үүссэн. Мэдээж Англи улс өөрийн олон үндэстний онцлог, дэлхийг колоничлох их гүрний байр сууриа тэр хөтөлбөртөө тусган байгаа. Английн ашиг сонирхол бол англи хэлт орнуудын нөлөөг дэлхийд түгээх байгаа шүү дээ. Англи хэлт орнуудын нөлөө дэлхийд ноёрхож эхлэхтэй зэрэгцэн тэдний хөтөлбөр “олон улсын” болох үндэс тавигдаж байгаа хэрэг. Монгол хүн боловсруулах хөтөлбөр биш үү дээ. Дэлхийн хүн хүмүүжүүлэх загвар. Тэнд монгол хүүхдийг монгол хүн болгон төлөвшүүлэх ашиг сонирхол өчүүхэн ч байхгүй. Гэхдээ энэ бол Кембрижийн хөтөлбөрийг шууд буруу, муу гэж ярьж байгаа хэрэг биш. Тэгж мушгин гуйвуулж бол болохгүй. Хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаанаар нотлогдсон мэдээ мэдээллүүд энэ хөтөлбөрт бий. Кембрижийн боловсролыг бүр гаргаад хаячих гэж байгаа юм биш шүү. Тэгэхээр энэ хөтөлбөр тодорхой хэмжээний ач холбогдолтой гэсэн үг. Гэтэл энэ ач холбогдлоос гадна сөрөг үр дагавартай. Монголд амьдарч, сурч байгаа хэрнэ монгол хэлээ сайн мэдэхгүй, бичиж, уншиж чадахгүй монгол хэл сурах шаардлагатай хүүхдүүд гудамжаар дүүрэн байгаа. Надад ч тийм хүүхэд байна. Эцсийн бүлэгт бид монгол хүүхдийг монгол хүн болгож чадсан уу гэдэг асуудал шүү дээ. Үнэндээ манай зарим сургуулиуд Өвөр Монголын сургуулиуд шиг болж байна шүү дээ. Ихэнх хичээлүүдээ Хятадаар үздэг. Монгол хэл уран зохиолын хичээл дээрээ л Монгол хэлээ хэрэглэдэг. Ингэвэл хэлээ алдана гээд Өвөр Монголчууд үхтлээ тэмцээд байгааг харж байгаа биз дээ. Өөрийнхөө улс дотор өөрсдөө сайн дураараа ийм колоничлолын бодлого явуулаад байгааг мэддэггүй.
-Та дунд боловсролыг үнэгүй болгох ёстой гэлээ. Тэгэхээр хувийн сургуулиудаа татан буулгах хэрэгтэй гэсэн үг үү?
-Маш сайн ажиллаж байгаа хувийн сургуулиудыг би учиргүй буруутгаж чадахгүй. Маш олон хувийн хэвшлийн сургуулиуд бидний өнөөдрийн яриад байгаа асуудалд гарц, гаргалгаа, шийдэл олох гээд биднээс өмнө тархиа гашилгаад нэлээд туршлага хуримтлуулсан. Магадгүй заримд нь гарц гаргалаа нь байгаа. Бид дэлхийн монгол хүн хүмүүжүүлэх гэж оролдоод байгаа шүү дээ. Бидний үр хүүхэд нэг талаасаа дэлхийн нөгөө талаасаа монгол хүн байх ёстой. Тэр гарц гаргалгаа шийдлийг хайгаад явж байгаа сургуулиуд байгаа. Хамгийн гол энэ сургуулиуд хүүхдүүдээс төлбөр авдаг, дээр нь улсаас татаас авдаг, бүрэн дунд боловсролыг бизнес болгосон, “өндөр чанараараа” гэх үү “өөр чанараа” гэх үү нийгэмд боловсролын тэгш бус байдал бий болгож үндсэн хууль зөрчиж байгааг бид бүгдээрээ харж байна. Татан буулгах эсэхээ улс өөрөө шийдэх хэрэг. Би бол юу юугүй татан буулгах нь шийдэл гэж бодохгүй байна. Учир нь тэднээс сурах юм бас байгаа шүү. Тэдний давуу талыг авч үлдэх сул талыг нь засах хэрэгтэй.
-Эрдэмтэд Монгол Улс үндэсний сургалтын хөтөлбөртэй байх ёстой гэж байна. Үндэсний хөтөлбөрөө дэлхийн жишигт нийцүүлэн боловсруулаад явах боломж бидэнд байгаа юу?
-Хэдэн жилийн өмнө Английн нэг өдөр тутмын хэвлэлд “манай хүүхдүүд яагаад зарим хичээл дээрээ тухайлбал математик дээр хөгжиж буй орны хүүхдүүдээс муу байна вэ” гээд жишээ болгон зүүн Европын орнуудыг дурдсан байсан. Манайх ч мөн адил энэ зарим салбарын сургалт маш сайн байгаа. Бидэнд давуу тал бүхий үндэсний боловсролын систем байгаа. Үндэсний боловсролын системд Кембрижийн хөтөлбөрт олгогддог шинжлэх ухааны мэдлэг байхгүй гэж ойлгож болохгүй. Сайжруулах хөгжүүлэх юм бол мэдээж их байгаа. Тэндээс бид авах юмаа авна. Өөрөөр хэлбэл, үндэсний боловсролын системээ олон улсын буюу дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой болгоно гэвэл дэлхийн хэмжээний агуулгыг өөрийнхөө эх хэл дээр ч юм уу оруулах боломж байгаа. Гэхдээ гадаад хэлийг бүр хая гэсэн үг биш шүү дэлхийд өрсөлдөх гэж байж. Ингээд олон улсын жишгийн зүйлийг нь тодорхой хэмжээнд аваад үндэсний ашиг сонирхлоо оруулсан боловсролын хөтөлбөрийг гаргаж ирмээр байгаа юм. Тэгэхгүй бол бидний ашиг сонирхлыг хамгаалаагүй, хамгаалах шаардлагагүй боловсролын системийг шууд хуулбарлах маш буруу. Кембрижийн хөтөлбөртэй сургууль ямар үнээр байгуулах гэж байгааг нь би мэдэхгүй байна. Тэгвэл тэр мөнгөө үндэсний хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаандаа хөрөнгө оруулаач ээ. Боловсруулах эрдэмтэн судлаачид байгаа.
Манай улс сүүлийн 30 жилд боловсролын системээ хангалттай анхаараагүй, хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй, багш нартаа хамгийн бага цалин өгч байгаа. Зөвлөлтийн нэг төрлийн колоничлолын систем нь арай гэж нуран унаад түүнээс хойш зүгээр л хаячихсан. Хар л даа, нэг л жишээ, Баян-Өлгийн сургуулиудад сурах бичиг хийгээгүй Казахстаны сурах бичгээр явж байгаа шүү дээ. Хамгийн бага хөрөнгө оруулалттай, хамгийн цалин багатай хүмүүс тэр салбарт ажилладаг. Тиймээс боловсролын системээ аврах хамгийн чухал зүйлийн нэг нь багш нарын цалинг нэмэх явдал. Хамгийн чадварлаг багш нар тэнд ажилладаг болго. Хэрвээ боловсролын системийг тэгш болгож, дэлхийд өрсөлдүүлэх хэмжээнд хүргэмээр байгаа бол ахиухан хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Нэг улс орон ийм олон янзын сургалтын хөтөлбөртэй байх нь зөв үү, буруу юу. Та нэг өөр боловсрол эзэмшинэ, би нэг өөрийг эзэмшинэ. Зөвхөн боловсрол эзэмшиж байгаа хэрэг биш мэдлэгийн системтэй болж байгаа юм. Чиний эзэмшсэн мэдлэгийн систем миний эзэмшсэн мэдлэг хоёр магадгүй таарахгүй. Ирээдүйд Монгол Улсын хоёр иргэн бие биенийгээ нэг түвшинд ойлгож, харилцан яриа өрнүүлэх боломжгүй болно.
-Тэгвэл шинэ боловсролын системтэй, үндэсний хөтөлбөртэй болоход хэдий хэмжээний хугацаа шаардлагатай вэ?
-Тийм олон жил шаардлагатай гэж би бодохгүй байна. Ажлын хэсэг гаргаад, олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай бол хэлэлцүүлээд, шинжлэх ухаанч зарчмыг баримтлаад хийхэд бид боловсруулчих байх. Өнөөгийн орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхгүй хоцрогдсон хуучнаа хуулж тавих, бага сага засвар хийх байдлаар бол явж болохгүй. Хамгийн гол зарчим нь аль нэг тийш туйлшруулж огт болохгүй. Хараад байхад нэг бол хэт үндэсний үзэлд туйлширсан эсвэл хэт барууны либерал үзэлд туйлширсан байр суурь их болоод байна. Голч шугамыг хэрхэн барьж үндэсний болон олон улсын системийг хэрхэн хослуулах вэ гэдгээ л баримтлах хэрэгтэй. Энэ бол миний хувьд хийх боломжтой ажил. Гол нь хөрөнгө оруулалт, цаг хугацаа хэрэгтэй.