Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний эргэн тойронд

АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний эргэн тойронд
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 29
АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох хуваарьтай. Өнөөдрийн байдлаар нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх түүхүүдийг харвал, халз мэтгэлцээн тухайн цаг үеийнхээ хамгийн их маргаан дагуулсан сэдвүүдийн хүрээнд өрнөдөг.
Хэдий албан ёсоор хуульчлагдаагүй ч сонгуулийн процессын салшгүй нэг хэсэг гэж тооцогддог нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн нь яах ч аргагүй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн их хүлээлттэй, сонирхол татсан үйл явдал билээ. Тэгвэл 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн эхний халз мэтгэлцээн Монголын цагаар лхагва гаригийн өглөөний 09:00 цагт эхлэх юм. Тиймээс Цагаан ордны өнөөгийн тэргүүн, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Доналд Трамп болон сөрөг хүчин Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байден нарын халз мэтгэлцээний эргэн тойронд өрнөж буй заавал мэдэх ёстой баримтуудыг эмхэтгэн хүргэж байна.
Доналд Трамп болон Жой Байден нарын анхны халз мэтгэлцээн
Нэр дэвшигчдийн хооронд дахь эхний халз мэтгэлцээн Индиана мужийн “Notre Dame” их сургуульд болохоор төлөвлөсөн байсан ч цар тахлын улмаас Охайо мужийн Кливленд хот дахь “Case Western Reserve” их сургуульд болохоор болсон.
Нэр дэвшигчид тайзан дээр халз мэтгэлцэх бөгөөд “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хоорондоо зай барьж, гар барихгүй.
Мөн цар тахлаас шалтгаалан танхимд коронавирусийн хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг хариу авсан ердөө 80-90 үзэгч байх аж. Мөн нэр дэвшигчдийн туслахууд бүгд “COVID-19”-ийн шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа бөгөөд хоёр намаас хараат бус комисс АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн удирдамжийг мөрдүүлэн ажиллана.
Нэр дэвшигчид сурталчилгааны завсарлагагүй нэг цаг 30 минутын турш халз мэтгэлцэнэ. Халз мэтгэлцээнийг “Fox News Sunday” телевизийн алдарт нэвтрүүлэгч Крис Уоллес удирдан явуулна. Нэр дэвшигчид энэ удаад нээлтийн мэдэгдэл хийхгүй бөгөөд модератор Крис Уоллес Ерөнхийлөгч Доналд Трампаас эхний асуултыг асууснаар мэтгэлцээн шууд өрнөх аж.
Нэр дэвшигчид:
1. Өнгөрсөн хугацаанд улс төрд гаргасан амжилтууд, 2. АНУ-ын Холбооны дээд шүүх, 3. “COVID-19”, 4. Эдийн засаг, 5. АНУ дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхал, хүчирхийлэл, 6. Сонгуулийн шударга байдал гэх сэдвийн хүрээнд нийт зургаан асуултад тус бүр 15 минутаар ээлжилж хариулна.
Ажиглагчдын хувьд 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн болон Доналд Трамп Цагаан ордны тэргүүн болсон цагаасаа хойш хийсэн улс төрийн мэдэгдлүүдийг үндэслэн түүнийг урьдын адил асуултад хариулахаас илүүтэй өрсөлдөгчдөө хандсан хурц дайралтууд хийх болно гэж таамаглажээ. Харин Жой Байдены тухайд АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн үед дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан туршлагатай бөгөөд жентлмэн имижтэй улстөрч тул нэлээд бэлдэж, нухацтай хариулна гэж тооцож байгаа аж.
Нэр дэвшигчдийн хувьд сөргөлдөөний гол сэдэв нь хэрэг төвөгт байнга нэр холбогдох болсон тэдний том хөвгүүдийн асуудал байна гэж дүгнэжээ. Ялангуяа Жой Байдены зүгээс сүүлийн үед АНУ-ын хэвлэл мэдээлэл төдийгүй нийгэмд өндрөө авч, иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлээд байгаа Доналд Трамп болон түүний хувийн бизнесүүд олон сая ам.долларын татвараас зайлсхийсэн асуудал, Цагаан ордны өнөөгийн тэргүүний аливаа улс төр, гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухааны асуудлаар илэрхийлсэн баримт, нотолгоогүй мэдэгдлүүд зэргийг дайралтын гол зэвсэг болгоно гэж таамаглаж байгаа аж.
Нэр дэвшигчдийн эхний халз мэтгэлцээн эхлэхээс 24 цагийн өмнө явуулсан судалгаагаар Жой Байден өрсөлдөгчөө илт илүүрхэж байна
АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгох нийт 538 электродуудын талаас илүү хувь нь буюу 270 хүний санал авсан нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулна. Тэгвэл “Real Clear Politics” агентлаг Доналд Трамп болон Жой Байден нарын эхний халз мэтгэлцээн эхлэхээс 24 цагийн өмнө 538 электродуудын дунд явуулсан судалгаанд Ардчилсан намын нэр дэвшигч илт илүүрхэж байгаа аж. Тухайлбал, “Хэрэв сонгууль өнөөдөр болсон бол хэнд саналаа өгөх вэ” гэх санал асуулгад: “Хатуу итгэл үнэмшилтэйгээр Жой Байден -190 электрод санал, Доналд Трамп 77 электрод санал ” авсан бол “налуу итгэл үнэмшилтэйгээр Жой Байден – 85, Доналд Трамп – 48 санал авсан” байна. Харин үлдсэн 138 нэр дэвшигч “одоогоор хэнд саналаа өгөхөө шийдээгүй” гэж хариулжээ.
Электрод тойргуудын хувьд авч үзвэл: Доналд Трамп - Өмнөд Каролина, Миссури, Монтана, Техас, Жоржиа мужуудад илт илүүрхсэн байна. Харин Жой Байден – Виржиниа, Миннесота, Висконсин, Невада, Айова, Хойд Каролина, Флорида, Огайо, Аризона, Нью Хэмпшир, Мичиган, Пеннсилвани мужуудад илүүрхэж байгаа аж.
Тэгвэл үндэсний хэмжээнд хийсэн санал асуулгад Доналд Трампын хувь улстөрчийн рейтинг 43.2 хувь байгаа бол Жой Байдены рейтинг 50.2 хувь болж өссөн байна.
Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нарын халз мэтгэлцээн
Харин дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн аравдугаар сарын 7-нд АНУ-ын Салт Лейк хот дахь Ютагийн их сургуульд явагдана. Гэсэн ч Салт Лейк хот дахь цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор байршил өөрчлөгдөх магадлал өндөр байгаа юм. Халз мэтгэлцээнийг “USA Today” сонины улс төрийн редакцын эрхлэгч Сюзан Пэйж удирдан явуулна. Доналд Трампын хамтран нэр дэвшигч Майк Пенс болон Жой Байдены хамтран нэр дэвшигч Камала Харрис нар 10 минутаар нийт есөн асуултад ээлжлэн хариулах зарчмаар, сурталчилгааны завсарлагагүй 90 минут халз мэтгэлцэнэ.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хоёр дахь халз мэтгэлцээн
АНУ-ын Майами хот дахь Адриенн Арштын нэрэмжит урлагийн төвд аравдугаар сарын 15-нд явагдана. Хоёр дахь удаагийн халз мэтгэлцээн танхимын зарчмаар, сурталчилгааны завсарлагагүй 90 минутын турш үргэлжилнэ. Тиймээс Майами хотын оршин суугчид телевизийн шууд дамжуулалттай цахимаар холбогдон Доналд Трамп болон Жой Байден нараас асуулт асуух боломж нээлттэй. Уг халз мэтгэлцээнийг АНУ-ын “C-SPAN” кабелын телевизийн улс төрийн редакцын эрхлэгч Стив Скалли удирдан явуулна.  
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн гурав дахь халз мэтгэлцээн
Нэр дэвшигчдийн энэхүү сүүлийн халз мэтгэлцээн аравдугаар сарын 22-нд Нэшвилл хотын Белмонт их сургуульд 90 минутын турш үргэлжлэх хуваарь гарсан. Гэсэн ч цар тахлын улмаас байршил өөрчлөгдөх магадлалтай. Халз мэтгэлцээнийг “NBC News” телевизийн Цагаан ордны сурвалжлагч, алдарт “Today Weekend” нэвтрүүлгийн хөтлөгч Кристен Велкер удирдан явуулна. Нэр дэвшигчид асуултад тус бүр 15 минутад хариулах зарчмаар явагдана. Одоогоор ямар сэдвийг хамарсан хэдэн асуулт байх нь тодорхойгүй байгаа бөгөөд халз мэтгэлцээнээс нэг долоо хоногийн өмнө тодорхой болох аж.
Эх сурвалж: The Washington Post, CNN, Financial Times, USA Today, Politico
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн