Монголчууд бага насны хүүхэд их хэмжээгээр хөлрөхөд "рахиттай боллоо", бас хүүхдийн үе мөч нь өвдөхөд “өндөр болох гэж байгаа нь тэр” гэдэг. Гэтэл энэ бүгд Д-ийн хурц дутагдлын шинж тэмдэг юм байна. Д аминдэмийн цусан дахь хэвийн хэмжээ нь 20 нг\мл байдаг бол дийлэнх монгол хүний Д-гийн хэмжээ өвлийн улиралд 4-7 нг\мл, хаврын улиралд дөнгөж 9 нг\мл байсан судалгаа гарч байжээ. Иймээс ард иргэд өдөр тутмын амьдралдаа Д аминдэмийн дутагдлаа нөхөх нь чухал юм. Иргэд өдөр тутамдаа Д амин дэмийг хоол хүнснээсээ, нарны илчээр эсвэл нэмэлтээр Д аминдэм ууж нөхөх боломжтой. Гэхдээ Монгол шиг хүйтэн хатуу улиралтай, Д гээр баялаг хоол хүнс хэрэглэдэггүй, агаарын бохирдол ихтэй улсад Д-ийн нийлэмж хангалттай төвшинд явагддаггүй гэдгийг судлаачид анхааруулдаг.
Д аминдэмийн дутагдлыг нөхөхгүй явснаар бага насны хүүхдүүд сульдаа, насанд хүрсэн хүнд бол ясны сийрэгжилт, яс зөөлрөлт, цаашилбал ясны хугарал гэмтэл гэх мэт хүндрэлүүд гардаг. Мөн Д аминдэмийн дутагдлыг бууруулж нөхөхгүй явснаар ид өсөн бойжиж байгаа хүүхдийн эрүүл мэндийн дархлааны тогтолцоо муудсанаар сүрьеэ болон бусад халдварт өвчнөөр өвдөх магадлал ихсэх, өвдсөн хойно нь эдгэрэлт удаашрах, дахин өвдөх сул дорой болох, бойжилт нь удаашрах, анхаарал сулрах, шүд амны эрүүл мэнд муудах, цаашилбал архаг өвчлөлд өртөмхий болох гээд маш олон эрсдэлүүд гардгийг судалгаагаар тогтоогоод байгаа билээ.
Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаагийн дараах зөвлөмжийг хүргэе.
-Зуны дэлгэр цагт аль болох биеэ наранд ил гарган шарах, дор хаяж 30 минут
-Хоол хүнсээр байгалиасаа Д аминдэмээр баялаг хүнс хэрэглэх /далайн тослог загас, далайн бүтээгдэхүүнүүд, малын элэг болон бусад дотор эрхтэн/. Гэхдээ энэ нь бидний биед шаардлагатай Д аминдэмийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй юм.
-Д аминдэмийг нэмэлтээр ууж хэрэглэх шаардлагатай. Гэвч энэ нь бидний хувьд үнэ өртөг өндөртэй. Мөн гадуур худалдаалагдаж буй Д аминдэм болон бусад аминдэмүүдийн гарал үүсэл, тээвэрлэлтийн явц, горим, хадгалалт мөн агуулж буй идэвхитэй бодисын хэмжээ байх ёстой норм хэмжээндээ байгаа эсэхийг сайн нягталж байх шаардлагатай.
-Д аминдэм болон бусад зайлшгүй шаардлагатай аминдэм эрдэм бодисоор хүнсээ баяжуулах нь бидний хувьд бүх хүнд хүртээмжтэй, үнэ өртгийн хямд давуу талтай.
-Хүн зөвхөн зөв хооллож, биеийн тамираар хичээллэснээр халдварын тохиолдлыг 40 хувь, зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижингээс шалтгаалан цаг бусаар нас нөгцөх эрсдэлийг 80 хувь бууруулж болох нь байна. Тиймээс дасгал хөдлөгөөн зөв хоололтдоо анхаарах
-Хүн ер нь амьдран суугаа газар орон, цаг агаар, зан заншил, эрхэлж буй ажил хөдөлмөрөөсөө шалтгаалан өөрт хэрэгтэй шим тэжээл, уураг, өөх тос, амин дэм агуулсан хоол тэжээлийг хэрэглэх шаардлагатай. Жилд нэг удаа бие дэх эрдэс бодисын хэмжээг шинжилгээгээр тодорхойлуулах мөн хүнсэндээ хэрэглэж буй бүтээгдэхүүний дээрх бодисын агууламжийг мэдэх нь маш чухал.