Шинээр бүрдсэн Засгийн газарт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Хотын асуудал хариуцсан сайдаар ажиллахаар томилогдлоо. Энэ бол ардчилсан Үндсэн хууль баталснаас хойших 30 жилийн түүхэнд анхны тохиолдол. Энэ удаагийн ИТХ-ыг эс тооцвол өмнө нь Засаг дарга, хурлын дарга хоёр нь байнга шахуу зөрчилддөг байсан Улаанбаатар маань одоо хоёр “толгой”-той боллоо. Улаанбаатар хот анх удаа сайдтай боллоо, одоо түгжрэл, утаа, хулгай буурах уу.
Хотын асуудал хариуцсан сайдын эрх үүрэг нь Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчийн ажил үүрэгтэй давхцах уу, эрх мэдлийн хувьд хэн нь "том" бэ гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуусан ч дорвитой хариулт өгсөнгүй.
Гэхдээ яамгүй ажиллах сайдууд ЗГХЭГ-ын дарга, Шадар сайдын статустай адил байна. Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нь Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай хамгийн сайн зохицож, ажиллаж чадна. Хамгийн гол нь, хот хариуцсан сайд Улаанбаатар хотыг түгжрэлийн асуудлыг шийдэхэд салбар дундын зохицуулалтыг хангаж, Үндэсний хороогоо удирдана, орон нутаг, нийслэлтэй зохицно, парламент руу хуулиа оруулна гэдгийг Ерөнхий сайд онцолсон.
Гэсэн хэдий ч Хотын дарга, Хотын асуудал хариуцсан сайд хоёрын ажил үүрэг давхцаж, эрх мэдлийн хуваарилалт дээр зөрчил гаргахаар харагдаж буй. Хэрвээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт зөрчил үүснэ гэвэл хамгийн эхнийх байх магадлалтай эмзэг цэг нь Хотын асуудал хариуцсан сайд, хотын дарга хоёр байх магадлалтай.
Жишээ нь, хоёулаа төсөв захиран зарцуулах эрхтэй байх нь. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч юм. Харин Хотын асуудал хариуцсан сайд нь Засгийн газрын гишүүний хувьд улсын төсвөөс ерөнхийлөн захирах эрхтэй байж таарна. Засгийн газрын бүтцийн тухай хуульд Хотын асуудал эрхэлсэн сайд нь түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч" байна гэж заажээ. Тэгэхээр хоёулаа төсөв, санхүүг захиран зарцуулах эрхтэй этгээдүүд болно. Эндээс нийслэл хоёр даргадаа зориулсан хоёр төсөвтэй байх уу гэдэг асуулт гарч байна.
Хотын даргаа царайчилж ажлаа хийдэг сайд гэж байхгүй. 2022 оны улсын төсвөөс Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд 420 тэрбум төгрөгийг хуваарилсан байдаг. Цаашдаа жил бүр улсын төсвөөс түгжрэлийг шийдэхэд төсөв хуваарилна гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгэхээр уг төсвийг захиран зарцуулах эрх Хотын дарга бус, Хотын асуудал хариуцсан сайдад шилжих бололтой. Тэгэхээр төсөв санхүүгээс болж хоёр даргын дунд зөрчил үүсэх магадлал өндөр гэсэн үг.
Хотын асуудал эрхэлсэн сайд Хотын даргаас эрх мэдлийн хувьд хууль санаачлах эрхтэй нь давуу тал болно. Өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагч хууль санаачлах эрхгүй бөгөөд Засгийн газрын хуралдаанд оролцож, санал, журам боловсруулах танилцуулах эрхтэй юм. Харин хот хариуцсан сайд нь давхар УИХ-ын гишүүн болсноороо хууль санаачлах боломжтой болж байна.
Орон нутгийн бие даасан байдлын статусаа харвал хотын Засаг дарга том бөгөөд Улаанбаатарын мээр. Гэтэл Үндсэн хууль, өчигрийн томилгоог харвал хотын сайд том бөгөөд түүний өмнө хотын дарга нь зүйрлэбэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга шиг юмшиг. Ж.Сүхбаатар бол УИХ-д буй шударга гишүүдийн нэг. Нэг үе МАН-аас гарч орсноо Т.Бадамжунайгийн тухай жиргэж, тухайн үеийн хотын бүлэгтэй үзсэнээс болсон гэж одоо ч хэлдэг.
Д.Сумъяабазарыг хотын МАН-ын даргаас гадна Аса аваргаар дамжин женко Х.Баттулгатай ойрхон, түүний дэмжлэгийг авдаг гэж намын нөхөд нь ярьдаг. Тэгэхээр Т.Бадамжунайг “хотын хаан”, Ц.Нямдоржийг “хуулийн хаан” байхад эсрэг үзэж явсан гэх Ж.Сүхбаатар “хаан”-аас буусан Женко-гийн дэмжлэгтэй гэх хотын багтай яаж ойлголцох вэ. Жишээ нь циркийн хувьчлал түүнийг тойрсон асуудал дээр хотын сайд, хотын дарга хоёр санал зөрчилдвөл яах вэ. Тэд, Ж.Сүхбаатар Д.Сумъяабазар хоёр санаа сэтгэл нийлж хотыг хөгжүүлж чадах үгүйг харах л үлдлээ.