Жил бүр олон улсын авлигын эсрэг индексийг эрхлэн гаргадаг Транспаренси Интернешнл олон улсын байгууллагаас Монгол Улсад анхааруулга өглөө. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт болсон улс төрийн үйл явдал нь Монгол Улсын авлигатай тэмцэх ажилд ноцтой сөргөөр нөлөөлөх үр дагавартай байгааг сануулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн өргөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг УИХ баталсан. Энэхүү хууль батлагдсанаар АТГ-ын удирдлага, шүүгч, прокурорыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх өөрчлөлт оруулсан билээ.
Транспаренси Интернешнл байгууллагын албан ёсны веб сайт болох “www.transparency.org”-д нийтлэгдсэн материалыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Дашрамд дурдахад, хамгийн сүүлийн буюу 2018 оны авлигын индексийн тайлангаар Монгол Улс дэлхийн 180 орноос 93 дугаар байрт жагсаж байгаа юм.
Монгол Улсын их хурал 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Ээлжит бусаар хуралдаж шүүгчийн эрх зүйн байдал, прокурор болон авлигатай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан явдалд Транспаренси Интернешнлийн зүгээс маш ихээр санаа зовниж байна. Нэмэлт өөрчлөлтийн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу шүүхийн ерөнхий зөвлөл, улсын ерөнхий прокурор болон Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг хүчингүй болгох боломжтой болсон. Энэ нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хууль ёсыг дээдлэх явдлыг хангахад чиглэгдсэн эрх мэдлийг хуваарилах, системийн хяналт шалгалт болон тэнцвэржүүлэх тогтолцоог сулруулж байна.
Монгол Улсын парламент нь энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхийн тулд зохих ёсоор олон нийтийн хэлэлцүүлэг хийлгүйгээр Үндэсний аюулгүй байдлын асуудал болгон 24 цагийн дотор хэлэлцсэн баталсан. Үүний дараах өдөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Дээд шүүхийн дарга болон улсын Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг албан үүргээс нь чөлөөлсөн. Энэхүү үйл явдал нь УИХ-ын 75 гишүүний 49 нь ЖДҮ-д өгөх байсан хөнгөлөлттэй зээлийг өөрийн болон хамаарал бүхий компаниудад өгсөн гэх хэрэгт холбогдож АТГ болон прокурорын байгууллагаар шалгагдаж байх үед боллоо.
“Транспаренси Интернешнл”-ийн тэргүүн Дэлия Перейра Рубио хэлэхдээ “Шүүхийн үйл ажиллагаан дахь улс төрийн хөндлөнгийн оролцоо нь аюултай, ноцтой асуудал юм. Шүүгч, прокурор болон АТГ-ын удирдлагуудыг дур мэдэн солих нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын авлигатай тэмцэх үйлсэд гаргасан ахиц дэвшлийг үгүй хийж байна. Монголын авлигатай тэмцэх тогтолцоонд ямар ч асуудал байж болно. Гэхдээ хүчтэй, бие даасан, хараат бус шүүх засаглал болон Авлигатай тэмцэх агентлаг нь улс орны шударга ёсны тогтолцооны чухал хэсэг, бүрэн бүтэн байдлын дэд бүтэц нь юм” гэжээ.
Транспаренси Интернешнлийн Монгол дахь салбар улс төрийн болон их хэмжээний авлига нь тус улсын ардчилалд хамгийн том аюул учруулж байгааг Монголын Засгийн газарт өмнө нь сануулж байсан. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэн бүрд хууль эрх тэгш үйлчилнэ. Авлигад автсан албан тушаалтнууд ял завших ёсгүй.
Мөн Транспаренси Интернешнл нь саяхан Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл нь үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх болон иргэний нийгмийн нөөц бололцоог ашиглах боломжийг хязгаарлаж байгаад харамсаж байна. Ардчиллын эрх чөлөөг устгах нь авлига, ял завших явдлыг нэмэгдүүлдэг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Авилгын эсрэг конвенцын 11 болон 13 дугаар заалтын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстойг Транспаренси Интернешнлийн зүгээс анхааруулж байна.
Эх сурвалж: Transparency.org