“Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийн нөлөө” судалгааны ажлыг 2014 онд эхлүүлжээ. Уг судалгааг явуулах эрх бүхий зөвшөөрлийг Эрүүл мэндийн үүсэл /MHI/ НҮТББ-д Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам олгосон байдаг байна. Энэ хүрээнд нийслэлийн зарим дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд сүрьеэгийн эсрэг Д амин дэмийн агууламж бүхий витаминыг уулгаж байгаа аж. Тэгвэл уг витамин нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хугацаа нь дууссан байж болзошгүй зэрэг асуудлаар Монголын эцэг эхчүүдийн зөвлөлөөс хэвлэлийн хурал зарлалаа.
-Монголын эцэг эхчүүдийн зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоо: 2015 оноос хойш Сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийг захын зургаан дүүргийн Ерөнхий боловсролын 15 сургуулийн 8210 гаруй хүүхдэд хийсэн байна. Хамгийн гол нь Д амин дэм нэрээр хугацаа нь дууссан эмийг хүчээр хүүхдүүдэд уулгасан байх магадлалтай байна. Эхнээсээ Д амин дэм уусан хүүхдүүдийн биед сөрөг нөлөө илэрч байна. Тандалт судалгаа хийх зорилгоор Бага насны хүүхдэд Д амин дэм уулгаж байгаагаа зогсоох шаардлагыг гурав хоногийн өмнө Эрүүл мэндийн яам болон Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй. Тиймээс энэхүү шаардлагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлнэ. Олон улсад аливаа тандалт судалгаа зөвхөн насанд хүрсэн хүнд, нэлээд өндөр төлбөр буюу нөхөн олговор олгож хийдэг. Гэтэл бага насны хүүхдүүдэд Д амин дэм уулгах нэрээр эмнэлзүйн туршилт хийж байгаа нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байна” гэлээ.
-Тус зөвлөлийн тэргүүн дэд захирал Ц.Эрхэмбаяр: Д амин дэм уулгах тандалт судалгаанд хамрагдаад биед нь сөрөг нөлөө илэрсэн хүний ар гэргийг төлөөлж ирсэн. Миний эгчийн хүү тандалт судалгаанд хамрагдахаас өмнө сэргэлэн цовоо, эрүүл хүүхэд байсан. Харин Сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д амин дэмийг уулгасны дараа биед нь сөрөг нөлөө илэрч эхэлсэн. Тухайлбал, баруун талын уушги нь өвчилж, байнга өвддөг болсон. Биеийн тамирын хичээлдээ огт суухгүй байгаа. Нүд нь ойр ойрхон анивчих, байнга гар, хөл нь хөлрөх шинж тэмдэг илрэх болсон. Тиймээс Монголын ирээдүй болсон бага насны хүүхдэд судлагдаагүй, нотлогдоогүй эмийн туршилт хийхээ яаралтай зогсоохыг шаардаж байна. Бидний шаардлагыг хүлээн авахаас татгалзвал тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэв.
Эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлөөс хийсэн мэдээлэл ор үндэслэлгүй гэдгийг мэдэгдлээ
Монголын эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөлөөс хийсэн дээрх мэдээллийн дараа Эрүүл мэндийн үүсэл ТББ-гаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Харвардын их сургуулийн албан ёсны эрдэм шилжилгээний нэгж байгууллага болох Эрүүл мэндийн үүсэл буюу "MHI"-ын эрдэмтэн судлаачид нь УБ хотын сурагчдыг Сүрьеэгийн далд халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө судалгааг ЭМЯ-ны Ёс зүйн хороо, АШУҮИС-ийн Эрдэмийн зөвлөл, Харвардын их сургуулийн Ёс зүйн хорооны албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийж байгаа болно. Энэхүү судалгааны протокол, арга аргачлал нь маш өндөр шалгуураар хянагдаж олон улсын стандарт, судалгааны ёс зүйн дагуу асран хамгаалагч нар болон оролцогч хүүхдүүдэд судалгааг танилцуулж албан ёсоор зөвшөөрөл, гарын үсэг авч, сайн дурын үндсэн дээр уг судалгааг хийж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.