Open iToim app
Хайр дурлалын сайхныг мэдрүүлэх шилдэг 5 кино
Бусад | 5 мин уншина

Хайр дурлалын сайхныг мэдрүүлэх шилдэг 5 кино

www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 8
 Хайр гэж ертөнц бий болсноос хойш яригдаж эхэлсэн мөнхийн сэдэв билээ. Хайрыг олон янзаар уран бүтээл, урлагт дүрсэлж, харуулдаг ч танд санал болгож буй  эдгээр кинонууд нь хайрын  сайхан чанарыг харуулсан хосгүй бүтээлүүд юм. Хэдийгээр гарчигтайгаа бага зэрэг зөрчилдсөн мэт сэтгэгдэл үлдээж мэдэх ч доорх таван киног үзсэний дараа хөнгөн гуниг, бодолд автаж, хайрын мөн чанарыг ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Танд санал болгож буй таван киноны гурван нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн хар бараан тал, тухайн цаг үеийн аж байдлыг дүрсэлдэг учраас дан ганц хайрын тухай өгүүлэх, байдаг л нэг кинонууд гэж битгий бодоорой. Нэгийг тунгааж, хоёрыг эргэцүүлэхэд хүргэдэг шилдэг бүтээлүүдийг сорчлон хүргэлээ.
 Кино урлагийн яруу найраг “The scent of green papaya”
 Яруу найргийг хүн сонсож, уншихаас гадна мэлмийгээрээ ч үзэж болно гэвэл та итгэх үү? Вьетнам-Франц ард түмний хамтран 1993 онд бүтээсэн “Ногоон папаяагийн үнэр” киног үзсэний дараа яруу найраг “үзчихэв үү дээ” гэх бодол танд ч мөн төрөх байх. Вьетнам-Франц гаралтай Тран Ан Хан найруулагчийн анхны уран бүтээл болох “Ногоон папаяагийн үнэр” кино 1993 оны Канны кино наадмаас алтан камер (camer d’or)-ийн шагналыг хүртжээ. Алтан камер шагналыг анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо найруулсан залуу, авьяастай найруулагчийг дэмжих зорилгоор 1978 оноос Канны кино наадмын шагналын төрөлд оруулсан байна. Энэхүү киноны амжилт үүгээр дуусаагүй юм. Гарсан жилдээ Цезарийн шагналаас “шилдэг кино” шагнал хүртэж, Оскарын шагналд шилдэг гадаад хэл дээрх киногоор нэр дэвшжээ.  «Ногоон папаяагийн үнэр» хэмээх энэ гайхалтай кино дан ганц эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох хайр сэтгэлийн түүхийг өгүүлсэн гэхээсээ илүү эх хүүхдийн хайр энэрэлийг ч харуулдаг. Эртний Грект хайр дурлалыг “эр эм хүн ханьсан нийлж, хамтдаа боловсрон хөгжихийг хэлнэ” хэмээн үздэг байсан. Үүнтэй адил гол дүрийн залуу сэтгэлт бүсгүйгээ боловсролгүй, дорд гаралтай гэж гололгүй бие биенийхээ дутууг нь нөхөж, дундуурыг дүүргэхийг хичээдэг нь жинхэнэ хайр гэж ийм л байна даа гэх бодлыг эрхгүй төрүүлнэ. Киноны сэтгэл татам уран дүрслэл, үзэхэд төрөх гүн мэдрэмжийг Клод Дебюссигийн “Сарны гэрэл” ая улам нэмэгдүүлж, сэтгэлд тань хэсэгтээ л хоногших байх. Жинхэнэ хайр ямар байдаг бол гэж боддог бол энэ киног заавал үзээрэй.
 Нандин мөртлөө зүрх эмтлэм хайрын түүхийг өгүүлэх-“The silence of the sea”
 Дайны он жилүүдэд хэвлэгдсэн уран зохиолын номын дэлгэцийн хувилбар болох “Аниргүй тэнгис” кинонд гал халуун амрагийн явдал, дурлалт хосын бие биенээ гэсэн сэтгэлийн илрэл огт гарахгүй ч манайхан болон дайсны тал гэсэн үзэл суртлын гүн ангалаас болж сэтгэл мэдрэмжээ үгүйсгэхээс өөр замгүй болсон хайрын тухай өгүүлдэг. Нацистууд Франц улсыг эзлэн түрэмгийлж байсан 1941 оны үйл явдлаар бид эх орноо гэсэн үнэнч зан чанар ямар хүчтэй байсныг ойлгох болно.  Хэрэв дайн, хэт эх оронч үзэл байгаагүй бол гол дүрийн хоёрын амьдрал, хайр дурлалын түүх огт өөрөөр өрнөх байсан нь гарцаагүй. Хайр сэтгэлээ бие биедээ тунхагласан ч нийлэх тавилангүй учрал хэчнээн зовлонтой, өр эмтлэм байх бол гэж бодоход л энэ кино хайрын сайхныг мэдрүүлэхээс гадна гашуун үнэнийг ч мөн харуулна.
 Чин сэтгэлийн хайр ганц л байдгийг харуулах-“Waterloo bridge”
Салхинд туугдагсад киногоор сая сая үзэгчдийн зүрхэнд мөнхөрсөн Английн алдарт жүжигчин Вевиен Лигийн тоглосон уг кино хайрын тухай өгүүлэх шилдэг кинонуудын нэгт зүй ёсоор орно. Америкийн кино институтаас гаргасан хайрын тухай өгүүлэх шилдэг 100 киноны төрөлд нэр дэвшиж, өрсөлдсөн нь үүнийг батална. Уг киног үзсэнээр Дэлхийн II дайны хор хөнөөл, хагацал зовлонг дурлалт хосын туулж өнгөрүүлж буй амьдралаар мэдэх боломжтой. Хоёрдугаар дайны эхэн үед кино театруудаар гарсан “Ватерлоо гүүр” кино гарсан даруйдаа кино чартыг тэргүүлж, Оскарын шилдэг ая, шилдэг кино зураг авалт гэсэн хоёр төрөлд нэр дэвшжээ. Гол дүрийн хоёр жүжигчний (Вивиен Ли, Роберт Тэйлор) бүтээсэн дүрүүдээс хамгийн сэтгэлд хоногшсон дүр нь уг киноны дүр байсан хэмээн хожим дурсжээ.
  Анхны хайрын тухай эргэцүүлэхэд хүргэх Япон кино- “Love letter”
 Яагаад хүмүүс анхны хайр бүтдэггүй гэж ярьдаг вэ, Ханьсан нийлж, аз жаргалтай төгсдөггүй болохоор анхны хайр бүтдэггүй юм болов уу. Жинхэнэ хайр дурлалтайгаа  хүн амьдралынхаа аль ч цагт учирч болно. Анхны хайр гэдэг ойлголт бид бүхний хувьд өөр өөр утга агуулгыг илэрхийлэх байх. Жинхэнэ хайр бол анхны хайрыг хэлнэ гэж зарим хүн үздэг бол “Анх удаа хэн нэгэнд хүчтэй татагдахыг л анхны хайр гэнэ шүү дээ. Тиймээс л анхны гэх тодотголтой байгаа юм” гэх мэтээр хүн бүр харилцан адилгүй үнэлж дүгнэнэ. “Хайрын захидал” гэх 1995 оны япон киног ерөнхийд нь тоймловол бүтээгүй анхны хайрын тухай сэтгэл уярам, маш сайхнаар дүрсэлсэн кино билээ. Дүрийн харилцан яриатай хэсэг бага ч үйл явдлын хүүрнэл, сюжетээр үзэгчдийн сэтгэлийг уяраасан болохоор тус кино Торонтогийн олон улсын кино фестивалаас “Үзэгчдэд хамгийн их таалагдсан кино" гэх шагналыг хүртсэн болов уу. 
Дайн ба энх тайвны эсрэгцлийг харуулах “Hiroshima Mon Amour”
 Францын алдарт зохиолч Маргарет Дюрас “Хирошима миний хайр” киноны зохиолыг бичсэн нь уг киног чанартай бүтээл болсныг илтгэнэ. Киноны үйл явдал хэдий дэлхийн хоёр дугаар дайны дараах Хирошимагийн сэргэн босголтын үед өрнөдөг ч атомын бөмбөгийн хор уршиг, Франц улс Нацистуудаас чөлөөлөгдсөний дараа дайсантайгаа нөхөцсөн эмэгтэйчүүдийг хэрхэн гадуурхаж байсныг гол дүрийн Франц эмэгтэйн өнгөрсөн дэх дурдатгал, япон залуугийн хүүрнэлээр мэдэж авна. 1950-60 оны хооронд Францад дэлгэрсэн “Шинэ давалгаа” гэх кино урлагын төлөөлөгч Францын найруулагч Ален Реснас анх атомын бөмбөгдөлтийн хор уршиг, дайныг эсэргүүцсэн богино хэмжээний баримтат кино найруулах үүрэг даалгавартай байжээ. Холокастийн тухай өгүүлсэн “Манан ба Шөнө” баримтат киноноос илүү үзэгчдэд нөлөөлөх бүтээл хэрхэн хийхээ мэдэхгүй олон сар толгойгоо гашилгасны эцэст Маргарет Дюрасаар зохиолоо бичүүлсэн нь “Хирошима миний хайр” хэмээх кино урлагийн хосгүй бүтээл төрөн гарах эхлэл тавигджээ. Киноны эхлэлийн зураг авалт тун өвөрмөц байдлаар эхэлнэ. Тухайлбал, "энэ бол дайны дурсамжаасаа салахыг тэмүүлэх хосын бүтэшгүй хайрын тухай өгүүлэх кино. Романтик мөртлөө сэтгэлд тань гуниг хуруулах энэ киноны төгсгөлд өнгөрснөө огоорох болоод үүрэг хариуцлагын тухай та бодоход хүрнэ. Учрах тавилантай амрагууд нэгэн кафед анх тааралдсан ч залуу дурлалт бүсгүйтэйгээ сүүлчийн удаа уулзахаар Хирошима хотын төвд байх Касабланка хэмээх цэнгээний  газарт ирээд байна. Хайр ба сүр жавхлангийн төлөөх тулаан, үхэл ба оршихуйн талаарх байдаг л нэг түүхийг энэ кино хөндөнө. Хорвоо ертөнц дурлалт хосуудад цагийн аяст үргэлж ээлтэй байх болтугай” хэмээн эхлэх энэхүү киног амралтын өдрүүдээр таалан сууж үзээрэй.
 Бэлтгэсэн: Л.Сайхансанаа
 
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн