Монгол түмний зүрхэнд Цогт тайжийн дүрээр мөнхөрсөн Цагааны Цэгмид агсны бага хүү, жүжигчин Ц.Төмөрхуяг Сар шинийн баярын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгалаа. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Монголын ард түмэн танд гавьяат цол олгоно гэж хүлээж, бас их ярьдаг байсан. Таны хувьд өөрийгөө гавьяат болно гэж мэдэж байсан уу?
-Ард түмэн, манай урлагийнхан маань Ц.Төмөрхуяг гавьяат болно гээд ярьдаг байсан. Өнгөрсөн жил их ярьсан ч болоогүй л дээ. Энэ жил ч гавьяат болно гэж санаанд буугаагүй. Өчигдөр /02.14/ битүүний махаа чанаж байхдаа л гавьяат болно гэж сонслоо, өнөөдөр шагналаа гардаж авлаа. Ээжийгээ л их бодлоо. Ард түмэндээ маш их баярлалаа. Миний хувьд Монгол Улсын гавьяат цолыг ард түмний өгдөг шагнал гэж ойлгодог. Миний ард түмэн намайг үргэлж дэмжиж ирсэн учраас миний бие гавьяат гэдэг эрхэм цолыг хүртлээ. Ажил хийж байгаа хүн гавьяа шагнал руу зүтгэдэггүй. Ажлаа сайн л хийвэл гавьяа, шагнал аяндаа ирнэ гэж ахмадууд, багш нар маань сургадаг байсан. Монголын урлагийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа 60 гаруй тайзны уран бүтээл, 100 гаруй киноны уран бүтээлд дүрээ мөнхөлсний минь үр шим юм.
-Таны хувьд жүжигчин гэж ямар хүнийг хэлэх вэ. Жүжигчин болж байсан дурсамжаасаа хуваалцвал?
-Жүжигчин гэж хүн чанар сайтай хүнлэг хүнийг хэлнэ. Тийм л хүн уран бүтээлч байдаг. Мэдээж авьяастай байх ёстой. Гэхдээ ганцхан авьяастай гээд галзуурч болохгүй. Авьяас гэдэг зүйлийн дээр хүнлэг чанар, эх оронч үзэл, өөрийн үзэл бодол байх ёстой. Дээр нь хариуцлага хүлээх өндөр ёс суртахуунтай байх ёстой. Бид ардчилал эрх чөлөө, хүний эрх гээд л яриад байдаг. Үнэндээ Ардчилал гэдэг чинь хариуцлага ш дээ. Үүнийгээ ухамсарлаж, ойлгодог байвал хүн чанар тэндээс гарах болов уу.
Миний хувьд аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой юм байна гэж бодоод СУИС-ийн кино драмын ангид орсон. Урлагийн сургуульд орсныхоо дараа аавыгаа илүүтэй ихээр мэдэрч, сайн жүжигчин болохыг амьдралынхаа зорилго, чиглэл болгосон. Энэ агуу хүний үр сад учир “би муу явах эрхгүй юм байна” гэдгийг тухайн үед надад хичээл зааж байсан агуу багш нар ойлгуулсан.
-Таны бүтээсэн дүрээс өөрийн тань сэтгэлд, монгол түмний дунд хоногшсон дүрээс нэрлэ гэвэл юуг хэлэх вэ?
-Дүр бүхэн сэтгэлд тод үлддэг. Дуртай ажлаа хийж байгаа учраас бүгд тод, өнөөдөр юм шиг санагддаг. Хэцүү дүр гэж байгаагүй, би хийх ёстой ажлаа л хийсэн гэж боддог. Анх 1986 онд драмын театрт ороод, хамгийн анх Гоголийн “Байцаагч түшмэл” жүжигт тоглосон. “Байцаагч түшмэл” жүжгийн гол рольд тоглосон. Хувьдаа уг уран бүтээлийг их сайн болсон гэж боддог. “Байцаагч түшмэл” жүжиг миний уран бүтээлийн гараа байсан учраас амжилт эндээс л эхэлсэн болов уу гэж боддог. Уг жүжгээр “чи Цагааны Цэгмидийн хүү мөн үү, агуу багш нарын шавь мөн үү” гэдгийг харуулах боломж байсан гэж боддог шүү. Жүжиг ч амжилттай болсон, театрт шалгалт өгч тэнцээд олон жил нэр, төртэй ажилласан. Ер нь театрын уран бүтээлд залуу нас, цаг заваа их зориулсан.
-Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд юу хийж, зорьж явна вэ?
-Би хувьдаа өөрийгөө энэ хүнээр бахархаж, үйл хэргийг нь үргэлжлүүлээд явж байгаа гэж боддог. Зарим хүн Ц. Төмөрхуяг байна гэж бараг хэлдэггүй ш дээ. Энэ Цагааны Цэгмидийн бага хүү жүжигчин Ц.Төмөрбаатарын дүү байна гэдэг. Энэ хоёр хүнээр би овоглож явдаг гэсэн үг. Энэ ч надад маш их урам зориг өгдөг, зорилготой хүчтэй байхад нөлөөлдөг. Би оюутнууддаа хүртэл энэ хүний уран чадварынх нь хэв маяг, алтан үеийнхний уран чадвар, арга барилыг ойлгуулах юмсан гэж үргэлж боддог. Миний аав болон алтан үеийн жүжигчдийг театр гэдэг зүйлээс ангид бодож, киноны урлагтай холбохгүй байж болохгүй, театрт тэд угаас маш том орон зайг эзэлсэн хүмүүс шүү дээ.
-Цаашид ямар уран бүтээлүүд дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Төлөвлөгөө бий. Энэ жил төгсөх ангийн сурагчтай, нэг оюутантай. Хүүхдийнхээ суурийг сайн бэхжүүлэхийн төлөө анхаарна. Өөрөө сургуульд багшилж байгаа, үүнийхээ хажуугаар гуравдугаар сараас шинэ киноны зураг авалтад орно. Мөн ирэх тавдугаар сараас Хятадын кино төсөл дээр ажиллана.
Техник, технологи хөгжиж, хүнийг техник орлох боломжтой үе ирээд байна. Орчин үеийн чиг хандлагад нийцүүлэхийн тулд кино бүтэхийн өмнөх судалгааг сайтар хийдэг болсон байна. Энэ хэрээр Монголын кино урлагийн салбар эрчимтэй хөгжиж байна.