Open iToim app
Тэд бидний тухай | 11 мин уншина

The Diplomat: Монгол Улс орчин үеийн дэлхий ертөнцийг ахин бүтээж чадах уу

The Diplomat: Монгол Улс орчин үеийн дэлхий ертөнцийг ахин бүтээж чадах уу
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 10
Дэлхийд нэр хүнд бүхий “The Diplomat” сэтгүүлд Монгол Улс нь АНУ-ын түншлэлтэйгээр бүс нутагтаа томоохон нөлөө, хувь нэмэр оруулж чадна гэсэн утга бүхий нийтлэл гарсныг эмхтгэн хүргэж байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр хөндлөн урсах Туул голын урсгал Орхонтуул сумын дэргэдүүр өнгөрөх Орхон голд цутган цаашилсаар Сибирийн Байгаль нуур, Арктикийн их мөсөнд цутгадаг. Туул гол нь Орхон, Хэрлэн голуудын адил Хэнтийн нуруунаас эх аван урсдаг. Хэнтийн нуруу нь XIII зууны агуу байлдан дагуулагч Чингис хааны төрсөн нутаг юм. Монголын нууц товчоонд өгүүлснээр Хэнтийн нурууны Бурхан Халдун ууланд Тэмүүжин бусдаас нуугдаж, амь хорогдож, дараа нь Их Монгол Улсыг нэгтгэн, төр засгаа төвхнүүлж, төрийн их үйлийг байгуулсан юм. Тиймээс Чингис хаан Бурхан Халдун уулыг ариун хэмээн үеийн үед хүндлэн биширтүгэй хэмээн зарлиг буулган эцэстээ тэндээ онгологдсон түүхтэй.  
Антропологич  Жак Уэтерфордын хэлснээр Чингис хаан бол урьд хожид байгаагүй хамгийн агуу аймшиггүй цэргийн удирдагч ажээ. Тэрээр Их Монголыг нэгтгэж, хууль засаг, шашны эрх чөлөө, олон улсын худалдаа, дипломат ёсыг Ази, Европын орнуудад зааж сургасан агуу нэгэн юм. Монголын эзэнт гүрэн нь харилцаа холбоо, худалдаа, технологи болон улс төрийн нэгдсэн системийг бий болгож тухайн үеийнхээ дэлхий ертөнцийг холбох гүүр, төв нь болж байв. Түүхч Эдвард Гиббон Чингис хааны их үйл хэргийн нөлөөгөөр дэлхийн бөмбөрцөг сэгсрэгдэж шинэ дэг журам тогтсон гэж үздэг.
Өнөөгийн Монгол Улс XIII зууны үеийн түүхэн оргилдоо хүрэх боломж харьцангуй бага. Гэхдээ тэд дотооддоо болон бүс нутгийн хэмжээнд томоохон сорилтуудтай нүүр тулгарч байгаа ч орчин үеийн ертөнцийг ахин цогцлон бүтээхэд бэлэн байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс нь АНУ-тай түншлэн өмнөө тулгараад буй саад бэрхшээлээ даван туулж, чөлөөт, нээлттэй Индо-Номхон далайг бий болгоход хувь нэмрээ оруулж чадах юм.
Амаргүй хөршүүд
Монгол Улс нэн тэргүүнд бүтцийн томоохон сорилтуудыг даван туулж, шийдвэрлэх ёстой. Мэдээж гурванхан сая хүн амтай, далайд гарцгүй орны хувьд бүх асуудал газарзүйн байршлаас эхэлнэ. Монголын экспорт, импортын бүх бараа бүтээгдэхүүн нь тэднээс хамаагүй олон хүн амтай, хүчирхэг хөршүүд болох ОХУ болон БНХАУ-ын газар нутаг, агаарын орон зайгаар дамжин өнгөрдөг.
Тус улс нь ОХУ-ын хилээс өмнө зүгт БНХАУ-ын хил хүртэл үргэлжлэх 1100 орчим километр урт Транс-Монголын ганцхан гол төмөр замтай. Мөн БНХАУ-ын төмөр замын сүлжээнд нэвтрэхийн тулд тэдний замд тохируулж галт тэрэгний дугуйг солих шаардлагатай болдог нь асар их цаг хугацааг зөвхөн хүлээж өнгөрүүлэх шаардлагатай болгодог.
Үүнээс гадна ОХУ-ын Засгийн газар Монголын төмөр замын 51 хувийг эзэмшдэг. Энэ нь илүү үр ашигтай, үндэсний эрх ашгийг хангасан тээврийн сүлжээг хөгжүүлэхэд саад болдог. Оросууд 2016 оныг хүртэл, өмнө нь олон жил Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж ирсэн уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшсээр ирсэн юм. Мөн ОХУ нь Монголын нефтийн зах зээлийн 90 хувийг эдийн засгийн хатуу хяналтын доор хангадаг. Эдгээр нөлөө нь бусад салбаруудад ч хүчтэй нөлөөлдөг. Хэрвээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоор аялах аваас хуучин ЗХУ-ын үеийн хөшөө, дурсгал, дуурийн театр, хуримын ордон, Зайсан толгой дахь цэргийн дурсгал зэрэг өчнөөн соёлын өв үлдсэн байдаг нь энэхүү нөлөөний илрэл юм.
Харин тэд өмнөд хэсэгтээ БНХАУ-тай говь цөлөөр хиллэдэг. Хилийн цаанаа ойролцоогоор зургаан сая гаруй монгол үндэстэн, ястан Хятадын харьяанд байх ӨМӨЗО-нд аж төрдөг нь Монгол Улсын нийт хүн амаас даруй хоёр дахин их юм. Дэлхийд хоёрт орох БНХАУ-ын эдийн засгийн хувьд нүүрс, зэс, төмрийн хүдэр, түүхий нефть, боловсруулаагүй ноолуур зэрэг Монголын нийт экспортын 90 хувийг авч, нийт импортын гуравны нэгийг нийлүүлдэг. Мөн Хятад нь Монголын хувьд гадаад хөрөнгө оруулалтын хамгийн том эх сурвалж юм. АНУ-ын Конгрессын тайланд БНХАУ нь Монгол Улсын эдийн засгийн амин судас, найдвартай байдал нь гэжээ.
Энэхүү эдийн засгийн хэт хамаарал нь улс даяар Хятадтай хурцадмал байдал үүсгэж, цаашид ч тархах хандлагатай байна. Жишээ нь Монголын түүх XVI зуунаас эхлэн Төвдийн буддизм, Далай ламтай нягт холбогдож ирсэн байдаг. Гэтэл 2016 онд Далай лам Монголд айлчлах үеэр БНХАУ-с хилээ хааж, тэдний зарим экспортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж байв. Үүний дараа Монгол Улс Далай ламыг ахин эх орондоо урихгүй гэх амлалт өгсөн юм. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд “Монголчууд энэхүү сургамжийг зүрхнийхээ гүнд сайтар ойлгосон гэж бид найдаж байна” гэжээ.
Газарзүйн цар хүрээгээ өргөжүүлэх
Монголчууд эдийн засгийн оролцоо болон стратегийн дэмжлэг хүртэх зорилгоор гуравдагч хөршийн нээлттэй бодлогыг хэрэгжүүлж өөрсөдтэйгөө шууд газар нутгаар хиллэдэггүй орнуудтай тууштай харилцах болсон. Энэ нь тэдний хувьд нэн сайн туршлага юм. Жишээ нь Монгол Улс нь Япон, Өмнөд Солонгос зэрэг хүчирхэг ардчилсан улсуудтай гуравдагч хөршийн нягт харилцаа тогтоож бүс нутаг дахь хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг бий болгох үйл хэрэгт оролцож байна. Хэдий уранаар баялаг ч Монгол Улс нь цөмийн зэвсгийг үйл дэлгэрүүлэх болон Зүүн хойд Азийн маргааныг энхийн замаар шийдвэрлэх асуудалд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөн Монгол Улс нь БНСУ болон БНАСАУ-тай найрсаг дипломат харилцаатай гэдэг утгаараа Солонгосын хойгийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлд томоохон зорилт тавин ажиллаж байна.  
Өнгөрөгч зургадугаар сарын эхээр болж өнгөрсөн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх VI удаагийн Улаанбаатарын яриа хэлэлцээрийн үеэр Японы төлөөлөгчид Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг эцэслэх талаарх ирээдүйн яриа хэлэлцээрийн үндэс суурийг тавихыг зорьж байв. Учир нь Вьетнамын нийслэл Ханой хотод Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг эцэслэх талаарх АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсны дараагаар энэ асуудалд хандах Японы хүчин чармайлт мэдэгдэхүйц нэмэгдэх болсон.
Монгол Улс нь АНУ-ыг хамгийн чухал гуравдагч хөрш орон хэмээн тодорхойлсон байдаг. Тэдний хувьд Вашингтонтой хийх харилцаагаа өргөжүүлэн, бэхжүүлэх нь дэлхий дахины глобал үйл хэрэгт оролцох оролцоогоо нэмэгдүүлэх чухал боломж. Тухайлбал өнгөрөгч зургадугаар сард Монгол Улс болон АНУ нар хамтран Австралиас, Зимбабве хүртэлх дэлхийн 31 орныг хамруулан НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг загварчлах, тэдний оролцоог дэмжих зорилготой 17 дахь  удаагийн Хааны эрэлд цэргийн хээрийн сургуулилтыг хийсэн юм. АНУ-ын Индо-Номхон далайн командлалын захирагч, Адмирал Филип С.Дэвидсон энэхүү хээрийн сургуулилтын нээлтийн үеэр Монголын геополитикийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улсын нийт зэвсэгт хүчний арав орчим хувь нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шууд хувь нэмрээ оруулдаг. Монголын Батлан хамгаалахын салбар нь Афганистан, Ирак болон Косово зэрэг АНУ-ын хэрэгжүүлж буй цэргийн үйл ажиллагаа, эвсэлд чухал хувь нэмрээ оруулах замаар, армийн чадавх, олон улстай үр ашигтай хамтран ажиллах нөөц бололцоогоо сайжруулсаар ирсэн.  
Улаанбаатар болон Вашингтон нь олон улсын тавцанд хамтын ажиллагааны зорилго болон үнэт зүйлийг харилцан дэмждэг. Жишээ нь Монгол Улс нь АНУ-ын санаачилгатайгаар Польшийн нийслэл Варшав хотод байгуулсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн байгууллагад тэргүүлэх байр суурьтай оролцдог. Мөн “ASEAN”-ийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагад хамтран ажилладаг. Үүнээс гадна НҮБ-ын тавцанд ч Монгол Улс нь Ерөнхий ассамблейн хуралдаанд АНУ-ын талд тогтмол санал өгдөг найдвартай холбоотон болохоо харуулсан.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр дэмжигдсэн АНУ-ын Батлан хамгаалах яамны Индо-Номхон далайн стратегийн бодлогын тайланд тусгагдсаны дагуу Хойд Солонгосын хууль бус цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн эсрэг чиглэгдсэн хориг арга хэмжээг Монгол Улс хүлээн зөвшөөрдөг. Үүний хажуугаар Улаанбаатар нь Вашингтон болон Пхеньяны хооронд болж буй яриа хэлэлцээрт хөшүүрэг болох байр суурийг бэхжүүлэхийг зорих болсон. Олон жилийн турш Улаанбаатарын яриа хэлэлцээр нь нэг болон хоёр зорилгод чиглэсэн дипломат харилцааг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болсоор ирлээ. Монгол Улс нь Ази тив дэх коммунизмаас ардчилалд шилжсэн, цөмийн зэвсэггүй цорын ганц чөлөөт орон гэдэг утгаараа АНУ-ын Ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагч нарын дараагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах орноор маш хүчтэй нэрлэгдэх нь гарцаагүй.
АНУ-ын дэлхийн тавцан дахь нөлөө нь Монголын гуравдагч хөршийн бодлогын тэнцвэрийг хадгалахад нөлөөлдөг. Ялангуяа Монгол Улс нь Бээжин болон Москвагийн тэргүүлдэг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад бүрэн эрхт гишүүн болохоос татгалзан. Энэ нь Вашингтон болон Барууны бусад орнуудын хувьд Монголын байр суурийг илэрхийлэх дохио юм. Хэрэв Монгол Улс нь энэхүү байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсвэл БНХАУ-ын хэрэгжүүлж буй тэргүүлэх бодлого болох “Хятадын бүс ба зам санаачилга”-ын дагуу тээвэр, дэд бүтцийн гадаад сүлжээг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Гэвч АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх нь тэдний хувьд бүс нутгийн дарамт, шахалтыг эсэргүүцэж, гадаад бодлогодоо өөрийн гэсэн алсын хараа, бодлогыг хэрэгжүүлэх чухал түлхэц болох юм.
Засгийн газрын бондыг бэхжүүлэх
Өнгөрөгч оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын нийслэл Вашингтон хотод албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны улам бүр өргөжин тэлж буй цогц түншлэлийг онцлон, тэр дундаа эдийн засаг болон худалдааны харилцаа бүр илүү гүнзгийрсэн болохыг цохон тэмдэглэсэн аж. Энэ нь цаг хугацааны хувьд Монголын талд ашигтай байв. Учир нь 2013 оноос эхлэн тус улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт болон Хятадын эдийн засгийн удааширлаас шалтгаалан хямарч эхэлсэн юм. Хэдий Улаанбаатар хотын төвд тэнгэр баганадсан барилгууд олноор сүндэрлэх болсон ч иргэдийн хэлж буйгаар эдгээр нь 2013 оноос өмнөх уул уурхайг дагасан Монголын эдийн засгийн тэсрэлтийн он жилүүдийн үр дүнд бий болсон бүтээн байгуулалтууд аж.
Харин АНУ-ын хөрөнгө оруулалтууд нь Монгол Улсын унаад буй эдийн засгийг өргөх хэрэгсэл байж чадна. Улаанбаатар хотноо 2019 оны зургадугаар сарын 3-нд болсон Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхим буюу “AMCham”-ын хурлын үеэр АНУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески энэхүү эдийн засгийн сорилтыг даван туулах хэд хэдэн зорилтыг онцлон тэмдэглэв.
Нэн тэргүүнд, Монгол Улс нь Оюутолгойн уул уурхайн аварга төсөл дээрх байр сууриа тодорхой болгох ёстой. Уг компанийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Харин үлдсэн 66 хувийг Австралийн үндэстэн дамнасан том уул уурхайн Рио Тинто корпораци өөрийн охин компани болох “Туркойз Хилл Ресурс”-ээр дамжуулан эзэмшдэг. Дэлхийд хамгийн томоохонд тооцогдох энэхүү зэсийн уурхай нь Монголын нийт эдийн засгийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг гэх утгаараа маш чухал юм.
Гэсэн хэдий ч Монгол Улсын Их хурал эдийн засгийн үндсэрхэг үзэл дээр тулгуурлан Оюутолгой дахь Засгийн газрын эзэмшлийн хувьцааг өсгөхийн тулд тус төслийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхийг уриалж, зохицуулалтын орчинд тодорхой бус байдлыг бий болгосон юм. Ингэснээр Оюутолгой уурхайн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил хойшлогдоход хүрчээ.
Үүний дээр Оюутолгой дахь Америкийн Импорт-Экспортын банкны хөрөнгө оруулалт болон АНУ-ын Засгийн газрын эзэмшлийн 35 хувийг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Монгол Улсад суух АНУ-н Элчин Сайд Майкл Клечески Оюутолгойг гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд тэргүүлэх чиг хандлага гэж тодорхойлсон юм. Энэхүү төсөл нь ирээдүйд Монголын эдийн засагт 1,3 их наяд ам.долларын ашигт малтмалын баялгийн орлого оруулах төлөвтэй байна.
Хоёрт, Вашингтон нь 2013 онд Монгол Улс болон АНУ-ын хооронд гарын үсэг зурагдаж, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн Ил тод байдлын тухай  гэрээг бүрэн хэрэгжүүлэхийг хүсч байна. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд энэхүү гэрээ нь 60 хоногийн дотор олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх журмаар олон улсын худалдаанд нөлөөлөх хууль, эрх зүйн шинэ орчинг бий болгож, үүнийгээ Англи хэл дээр орчуулан гаргадаг нь АНУ-ын холбооны зохицуулах дүрэмтэй төстэй юм. АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Ил тод байдлыг хангах энэхүү гэрээ нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар гаргасан анхны бие даасан гэрээ болохыг онцолдог. АНУ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээний талаар өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон хуралдааны үеэр Элчин сайд Майкл Клечески энэхүү асуудлыг шийдвэрлэх цахим тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг танилцуулсан.
Гуравт, өргөн хүрээгээр авч үзвэл, Монгол Улс нь авлигатай тэмцэх асуудлыг ил тод бус болгож буй хүчин зүйлсийг тодруулж, сайжруулах арга зэмийг дэвшүүлэх хэрэгтэй. Транспэренси Интернэшнл олон улсын төрийн бус байгууллагын гаргасан 2018 оны улс үндэстнүүдийн авлигын тайланд Монгол Улс нь Косово, Македони, Албани, Перу болон Колумб зэрэг орнуудын хамт дэлхийн нийт 180 орноос 93 дугаар байрт бичигдэх тааруу үзүүлэлт үзүүлсэн. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах талаарх хамгийн сүүлийн үеийн мэдэгдэлд “Монгол Улсын бизнесийн орчинг тогтворжуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх хэрэгцээ алдагдах эрсдэлийг бууруулахад тус дөхөм болох ил тод байдлыг хууль эрхзүйн орчинд хангалттай бүрдүүлж, мөрдүүлэхгүй байгаа нь авлигын өмнө ардчиллын институцийг заналхийлж буй хэрэг” гэсэн байна. Энэхүү аргыг хэрэглэх нь Монгол Улсын хувьд Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн шаардлагуудыг хангахад чухал нөлөөтэй.
АНУ нь Мянганы сорилтын сангийн хоёрдугаар шатны хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд шүүгч, прокуроруудын дунд сургалт явуулах замаар нийгмийн шинэчлэлийн үйл явцад туслалцаа үзүүлэхийг оролдож байна. Мөн нийт 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, хангамжийг сайжруулах замаар эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл хэрэгжиж  байна. Цаашдаа үүнээс ч илүү ихийг хийх боломжтой. Жишээ нь Олон улсын худалдан авах ажиллагааны санаачилгаар дамжуулан АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг нь Монгол Улсад худалдан авалтын шилдэг туршлагыг бий болгох, бүс нутгийн хэмжээний дэд бүтцийн хөгжилтэй холбоотой өрийн хавх, авлигаас зайлсхийхээхэд тусалж чадна. Үүний дээр өнгөрөгч есдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Build Act” нэртэй дэд бүтцийг төслүүдэд хөрөнгө оруулалтын хэд хэдэн эх үүсвэр, техникийн туслалцаа үзүүлэх тухай хууль баталсан. Үүнийг Монгол Улс судалж, ашиглах боломжтой.  
Сонирхолтой нь, АНУ-ын Конгресс Монгол Улстай хамтран эдийн засгийн бондыг өргөжүүлэх ажилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Конгрессын гишүүн Тед Иохо өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Монголоос импортлох зарим бүтээгдэхүүн, тэр дундаа ноолууран эдлэлийг татвараас чөлөөлөх тухай Монголын гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг дээд танхимд дахин танилцуулсан юм. Монгол Улс нь дэлхийн зах зээл дээрх түүхий ноолуурын хэрэгцээний гуравны нэгээс илүү хувийг дангаар хангадаг. Эдний дийлэнх хувь нь БНХАУ руу экспортлогддог. Харин АНУ нь ноолууран бүтээгдэхүүнийхээ бараг бүх хувийг БНХАУ-аас худалдан авдаг. Энэхүү хууль нь Монгол Улс болон АНУ-ын харилцан худалдааг нэмэгдүүлээд зогсохгүй, тус улсын эдийн засгийн хараат бус байдлыг бэхжүүлэхийг эрмэлзэж буй давхар ач холбогдолтой юм.
Мөн “AMCham”-ын гишүүд өнгөрөгч зургадугаар сард Вашингтонд айлчилж энэхүү хуулийг батлуулах асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа болон Конгрессын удирдлагуудтай уулзжээ. Сүүлийн хорь гаруй жилийн турш Монголд ажиллаж буй “AMCham”-ын зөвлөх Жэй Лолита энэхүү хуулийн ач холбогдлын талаар тайлбарлахдаа “Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль нь АНУ-ын хэрэглэгчид болон Монголын ард түмний хооронд шууд худалдааны харилцааг бий болгох бөгөөд одоогийн байдлаар одоогийн байдлаар 100000 гаруй хүнийг орлогоор хангах эх үүсвэр болох юм. Тэдний 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд, 80 гаруй хувь нь 35-аас доош насны хүмүүс байгаа” гэсэн юм. Эцэст нь Монгол Улсын ирээдүй, ардчиллыг бэхжүүлэх, байгалийн баялгийн хараалаас ангижрахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд АНУ-ын зүгээс тусалж, дэмжихэд ямагт бэлэн байх байр суурьтай болно.
Хуучин түүх, шинэ төрх  
Хэрвээ та туул голын урсгалыг даган Улаанбаатараар зугаалах аваас хотын захад байх Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүрч очих болно. Терминал дээр очмогц орчин үеийн ертөнцийн юм бүхэн урсан өнгөрөхийн хажуугаар XIII зууны үеийн Их хааны хөрөг зураг сүр жавхлантайгаар угтах аж. Инээдтэй нь Чингис хаан амьд ахуйдаа өөрийн хөрөг зургаа зуруулахыг огт зөвшөөрдөггүй нэгэн байсан гэдэг. Тиймээс түүний тэрхүү тайван амгалан, ялгуусан байдал нь ихэвчлэн уран сайхны дүр төрх юм. Нөгөөтээгүүр орчин үеийн дэлхий дахинд үзүүлэх Монголын нөлөө юм. Хэрэв буруугаар ойлгохгүй бол үнэндээ Монголын дэлхийд үзүүлэх нөлөө тийм ч өргөн цар хүрээг хамарч чаддаггүй.
Монгол Улсын ирээдүйтэй адил энэхүү өв нь бидний нүдэн дээр өөрчлөгдсөөр байна. Бараг 70 жилийн турш ЗХУ-ын дагуул мэт явсан улс ардчилалд энх тайвны замаар орж, чөлөөт зах зээлийг бий болгосон. Монгол Улс одоо бол дэлхийн түүхийн хуудаснаа цоо шинэ бүлэг бичиж байна. Энэхүү XXI зуунд улс үндэстнүүд хууль ёсыг дээдлэх, харилцан хүлээцтэй байх зарчмаар олон улсын худалдааг өрнүүлэх учиртай. Харин үүний гүүр нь улс орнуудын хооронд бий болсон дипломат харилцаа юм. Харин энэ асуудал дээр Монгол Улс нь АНУ-тай түншлэн шинэ дүр төрхтэй болж чадна.
Эх сурвалж: The Diplomat
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн