Засгийн газраас Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн бирж гэх мэт төрийн өмчийн 27 компанийг хувьчлах шийдвэр гаргасан. Хувьчлалыг хэрхэн явуулах талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осортой ярилцлаа.
-УИХ дахь АН-ын бүлгээс ашигтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг хувьчлах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тухайлбал, Хөрөнгийн биржийг хувьчлах шаардлагагүй гэж байна?
-Ашигтай байсан ч хувьчлах шаардлагатай. Өнгөрсөн дөрвөн жил төрийн өмчит компаниудын 70 гаруй хувийг ашиггүй ажиллуулсан. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд 70 гаруй хувийг ашигтай ажиллуулж чадсан. Нэг үгээр хэлбэл, төрийн өмчит компаниудын менежментүүдийг зөв хийвэл ашигтай ажиллаж болно. Удирдаж, зохион байгуулж байгаа хүмүүсээс ашигтай ажиллах үгүй нь шалтгаалж байгаа учраас тодорхой хэсгийг нь хувьчлаад иргэд олон нийтийн оролцоог бий болгох чиглэлээр хувьчилъя гэсэн санал оруулж байгаа. Засгийн газраас 10 гаруй эрчим хүчний компанийг хувьчлах шаардлагагүй гэж үзсэн. 2015-2016 оны өмч хувьчлалын хөтөлбөрт төрийн өмчийн эрчим хүчний компаниудын 30 хүртэлх хувийг хувьчилна гэсэн УИХ, Засгийн газрын тогтоол байсан учраас манай зүгээс эрчим хүчний компаниудыг хувьчлах санал оруулсан. Харин Засгийн газар эрчим хүчний компаниудыг хувьчлах цаг болоогүй гэж үзсэн. Улаанбаатар хот, аймгуудад ч монополь компаниуд бий. Тиймээс монополь компаниудыг хувьчлах нь сөрөг үр дагавартай гэж үзээд эрчим хүчний 10 компанийг хувьчлах асуудлыг хойшлуулсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргах учраас хойшлуулах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Төрийн банк, Хөрөнгийн бирж хоёр ашигтай ажиллаж байхад хувьчлах шаардлагатай юу гэж асууж байна. Өнгөрсөн жилүүдэд ашиггүй ажиллаж байсан компаниудыг ашигтай ажиллуулаад үнэ цэнийг нь өсгөснийх нь дараа хувьчлах санал оруулж байгаа юм. Үнэ цэнэгүй үед нь хувьчилж болдоггүй. Гэхдээ 100 хувь бус 49 хүртэлх хувийг хувьчлах санал оруулсан.
-Эдгээр компанийг хэдээр хувьчилж, хэдий хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцож байгаа вэ?
-Төсөвт орлого төвлөрүүлэх гэж хувьчлаагүй. Өмнөх хувьчлалууд төсөвт орлого бүрдүүлэх зориулалттай байсан бол энэ удаагийн хувьчлал компанийн засаглалын тогтолцоог сайжруулах, иргэд том компаниудын хувьцааг худалдаж авах боломжийг бий болгох зорилготой. Хуульд хувьчлах компаниудын үнэлгээг заана гэсэн. Гэтэл хувьчлах компаниудаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар хөндлөнгийн үнэлгээний байгууллагууд үнэлдэг. Ингэхдээ хөрөнгө, бизнес, жишиг компаниуд ямар үнэтэй байна гэсэн гурван чиглэлээр үнэлдэг. Ингээд тухайн хувьчлах компанийн үнийг тогтоодог. Тухайн тогтоосон үнийг зөв, бурууг хөндлөнгийн аудитын байгууллага хянадаг. Аудитын байгууллага зөв үнэлсэн гэж үзвэл нийт хөрөнгө нь хэдэн ширхэг хувьцаа болох, хөрөнгийн бирж дээр нэг ширхэг хувьцаа нь хэдэн төгрөгөөр худалдах вэ гэдэг нь гарна. Тэгээд хувьцааны арилжаа Хөрөнгийн бирж дээр иргэдэд нээлттэй явагдана. Тиймээс энд хардах зүйл байхгүй. Монгол Улс түүхэндээ 20-иод банк хувьчилсан. Гэхдээ анх удаа Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьчлах санал оруулсан. Өмнө нь банкуудыг дуудлага худалдаагаар хэсэг бүлэг хүмүүс л авдаг байсан. Хөрөнгийн бирж ашигтай ажиллаж байна, хувьчлах ёсгүй гэж байна. Засгийн газар дээр ч ийм асуудал гарсан. Хөрөнгийн биржийн хувьчлал дээр мэргэжлийн хүмүүс Сангийн яам, Монголбанкны хүмүүсийг үгийг сайн сонсох хэрэгтэй. Хөрөнгийн биржийг цаг тухайд нь хувьчлахгүй бол түүх болж үлдэнэ. Тухайлбал, Цахилгаан холбоо компани 1990-ээд онд үнэтэй байсан. Тэр үед нь хувьчилж чадаагүйгээс болоод суурин утасны хэрэглээ унасан. Дагаад компанийн үнэ цэнэ унасан. Үүнтэй ижил Хөрөнгийн биржийн үнэ цэнэ ч гэсэн хэсэг хугацааны дараа унах магадлалтай гэдгийг Сангийн яамнаас тайлбарласан. Ирэх долоо хоногийн АН-ын бүлгийн хурал дээр Сангийн сайд, Монголбанкны төлөөллийг оролцуулж, мэргэжлийн хүмүүсийн тайлбарыг өгнө.
-20 АЗЗА-г хувьчлах саналыг оруулж ирсэн. Дуудлага худалдаагаар хувьчлах юм билээ. Эхлэх нь үнэн нь хэд гэж тооцсон бэ?
-Монгол Улсад авто зам ашиглалтын үйлчилгээ эрхлэж байгаа 495 тусгай зөвшөөрөлтэй компани бий. Үүнээс 80-90 нь л өдөр тутам идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улсын мэдэлд 28 АЗЗА компани байсныг наймаг нь хувьчилчихсан. 2006 онд Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар АЗЗА компаниудын техник технологийг шинэчилснээс хойш дахин шинэчлэл хийж чадахгүй байгаа. Тиймээс технологийн хуучралтай, цөөхөн ажилтантай, төрийн захиалгат үйлчилгээ хийдэг, өртэй учраас хувьчлах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийдөө АЗЗА-гууд маш хүнд байгаа учраас хувийн салбарт шилжүүлье гэж үзсэн. Ингэхдээ авто зам ашиглалтын компани хувьчилж авсан газрууд хариуцаж авсан замаа хэдэн жилдээ өөрчлөхгүй, засах хариуцлагыг хүлээлгээд хувьчлах юм. Төрийн банк, Хөрөнгийн бирж, ХАА бирж, Монгол шуудан, Мэдээлэл холбооны сүлжээ компани, Арилжаа төлбөр тооцооны төвүүдийг хувьчлахдаа Хөрөнгийн биржээр нээлттэй хувьчилж, 20 АЗЗА-г дуудлага худалдаагаар хувьчилна.
-Хувьчлал хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Заавал энэ жил ч юм уу ирэх жил хувьчлахгүй. 2020-2025 он хувьчлал явагдана. Шатлалаа тухайн үед нь хэлэлцээд явна.
-МАН-ын бүлгийн хурал дээр өмч хувьчлалаар 200 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэсэн ерөнхий тоо гарсан гэсэн. Хувьчлал хийхэд тодорхой хэмжээний зардал гарна. Нэг үгээр хэлбэл, зардал нь орлогоосоо илүү байх юм бишүү?
-Засгийн газар томоохон компаниудынхаа хэдэн хувийг хувьчилна гэсэн хувийг гаргасан. Тодруулбал. Төрийн банк 100, Хөрөнгийн бирж 100, Арилжаа төлбөр тооцоо 100 хувь хувьчилна. Ихэнх нь 49 хувийг хувьчлахаар байгаа. МИАТ, ХАА-н бирж, Мэдээлэл холбоо сүлжээ Монгол шуудангийн 49 хувийг хувьчилна. Хувьчлалын зардал буюу үнэлгийнээ зардал нь 700 орчим сая төгрөг л байгаа. Хөндлөнгийн компаниар үнэлгээг нь хийлгэнэ. Хувьчлалаас олох орлогоос давахгүй. 200 тэрбум төгрөгийн орлого оруулна гэдэг бол хууль тогтоомжийн хүрээнд урьдчилсан үнэлгээ юм. Яг хувьчлахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар тусгай үнэлгээг мэргэжлийн байгууллагууд хийдэг учраас жинхэнэ үнэлгээ нь гарна. Тэгэхээр энэ үнэ хамаагүй өснө. Миний бодлогоор хувьчлалын орлого маш их орно. Гэхдээ орлогыг бид төсөвт шахах гэж яаруулаагүй учраас хоёр групптэй. Нэг хэсэг нь компанидаа, нэг хэсэг нь төсөвт орно.