Open iToim app
Эксперт | 5 мин уншина

Б.Энхбаяр: Улс төрийн намууд дэргэдээ ТББ-тай байхыг хориглоно

Б.Энхбаяр: Улс төрийн намууд дэргэдээ ТББ-тай байхыг хориглоно
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 25
Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Уг хуулийн төслөөр өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. 1997 онд ард түмний эвлэлдэн нэгдэх эрх, төрөөс хараат бус үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Төрийн бус байгууллагын тухай хуулийг баталж байсан. Гэхдээ өнөөдөр ТББ нь улс төр, аж ахуйн нэгж, шашинтайгаа холилдон уусч,  үндсэн үүрэг нь алдагдаж байна гэдгийг хууль боловсруулагчид хэлсэн. Түүнчлэн, ямар нэгэн эрх зүйн орчингүйгээр холбоо, ТББ олноор байгуулах тохиолдлыг цэгцлэх үүднээс хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн байна. 
Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөлд зарчмын ямар өөрчлөлт орж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраас тодрууллаа.
-Монгол Улсын хэмжээнд 20 мянга орчим ТББ байгууллага бүртгэлтэй байгаагаас талаас бага хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж Та илтгэлдээ дурдлаа. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа дотор иргэд эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалсан,  төрөөс хараат бус үйл ажиллагаа явуулж байгаа нь яг хэд байна вэ?
-Хүчтэй иргэний нийгэмтэй байхын төлөө 1992 онд Үндсэн хуульдаа иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулсан. 1997 онд Төрийн бус байгууллагын тухай хуулийг гаргаж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангаж, хүчтэй иргэний нийгмийг төлөвшүүлэхийн төлөө энэ хуулийг баталж байсан.  Өнөөдөр 21 жилийн дараа хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийж байна. Эргээд харсан чинь төрөөс хараат бус, бие даасан байх ёстой иргэний нийгэм нь бие биедээ уусчихсан байна. Төр нь, ААН нь, шашин нь төрийн бус байгууллагатайгаа уусчихсан байна. Өөрөөр хэлбэл, шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болсон. Аль нь жинхэнэ цэвэр, "ориг" ТББ юм бэ, аль нь халхавч ТББ вэ гэдэг нь мэдэгдэхээ больсон байна. Ийм нөхцөлд төрөөс "ориг" ТББ-уудаа дэмжих гэхээр асуудал үүсч байна. Тухайлбал, ТББ-ын үүсгэн байгуулагчдын мэдээлэл өнөөдрийг хүртэл хаалттай явж ирсэн. УИХ-ын хаврын чуулганаар  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийг баталсан. Энэ хуульд оруулсан нэг өөрчлөлт нь бүх хуулийн этгээд, тэр дотроо бүх ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын мэдээллийг ил болгоно. Энэ хуулийн өөрчлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс буюу ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ. ТББ-ын цаана ямар хуулийн этгээд байгаа нь ил болно гэсэн үг. Энэ нь нэг том алхам болно. 
-Ардаа ТББ-гүй улс төрийн нам, улстөрч гэж байхгүй боллоо гэж ярьдаг. Тэгвэл шинэ хуулиар улс төр, шашин, компаниудтайгаа холилдсон ТББ-уудыг хэрхэн ялгаж, ямар хяналт тавьж ажиллахаар зохицуулж байгаа юм бэ?
-Өнөөдөр ТББ-гүй улстөрч байхгүй болсон байна гэдэг үнэн. УИХ-ын гишүүд “Нийт улсын төлөө, нийт иргэний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн барина” гэж Монгол Улсын Үндсэн хууль дээр гараа тавиад тангараг өргөдөг. Гэтэл тэдгээр албан тушаалтнууд аль нэг салбар, мэргэжлийн холбоо, ТББ-ын дарга гээд тухайн салбарын эрх ашгийг ярьж байгаа нь Үндсэн хуульд заасан тангараг, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй байна. Тиймээс үүнийг нь салгахаар төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, ТББ-ыг улс төрөөс, шашнаас, компаниудаас нь салгаж, жинхэнэ ТББ-уудыг ялгаж, түүнийгээ төрөөс дэмжиж ажиллана.
Өнөөдөр бүртгэлтэй байгаа 20 мянган ТББ-д төрөөс үзүүлж байгаа санхүүжилтийн байдлыг харахад ердөө хоёрхон хувийг л эзэлж байна. Төрөөс хоёр хувийн дэмжлэг үзүүлчихээд ТББ-ыг хүчтэй, хараат бус байх тухай яаж шаардах вэ, ТББ-ууд яаж хөгжих вэ. Нөгөө талд 2011 оны хийсэн судалгаагаар нийт ТББ-ын 67.7 хувь гаднаас санхүүжилтэй  байна. Өнөөдөр энэ тоо 70-80 болж өссөн байна. Тэгэхээр өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ нь Монгол Улсын иргэний нийгмийн байгууллага уу, гадаад улсын ТББ-ын салбар төлөөлөгчийн газар уу гэж харахад хүргэж байна. Тиймээс энэ бүх асуудалд цогцоор нь үнэлэлт, дүгнэлт өгч, ТББ-ын санхүүжилт хүний нөөц, үйл ажиллагааны тайлан, дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шийдэх заалтууд орж байгаа. Мэргэжлийн холбоодыг ч бэхжүүлэх шаардлага бий. Сүүлийн үед яам, агентлаг, газрууд өөрөө өөрийхийнхөө байгуулсан ТББ-тай гэрээ хийж, санхүүжүүлдэг асуудал маш их илэрч байна. Энэ бол нэг талаараа авлига шүү дээ. ТББ гэдэг тамгатай цаас л байдаг. Тэгсэн мөртлөө том, том үнийн дүнтэй гэрээ хийж, данс руу мөнгө хийдэг. Үүний цаана жинхэнэ үнэнчээрээ, бүх нөөцөөрөө ажилладаг ТББ-ууд дампуураад дуусч байна. Эдгээр цэгцэлж байж л хүчтэй иргэний нийгмийн байгууллагатай байхын тулд төрдөө маш сайн хяналт тавьж, төртэй маш сайн хамтрагч байх эцсийн үр дүндээ хүрнэ.
-Хүчтэй иргэний нийгмийн байгууллагыг төрөөс дэмжинэ гээд байна. Гэхдээ төрөөс иргэний нийгмийг байгууллагыг дэмжээд ирэхээр дахиад л улс төрийн нөлөөнд автах эрсдэлтэй биш үү.  Яг ямар байдлаар дэмжих юм бэ?
-Төрөөс иргэний нийгмийн байгууллагыг дэмжих хэд хэдэн хөшүүрэг байна. Нэгд, иргэний нийгмийн байгууллагууд нийтэд тустай үйл ажиллагаа явуулах үеэр сайн дурын хүмүүсийг татан оролцуулж, төрийн болон бизнесийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс нийтэд тустай үйл ажиллагаанд татан оролцохдоо хандив өгье гэхэд нь дундаас татвар авдаг. Татвар аваад байхаар чинь хэн хандив өгөх юм бэ. Хандивгүй болоод ирэхээрээ ТББ-ууд бүгд гаднаас санхүүжилт аваад байна. Нөгөө талд төр ямар ч дэмжлэг өгөхгүй. Тэгэхээр нийтэд тустай үйл ажиллагаа буюу Буянт үйл ажиллагааг явуулахад хандив өгч байвал татвар авахгүй. Сайн дураар хүмүүс ажилд оролцож байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлд нь хөнгөлөлт үзүүлнэ. 
-Тэгэхээр хэнд, ямар ТББ-д татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх вэ гэдгийг төр өөрөө шийдэх юм уу?
-Иргэний нийгмийн бодлого хариуцсан, бодлогыг нь зангидсан бүтэц огт байхгүй. Тэгэхээр төр, иргэний нийгмийн хамтын түншлэлийн бүтэц гаргаж ирнэ. Иргэний нийгмийн тодорхой үйл ажиллагаанд хяналт тавьж, төрөөс үзүүлж байгаа дэмжлэгийг хэнд олгох вэ гэдгийг олон нийтийн хяналтад нээлттэй шийддэг бүтэц ажиллана. Үүнийг зөвлөл гэж яриад байгаа юм. Төр дангаараа татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг шийдээд эхэлбэл, үүний цаана дахиад авлига гараад эхэлнэ. Тиймээс иргэний нийгмийн өөрийнх нь оролцоотой, олон нийтийн хяналт дор асуудлыг шийднэ.
-Ер нь ТББ-ууд улс төрөөс хараат бус ажиллах чиглэлд ямар өөрчлөлт, хяналт тавих вэ?
-Улс төрийн сонгууль дөхөхөөр зарим ТББ-ын үйл ажиллагаа идэвхжиж, бүх улс төрийн намуудтай гэрээ хийгээд явдаг. Өөрөөр хэлбэл, ТББ-ууд улс төрийн үйл ажиллагаанд шууд татан оролцдог. Улс төрийн намын дэргэд хүртэл ТББ-ууд олон байна. Сүүлийн үед улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох талаар их ярьж байна.  Засаглалын хямралын үндсэн шалтгаан, төрийн албыг арилжиж байгаа гол зүйл нь улс төрийн намын санхүүжилт ил тод биш байгаатай холбоотой гэж ярьдаг. Тэгвэл ТББ-ын санхүүжилтийг ч ил болгох ёстой. Намын санхүүжилтийг ил болголоо гэхэд намын дэргэдэх улс төрийн ТББ-уудын санхүүжилт хаалттай байвал өнөөгийн байдал хэвээрээ л байна. Улс төрийн намын санхүүжилтийг ил болгосон ч эргээд намууд дэргэдэх ТББ-аараа дэмжлэг аваад байна шүү дээ. Тиймээс энэ асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Бидний зүгээс Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хуульд улс төрийн нам дэргэдээ клубийн зарчмаар ажилла. Харин ТББ нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулах учраас улс төрөөс, шашнаас, ААН-ээс ангид, тусдаа байя гэж зааглаж байгаа. Бие биедээ оролцдог халхавч байдлаар үйл ажиллагаа явуулдгийг бүрэн хориглоё гэж тусгасан. Улс төрийн үйл ажиллагаа явуулах бол Улс төрийн намын тухай хуулийн эрх зүйн хүрээнд ажилла гэсэн зарчим юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн