МАН-ын дараагийн генсек хэн болох нь улс төрийн хүрээний халуун сэдэв болоод буй. МАН-ын "том" дарга нар Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоон дээр санал зөрөлдөж, өдөр бүр шахуу уулзалт хийж байгаа ч нэгдсэн шийдвэр гаргаж чадахгүй байгаа сурагтай. Улс төрд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байдаггүй гэдэг. Шуудхан хэлэхэд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын эрх ашиг намын генсекийн томилгоон дээр огтлолцож байгаа.
Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нам доторх өөрийн эрх мэдлээ алдахгүй, залууст бүх эрх мэдлээ өгөхгүйн тулд ЕТГ-ын даргаар ажиллаж байгаа Я.Содбаатарыг генсек болгоно гэж зүтгүүлж байгаа ч нам дотроо санал нэгдэж, эцсийн шийдвэр гаргаагүй байгаа. У.Хүрэлсүхийг намын дарга байхад нь, сүүлд Ерөнхийлөгчийн сонгуульд ч гол пиарыг нь Д.Амарбаясгалан зангидсан гэдэг. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх генсект Д.Амарбаясгаланг үргэлжлүүлэн дэмжих бодолгүй байгаа гэнэ. Я.Содбаатарыг сойх ажил хэдийнэ эхэлсэн, хэвлэлээр ч бичүүлээд эхэлсэн харагдана.
Харин Д.Амарбаясгалан генсек өөрийн байр сууриа хадгалж, генсекийн ажлаа өгөхгүй, ЗГХЭГ-ын даргатай хавсран хийх байр суурьтай байгаа бололтой. Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар томилогдож ирэхдээ л генсекээ давхар хийнэ гэсэн тохироо хийсэн боловч Ерөнхийлөгч тохирооноосоо буцаж, өөрийн хүнээ томилуулахаар зүтгүүлж эхэлсэн гэх. УИХ-ын дарга Г.Занданшатарын фракц "дараагийн генсекийг тодруулах болбол хэнийг нэр дэвшүүлэх үү" гэсэн хувилбартай суугаа.
МАН-ын дүрмэнд "Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно" гэж заасан. Харин Бага хурлаараа дүрмэндээ өөрчлөлт оруулах замаар генсек улс төрийн ажил давхар хийх боломж бүрдүүлнэ гэж улс төрийн хүрээнд ярьж байв. Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар намын дүрмэнд өөрчлөлт оруулах босготой.
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга намын хоёр дахь том даргаас гадна намыхаа “гал тогоо”-г хариуцан ажилладаг. Үүнээс гадна шат шатны сонгуульд хэнийг, хаана нэр дэвшүүлэх вэ гэдгийг намын дарга, генсек хоёр шийддэг гэж хэлж болно. Мөн намын үндсэн дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлийн ажлын албыг толгойлж, өдөр тутмын ажлыг нь удирдах, намын санхүү, аж ахуйг хариуцахаас гадна намын дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй үед дараагийн дарга томилогдох хүртэл намаа удирдах эрхтэй албан тушаалтан. Энэ ч утгаараа Ерөнхийлөгч нам доторх эрх мэдлээ алдахгүйн тулд өөрийн хүнээ генсекээр томилуулах хүсэлтэй байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар нам доторх эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд генсекийн албан тушаалаа өгөхгүй байх байр суурьтай байгаа. МАН хэзээнээсээ АН-ынхан шиг ил “зодолддоггүй”. Тэдний зодоон хөшигний ард өрнөж, тайзан дээр мөнхийн эв нэгдэлтэй мэт харагддаг. Гэхдээ хөшигний цаана МАН-ын бүлэглэл, үе хоорондын зодоон эхэлсэн бололтой.