Open iToim app
Тэд бидний тухай | 4 мин уншина

Америкууд Монголын бизнесийн орчныг үнэлж, хөрөнгө оруулагчдад анхааруулга өглөө

Америкууд Монголын бизнесийн орчныг үнэлж, хөрөнгө оруулагчдад анхааруулга өглөө
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 18
АНУ-ын Элчин сайдын яам энэ долоо хоногт “Монголын хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг танилцуулсан байна. Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчинд дүн шинжилгээ хийсэн энэхүү судалгааны тайланд бидний хувьд засаж залруулах ёстой хэд хэдэн чухал дүгнэлтүүд тусгагджээ. Судалгааны тайлантай бүрэн эхээр танилцах.
Манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой АНУ-ын хөрөнгө оруулагчдын хувьд Элчин сайдын яамнаас эрхлэн гарсан энэхүү тайлан нь гарын авлага болох юм. Тиймээс судалгааны тайланд тусгагдсан анхааралдаа авахад буруудахгүй онцлох дүгнэлтүүдийг эмхэтгэн хүргэж байна.
Монголын зах зээлд нэвтрэхэд хөрөнгө оруулагчдад саад бага тулгардаг ч өндөр эрсдэлтэйн дээр хөрөнгө оруулалтын салбарууд хязгаарлагдмал байна
Монгол Улсын анхдагч зах зээл болон ашигт малтмалын асар их нөөц нь хөрөнгө оруулагчдын хувьд боломжит ашиг орлогыг харуулдаг боловч макро-эдийн засгийн орчны хувьд хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй. Тус улсын эдийн засгийн загвар нь ашигт малтмалаа экспортлох, бусад ихэнх бараа бүтээгдэхүүнийг импортлох бүтэцтэй тул Засгийн газрын зүгээс Монголын зах зээлд нэвтрэх сонирхолтой хөрөнгө оруулагчдад цөөн тооны босго тавьдаг  ч хөрөнгө оруулалтын салбарууд хязгаарлагдмал байна.
Монголд нэвтэрсэн франчайз бизнесүүд хүлээлтээс давсан ч уул уурхайд хөрөнгө оруулах нь өндөр эрсдэлтэй
Монголын зах зээлд нэвтэрсэн фитнесс, түргэн хоолны сүлжээ болон конвиниенс дэлгүүрүүд гэх мэт франчайзын бизнесүүд хүлээлтээс давсан. Тиймээс үйлчилгээний салбарт чиглэсэн, олон улсад амжилттай хэрэгжсэн бусад бизнесийн загваруудыг Монголд оруулж ирэхийг хөрөнгө оруулагчдад зөвлөж байна. Цар тахлын нөлөө ДНБ-ий 39 хувийг эзэлдэг Монгол Улсын үйлчилгээний салбарт ихээхэн хохирол учруулсан. Гэхдээ  энэ оны хоёрдугаар хагаст эдийн засагт “V” хэлбэртэй сэргэлт гарна гэж үзвэл 2020 онд тус улсын ДНБ-ий хэмжээ нэг хувиар буурна гэх таамаглалыг эдийн засагчид дэвшүүлсэн.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад эрсдэлтэй
Хэдийгээр үйлчилгээний салбарт бууралт ажиглагдаж байгаа ч цар тахлын үед Монгол Улсын уул уурхай болон хөдөө аж ахуйн салбар харьцангуй тэсвэртэй байсан. Энэ нь Монгол Улс өргөн цар хүрээтэй эдийн засгийн хувьд коронавирусийн хямралыг бусад ижил төвшний орнуудаас арай бага хохирлоор туулна гэсэн үг юм. Монголын ноолуур болон хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахад хүчтэй итгэл төрүүлж буй. Гэхдээ уул уурхай зэрэг Монголын эдийн засаг, улс төрийн эмзэг салбаруудад хөрөнгө оруулах нь эрсдэл дагуулдаг.
Монгол Улсад ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилтгүй хэрэгжсэн
Монгол Улсын өр энэ онд ДНБ-ий 77 хувьтай тэнцэх төлөвтэй байна. Тус улс 2021 оноос эхлэн гадаадын арилжааны зээлдүүлэгчдэд төлөх дараалсан өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс 2017-2020 оны хооронд гурван жилийн хугацаатай ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан үр дүн авчирсан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Гэсэн ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул энэхүү хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон. Монголын банкны салбарт хийх шинэчлэлийн ажлууд хэрэгжиж чадаагүй.
Монгол Улсын хууль, эрх зүй орчинд хөрөнгө оруулагчдыг хамгаалах тодорхой шинж тэмдгүүд бий болсон ч шүүхийн хараат бус байдалтай холбоотой эргэлзээтэй байдал шинээр бий болсон
Монгол Улсын хууль, эрх зүйн  тогтолцоонд хөрөнгө оруулагчдыг хамгаалах шинж тэмдгүүд илэрч байгаа ч 2019 онд тус улсын парламентаас баталсан шүүгч, прокурор болон АТГ-ын удирдах албан тушаалтнуудыг чөлөөлөх, халах асуудлыг хөнгөвчилсөн хуулийн шинэчлэл нь шүүхийн хараат бус байдалтай холбоотой асуултуудыг бий болгосон. Монголд үйл ажиллагаа эрхэлдэг хөрөнгө оруулагчид бизнесийн маргаантай асуудлууд шүүхээр шийдвэрлэгдэхдээ цаг хугацаа их алддагаас гадна шүүхийн шийдвэрийн хэрэгжилт ч удаан байдгийг онцолдог. Татварын алба зэрэг тус улсын төрийн хяналтын байгууллагууд өмнө нь улс төрийн эмзэг шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан нь шүүхийн үйл явцыг удаашруулдаг гэх мэдээлэл бий.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын нийт 13 арилжааны банк тэр дундаа Хаан, Худалдаа хөгжил, Голомт болон Хас гэсэн дөрвөн томоохон системийн ач холбогдолтой банкуудын дийлэнхи хувийг Монгол болон гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг.  2020 оны гуравдугаар сарын байдлаар нийт банкны салбарын хувьцааны 80 хувийг буюу 10.1 тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол болон гадаадын хөрөнгө оруулагчид хамтран эзэмшиж байна. Монголын арилжааны банкууд дээрхи чанаргүй зээлийн хэмжээ 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар дунджаар 9.9 хувь байсан нь өмнөх оны мөн үед 10.4 хувь байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.
Хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулахдаа Монголын хамгийн найдвартай банкуудыг ч сайтар шалгаж үзэх хэрэгтэй
Монгол Улсын Засгийн газар цар тахлын улмаас эдийн засагт учирсан хүндрэлийг бууруулах үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгчдийн зээлийн болон ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр гаргасан явдал нь тус улсын банкны салбарт шинэ эрсдэлийг бий болгож болзошгүй юм. ОУВС 2020 оны тавдугаар сард харьцангуй том банкны системтэй холбоотой шинэчлэлд Монгол Улс анхаарлаа хандуулж чадаагүй тул “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” бүтэлгүйтсэн талаар мэдээлсэн. Монгол Улсын банкны системд хөрөнгө оруулалт доройтсон хэвээр байгаа бол арилжааны банкны үйл ажиллагаа, зохицуулалтын хяналт нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад хангалтгүй хэвээр байна. Монгол Улсад хөрвөх чадваргүй банкууд цөөнгүй байна. Тиймээс хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахдаа зарим тохиолдолд өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа үнэн зөв гэсэн ойлголтыг бий болгосон банкуудыг хүртэл болгоомжтой шалгаж үзэх шаардлагатай.
Монгол Улс 2019 онд мөнгө угаахтай тэмцэх асуудлаар Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг “FATF”-ийн саарал жагсаалтад орсон. Энэ нь гаднын банкуудтай гүйлгээ хийж, тэдний үйлчилгээнд хамрагдахад төвөгтэй болсон нь өртөг, цаг хугацааг нэмэгдүүлсэн. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар “FATF”-ийн зүгээс тавьсан асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц дэвшил гаргаад байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн