Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн эхэнд Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хувийн болон төрийн өмчит тэргүүлэх компаниудын төлөөллүүд оролцсон “Хариуцлагатай уул уурхай гэж юу вэ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсад уул уурхайн бизнес эрхэлж буй томоохон компаниуд үйл ажиллагаандаа хариуцлагатай байдлыг хэрхэн ханган ажиллаж байна вэ, цаашид дэлхийн чиг хандлагад нийцүүлэн хэрхэн зөв чиглэлд өргөжүүлэх, алдаа дутагдлаа тодорхойлох болон тулгамдаж буй саад бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах талаар нээлттэй үзэл бодлоо илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд салбарын мэргэжилтнүүд нэн тэргүүнд, “хариуцлагатай уул уурхай гэж чухам юу вэ” гэдгийг олон нийтэд зөв ойлгуулж, таниулах шаардлагатай байгааг онцолсон юм. Хариуцлагатай уул уурхай гэдэг нь байгаль орчин, нийгэм, эдийн засаг, улс төр, компанийн нээлттэй, ил тод засаглалыг хамарсан маш өргөн хүрээний сэдэв юм. Тиймээс ямар компанийг хариуцлагатай уул уурхай эрхлэгч гэх вэ гэдэг агуулга хамгийн эхэнд хөндөгдөж, хэлэлцүүлэгт оролцогч салбарын мэргэжилтнүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Иргэдийн хувьд хариуцлагатай уул уурхайг өөр, өөр ойлгодог“Эрдэнэс Монгол” компанийн дотоод хяналт, мониторингийн албаны дарга Мэндбаяр хэлэхдээ “Тухайн компани хариуцлагатай уул уурхай эрхэлж буй эсэхийг иргэдийн харах өнцгөөр дүгнэж болох талтай. Тиймээс иргэд хариуцлагатай уул уурхайгаас юуг хүсээд байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Нэгд, манай иргэд уул уурхайгаас ажлын байр хүсдэг. Өөрөөр хэлбэл тухайн олборлолт эрхэлж буй орон нутгаасаа хангалттай ажиллах хүч авч ажиллуулж байна уу гэдгийг асуудаг. Хоёрт, дотоодын ханган нийлүүлэгч, худалдан авагчдыг хэр дэмжиж байна вэ гэдэг. Үүний цаана Монголын өнөөгийн эдийн засгийн байдал, үйлдвэрлэлийн хүчин чадал, нэн ялангуяа орон нутгийн хувьд том, том уул уурхайн төслүүдэд ханган нийлүүлэлт хийх шаардлагыг тэр бүр хангаж чаддаггүй тал байдаг. Тиймээс уул уурхайн төсөл эрхлэгчид энэ чиглэлд тухайн орон нутгийн эдийн засгийг хэр бодитой дэмжиж чадах вэ гэдэг асуудалд өөр өөрийн гэсэн нийгмийн хариуцлагын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Жишээ нь, ийм төрлийн хөтөлбөртэй “Оюу толгой”, “Энержи Ресурс” зэрэг хэд хэдэн компани байна. Нийгмийн хариуцлагын хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлдэггүй компаниуд ч байгаа. Энэ бүхэнд иргэд үнэлэлт, дүгнэлт өгч, хариуцлага нэхнэ. Энэ бол иргэдийн хувьд хариуцлагатай уул уурхайг харах өнцөг.
Харин компаниудын хувьд хариуцлагатай уул уурхай гэж юу вэ. Энэ бол тухайн уул уурхайн компанийн үйл ажиллагаа, олборлолтоос үүдэн гарах аливаа сөрөг нөлөөллийг арилгахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг хэлдэг. Уул уурхайн үйл ажиллагаанаас гарах сөрөг нөлөөлөл гэдэгт байгаль орчин, нийгэм, эдийн засаг гээд маш олон зүйл багтана. Тиймээс компаниуд үйл ажиллагааны бодлогодоо хариуцлагатай уурхайг оруулж, эрсдэл, нөлөөллөөр нь ангилж, удирдаад явахгүй бол болдоггүй. Жишээ нь “Эрдэнэс Монгол”-ын хувьд охин компаниуддаа засаглал, хүний эрх-хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, олон нийтийн оролцоо буюу орон нутгийн эдийн засгийн чадавхад хэрхэн эерэг нөлөө үзүүлж буй зэргээр дүгнээд явдаг. Хэрэв аль нэг уурхай дээр муу үнэлгээтэй байвал түүнийгээ ирэх жилийнхээ үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаад засаж сайжруулах чиглэлд ажилладаг. Тэгэхээр хариуцлагатай уул уурхай гэдэг зүйл бол системтэйгээр хэрэгжүүлдэг зүйл” гэсэн юм.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар хууль эрх зүйн орчин сул байна
Монголын нийгэмд хариуцлагатай уул уурхай гэдэг бол тухайн олборлолт хийж буй аймаг, сумынхаа наадамд хандив өгдөг, ахмадуудыг цуглуулаад эрүүл мэндийн үзлэг хийдэг, үйл ажиллагаагаа сурталчилж урлагийн тоглолт хийдэг, олборлолт хийсэн газартаа хэдэн мод тарьдаг төдий зүйл мэт ойлголттой байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагва дүгнэсэн юм. Тэрээр “Монгол Улсад уул уурхайн салбар үүсээд ердөө 100 жил болж байгаа. Орчин үеийн уул уурхайн хөгжил талаасаа аваад үзвэл ердөө 20 гаруй жилийн настай. Тиймээс хүндрэл бэрхшээл, алдаа дутагдлыг шат шатандаа их бага хэмжээгээр гаргаж, түүнээсээ суралцаж байна. Манай улсад хариуцлагатай уул уурхайн талаар ямар нэгэн хууль эрх зүйн юм уу, төрийн нарийн зохицуулалт байдаггүй. Тиймээс уул уурхайн компаниуд сайн дураараа үүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж эхэлсэн. Энэ нь хэдий сайн зүйл боловч харамсалтай нь сүүлийн жилүүдэд хэт туйлшрал буюу оновчтой бус ажиллагаа болж харагдах болсон. Тиймээс энэ байдлыг өөрчилж, дэлхийн чиг хандлагад нийцүүлэн сайжруулахын тулд өнгөрөгч зургаадугаар сард Монголын уул уурхайн ассоциацийн санаачилгаар “Оюу толгой”, “Эрдэнэт”, “Аспайр Майнинг”, “Багануур”, “Саусгоби Сэндс”, “Терра Энержи”, “Энержи Ресурс” тэргүүтэй уул уурхайн салбарт манлайлж буй найман компани нэгдэж, хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексыг байгуулсан. Эдгээр компаниуд нь Монголд хамгийн өндөр хариуцлагатай уул уурхайг эрхэлдэг. Тиймээс цаашид өөрсдийн сайн туршлага дээрээ үндэслэн өшөө олон компанийг үүнд татан оролцуулах эхлэх болно” гэсэн юм.
Монгол Улсын нийт эдийн засгийн 85 орчим хувь нь уул уурхайн салбараас хамаардаг. Энэ утгаараа манай улсыг уул уурхайн эдийн засагтай орон гэж тодорхойлж болох талтай. Тиймээс Монгол Улсын эдийн засагт эзлэх байр сууриас нь л дүгнэхэд уул уурхайн салбараас өндөр хариуцлага нэхэхээс өөр аргагүй.
Салбарын мэргэжилтнүүд Монгол Улсад уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлж буй төрийн өмчит, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай тэргүүлэх компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж сайн дураараа олон ажлуудыг хийсээр ирсэн. Статистик тоо баримтыг харвал, Монгол Улсын эдийн засагт оруулж буй уул уурхайн салбарын өгөөжийн дийлэнх хувийг “Оюу толгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэт”, МАК тэргүүтэй ердөө 20-хон том компани бий болгож байгаа аж. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд зарим нэг хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдээс болж нийт салбарын нэр хүнд, хариуцлагатай ажиллаж байгаа нэр хүнд унаж байгааг хэлэлцүүлгийн үеэр ярьсан.
Уул уурхайн компаниуд тухайн олборлолт хийж буй улс, орон нутгийн иргэдэд өөрсдийгөө зөвөөр ойлгуулж, харилцан итгэлцэл олж авч байж үйл ажиллагаа нь тогтворждог. Үүнийхээ хүрээнд нийгмийн хариуцлагын ажил хийх буюу нэг ёсондоо нийгэмд тал засдаг гэсэн ойлголт байдаг. Гэтэл хариуцлагатай уул уурхай нь үүнээс өөр, өргөн хүрээний асуудал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид тайлбарлаж байв.
Жишээ нь, Чили улс нь манайхтай адил уул уурхайн эдийн засагтай гэж хэлж болохуйц орон. Тус улсад дэлхийн хамгийн шилдэг 20 гаруй уул уурхайн компани үйл ажиллагаагаа чөлөөт өрсөлдөөний зарчмаар явуулдаг. Тус улсад хариуцлагатай уул уурхай эрхлэлтийн нэгэн сайн жишээ байдаг нь төрийн өмчит “Codelco” компани аж. Уг компани нь дэлхийн хамгийн томд тооцогдох зэсийн уурхайнуудын нэг болох “Chuquicamata”-г эзэмшдэг. Төрийн өмчит “Codelco” компани уул уурхайгаас хараат улсынхаа эдийн засгийг солонгоруулж, төрөлжүүлэх чиглэлд бодлого барин ажилладаг бөгөөд ингэхийн тулд ашгаа эдийн засгийн бусад салбаруудыг дэмжих чиглэлд зарцуулдаг гэв.
Хэлэлцүүлэгт оролцогчдын хэлснээр Монгол Улсын уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээний уулзалт, үнэлгээнүүдэд тодорхой ахицтай үр дүнтэй ажиллаж байгаа гэж сайшаагдах болжээ. Мэдээж энэ чиглэлийн хууль эрх зүйн зохицуулалтууд хийгдсэн болон цөөн хэдэн компанийн сайн үйл ажиллагаа үүнд нөлөөлжээ. Гэвч дэлхийд Монголын уул уурхайн бүх компаниудын хариуцлагатай үйл ажиллагааны дунджаар дүгнэгдэнэ. Тиймээс дэлхийн стандартыг ханган ажиллаж буй томоохон компаниудаас гадна хамгийн жижиг уул уурхайн компани ч хариуцлагатай уул уурхайг эрхэмлэж байх ёстойг анхааруулж байв. Ингэснээр нийгэмд уул уурхайн салбарын эерэг дүр илүү тодорч, гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэхийг сануулсан юм.
Түүнчлэн, хэлэлцүүлгийг үеэр хариуцлагатай уул уурхайд төр, хувийн хэвшлийн алиных нь оролцоо чухал гэдгийг тодотгосон. Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн төслүүдээс хариуцлагатай уул уурхайг хамгийн сайн хэрэгжүүлж буй компани нь Оюу толгой гэдэг дээр экспертүүд санал нэгдэж байв.
Оюу толгой дэлхийн уул уурхайн хамгийн шилдэг технологийг Монголд нутагшуулж байна
Энэ талаар “Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “Оюу толгой” компани бол та бүгдийн мэдэж байгаачлан Монгол Улсын Засгийн газар болон Канадын Туркойз Хилл Ресурс буюу Рио Тинтогийн охин компаниудын мэдэлд байдаг. Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниуд юм. Тиймээс эдгээр компаниудын хувьцааг авч буй хөрөнгө оруулагчид байгаль орчинд ээлтэй байх, энэ чиглэлд сүүлийн үеийн технологийг хэрхэн нэвтрүүлж байгаа, тухайн орныхоо хууль, дүрэм журмыг хэр чанд сахиж байна, ажилчдынхаа эрх ашиг, аюулгүй байдлыг яаж хангаж, хамгаалж байна зэрэгт хяналт, шаардлагуудыг тавьдаг. Би хувьдаа “Оюу толгой” компани энэ шаардлагыг сайн хангаж байгаа гэж харж байгаа. Өнөөдрийн байдлаар Оюу толгойн ил уурхайн үндсэн олборлох үйл ажиллагаа дээр 3000 орчим, гүний уурхайн бүтээн байгуулалт дээр 14.000 орчим хүн ажиллаж байна. Үүний буюу нийт Оюу толгойн ажилчдын 93 хувь нь монгол ажилчид байгаа. Энэ бол Монгол Улсын иргэдийг Оюу толгойн уурхай дээр ашиглаж буй орчин үеийн техник, ноу-хауд суралцуулж байгаа гэж хэлж болох нэг хэлбэр юм. Оюу толгойн уурхай нь гүний уурхайн блокчлон орлох технологийг Монголд нэвтрүүлж байгаа. Үүн дээр манай залуус ажилласнаар цаашдаа дэлхийн уул уурхайн хамгийн шилдэг технологи болсон энэхүү аргыг эх орондоо нутагшуулж байгаа хэрэг юм. Энэ уурхай 2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэр үеэс эхлэн Монгол Улсын төсөвт 1.6 тэрбум ам.долларын татвар, ашигт малтмал ашигласны төлбөр төлсөн. Хэрвээ нийт туслан гүйцэтгэгч нараа оролцуулаад тооцоод үзвэл улсад 2.5 тэрбум ам.долларын татвар, шимтгэл төлсөн байдаг. Гүний уурхайн бүтээн байгуулалт үйл ажиллагааг эхлүүлснээр улсад төлдөг энэхүү татварын хэмжээ цаашид улам нэмэгдэнэ. Харин урт хугацаандаа хариуцлагатай уул уурхайгаа эрхлээд үр өгөөжөө Монголд өгөөд явах процессын хувьд төр засагтайгаа ойлголцох шаардлага байна” гэсэн юм.
Уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд хамгийн чухал зүйл нь хөдөлмөр, аюулгүй байдлыг хангах явдал байдаг. Энэ нь өөрөө хариуцлагатай уул уурхайд хамаардаг ойлголт юм. Тухайлбал, “Оюу толгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт” зэрэг томоохон уурхайнууд хөдөлмөр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, дэлхийн стандартын дагуу ажилладаг. Энэ нь уурхайн маш хүнд нөхцөлд ажиллаж буй ажилчид буюу хойноо ар гэрээ тэжээдэг жинхэнэ баялаг бүтээгчдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах явдал юм.
Байгаль орчны хүрээнд хариуцлагатай уул уурхай маш ихээр хөндөгддөг. Дэлхий дахин ч хариуцлагатай уул уурхайд нухацтай анхаарлаа хандуулах болсон. Мэдээж уул уурхайн олборлолт байгаль хөндөж хийгддэг. Тиймээс үүнийг нөхөн сэргээх нь уул уурхай эрхлэгчдийн хувьд ирээдүй хойчийн өмнө хүлээсэн хариуцлага, ёс зүй юм. Үүнийг нь хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч, техник маш их шаарддаг хүнд ажил. Гэвч зарим нэг хариуцлагагүй уул уурхай эрхлэгчид хангалттай ашиг олмогцоо олборлолт хийсэн газраа тэр чигт нь ухсан нүх хэвээр нь үлдээдэг. Манай улсад ч хэд хэдэн жишээ бий. Яг энэ асуудлаас болоод Монгол Улсын уул уурхайн салбар тэр чигтээ иргэд, нийгмийн өмнө муухайгаар харагдаж, жигшигддэг болсон. Гэтэл үүнээс болж цаана нь салбар тэр чигтээ хариуцлагатай уул уурхай эрхлэгчидтэйгээ хамт хохирч байдаг.
Хариуцлагатай уул уурхайн хувьд маш чухал нэг зүйл нь нээлттэй байдал. Нээлттэй байдлын хүрээнд уул уурхайн компаниудын засаглал, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, олборлолтын ил тод байдлыг шаарддаг. Дэлхийн тэргүүлэх уул уурхайн компаниуд болох “BHP”, “Anglo American”, “Rio Tinto” зэрэг нь үйл ажиллагаагаа энэ чиглэлд сайн дураараа идэвхтэй өрнүүлэх хандлагатай болсон. Манай улсын хувьд ч олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хангах ажлын хүрээнд олон улсын стандарт болох “EITI”-ын дагуу уул уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааны тайланг хүн бүр хүссэн үедээ хянах боломжтой болсон. Ингэхийн тулд иргэд ердөө “www.eitimongolia.mn” цахим хуудсанд хандахад болно. Уул уурхайн компаниудын энэхүү нэгдсэн мэдээллийн санд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 250 гаруй уурхайн мэдээлэл бий аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр болсон “Хариуцлагатай уул уурхай гэж юу вэ” сэдэвт хэлэлцүүлгийг ерөнхийд нь дүгнэвэл Монголын уул уурхайн салбар дахь хариуцлагатай уул уурхай эрхлэгчид улсын төсвийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг бөгөөд хариуцлагатай, нээлттэй, ил тод уул уурхайн дэлхийн стандартыг ханган, сайн ажиллахын сацуу цаашид энэ төрлийн үйл ажиллагаагаа улам бүр сайжруулах чиглэлд хоорондоо хамтран, уялдан ажиллаж эхэлжээ. Гэвч харамсалтай нь мэр сэр ажиглагдах хариуцлагагүй уул уурхай эрхлэгчид, төрийн нарийн зохицуулалтгүй байдал болон олон нийтийн дунд энэ талын мэдлэг, ойлголт дутуу байгаагаас болж нийгэмд салбарыг бүхэлд нь харлуулж харах өнцөг бий болоод байгаа нь харамсалтай.