Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Гялгар уутнаас татгалзах нь эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах хамгийн энгийн бөгөөд том алхам

Гялгар уутнаас татгалзах нь эрүүл мэнд, байгаль орчноо хамгаалах хамгийн энгийн бөгөөд том алхам
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 6
Зах, худалдааны төвийн лангуун дээр нэг удаагийн гялгар уут харагдахаа болиод багагүй хугацаа өнгөрлөө. Учир нь өргөн хэрэглэдэг нийлэг уут хүний бие болон байгаль орчинд хортой учраас хэрэглэхийг хориглох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Тодруулбал, Засгийн газрын энэ шийдвэр өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ нь өргөн агуулгаараа Монгол Улс байгаль орчин, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан томоохон шийдвэр болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут газрын хөрсөнд шингэхдээ 500 гаруй жил болдог аж. Гялгар уут газрын хөрсөнд шингэхгvй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг улам эрчимжүүлээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулж хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ингэхдээ тухайн пластик хог хаягдал нь олон жижиг бичил хэсэг болж далайн ус, газрын хөрсөнд шингэн иргэд бидний идэх хоол хүнсээр дамжин хорт хавдар гэх мэт аймшигт өвчнийг үүсгэдэг байна. Манай улс жилд 100-150 тонн нийлэг уутнаас ердөө 50 хувийг нь л дахин боловсруулж чаддаг. Үлдсэн 50-60 хувь нь байгальд хаягддаг гэх судалгаа бий. Гялгар уутыг шатаахад гардаг хорт хий нь генийн өөрчлөлтөд орж болохуйц хортой нэгдлүүдийг үүсгэдэг  учир аль болох хог хаягдлыг дахин боловсруулах нь хамгийн шилдэг арга юм” гэлээ.
Тиймээс дэлхий дахин пластик хог хаягдал, гялгар уутны эсрэг дайн өрнүүлэх болсон юм. Тухайлбал, Африк тивийн Кени, Мали, Камерун, Танзани, Уганда, Этиоп, Малави, Марокко, ӨАБНУ, Руанда болон Ботсван улсууд гялгар уутыг хэрэглэхийг хоригложээ. Үүнтэй ижил гялгар уутанд өндөр татвар тавих замаар пластик хог хаягдалтай Бангладеш, Камбож, Хонконг, Энэтхэг, Индонез, Малайз улсууд байгаа юм.
Харин Европ тив пластик хог хаягдалтай хийх дайнд дэлхий нийтийг манлайлж, уриалан оролцож байна. Дани улс аль 1994 онд гялгар уутанд өндөр татвар тогтоосон дэлхийн анхны улс болсон байдаг. Үүний үр дүнд жилд хэрэглэгддэг гялгар уутны тоо дунджаар 800 сая байснаас өнөөдөр 400 сая болж хоёр дахин буурчээ. Ирланд улс 2002 оноос эхлэн мөн энэ төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж ахицтай үр дүнд хүрчээ. Европын холбооны зүгээс 2019 оны төгсгөл гэхэд нийт пластик хэрэглээний 80 хувийг үгүй болгох зорилтыг тавин бараг л үр дүндээ хүрэх дөхөөд байгаа аж. Латин Америкийн орнууд харин гялгар ууттай тэмцэх ажилд арай өөр дэвшилтэт аргыг хэрэгжүүлж буй. Тухайлбал, Аргентин, Бразил, Чили, Колумб зэрэг орнууд хог хаягдлыг ахин боловсруулах хөтөлбөрийн хүрээнд био уутыг маш ихээр дэмжих болсон. Статистик тоо баримтууд ч эдгээр орнуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнг сайн байгааг харуулах аж.
Дэлхий дахины улс орнууд пластик уутнаас татгалзаад байгаа энэ цаг үед манай иргэд ч төр засгаас гаргасан шийдвэрийг талархан хүлээн авч байна. Учир нь хүнсээ худалдан авахдаа дэлгүүрээс уут аваад хэрэглэдэг байсан бол иргэд даавуун уутаа биедээ авч явдаг болжээ. Эрүүл мэнд цаашилбал, байгаль орчноо хамгаалах хамгийн энгийн бөгөөд том алхам бол гялгар уутнаас татгалзах билээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн