Чуулганы үдээс хойш хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэнэ. Хууль санаачлагчид болон Монголбанкны зүгээс валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ зохицуулалтыг тусгаснаараа ач холбогдол өндөртэй төсөл гэж тайлбарлаж буй. Нөгөө талд бизнес эрхлэгчид валютын нөөцийг нэмэгдүүлэх бус, бизнесийн үйл ажиллагаанд тавих хязгаарлалт, хоригийг л чангатгасан гэж шүүмжлэлтэй хандаж байна.
Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт ажилласан Монголбанкны Хууль эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслөөр ямар гол өөрчлөлтүүд орж байгаа юм бэ. Монголбанк валютын гүйлгээнд хяналт тавихаас гадна хязгаарлалт хийх эрхтэй болж байгаа юм уу?
-Эдийн засагт огцом шок үүсч, санхүүгийн хямрал үүсвэл Монголбанкнаас Монгол Улс руу орох, гарах валютын гүйлгээндээ түр хугацааны хязгаарлалт хийж болно гэсэн заалт орж байгаа. Урт хугацаанд, байнга хязгаарлалт хийнэ гэсэн зүйл байхгүй. Ийм төрлийн хязгаарлалт бусад улс орнууд ч ашигладаг. Жишээ нь, Грекийн хямралын үеэр хөрөнгө оруулагчид доллараа татсанаар банк мөнгөгүй болсноос болж бүх банкууд нь “нурсан”. Банк мөнгөгүй болж, иргэд нь цалингаа авч чадахгүй, төлбөр тооцоо хийхгүй, компаниуд нь зээл авч чадахгүй байдалд орсон. Ийм гэнэтийн эрсдэлээс сэргийлж, эдийн засагт огцом шок үүссэн тохиолдолд Монголбанк түр хугацааны хязгаарлалт хийж болно гэсэн зохицуулалт. Гэхдээ төслийг УИХ-д хэлэлцэж, батална.
Үүнээс гадна хуулийн төсөлд тухайн нэгэн банк дотоод мэдээлэл буюу зах зээлийн мэдээллийг мэдээд, зориудаар үнэ хөдөлгөхөөс сэргийлсэн заалт оруулсан. Хоёрт, зохиомлоор зах зээлийг хөдөлгөхөөс сэргийлсэн заалт орсон. Монголын томоохон банкууд харилцагчдын валютыг татан төвлөрүүлдэг. Энэ мөнгөө тодорхой хэмжээгээр өсгөх захиалга өгөөд, түүнийгээ өсгөснийхөө дараа хуримтлуулсан доллараа буцааж зарж зах зээлийг савлуулдаг байдлыг хориглохоор төсөлд заасан байгаа.
-Зах зээлд ам.долларын ханш савлаж эхлэнгүүт зарим иргэд төгрөгийн хадгаламжаа доллар руу хөрвүүлэх тохиолдол гардаг шүү дээ. Энэ талын зохицуулалт байгаа юу?
-Үүнийг хязгаарлах, хяналт тавих боломж байхгүй. Монголын зах зээлд валютын хамгийн том тоглогч нь Монголбанк, цөөн хэдэн арилжааны банкууд байгаа. Банкууд ханшийг хөдөлгөх боломжтой байдаг учраас тэдэн рүү чиглэсэн зохицуулалтыг л хийсэн. Түүнээс иргэн, аж ахуйн нэгж валют зарж, худалдан авч болохгүй гэсэн заалт огт байхгүй.
-Хуулийн төсөлд зөвхөн арилжааны банкууд л долларын гэрээ хэлцэл хийнэ. Харин бусад аж ахуйн нэгж, иргэд долларын гэрээ хэлцэл хийх эрхгүй гэсэн зохицуулалт байгаа юм уу?
-Тийм зохицуулалт байхгүй. Валютын зах, оролцогчийг тодорхойлж, энэ харилцааг яаж зохицуулах уу гэдгийг илүү тодорхой тусгаж байна. Валютын захаас гадна байгаа оролцогчдын асуудлыг зохицуулах боломжгүй.
-Өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуульд гадаад валютын албан нөөцийг Засгийн газар бүрдүүлэхээр заасан. Харин шинэчилсэн төсөлд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Монголбанкны үүргийг нэмэгдүүлж байгаа юм уу?
-Валютын нөөцөө нэмэгдүүлэхэд хамгийн түрүүнд, төлбөрийн тэнцлээ сайжруулах ёстой. Энэ чиглэлд хамтран ажиллах нь Засгийн газар, Монголбанкны үүрэг. Монголбанк аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй, ямар нэгэн бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй, доллараар экспорт хийдэггүй учраас валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэгтэй гэх нь утгагүй юм. Үүнийг хэн хийх вэ гэвэл Засгийн газар л хийнэ. Яаж дэмжих вэ гэвэл бизнес эрхлэгчдийг татварын бодлого, хөрөнгө оруулалтын бодлогоороо дэмжиж болно. Өөрсдөө компани байгуулаад бизнесийн үйл ажиллагаа ч явуулж болно. Төрийн өмчийн “Эрдэнэс-Тавалгой” зэрэг том компаниудаараа дамжуулан валютын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой учраас логикийн хувьд Засгийн газар нөөцөө нэмэгдүүлж, Монголбанк зах зээлийг зохицуулж, улсын гадаад валютын нөөцийг зөв зохистой удирдах зохицуулалттай. Монголбанк алт худалдаж авах үйл ажиллагаагаар валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг хүлээж байгаа.
-Валютын орлогогүй байж валютын зээл авч байгаа иргэн, аж ахуйн нэгжид хязгаарлалт тавина гэсэн байсан. Энэ үнэн үү?
-Шууд хориглохгүй. Хэрвээ шууд хоригловол Үндсэн хуульд заасан хүний эрхийн заалтыг зөрчсөн асуудал болно. Валютын орлогогүй этгээдэд валютын зээл олгохгүй гэж шууд утгаар нь ойлгохоос илүү эрсдэлийг нь анхааруулахад чиглэсэн санамж юм. Банк тухайн зээлдэгчид эрсдэлийг тайлбарлах, мэдээлэх үүрэгтэй. Хэрвээ банк валютын орлогогүй хэн нэгэнд зээл өгвөл банкны эрсдэлийн төвшин өөрчлөгдөх учраас актив дээр нь тавьж байгаа эрсдэлийн санг мэдэгдүүлэх шууд бус арга замыг хэрэглэнэ.
-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг, гадаад валютын орлоготой аж ахуйн нэгжүүд орлогоо Монголоор дамжуулдаггүй гэсэн шүүмжлэл байдаг. Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад чиглэлд тодорхой заалт орсон уу?
-Хуулийн гол зорилго нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэж байгааг хэлэх нь зүйтэй.
Томоохон, цөөн хэдэн аж ахуйн нэгж гадаад валютаар орж ирж байгаа орлогоо Монголбанкинд худалддаг эрхтэй байхаар төсөлд тусгаж байгаа. Төв банкны тухай хуульд аж ахуйн нэгж, банк, Засгийн газраас бус этгээдтэй харилцан зах зээлийн харилцаанд оролцож болохгүй гэсэн заалттай. Харин Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн төсөлд хэрвээ тухайн этгээд нь өөрөө хүсвэл Монголбанкин дээр төлбөр тооцоо хийж, валютаа зарж болно гэсэн заалт оруулсан.
-Яг энэ заалд хаврын чуулганаар хэлэлцэх үед унагасан. Төв банк мөнгөний бодлогоо хэрэгжүүлж, арилжааны банкууд арилжааны үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг. Тэгэхээр Төв банк арилжааны үйл ажиллагаанд оролцоно гэсэн үг үү?
-Энэ бол бодлогын сонголтын л асуудал. Монголбанк уламжлалт хэлбэрээр ажиллуулах уу, эсвэл аж ахуйн нэгжийн арилжааны тодорхой тохиолдолд оролцож болох уу гэдэг сонголт юм. Хэрвээ хүсвэл хуулийн этгээд хүсэх л юм бол валютын орлогоо арилжааны банкаар дамжуулах эрх нь нээлттэй. Зөвхөн Монголбанкинд дамжуулах эрхийг л олгох асуудал юм. Үүрэг, хязгаарлалт биш. Өөрөө хүсэх юм бол Монголбанкаар орлогоо дамжуулж болно гэж тусгаж байгаа.