Чихний үрэвсэл, түүнээс шалтгаалах өвчин болон чихэвч удаан хугацаагаар сонсох нь сонсголд хэрхэн нөлөөлдөг талаар УНТЭ-ийн Чих, хамар хоолойн тасгийн эмч З.Мэндсайхантай ярилцлаа.
-Сүүлийн үед хүн амын дунд чихний ямар өвчин зонхилон тохиолдож, газар авч байна вэ?
-Насанд хүрэгчид болон хүүхдийн хувьд чихний өвчлөлийн байдал харилцан адилгүй байдаг. Судалгаагаар 0-8 хүртэлх настай гурван хүүхдийн хоёр нь чихний хурц үрэвслээр өвдөж байгааг тогтоосон байдаг. Энэ нь хүүхдийн чихний анатоми, физиологийн онцлогтой холбоотой юм. Харин том хүмүүс бол дунд чихний архаг үрэвсэл, гэмтэл, чихний мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт зонхилж байна. Насанд хүрэгчдийн чихний өвчлөл нь хүүхэд наснаас эхлэлтэй архаг үрэвсэл юм.
-Дунд чихний үрэвсэл нь хэнгэрэг цоорох шалтгаан болдог юм байна. Тэгвэл чихний үрэвсэл гэж ямар өвчин юм бэ. Үүнийг үүсгэх гол шалтгаан нь юу байдаг вэ?
-Чихний аль хэсэгт үрэвсэл үүссэнээс хамаараад гадна, дунд, дотор чихний үрэвсэл гэж хуваадаг. Гадна чихний үрэвсэл үүсч байгаа ихэнх тохиолдолд чих ухаж чиний гадна сувгийн арьсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулсантай холбоотой.
Дунд чихний үрэвсэл үүсэх шалтгаан нь хамар болон хамрын дайвар хөндийн эмгэгүүд үүнд хамрын таславчийн мурийлт, хамар дайврын архаг үрэвсэл, амьсгалын дээд замын цочмог үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, чихний шууд гэмтлүүд болдог. Ер нь хүүхдийн чихнээс идээт ялгадас буюу булаг гарч л байвал хэнгэргэн хальсны бүрэн бүтэн байдал алдагдсан байна гэсэн үг. Тухайн үед зөв эмчилгээг хийснээрээ хэнгэргэн хальс өөрөө эргэн нөхөгдөх боломжтой байдаг.
-Чихний үрэвсэл хүндэрвэл сонсголгүй болно гэж ойлгож болох уу?
-Чихний эмгэг нь архаг хэлбэрт шилжсэнээрээ ирээдүйд сонсгол бууралттай хөдөлмөрийн чадвар алдагдалтай иргэн болдог. Нэгэнт дунд чихний архаг үрэвсэлтэй хүн сонсгол бууралтыг даамжруулахгүй байхын тулд хэнгэргэн хальс нөхөх мэс ажилбарт аль болох эрт орох хэрэгтэй.
-Мэдрэлийн ядаргаатай холбоотойгоор чих шуугих уу. Юунаас болж чих шуугидаг вэ?
-Чих шуугих хэд хэлэн шалгаан бий. Үүнээс гадна дунд чихнй үрэвсэл, хэнгэргэн хальс цоорох, байнгын шуугиантай орчинд ажиллах, чихэвчний хөгжмийн буруу хэрэглээ, дотор чихний биеэ даасан эмгэг, гэмтэл, тархины цусан хангамжийн өөрчлөлт зэрэг олон шалтгаанаас үүснэ.
-Сүүлийн залуус чихэвчийг цаг үргэлж хэрэглэх болсон. Тэгэхээр дууны өндөр хэмээр чихэвч удаан сонсох нь чихний сонсголд яаж нөлөөлдөг талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-85дб ба түүнээс дээш чимээ сонсголын эсийг гэмтээдэг. Тэгвэл чихэвчний хөгжим 120дб орчим чимээг гаргах чадвартай байдаг. Иймээс чихэвчийг зөв хэрэглэхийн тулд чихэвчний хөгжмийг 60 хувиас ихгүй чанга хэмжээгээр өдөрт 60 минутаас хэтрэхгүй сонсвол сонсголыг гэмтээхгүй гэж үздэг.
-Чих загатнах нь ямар шалтгаантай байдаг вэ. Энэ үед чихээ ухах нь зөв үү?
-Энэ нь гадна чихний сувгийн PH орчин өөрчлөгдөж байгаатай холбоотой. Энэ үед чихээ ухвал улам загатнаж цаашлаад гадна чихний үрэвсэл үүсгэх суурь болдог.
–Чихээ өвчлүүлэхгүй байхын тулд яах ёстой вэ?
.-Хүмүүс чихэвч зөв ашиглах, дуу чимээтэй газар ажилладаг бол хаалт зүүж хэвших, чих хамар хоолойн эмгэгийг дур мэдэн эмчлэхгүй байх заавал мэргэжлийн эмчид хандах нь чухал. Ялангуяа дунд чихний архаг үрэвсэлтэй хүмүүс аль болох эрт хэнгэргээ нөхүүлэх мэс засалд орох хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхэд байх үед өвчилсөн чих хамар хоолойн хурц үрэвслийг бүрэн эмчлүүлэх нь чухал байна.