Open iToim app
Зочин | 9 мин уншина

Г.Хандсүрэн: Сайн тамирчин байхаас гадна ёс суртахуунтай, хүмүүжилтэй монгол хүн байхыг хичээдэг

Г.Хандсүрэн: Сайн тамирчин байхаас гадна ёс суртахуунтай, хүмүүжилтэй монгол хүн байхыг хичээдэг
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 5
Монгол Улсын волейболын шигшээ багийн тоглогч, Японы V лигийн “Breath Hamamatsu” клубийн легониор тоглогч Г.Хандсүрэнтэй ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх гуайн ач, улсын гарьд Б.Гантогтохын охин нь юм.
-Япон улсын волейболын мэргэжлийн тамирчин болсонд баяр хүргэе. Юуны өмнө ярилцлагаа таны бага наснаас эхлүүлье. Спортын, тэр дундаа бөхийн агуу удамтай айлын охин болж мэндэлжээ. Та айлын хэддэх хүүхэд вэ, багадаа аль сургуулийг төгссөн бэ?
-Би арван жилээ Нийслэлийн тэргүүний нэгдүгээр дунд сургуулийг төгссөн.  Багадаа дуу цөөтэй хүүхэд байлаа. Би хувьдаа гэр бүлээ маш их нандигнадаг юм. Аав, ээж, эмээ, өвөө гээд бүх хүнээ ихэд хүндэлж бахархан явдаг даа. Аав маань мундаг тамирчин хүн, харин ээж маань аавын найдвартай ар нь байсаар ирсэн. Манай аав, ээж их тогтуун даруухан хүмүүс. Ээжээрээ их бахархаж, ээж шигээ эмэгтэй болохыг нууцхан хүсэж явдаг. Мэдэхгүй, чадахгүй зүйлгүй гайхалтай хүн. Миний бурхан ээж минь. Тиймээс ярилцлагынхаа эхэнд ээждээ хайртай шүү гэж ахин хэлмээр байна. Бага байхаас миний хайртай хүмүүс нүдэн дээр ихийг хөдөлмөрлөж, бүтээж ирсэн учраас байнга бахархах, хүндлэх сэтгэл төрдөг. Харин “Тамирчин хүн хөл сайтай, суурьтай байх хэрэгтэй” гэж буурал аав маань захиж байсан. Энэ үгийг зүрхэндээ хадаж байнга санаж явдаг юм.
-Багаасаа спортоор хичээллэсэн үү. Анх хэрхэн волейболоор хичээллэхээр болж байсан бэ. Энэхүү спортын юу нь таныг өөртөө татдаг вэ?
-Би 16 настайгаасаа волейболоор эрчимтэй хичээллэж эхэлсэн. Үеийнхээ хүүхдүүдийг бодвол харьцангуй өндөр байсан учир сургуулийн биеийн тамирын багш нар “Спортоор хичээллэ ээ, үгүй бол дэмий гонзгой боллоо” гэж хэлдэг байлаа. Иймд нэг удаа сургуулийн волейболын Гансүх багшийнхаа хэлснээр бэлтгэлд явж үзэж байсан даа. Үүнээс хойш волейболд эргэлт буцалтгүй орсон. Улмаар Гансүх багш маань намайг, өөрийн найз болох Д.Солонго багшид захиж, даатган энэ спортын эхлэлийг тавьж өгсөн. Волейболын спортод багийн тоглолт их чухал. Багийн тоглолт гаргахын тулд хүн нэг бүрийн хүчин чармайлт хэрэгтэй болдог. Үүгээрээ миний сонирхлыг их татдаг.
-Японд долоон жил  болж байгаа юм байна. Яагаад Япон руу явахаар болсон  бэ?
-Намайг ахлах ангиа төгсдөг жил буюу 2014 онд Япон улсын дасгалжуулагч Монголоос жүдо, волейбол зэрэг хоёр спортын төрлөөр хүүхдүүд шалгаруулан Японд сургахаар ирж байсан. Улмаар волейболын  шалгаруулалтад нь оролцон нийт 20 орчим хүүхэд дундаас тэнцэж, Япон явж сурахаар болж байлаа. Тэнцсэн хариугаа авсны дараахан гэр бүлийхэндээ хэлэхэд аав минь “Спорт хүнд хүмүүжил олгодог юм. Хэрвээ хүсэж байвал явах нь зөв, гэхдээ өөрөө шийднэ шүү дээ аавын охин” гэж хэлж байсан. Бодож үзээд волейбол сурахаар Япон улсыг зорьсон.
-Японы лиг дэх анхны тоглолтынхоо талаар сонирхуулна уу. Хэр сандрал, догдлолтой болж өнгөрсөн бэ?
-Анх нэг ч япон үг мэдэхгүй очиж байлаа. Иймд багийнхантайгаа ойлголцоход их хүндрэлтэй байдаг байсан. Тухайн үед дотроо өргөснийг нь л цохиод байя гэсэн дүрэмтэй байлаа. Японд оюутны есөн лиг байдаг. Энэ лигт орж амжаагүй зөндөө баг, тоглогчид ч бас бий. Энэ утгаараа өрсөлдөөн ихтэй бөгөөд тухайн хүүхэд бүрээс ялгаран гараанд тоглох дайнд морддог гэж хэлж болно. Надад тэр үеийн нэг тоглолт одоо санаанаас гардаггүй. Энэ нь манай сургуулийн ривал баг буюу олон жилийн түүхт өрсөлдөгчтэй тоглосон үе. Тухайн тоглолтын гараанд гарч, зөвхөн хаалтаар л гэхэд нийт найман оноог авсан юм л даа. Би хоёрдугаар курстээ тогтмол гараанд гарч эхэлсэн. Оюутны баг учир эрэмбэ дараа гэж байдаг бөгөөд ихэвчлэн төгсөх ангийн оюутнуудыг гараанд гаргадаг. Анх гараанд тоглоход бол нэлээд хариуцлага мэдэрч байсан шүү.
-Мэргэжлийн тоглогч ялангуяа гаднын улсад легионер тоглогч болно гэдэг амаргүй даваа. Тодорхой шалгуур үзүүлэлтүүд байдаг байх. Үүнээс дурдвал?
-Японы мэргэжлийн лигт тоглоно гэдэг өөрөө их том шалгуур юм. Тухайн тоглогчийг эхлээд мэргэжлийн багууд клубтээ урин ур чадвар, ярилцлага зэрэг тодорхой сорилуудыг авдаг. Хэрэв үүнд тэнцэж чадвал гэрээ байгуулна гэсэн үг. Мөн гадаадын тоглогч бол international transfer certificate буюу улс хооронд шилжин тоглох эрхийг Азийн волейболын холбооноос авах болно. Манай багийн нэр Breath Hamamatsu. Одоогоор V лигийн дивизион  хоёрт тоглодог ба одоогоор лигийн дөрөвдүгээр байранд бичигдэж байна. Би голын хаагчийн байрлалд тоглодог. Анх Японд ирэхэд, онгоцноос бууж ирээд шууд бэлтгэлдээ орж байсан маань саяхан мэт санагдаж байна. Хувь хүнд зорилго, хүсэл мөрөөдөл байх үед болдог, бүтдэг, чаддаг юм билээ. Надад волейбол сайн тоглож сурах хэрэгтэй гэх зорилго, үүнийг биелүүлэхийн тулд энэ хэцүү давааг туулж байж чадна гэсэн хүчтэй итгэл үнэмшил байсан.
 Анх японд дөнгөж ахлах сургуульдаа ирэнгүүт нэг ч өдрийг дэмий өнгөрөөж, амраагүй. Одоо бодоход өөрийгөө их гайхаж, бахархдаг. Би амралтын өдрүүдэд бэлтгэлийнхээ зааландаа ганцаараа хүчний, балансын, заалны гээд сонгоод бэлтгэл хийдэг байсан. Хэдий волейболын спортод ганц хүн бэлтгэл хийхэд хэцүү боловч өөрийн чадахын хэрээр минут тутамд бөмбөгтэйгээ найзлан өөртэйгээ ажилладаг байсан. “Чамайг унтаж байхад өрсөлдөгч чинь ……” гээд  нэг үг байдаг даа. Энэ үг амьдрал дээр бодит яг л байдаг зүйл шүү.

Монголын волейболыг надаар дүгнэх учир хариуцлагатай, ухамсартай байхыг эрмэлздэг

-Япон улсын легионер буюу мэргэжлийн тамирчин болсныг сонсоод хэр их баярласан бэ. Гэр бүлийнхэн нь юу гэж захиж зөвлөдөг вэ?
-Мэдээж маш их баярлаж байсан. Хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ хэлсэн дээ. Манайхан “Хүний газар гэмтэж бэртэв ээ, хоол ундаа сайн идээрэй, тамирчин хүн сахилга баттай байх ёстой шүү ” гэж захиж зөвлөдөг.
-Дасгалжуулагч нь анх багийн гараанд чи гарна шүү гэхэд ямар санагдаж байсан бэ?
-Бид өдөр бүр яриа хийж зорилго зорилт болоод тоглолтоо ярилцана. Бүгд дор бүрнээ өөрсдийн хийх ёстой зүйлээ хийж явна. Гагцхүү чи илүү чадвартай, сайн байж чадвал гараанд гарах болно. Энэ манай багийн гол дүрэм. Дасгалжуулагч лигийн тоглолтын өмнөх өдөр хурал дээр тоглолтод оролцох 14 тамирчдын нэрсийг эхнээс нь дуудна. Хэрэв  тэнд нэр чинь байхгүй бол чамд тоглолтын хувцас өмсөхгүй л гэсэн үг. Би өөртөө том мөрөөдөл, том зорилго тавих дуртай. Үүнийхээ төлөө галзуу юм шиг л зүтгэх маш сайхан. Өөрийгөө өмнөхтэйгээ харьцуулж харангаа цаашдаа юунд анхаарах хэрэгтэй  зүйлээ гаргах дуртай. Хэрвээ өмнө нь би сэлгээнд байсан бол, гараанд гарахын тулд яах ёстой вэ гэдгээ бодно.  Тэгэж өөртэйгээ бага ч болов ажиллаагүй бол өнөөдөр ингээд мэргэжлийн тамирчин болж чадсан байх эсэх эргэлзээтэй санагддаг. Сэлгээнд байлаа гээд сэтгэлээр унах шаардлагагүй, гол нь гараанд гарахын тулд олон зүйл туршиж хөгжүүлэн, ахиц дэвшил гаргах хэрэгтэй. Надад гараанд багтаагүй, тоглолтод оролцоогүй үе зөндөө бий. Бэртэл гэмтэл ч үүнд нөлөөлсөн. Гэхдээ энэ бүрд сэтгэлээр уналгүй, зүгээр л бэлтгэлээ хийхийг хичээдэг байлаа. Сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд байдаг шүү. Гараанд гараад тоглох болоход мэдээж маш сайхан байсан.
-Аливаа спортод гэмтэл бэртэл авах үе цөөнгүй бий. Энэ үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг байсан бэ?
-Волейбол үений бэртэл эрсдэл өндөртэй спорт юм. Учир нь огцом хөдөлгөөн ихтэй. Би өмнө  яс , үений бэртэл авч байсан. Улмаар хоёр сар хөл дээрээ нэг ч алхалгүй байнга суга таягтай байж ч үзсэн. Суга таягнаас гаран хоёр сар гаруй нөхөн сэргээх бэлтгэл хийж хөнгөн шогшиж, хурд хийж чаддаг болсон. Тамирчин хүнд гэмтэл бэртлийн үе хамгийн их өрсөлдөөн, тэмцэлдээнтэй үе байдаг юм билээ. Яг ингээд бэртлийнхээ талаар ярих гэхээр заримдаа уйлчих гээд байдаг юм.  Энэ үеүдэд гэр бүл, багийнхан минь их тусалж дэмждэг байсан.
-Гадаадын оронд ажиллаж, амьдрах болон өөрийн улсад байх хоёр маш ялгаатай. Таны хувьд өрсөлдөгч бүрээс хэрхэн ялгарч, илүү байхыг эрмэлздэг вэ. Түүнчлэн гаднын улсад тоглон явахад дан ганц хувь хүн гэлтгүй улс эх орны нэр хүнд давхар явдаг. Энэ тал дээр ямар зарчмыг баримталдаг вэ?
-Монгол Улсын шигшээ багт тоглох хэмжээний тамирчин болтлоо эхлээд хичээе гэж бодож бэлтгэлээ хийдэг байсан. 2015 онд шигшээ багтаа ч орсон. Тухайн үед шигшээ багт гарааны тоглогчоор сонгосон Г.Баярсайхан багшдаа их баярлаж явдаг. Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд олон улсын тэмцээний ямар ч туршлагагүй хүүхдийг сонгож тоглуулна гэдэг их том зориг шүү дээ. Тэр хэмжээгээрээ итгэл хүлээлгэж байсан байх гэж бас боддог. Баяраа багш маань үргэлж Монголын эмэгтэй баг амжилтад хамгийн ойрхон байгаа гэж ярьдаг. Би ч үүнтэй санал нэг байдаг. Солонгос, Японы багтай тоглоод 20:20-оос эхлээд л оноо авалтаар дутуухан хожигдол хүлээж байсан. Маш ойрхон байгаа.

Яриагаа буцаахад багшийн хийсэн үйлдлээс хойш хичээе ийм муу байгаад байж болохгүй гэж өөртөө хэлж байсан. Би болоогүй ээ, одоо ч юу ч чадахгүй хэвээрээ л байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын шигшээ багийн тамирчин гэдгийг Япон дахь багийнхан маань мэдэх учир дасгалаа хийхдээ ч халтуурдахгүй байхыг эрмэлздэг. Миний хийж байгаа үйлдэл бүрээр Монголын волейболыг харж, дүгнэж байгаа гэдэг бодол салдаггүй юм. Түүнчлэн би хариуцлагатай байдлыг чухалчилдаг. Япон улсад монголчуудыг дураараа, цаг барьдаггүй, хэлсэндээ хүрдэггүй, хээгүй гэх зэргээр дүгнэх нийтлэг өнгө аястай байдаг. Би үүний эсрэг зогсдог. Би өөрийн биеэр монгол хүн цаг барьж чаддаг, хийнэ гэсэн юмаа заавал хийдэг шүү гэдгийг үлгэрлэн харуулахыг хүсдэг. Бусад хүнээс болж монгол хүний нэр унах ёсгүй. Зүгээр нэг сайн тамирчин байх сонин биш. Ес суртахуунтай, хүмүүжилтэй байхыг хичээдэг дээ.
-Волейболын спортыг олон залуус хичээллэн, сонирхох болжээ. Та анхлан суралцаж байгаа хүүхэд багачуудад зөвлөгөө өгнө үү. Юунд сайн анхаарах хэрэгтэй вэ?
-Битгий шантраарай гэж хэлэхийг хүсдэг. Ямар ч хүн тэгээс эхэлдэг. Хүн бүхний түүх ингэж эхэлдэг. Бүх хүний эхлэлийн шугам адилхан. Тэндээс харин өөрийн ур чадвараа гозойж,  сайжрах хэрэгтэй. Хэзээ ч бүү өөрийгөө гол. Удаан, жоохон байсан ч хамаагүй сайжраад л бай. Энэ бүхэн үр дүнд хүргэнэ. Яагаад гэвэл надад шантарсан чадахгүй байсан үе зөндөө бий. Бүр маш их гэж хэлсэн ч болно. Буцаад яагаад энэ бүхнийг эхлүүлсэн билээ, яагаад хийгээд байгаа билээ гэдгээ бодох их чухал шүү гэж хэлмээр байна.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Миний хамгийн ойрын зорилго бол Зүүн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд Монголын шигшээ багаасаа тоглон амжилт гаргах. Мундаг тамирчин багш нар эгч нарынхаа залгамж болж, медалиа буцаан авчрахыг хүсдэг. Үүнийг 2015 оноос хойш зорьж байна. Японд волейбол тоглож байгаа минь ч гэсэн Монгол Улсын шигшээ багийн амжилтыг ахиулах, үүнд өөрийн хувь нэмрээ оруулах юм шүү дээ.  Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Манай улсын шигшээ багийн хувьд медальт байранд шалгарахад үнэхээр ойрхон байгаа. Бид өмнө энэ замын хажууд ирээд буцаж байсан. Харин одоо цаг нь болсон. Дүү нар залуу тамирчид маань үүний төлөө хамтдаа хичээгээд, тэмцээнүүддээ ур чадвараа ахиулаасай гэж хүсдэг. Учир нь дотооддоо ур чадвар өндөртэй тамирчид олон байх тусмаа шигшээ баг хүртэл хүчтэй болно. Волейбол тоглож буй хүн нэг бүр өөрөөрөө бахархаж том зорилго тавьж бэлтгэлээ сайн хийгээсэй гэж хүсдэг. Тэмцээнээс сарын өмнө бэлтгэл хийж эхэлнэ гэдэг тамирчин хүнд байж боломгүй аюултай зүйл. Тэнд бэртэл гэмтэл дагаж байгаа шүү. Хамтдаа Монголын волейболыг хөгжүүлэхийг хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Сонирхолтой асуулт асуусанд танд баярлалаа. Өнөөдөр энд ингээд байж байгаа нь үнэхээр маш олон хүний туслалцаа дэмжлэгийн ач юм. Японы лигт тоглоход холбоодууд хоорондоо яриа хийдэг. Надад хамгийн том тус хүргэсэн хүн бол Hobby center-ийн Hobby Ace клубын эзэн, Наранбаатар ах маань юм. Азийн Волейболын холбоотой холбогдох, бусад бичиг баримт харилцаа тал дээр гар бие оролцож бэлтгэлдээ дарагдаж амжихгүй байсан надад нэг бүрчлэн одоо ингэ ахын дүү, одоо ингэнэ шүү ийм учиртай юм байна шүү гэх зэргээр намайг хариуцан Японы лигт тоглох боломжтой болгож өгсөн юм. Нараа ах маань Монголын волейболд томоохон хувь нэмрээ оруулж яваа хүн. Шинээр Hobby CUP гэх тэмцээн зохиож, клуб хүртэл байгуулж тамирчидаа гайхалтай дэмждэг үлгэр жишээ хүн. Хараад бахархаж явдгаа энэ дашрамд хэлмээр байна. Хүмүүс ийм хүмүүсээ мэддэг байх хэрэгтэй гэж бодож байна. Хүндэт ах танд маш их баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн