АНУ-ын Төрийн департамент лхагва гаригт Хьюстон хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрыг хаах шийдвэрийг танилцууллаа.
Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагагийн хэлснээр Вашингтон өөрийн улсын оюуны өмч, иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан бөгөөд Бээжинд Консулын газраа хаах 72 цагийн хугацаа өгсөн байна. Тэрээр “Венийн конвенцын дагуу аливаа орны Элчин сайд, Консулын газар, Дипломат төлөөлөгч нь тухайн хүлээн авсан орныхоо хууль тогтоомжийг хүндэтгэж, тухайн улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх үүрэгтэй гэж заасан байдаг. Вашингтон БНХАУ-ын шударга бус худалдаа, ажлын байр, оюуны өмчийн хулгай болон хүлээн зөвшөөрөх боломжгүй бусад үйл ажиллагааны адил АНУ-ын тусгаар тогтнол, ард түмний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлийг тэвчихгүй” гэсэн юм.
Бээжингийн эрх баригчид Цагаан ордны энэхүү шийдвэрийг эрс шүүмжлээд, хэрэв АНУ-ын зүгээс энэхүү шийдвэрээ нэн даруй цуцлаагүй тохиолдолд тус улсын компаниудын эсрэг хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь энэ талаар “АНУ-ын зүгээс Хьюстон дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрыг нэн даруй хаах шийдвэр гаргасан нь манай улсын эсрэг хийж буй сүүлийн үеийн үйл ажиллагаанууд дундаас хамгийн ноцтой, хурцадмал байдал юм” гэжээ.
Ажиглагчдын хувьд энэхүү үйл явдал нь хурцадмал байдалд ороод буй хоёр орны улс төрийн зөрчилдөөнийг улам бүр гүнзгийрүүлэх шалтгаан болно гэх байр суурийг илэрхийлсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өмнө нь Хятад улс АНУ төдийгүй Европын улс орнуудын оюуны өмчийг хулгайлсны үр дүнд олон мянган шинэ ажлын байр бий болох нөхцөлийг үгүй болгосон гэж мэдэгдээд байсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хьюстон дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газартай холбоотой асуудалд “АНУ дахь Хятадын бусад Консулын газруудыг хаах боломжтой” гэх байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл үүний хариуд БНХАУ-ын Коммунист намын эрх баригчид Хятадын Ухань хот дахь АНУ-ын Ерөнхий консулын газрыг хаах талаар хэлэлцсэн гэж нэрээ нууцалсан эх сурвалж “Ройтерс” агентлагт мэдээлсэн байна.
Хятадын улс төр, геополитикийн асуудлаар дагнан судалдаг АНУ-ын шинжээчид цаашид Бээжингийн эрх баригчид Хонконг, Шанхай, Гуанжоу зэрэг АНУ-ын томоохон бизнесүүд төвлөрдөг хотуудад байрлах тус улсын Консулын газруудыг хаах магадлалтай гэх мэдээллийг өгчээ. АНУ-ын Тагнуулын байгууллагын тэргүүн асан Ричард Гренел Хятадын технологийн компаниуд болон иргэд олноороо төвлөрдөг Сан-Франциско хот дахь БНХАУ-ын Консулын газрыг мөн хаах санал дэвшүүлсэн байна.
АНУ-ын Төрийн департамент Хьюстон дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрыг хаах шийдвэр танилцуулсны дараагаар Консулын газарт гал гарч байгаа дүр зураг ажиглагдсан бөгөөд гал сөнөөгчид очиж ажилласан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр тухайн үед Хятадын дипломат албан хаагчид бичиг баримтуудаа шатаан устгаж байсан аж.
Эх сурвалж: Reuters, CNN, CNBC