Open iToim app
Үйл явдал | 6 мин уншина

С.Баяр: Миний халаасанд задгай мөнгө үлдсэн

С.Баяр: Миний халаасанд задгай мөнгө үлдсэн
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 5
Ерөнхий сайд асан Санжийн Баярын бичсэн “Жаран хоног “Жаран”-ы бутархай” номын нээлт өнөөдөр боллоо. Номын нээлтийг тэрээр baabar.mn сайтын нийтлэлчдийн дунд зохион байгуулав. Энэхүү ном хоёр хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг “Жаран хоног” нэртэй бөгөөд С.Баяр гуайн Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрүүлсэн хоёр сарын тэмдэглэл, тухайн үеийн үйл явдал өрнөнө. Хоёрдугаар хэсэг нь “Жаран”-ы бутархай нэртэй. Уг хэсэгт түүний жаран жилийн амьдралынх нь дурсамжтай үе, уулзаж, нөхөрлөсөн хүмүүсийн хөрөг, хувь хувьсгалын амьдралд ул мөрөө үлдээсэн үйл явдлуудын тухай тэмдэглэл багтжээ.
Номын нээлтийн үеэр зохиолч,  Ерөнхий сайд асан С.Баярын хэлсэн үгийг хүргэж байна. 
Ерөнхий сайд асан С.Баяр “Би бодож санасан зүйлээ номондоо бичсэн учраас олон юм яриад хэрэггүй болов уу гэж бодож байна. Гуравхан зүйл хэлье. Энэ ном бүтсэн түүх нэлээд урт хугацааны бодол юм. Явж байхад олон зүйл санаанд ордог. Босон, суун тэмдэглээд явдаг. Халаасанд орхисон задгай мөнгө шиг юм шажигнаад л байдаг байсан юм. Хэзээ нэгэн цагт задгай мөнгөө бүхэлдүүлж байгаад ном болгондоо гэсэн бодол байсан. Энэ маань өнөөдөр биелж байна. Номын эхлэл хэсэгт "жаран хоног" гэдэг нь надаас үл хамаарах нөхцөл байдлын хэсэг юм. Ганц дангаар нь тавьчих гэхээр бүрэн бүтэн байдлыг илтгэж чадахгүй санагдсан учраас халаасанд байсан задгайгаа ард нь хачирлаж нэмээд нэг ном болговол яасан юм бэ гээд “Нэпко” хэвлэлийн газрынханд хандсан. Маш шуурхай миний саналыг хүлээж авсанд баярлаж байна. Өнөөдөр хэвлэлтээс ийм олон ном гараад, анх удаа л гарын үсгээ номон дээр зурж үзэж байна. Би чинь ном бичдэг биш, ном уншдаг талын хүн байсан. Өнөөдөр би  уншигч биш, бас нэг номны ард гарсан хүн шиг болж, амьдралдаа анх удаа ийм ёслолд оролцож байгаадаа баяртай байна.
Гүржийн үг байдаг даа. Эр хүн болсных хүүтэй болох ёстой. Эр хүн болж төрснийх  байшин барьж үзэх ёстой. Байшин бол нэг биш, нэг хэсэг болсон байгааг та нөхөд мэдэж байгаа. Нэг ном бичих ёстой юмаа гэдэг. Тэр маань өнөөдөр гүйцэлдэж байх шив дээ. Ингээд эр хүн болж төрснийх хийх ёстой гурван зүйлийг чадан ядан гүйцээж байх шиг байна. Халаасанд задгай мөнгө бас үлдсэн шүү. Өнөөдөр нийтлэгдсэн номыг хэтэрхий зузаан болгочих вий, ач холбогдолгүй олон зүйлийг хамж шимээд нийтлээд яах вэ гэж өөрөө эхлээд цензурдсэн. Дараа нь нөхдүүдтэйгээ нийлж хэсгийг нь хассан.  Энэ дайны хэдэн бутархай мөнгө халаасанд яваа. Тэднийгээ бүхэлдүүлж нэг юм болгох байх аа. Хэзээ ямар нөхцөлд гаргахыг би мэдэхгүй байна. Харин оршил нь жар хоног биш байгаасай гэж би хувьдаа хүсч байгаа. Оршил гэрэл гэгээтэй зүйл байгаасай гэж хүсч байгаа.
undefined
Би өөрийнхөө нэрээр буюу Санжийн Баяр гэж бичээд номоо гаргаж байна. Энэ номон дотор байгаа зүйлсийг туйлын үнэн гэж би хэзээ ч зүтгэхгүй. Энд ажиглалт, бодол, дүгнэлт байгаа. Ажиглалт дотор худлаа зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ номонд худлаа факт, баримт байхгүй. Харин бодол, дүгнэлт нь зөв үү, буруу юү гэдгийг шүүх нь уншигчдын эрх. Би өөрийн бодол, дүгнэлтээ зөв гэж үзээд энд бичсэн. Номыг минь уншаад надтай санал солилцох, санал сөрөх, нийлэх, маргалдах, зөрөхөд би маш дуртай байх болно. Баримт нь үнэн байхад миний бодол, дүгнэлт арай буруу байсан юм байна шүү гэдгийг олж харвал тэр нь миний хувьд хамгийн том олз байх болно.
Эцэст нь хэлэхэд, энэ цаашаа үргэлжлэх үү, яах уу. Би хувьдаа үргэлжлэх болов уу гэж бодож байна. Үргэлжлүүлэхийн төлөө зүтгэнэ. Өнөөдөр энэ номыг яах гэж гаргасан юм бэ гэвэл, би үгээ хэлмээр санагдсан юм. Би уг нь олон дугараад байдаггүй. Тэр тусмаа ам булаалдсан маргаанд оролцох цаанаасаа дуртай биш. Гэхдээ өнөөдөр би хэцүү газар шоронд орсон болохоос шороо үмхчихээгүй байгаа ш дээ. Жаран насыг үзлээ. Өнөөг хүртэл үзсэн харсан зүйлээ багыг нь ч болтугай буулгая, үнэн энэ юм байна гэж бодсон. Яагаад гэвэл бидний амьдарч байгаа цаг үеийн тухай оролцогч нар, гэрчүүд нь амьд байна. Сүрхий үлгэр домог зохиогдоод эхэллээ. Өнөөдөр зохиогдож байгаа юм биш. Тэрэнд нь оролцсон гэрчийн хувьд дуугүй суугаад байхаар тэрийг нь зөвшөөрсөн юм шиг болчих гээд байгаа юм. Тиймээс цаашаа юу хийх вэ, ямархуу сэдэв байх вэ гэж бодохоор олны анхаарлын төвд байдаг долдугаар сарын 1 сэдвээр ном бичдэг юм уу гэсэн бодол байна. Бодит баримт дээр үндэслэж байгаад хувийнхаа бодлоор бичнэ. Хувийн бодол дээр маргаж болно, харин бодит  баримт баталгаатай байхыг би эрхэмлэнэ.
Оюутолгойн асуудал энэ номонд орсон. Гэхдээ бүрэн бүтэн ороогүй. Тавантолгой асуудал миний тэргүүлсэн Засгийн газрын үед шийдэгдээд, одоо үр өгөөжөө өгөөд явж байгаа. Энд болох, болохгүй зүйл бий. Хажуугаар нь Стандарт банктай Баяр холбоотой ч юм шиг, үгүй ч юм шиг. Өчигдөр Засгийн газрын гишүүн телевизээр улаан цайм юм ярьж байна лээ. “Жаст-ын Ш.Батхүү Ерөнхий сайд асан С.Баяртай үгсэн хуйвалдсан зүйл байдаг, үүнийг нь шүүх авч хэлэлцэхгүй” ухааны юм ярьсан. Би сонсоод чихэндээ итгээгүй. Засгийн газрын гишүүн бол хариуцлагатай эрхэм шүү дээ. Гэтэл улаан цагаан тэгж ярьж байсан. Би өөр рүү нь ч хэлсэн, ингэж арай болохгүй л дээ. Тиймээс яригдаад байдаг сэдвүүдийн тухай тус тусад нь байх уу, нийлүүлээд нэг ном болгох уу, яах уу би сайн мэдэхгүй байна. Нэг юм хийе гэсэн бодол байгаа.
Миний нэг мэдэхгүй юм байна. Миний үеийнхний зарим нь сайн мэддэг хэрэглэдэг юм байна. Орчин үеийн хүмүүсийн хэрэглэдэг сошиал медиаг би үнэхээр мэдэхгүй юм аа. Хүн мэдэхгүй юмнаасаа айдаг гэдэг шиг өнөөг хүртэл сошиал медиа рүү зүрхэлж орохгүй яваад байсан. Нэгэнт ном гаргасных, цаашаа бас төлөвлөгөө байгаа учраас шууд харилцах бололцоог олгодог шинэ цагийн явдал юм болов уу гэж ойлгож байгаа. Энд мэргэшсэн хүмүүстэй зөвлөж байгаа аль нэгэнд нь данс тооцоо, аккаунт нээлгэдэг юм уу даа. Тэгээд жиргэнэ үү, юу гэнэ тэрэнд нь орж үзий гэж бодож байгаа.
Миний гэгээн дүрийг бүтээнэ гэж арваад жил оролдсон. Эерэг гэхээс илүү сөрөг л дүр бүтсэн байдаг юм. Энд нэлээд хөрөнгө мөнгө, цаг зав зарцуулсан байдаг. Энд нээх санаа зовоод байх юм алга. Нэг хувь хүний сөрөг дүр байх, байхгүй нь жижиг асуудал. Харин тэр хүний дүрээр дамжуулж болсон үйл явцыг гуйвуулж болохгүй байх гэж санаж байна. Бид XX зууны түүхээ өөдтэй сайн мэдэхгүй байна ш дээ. Гэтэл XXI зуун дөнгөж гарчихаад байхад болсон юмны талаар илт буруу зөрүү мэдээлэл өгөөд хүмүүсээ дасгаж байгаад үнэн бодит байсан юм шиг болгох гэж байгаа зүйлтэй би хувьдаа санал нийлж болохгүй гэж хараад байгаа. Тиймээс надад хувь заяа тохиосондоо өнөөдрийн Монголын нийгэмд яригдаад байгаа гол сэдвүүд рүү  дуртайдаа яваад орсон юм биш. Ажил алба маань тэгээд таарсан. Өнөөдөр явж байгаа том төслүүдийн бүтэмжтэй, бүтэмжгүй байгаа, эдийн засаг, улс төрийн ч өөрчлөлтүүд явж байгаа. Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байна. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор санаа бодлоо илэрхийлж байх нь зүйтэй юм байна. Тиймээс baabar.mn-ийн нийтлэлчид, мөн нийгмийн сүлжээнд идэвхтэй байр суурьтай, араас нь олон мянган хүн дагадаг хүмүүстэй санал солилцоход бэлэн байгаа шүү.
Жар гараад ирэхээр нэг юмандаа их харамч болдог. Тэр нь цаг хугацаа. Хорьтой байхад цаг хугацааны үнэ цэнийг төдийлөн мэддэггүй байлаа. Өнөөдөр бол миний үе тэнгийнхэн юу хийснийг мэдэх байх. Миний амьдрал алдаж, онож л яваа шүү дээ. Гэхдээ илт худлаа түүх үлдээж болохгүй. Илт худлаа эерэг, сөрөг дүр бүтээсэн байхыг би ч гэсэн зөвшөөрөхгүй. Ном бичих болсон минь үнэн мөн энэ хорвоод зонхилж явж байгаасай гэсэнтэй холбоотой. Үнэн мөнд хамтаараа оролцъё гэсэн бодолтой байна” гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн