Дэлхийн Уйгарын Конгресс олон улсын байгууллага пүрэв гаригт ОУОХ-нд хандан 2020 оны өвлийн олимпын наадмыг БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулахыг хориглохыг уриаллаа. Тус байгууллага нь өнгөрөгч хоёрдугаар сард энэ асуудлаар Швейцарт төвтэй Олон улсын спортын арбитрын шүүхэд хандаад байсан юм.
Германы Мюнхен хотноо төвтэй Уйгар иргэдийн эрхийг хамгаалах тус байгууллага нь БНХАУ-ын эрх баригчид Шинжаан Уйгарын өөртөө засах орон дахь исламын шашинт үндэсний цөөнхийн соёлыг устгахаар тэдний эсрэг геноцид явуулдаг гэж мэдэгджээ. БНХАУ-ын Коммунист нам сүүлийн жилүүдэд Шинжааны хүний эрхтэй холбоотой асуудлаар олон улсын хүчтэй шахалтад орох болсон.
Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр Хятадын эрх баригчид голцуу исламын шашинт иргэдээс бүрдэх нэг сая гаруй хүнийг улс төрийн хавчлагаар хорих лагериудад хориод байгаа юм. Харин Бээжингийн эрх баригчид үүнийг иргэдийг шашны хэт туйлшралаас ангижруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “мэргэжил сургалтын төв”-үүд гэх тайлбарыг өгдөг.
Тэгвэл ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахад хаягласан Дэлхийн Уйгарын Конгресс нээлттэй захидалд “Хятадууд Шинжаанд геноцид үйлдэж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Уйгар болон бусад үндэсний цөөнхүүдийг эрүүдэн шүүдэг. ОУОХ нь ёс зүйн хатуу дүрмийг баримталдаг олон улсын байгууллага атлаа Шинжаан Уйгарын бүс нутаг төдийгүй Хятад улсын хүний эрхийн нөхцөл байдал, олон улсын эсрэг гэмт хэргийг үл харгалзан 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг Бээжин хотод олгосон явдалд бид гүнээ харамсаж байна. Бид өнгөрөгч хоёрдугаар сард 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг хориглох тухай асуудлаар ОУОХ-ны дэргэдэх Олон улсын спортын арбитрын шүүхэд хандсан боловч ямар ч хариу ирүүлээгүй” гэжээ.
ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч уг асуудалд “Бид олон улсын улс төрийн асуудалд төвийг сахисан байр сууриа хэвээр хадгална. Бээжинд зохион байгуулагдах 2022 оны өвлийн олимптой холбоотой асуудлаар ОУОХ-ны Үнэлгээний комисс хүний эрхийг хамгаалагч хэд хэдэн хараат бус ТББ-уудын санал бодлыг авсан. Бид олимпыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай тохиолдолд энэ асуудлаар зохион байгуулагч талтай хэлэлцэх болно” гэсэн байна.
Бээжин хотноо 2008 онд XXIX удаагийн зуны олимпын наадам амжилттай зохион байгуулагдаж байсан юм. БНХАУ-ын эрх баригчид 2022 онд Бээжин хотноо XXIV удаагийн олимпын наадмыг зохион байгуулах эрх олж авснаар нийслэлдээ өвөл, зуны олимпын наадмыг аль алийг нь зохион байгуулах зорилгодоо хүрсэн. Бээжин хотноо хүн төрөлхтний эв санааны илэрхийлэл болсон өвлийн олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-нөөс хоёрдугаар сарын 20-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.