Сонгинохайрхан дүүргийн XX хороо. Хуучин болоод шинэ төв цэвэрлэх байгууламжийн хажууханд Ус дахин боловсруулах үйлдвэрийн шавыг өнөөдөр тавилаа. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, АНУ-ын зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан туслах ТНБД Даниел Ж.Критенбринк, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески тэргүүтэй хүмүүс оролцлоо.
Энэхүү үйлдвэр нь АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд хэрэгжих хоёр дахь том төсөл юм. Ус дахин боловсруулах үйлдвэр нь 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох бөгөөд шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр ус авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцын хэрэглээнд нийлүүлэх юм. Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган айл өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэх боломжтой болох аж.

Уг шав тавих ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд одоогоос яг жилийн өмнө бид ирээдүйд Улаанбаатар хотыг, цаашлаад дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг Сонгинохайрхан уулын бэлд эхлүүлсэн. Тэгвэл өнөөдрөөс энэ талбайд Компакт гэрээний санхүүжилтээр барих хоёр дахь бүтээн байгуулалт болох Ус дахин боловсруулах үйлдвэр сүндэрлэн босох болно" гэдгийг онцоллоо.
Үйлдвэрийн тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн шинэлэг байх учраас нэлээд их хэмжээний хөрөнгө гарах нь лавтай. Уг бүтээн байгуулалтад АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая долларын хөрөнгө оруулалтаас бүрдэх аж. Нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээ нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт босож, 662 хүнийг ажлын байраар хангах юм.
Тэгвэл 350 сая ам.долларын хөрөнгө оруулж байгаа талын буюу АНУ-ын Мянганы сорилтын Корпорацын компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфордтой ач холбогдол болоод төслийн талаар товч ярилцлаа.
-Ус дахин боловсруулах үйлдвэрийн онцлог болоод хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Монгол Улсад барих гэж байгаа ус дахин боловсруулах үйлдвэр дэлхий дээрх шинэлэг технологийг нэвтрүүлж байгаа. Монголдоо анхны тодотголтой ус дахин боловсруулах үйлдвэр болох нь. Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд эл үйлдвэрийг барьснаар Монгол Улсын цэвэр усны нөөцийг хэмнэх боломж бүрдэнэ.
-Цаашид манай улстай гурав дахь компакт гэрээ байгуулах боломжтой юу, тийм бол дараагийн бүтээн байгуулалт юу байх вэ?
-Мянганы сорилтын сангийн хоёр дахь Компакт гэрээ хэрэгжиж эхлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Энэ компакт гэрээний ажил дахиад гурван жил үргэлжлэхээр байгаа. Бидний гол анхаарч байгаа ажил нь энэ төслөө амжилттай, цаг хугацаанд нь, хариуцлагатай дуусгахад л анхаарч байна. Дараагийн ажилд анхаарлаа төвлөрүүлээгүй байгаа.
-Энэ төсөл дэлхий нийтэд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтын нэг хэсэг. Тиймээс та энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?
-Монголчууд надаас илүү мэдэж байгаа байх. Улаанбаатарчуудад усны нөөцгүй болох асуудал тулгамдаж байна. Хотод уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон төрлийн асуудал бий. Цэвэр усныхаа эх үүсвэрийг хэмнэх зорилгоор ус дахин боловсруулах үйлдвэр барьж байгаа юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор цэвэр усаа урт хугацаанд хэрэглэнэ. Энэ төслийг усны компакт гэж яриад байгаа боловч мөн чанар нь Монголчуудад чиглэж байгаа. Хүмүүс урт хугацаанд цэвэр устай байж, усны гачигдалд орохгүй. Усны төсөл хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд тодорхой хэмжээний хувь нэмэр орно.

Дахин боловсруулсан усыг иргэд саарал уснаас ялгахгүй байж мэдэх тул ялгааг нь Ус дахин боловсруулах төслийн дарга Т.Хишигт тайлбарлав. Тэрээр “Айл өрхийн угаалтуураас гарч буй саван, нунтагтай ууссан усыг саарал ус гэдэг. Харин бидний боловсруулах гэж байгаа ус бол Монгол Улсын MNS-67342018 стандартаар дахин ашиглах боломжтой цэвэрлэсэн ус болно. Төв цэвэрлэх байгууламж ус нь MNS-49432015 стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлээд байгаль орчиндоо нийлүүлдэг. Тэрхүү шаардлага хангасан усыг бид аваад таван шат дамжлагаар цэвэрлэнэ. Үүнийгээ хоёр станцын технологийн хэрэгцээнд ус дамжуулах шугам хоолойгоороо дамжуулан өгөх юм. Төв цэвэрлэх байгууламжаас өдөрт 250 мянган метр куб бохир ус гардаг. Ус дахин боловсруулах үйлдвэр нь энэ усны тавны нэг буюу 50 мянган метр кубыг өдөрт авч, цэвэрлэх боломжтой” гэв.
Эл бүтээн байгуулалт цогц хөтөлбөр болж хэрэгжвэл, Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Эм Си Эс проперти” шалгарсан бөгөөд үйлдвэрийн технологийн зураг төслийг БНФУ-ын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компани хариуцан ажиллах аж.
“М-Си-Эс Проперти компанийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир: "Мянганы Сорилтын Корпорацын шалгуураар олон улсын байгууллагуудтай өрсөлдөн тус төслийн гүйцэтгэгчээр шалгараад байна. Үндэсний компани Ус дахин боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, барилга байгууламж, технологийн угсралтын ажлыг дотоодын болон олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх болсон нь Монгол компани дэлхийд өрсөлдөж чадаж буйн нэг илрэл” хэмээн онцолсон юм.