Open iToim app
Боловсрол | 3 мин уншина

Д.Ундармаа: Эерэг стресс нь хүнийг илүү эрч хүчтэй, тайван, идэвхтэй болгодог

Д.Ундармаа: Эерэг стресс нь хүнийг илүү эрч хүчтэй, тайван, идэвхтэй болгодог
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 1
Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Д.Ундармаатай ярилцлаа.
-Хүмүүс эерэг стрессийн талаар төдийлөн сайн мэддэггүй. Эерэг стресс гэж юуг хэлдэг вэ?
-Хүний амьдралын алхам тутамд стресс үүсгэгч хүчин зүйлс байсаар байдаг. Тийм ч учраас хүн өдөр тутамдаа стресст бага багаар өртсөөр байдаг. Тэгэхдээ тухайн стресс удаан хугацаанд дахин, дахин давтагдаад ирэх үед сөрөг стресс болдог. Харин тэр стресс нь асуудлыг шийдэх, илүү боломжуудыг олгож өөрт нь таатай мэдрэмжийг түрүүлж байвал энэ нь эерэг стресс болж байгаа юм.
Та өөрөө ч мэдээгүй байхдаа эерэг стресст автсан байдаг. Мөн үүнийг зориудаар ч бий болгох боломжтой. Өөрийгөө ямарваа нэг зүйлд сорьж, идэвхтэй байлгаж, сайхан мэдрэмж төрүүлэх,  шинэ зорилго тавьж, түүн рүү тэмүүлэх үед  буюу догдлох эсвэл түгших, сандарсан мэдрэмж авах үед хүн эерэг стресст өртдөг байна.
-Эерэг стресст давуу тал гэж бий юу?
-Эерэг стресс нь хүнд түлхэц болж өгдөг, уураг тархи болоод бие организмд шинэчлэл хийж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлж чаддаг. Өөрөөр хэлбэл эерэг стресст өртөн түүнийгээ даван туулах үед хүний биед адреналины хэмжээ маш сайн ялгардаг учраас хүн өмнөхөөсөө илүү эрч хүчтэй, тайван, идэвхтэй байж чаддаг. Мөн асуудалд орох буюу стресст автахад хүний тархи тулгарч буй аюулыг давах, асуудлыг шийдвэрлэх аргууд дээр нухацтай төвлөрч эхэлдэг. Нөгөөтэйгүүр стресс нь тулгамдсан үед анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж, шийдвэр гаргах чадварт эергээр нөлөөлдөг. Хүн аливаа стрессийг даван туулснаар тэсвэр тэвчээр, өөртөө итгэх итгэлтэй болж, аливаа нөхцөл байдлаас зугтахаас илүүтэй нүүр тулж, сэтгэл зүйгээ удирдаж сурдаг байна. Дээр хэлсэнчлэн стресст өртөхөд адреналин ялгардаг тул энэ нь өвчин намдаагч болж ямарваа нэг гаднын цочролд илүү тэсвэртэй болгодог.
Тэгэхдээ стрессийг удирдаж чадахгүй бол ямар ч сайн үр дүн гарахгүй. Тиймээс хүн өөрийгөө удирдаж стрессээ зохицуулж сурах хэрэгтэй.
-Сөрөг стрессийн талаар ярихгүй байж болохгүй байх. Хаврын улиралд хүн их ядарч, стресст өртдөг. Энэ юутай холбоотой вэ?
-Улирлын шинж чанартай хүмүүс их стресстдэг. Ялангуяа хавар, намрын улиралд маш олон цаг агаарын хэлбэрүүд ойрын хугацаанд хэлбэлздэг учраас үүнд хүний бие махбод болон оюун ухаан дасан зохицох гэж оролддог. Үүнтэй холбоотойгоор тодорхой хэмжээнд бүх бүрд стресс үүсч эхэлдэг. Энэ нь насны төвшнөөс хамаараад янз бүр илэрдэг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд дээр илүү их илэрдэг. Мөн сэтгэлзүйн хувьд тогтворгүй, маш удаан хугацаанд  өвчлөлтэй таагүй мэдрэмжүүдтэй явсан хүмүүсийг энэ нь илүү эмзэг, мэдрэмтгий болгоод ирдэг.  Харин сэтгэцийн хувьд асуудалтай хүмүүст өвчлөлийг нь сэдрээх магадлал өндөр байдаг.
-Стрессээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
-Хүн бүрд өөрийн гэсэн стресс тайлах арга байдаг. Иймд өөрийг маш сайн таньж мэдсэн байх шаардлагатай.
Өөртөө тавих анхаарлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Аливаа бухимдал үүсгэсэн орчноос зайлсхийх, ажлаа зөв зохицуулах, хүнд үгүй гэж хэлж сурах нь чухал. Мөн тулгамдсан асуудлаа ярьж зөвлөгөө авдаг найз нөхөд байх шаардлагатай. Хамгийн эрүүл арга  бол спортоор хичээллэх. Хүн тархиа ачааллуулсан шигээ биеэ ачааллуулж чадах юм бол стрессээс урьдчилан сэргийлж, өртөхгүй байх боломжтой. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн