УИХ-ын ээлжит бус чуулганаар Зээлийн хүүг буруулах стратегийг баталсан билээ. Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар ирэх дөрвөн жил буюу 2021-2024 онд зээлийн хүүгийн хэмжээг дөрвөн нэгжээр бууруулахаар төлөвлөсөн. Ингэхдээ жил бүр нэг нэгжээр бууруулж, одоо 16.3 хувь байгаа зээлийн хүүг 2024 онд 12.3 хувь болгох буюу сарын нэг хувь болгох юм.
Зээлийн хүүг тогтоход хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь эх үүсвэрийн зардал буюу харилцах хадгаламжийн хүүгийн зардал юм. Тодруулбал, зээлийн хүү тогтож байгаа нийт зардлын 60 хувь хадгаламжийн хүүгийн зардлаас хамааралтай байгаа учраас хамгийн түрүүнд эл зардлыг бууруулах чиглэлд үе шаттай арга хэмжээг авах юм байна. Мөн намрын чуулганаар зарим хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ хүрээнд банкин дээр байгаа хугацаагүй харилцах хадгаламж дээр хүү төлөхгүй байх заалтыг оруулсан байна. Банк хоорондын өрсөлдөөнийг бий болгож, аль болох цахимжсан төлбөр тооцоог түлхүү хийвэл зардал бууруулах боломжтой гэж Монголбанк үзэж буй.
Энэ он гарсаар валютын харилцах хадгаламжийн хэмжээ 30 хувь хүртлээ өссөн. Энэхүү ханшийн зөрүүний орлогыг хадгаламж эзэмшигч авч байгаа учраас ханшийн зөрүүнээс татвар авах саналыг намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд суулгаад байгаа аж.