Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60, Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ой тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг.
Ингээд монгол хүн бүрийн мэдэж байх ёстой монгол хүн анх сансарт ниссэн тухай сонирхолтой 10 баримтаас хуваалцъя.
1. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монгол Улсын анхны хүн, Ази тивийн хоёр дахь хүн юм.
2. Тэрээр сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүнээр түүхэнд бичигдсэн.
3. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, нисгэгч В.А.Жанибеков нар “Союз-39” хөлгөөр хөөрч, “Салют-6” сансрын станцтай холбогдож улмаар 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрөөсөн.
4. Сансарт найман өдрийн турш байх хугацаандаа дэлхийг 124 удаа тойрсон.
5. Нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг тухайн үед БНМАУ-ын ШУА-ынхан дангаараа хариуцаж байжээ.
6. Тус нислэгээр баг хамт олон Атлантын далай, Латин Америк, Арабын хойг гээд тив газрууд, Канад, АНУ, Куба зэрэг улсууд болон ашигт малтмал, амьтан судлал гээд газар зүйн төлөвлөгөөт олон зураг авсан байдаг. Тэдгээр зургууд олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан аж. Ялангуяа газрын мэдээлэлд буюу дэлхийн улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд түлхүү ашиглажээ.
7. Монгол Улс нь сансрын уудамд техникээ гаргаж, туршсан дэлхийн тав дахь орон болсон.
8. Сансар судалгааны төхөөрөмж бүтээж нислэгийн явцад бүтээж 20 дахь орон болсон.
9. Монгол Улс өөрийн нисгэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
10. Ж.Гүррагчаа нь сансарт нисэхдээ биедээ аавынхаа өгсөн хаш, хөөрөг, ээжийн өгсөн арван төгрөг, маршал Ю.Цэдэнбалын зургийг авч явжээ.
Ж.Гүррагчаа нь 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрж, 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нислэгийн дамжаанд суралцсан. Улмаар 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсжээ. Тэрбээр 1978 оноос ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байдаг. 1978 онд Ж.Гүррагчаа нь ардын армийн ахмад цолтой байсан бөгөөд түүнийг сансарт ниссэний дараа БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар цолоор шагнаж байв.