Open iToim app
Зочин | 3 мин уншина

М.Бөхчулуу: Шээсээ удаан барих нь бөөрний үрэвсэл, халдварын гол шалтгаан болдог

М.Бөхчулуу: Шээсээ удаан барих нь бөөрний үрэвсэл, халдварын гол шалтгаан болдог
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 25
Бөөр, шээсний замын үрэвсэл гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч М.Бөхчулуутай цөөн хором ярилцлаа.
-Бөөр, шээсний замын үрэвсэл гэж ямар өвчин юм бэ. Уг өвчнийг үүсгэдэг гол шалтгаан нь юу байдаг вэ?
-Бөөр, шээсний замын үрэвсэл нь ихэнхдээ нас харгалзахгүй тохиолддог. Халдварын голомтоос цусаар дамжиж, давсаг, бөөрийг гэмтээсэн үрэвслийг бөөр шээсний замын үрэвсэл гэж байгаа юм. Үрэвслийн үндсэн шалтгаан нь бактери бөгөөд биеийн эд эрхтний үрэвсэл, халдварын голомтод байгаа нян цусаар дамжин давсаг, шээсний сүвээр орж бөөрийг гэмтээдэг. Бөөрөнд халдварласан нян  шууд өвчин үүсгэх нь тухайн хүний дархлаанаас хамаардаг. Өөрөөр хэлбэл, байнга даарах, хоол  муутай байх, ядрах зэргээс шалтгаалан дархлаа муудмагц нянгууд “нойрноос сэрж” бөөрийг  гэмтээж эхэлдэг. Сүүлийн үед хүмүүс цоорхой шүд, ханиад томуугаа дутуу эмчлэх, даарч хөрснөөс болж бөөр, шээсний замын үрэвслээр өвчилж байна.
-Цоорхой шүдтэй байх нь бөөр, шээсний үрэвсэлд яаж нөлөөлдөг юм бэ?
-Цусаар дамжих бүх халдварууд бөөрөөр дамждаг. Иймээс идээрүүлэгч бактер цусаар дамжин үрэвсэл үүсгэдэг юм. 
-Бөөр, шээсний замын үрэвслийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Шээс ойрхон хүрэх, шээх үед давсгаар эвгүйрхэх, ууц нуруугаар хөшиж өвдөж болно. Бөөрөнд нянгийн халдвар орж үрэвсэл үүсгэж байгаа тул бусад үрэвслийн адил үрэвслийн шинж тэмдгүүд гардаг. Тухайлбал, хоолны дуршил муудаж, халуурах, бие сульдаж, ядарч, тамирдах шинж тэмдэг илэрдэг. Үүнийг даамжруулбал, үрэвслийн шалтгаантай давсагны тонус буурч, шээсээ барьж чадахгүй хэмжээнд хүрнэ.
-Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд буюу бөөр, шээсний замын үрэвслийн үед ямар арга хэмжээ авч болох вэ?
-Уух шингэнийхээ хэмжээг нэмэгдүүлээрэй. Тухайлбал, 16 дээш насны хүн өдөрт хоёр, 8-16 насны хүүхэд 1.5, 1-8 настай хүүхэд нэг литр шингэн ууж болно. Шарсан хайрсан, тостой хурц хоолноос аль болох татгалзана. Аль болох дулаан байж, амин дэмтэй хүнс хэрэглэж дархлаагаа дэмжээрэй. Уг өвчнийг дутуу эсвэл буруу эмчилбэл өвчин архагших, хүндрэх эрсдэлтэй байдаг. Тиймээс яаралтай эмчид хандах хэрэгтэй. Хэрвээ бөөр, шээсний замын үрэвслийг архагшуулбал удаан хугацааны эмчилгээ шаардана.
-Бөөр, шээсний замын үрэвслийг архагшуулбал удаан хугацааны эмчилгээ шаардана гэлээ. Тэгэхээр уг өвчин хүндэрвэл ямар эрсдэлтэй юм бэ?
-Бөөрний эдийн болон өөхлөгийн буглаа, бөөрний эдийн үхжил,  бөөрний цочмог дутагдалд орж болно.
-Уг өвчний үед идэж болохгүй хоол хүнс байдаг уу?
-Xалуун ногоо, шоколад, кафеинтай ундаа, арxи болон давс давсалсан xүнс, xиам, консерв зэргийг аль болоx xэрэглэxгүй байх хэрэгтэй.
-Ойр ойрхон шээс хүрэх үед халуун жин тавих нь зөв үү?
-Халуун жинг нурууны булчингийн чангаралтай холбоотой үрэвсэл үүссэн үед тавьж болох ч сонгомол арга бол биш. Энэ нь өвдөлт, зовуурыг түр зуур багасгадаг юм. Халуун жин тавьснаар бөөр, шээсний замын бактерийн өсөлт, үржилтийг идэвхжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг.
-Шээсээ удаан барих нь ямар нэг эрсдэлтэй юу?
-Давсганд шээс хадгалах нь үрэвсэл халдварын гол шалтгаан болдог. Энэ нь бөөр, шээсний замын үрэвсэл үүсгэхээс гадна бөөрний чулуу үүсэх магадлалтай байдаг.
-Бөөр шээсний замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах вэ?
-Хамгийн эхний урьдчилан сэргийлэлт бол амны ариун цэвэр байдаг.Тиймээс хоолойны махгүй, цоорхой шүдгүй байх хэрэгтэй. Ханиад томуугаа бүрэн эмчилж, нурууны булчингийн өвдөлт, чангаралгүй байхыг хичээж, дасгал хөдөлгөөний хий. Бөөрний цусан хангамжаа сайн байлгах хэрэгтэй. Бөөрний цусан хангамж сайн байх тусам үрэвсэл амархан шимэгдэж байдаг. Ингэхийн тулд цусаа шингэн, цус багадалтгүй байх ёстой юм. Мөн шээсээ хүрсэн үед шээж, давсны хэрэглээгээ багасгаарай. 
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн