Open iToim app
Боловсрол | 13 мин уншина

М.Мандах: Аялал бусдын оршихуйг таних том боломж

М.Мандах: Аялал бусдын оршихуйг таних том боломж
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 23
“Амьдралыг би чемоданаа бэлдээд гарах алс холын аялал гэж боддог. Аяллын зорилгоосоо хамаараад хэрэгтэй зүйлсээ бид бэлтгэн авч явдаг. Үүнтэй адил таны амьдралын чемоданд яг юу  багтаж байгаа вэ. Юу ч байлаа гэсэн өөрийн болоод бусдын үнэ цэнэ, үнэт зүйлсийг бүтээх дурсамж багтсан гэдэгт би итгэлтэй байна...” хэмээн өгүүлэх аялагч М.Мандахыг ярилцлагын зочноор урилаа.  ХБНГУ-ын ЭСЯ-ны харьяа Дээд Боловсролын Хяналтын албаны мэргэжилтэн, “Монгол-Германы Гүүр” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, одоогоор Швейцарь, Герман, Франц, Испани, Турк, ОХУ, Киргиз, Африкийн Руанда зэрэг 10 гаруй улсаар аялж, амьдарсан түүнтэй боловсрол, хувь хүний хөгжил, аяллын дурсамж болон туршлагаас нь хуваалцлаа.
Африкийн Руанда Улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ Монголоос зургаа дахин бага мөртлөө хамгийн цэвэрхэн хот. Гэтэл...
-Та Швейцарийн Холбооны Улсад суралцаж, олон орноор аялсан. Аяллын дурсамжаасаа хуваалцахгүй юу гэвэл аль улсыг, ямар аяллаа онцлох вэ?
-Улс орон бүр өөрийн гэсэн онцлогтой. Миний хувьд барууны орнуудаар голчлон аялсан. Тиймээс хамгийн өвөрмөц санагдсан нь Африкийн Руанда улс юм. Энэ улсын түүх маш их сургамжтай. Одоогоос 24 жилийн өмнө буюу 1994 онд иргэний дайн гарч  100 орчим хоногийн дотор 1 сая иргэн амиа алдсан. Үзэл бодлын зөрүү, зөрчлөөс болж гэр бүлийн гишүүд хүртэл нэгнийгээ хөнөөж байсан юм байна лээ.  Эдийн засгийн үзүүлэлтээр нь авч үзвэл нэг хүнд ногдох ДНБ 2016 оныхоор 700 гаруй ам.доллар учир буурай хөгжилтэй оронд тооцогддог. Харин манайх бол 3800 ам. доллар учир хөгжиж буй оронд ордог тул харьцуулах аргагүй. Гэвч тухайн улсаас онцлох олон зүйлс байсан. Жишээлбэл, 12 сая хүн амтай, 26,338 км2 газар нутагтай, буурай хөгжилтэй оронд тооцогддог боловч хоггүй, маш цэвэрхэн. Хагас сайн өдөр бүр нийтээрээ их цэвэрлэгээ хийдэг гэсэн. Нийслэл Кигали хот нь 2015 онд Африкийн хамгийн цэвэрхэн хот болсон байна лээ. Үнэхээр сайхан санагдсан. Гэтэл манайд хот, хөдөөгүй хогтой. Жуулчид дагуулж яваад түр амрах гээд нэг газар зогсохоор л бөөн хог, хуванцар савнууд. Нэг удаа бүр ичээд түүж байсан ч үе бий. Үнэхээр ичмээр шүү. Цэвэрхэн байх гэдэг ойлголт бол улс орны хөгжил, газарзүйн байршил, цаг уурын нөхцөл, мөнгөтэй, мөнгөгүй зэрэг хүчин зүйлсээс огтхон ч хамаарахгүй ээ. Амьдарч байгаа орчноо цэвэр цэмцгэр, тав тухтай байлгаж чадахгүй байгаа бид цаашдын том хөгжил ярих нь эргэлзээтэй. Ер нь бол бид хормын дотор, магадгүй нэг минут, нэг секундын дотор Швейцарь, Руанда зэрэг улс шиг хоггүй, цэвэрхэн орон болох бүрэн боломжтой. Нууц нь маш энгийн. Хаясан хогоо цэвэрлээд хүн бүр дор бүрнээ ил задгай хаяхгүй байх. Тэрнээс хөндлөнгийн хүнээс, ялангуяа улс төрчид, захирал, хариуцсан байгууллагаас хамаарахгүй шүү дээ. Харамсалтай нь манайд хогондоо баригдсан залхуурлын өртөг өндөр гарч байна шүү дээ. Мөн Руанда нь авлигын индексээр 2017 оны байдлаар дэлхийд 48-рт жагсаж байгаа бол манай улс 103-р байрт байна.
Руанда улсын хувьд өнөөдөр хүртэл өмнө болсон гашуун зовлонг туулж яваа, гэр бүлийн гишүүдээ алдсан болон хороож явсан иргэд нэгэн дээвэр дор нэгдэж, зэрэгцэн амьдрах, хэрхэн бие биенээ хүлээн зөвшөөрч, нэг улс, нэг үндэстэн гэдгээ ойлгох шаардлагатай тулгарсныг харахад үнэхээр гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Хамгийн гол нь улс хөгжихөд элдэв хуваагдал бус хөгжье гэсэн нэгдмэл алсын хараа, зорилго хэрэгтэй гэдгийг эндээс харж болно.
-Олон улсын эдийн засгийн харилцаагаар магистр хамгаалсан хүний хувьд улс орны хөгжилд хамгийн гол нөлөөлдөг зүйлийг юу гэж хардаг вэ. Монгол Улсад Швейцарь улсаас жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл 2012 онд  хэрэгжүүлж эхлэхэд анхны ажилтан, хөтөлбөрийн орлогчоор ажиллаж байсан гэж сонссон. ЖДҮ-г хөгжүүлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Олон хүчин зүйлс байна. Миний хэлж байгаа бүхэн заавал тохирох албагүй ч бид нэгд, хувь хүний хөгжилд анхаарч, яг ажиллана гэдэг юу байдгийг ажилтнууддаа зааж сургах, дадалтай болгох. Хоёрт, нэмүү өртөг шингээсэн, өрсөлдөхүйц бүтээгдэхүүн/үйлчилгээг тогтмол үйлдвэрлэж байж хөгжинө гэсэн итгэл үнэмшилтэй байдаг.  Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн/үйлчилгээ санал болгож байж л улс баяжиж, нийт ард иргэдийн ахуй амьдрал сайжирна. Түүнээс хүч хөдөлмөр гаргаагүй байхад тэнгэрээс гэнэт мөнгө унаад ирэхгүй шүү дээ. Энэ нь ямар ч салбарт байж болно. Гуравт, зах зээлээ тэлэх, өргөжүүлэх, үүнтэй холбоотой санхүү, хөрөнгө татах. Дөрөвт, бүтээгдэхүүн/үйлчилгээгээ тууштай нийлүүлж, хэрэглэгчид хүрсэн итгэлээ алдахгүй байх. Тавт, хурд. Бүх юм маш хурдтай өөрчлөгдөж байна.
Би төсөл дээр ажиллаж байх хугацаандаа монголын олон ЖДҮ-ийн туршлагатай танилцаж, зөвлөгөө өгч, сургалт явуулж байсан. Мөн гаднын ЖДҮ-ийн туршлагаас суралцаж, судалсан. Жишээ нь, дэлхийд алдартай Швейцарийн “Викторинокс” хутганы үйлдвэртэй танилцаж байлаа. Танилцах явцад компанийн нийгмийн хариуцлагын үүднээс сургаж, үйлдвэртээ дадлагажуулсан залуусаа зөвхөн компанидаа үлдэж, ажиллахыг шаарддаггүй юм байна лээ. Өрсөлдөгчөө бэлдэж байна хэмээн хардаггүй үр дүнд нь Швейцарь улс хөгжинө гэж харах жишээний.
Хамгийн гол нь өрсөлдөх чадвартай, монголын онцлогийг тусгасан онцгой бүтээгдэхүүн/үйлчилгээг санал болгох нь чухал. Дотоодын зах зээлийг харахад л манайд дүүрэн гадны бүтээгдэхүүн зөөсөөр л байна. Тэр бүтээгдэхүүнийг хэрэглэгчид илүүд үзэж байгаа учраас зарагдаж байгаа шүү дээ. Мөн ихэнхи ЖДҮ эрхлэгчид алсын хараагаа зөв тодорхойлж, өргөн цар хүрээтэй ажиллахгүй, ажилтнаа зөвхөн цалингаар торгооно гэсэн бодолтой байдаг.
Компанийн захирлыг аяллын ахлагч гэж бодвол хаашаа явахаа мэдэхгүй байгаа аяллын группийг би лав л дагаж явахгүй. Уучлаарай, би бага зэрэг хэтрүүлж байж болох юм. Гэхдээ ажилтнууд түүх бичилцэх дуртай, тэд үнэт зүйлсийг бүтээлцэх, түүнийг нэг хэсэг нь байж өөрсдийгөө хэрэгцээтэй хүн гэдгээ мэдрэх хэрэгцээ байгаа шүү дээ.
undefined
-Тэгэхээр боловсролын салбарт, тэр дундаа хяналтын албанд ажилладаг хүний хувьд залуусын талаар, тэр дундаа хувь хүний хөгжлийн талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?
-Анх 2006 онд Швейцарьт очоод соёлын шоконд орж байлаа. Тэр үед манай улсад утасгүй интернэт сүлжээ битгий хэл айл бүр одоо шиг интернэттэй байгаагүй. Гэтэл тэнд очоод сургуулийнхаа зүлгэн дээр нөүтбүүкээ бариад суухад л интернэтэд орсон. Сайхныг нь гайхаж уулга алдаж байлаа. Гэтэл өнөөдөр бид маш боломжтой, харьцангуй сонголттой нийгэмд амьдарч байна. Хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг. Мэдээж сайжруулах, засах, илүү хөгжүүлэх зүйлс их бий. Гэхдээ 12 жилийн өмнөхтэй харьцуулахад бид урагшилсан уу гэхээс ухраагүй. Магадгүй бид үсрэнгүй хөгжсөн.
Иймд залуус бие даах чадварт илүү суралцаж, зөв шийдвэр гаргаж, оновчтой сонголт  хийх хэрэгтэй. Жишээлбэл, ХБНГУ-ын их, дээд сургуульд суралцах шийдвэр гаргасан оюутнуудын дунд шаардлагатай мэдээллийг бие даан цуглуулахаасаа өмнө “Би хэнийг таньдаг билээ”гэж боддог хандлага их. Яагаад ажил бүтээе гэхээрээ л танил талаа түрүүлж боддог юм бэ. Гэтэл өөр улсын оюутнууд хамгийн түрүүнд интернэтээс ямар боломжууд байна вэ, би хэрхэн материалаа бүрдүүлэх вэ гэдгээ судалдаг. Энэ хандлага улсын хөгжлийг чангаадаг гэж бодож байна.
Залуус бие даагаад ямар ч мэдээллийг өөрөө хайгаад олдог, түүндээ анализ хийдэг байгаасай. Хиймэл дүр бүү бүтээгээсэй. Ид сурах, боловсрох насандаа материаллаг зүйлсийг хэт шүтэх бус өөрийгөө хөгжүүлж, үнэт зүйлсийг нээхэд суралцаасай гэж хүсч байна
Залуус бидний өмнө ирээдүйд шийдвэл зохих олон асуудал байна. Жишээлбэл, Улаанбаатарын иргэдийн 60 гаруй хувь гэр хороололд, дэд бүтэц шийдэгдээгүй нөхцөлд амьдарч байгаагаас үүдээд нэлээд асуудлыг сайжруулахын төлөө бид ажиллах нь зүйтэй. Иймд оноогдсоноосоо илүүг хурдтай хийх нь чухал болж ирж байна.
-Германд суралцахын тулд Монгол оюутан заавал дээд боловсролын хяналтаар орох шаардлагатай болдог нь сонирхолтой санагдаж байна. Яагаад энэ хяналтыг хийх ёстой байдаг вэ?
-Нэгд, Боловсролын чанарын ялгаанаас үүдээд ХБНГУ-д суралцахын тулд Монгол, Вьетнам, БНХАУ гэсэн улсын суралцагч, төгсөгчид материалаа хянуулах шаардлагатай. ЕБС-аа төгсөөд шууд ХБНГУ-ын их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. DSD1, DSD2 герман хэлний дипломтой бол гадаадын оюутны бэлтгэл ангид өргөдөл гаргаж болно. Хоёрт, бичиг баримт хуурамчаар үйлдэх тохиолдол их гардаг байсантай холбоотой. Тиймээс амжилттай суралцсанаа нотлох шаардлагатай. ХБНГУ-аас хүлээн зөвшөөрөгдсөн монголын 17 их, дээд сургууль бий.  
undefined
-Боловсролын системийн ялгаатай байдал хэр их вэ. Мөн энэ салбарт анхаараасай гэж хүсдэг зүйлс байдаг уу?
-Боловсролын системийн зөрүүтэй гэхээс илүү боловсрол авах ойлголтын зөрүүг ярих нь зүйтэй байх аа. Герман, Швейцарь зэрэг улсын хөгжлийн нэг хүчин зүйл нь мэргэжлийн боловсрол олгоход байдаг. Манайд хүн бүр их, дээд сургуульд суралцах ёстой гэсэн ойлголттой байдгаас үүдээд 3 сая хүн амтай улс 100-иад их, дээд сургууль байгаа бол Швейцарь 8 сая хүн амтай мөртлөө 15 их, дээд сургуультай. Их сургууль нь судлаач, эрдэмтдийг бэлтгэдэг, хөрөнгө мөнгө ч сайн зориулдаг учир хөгжлийн суурь болдог. Швейцарьт жишээ нь банкны теллер хийхэд их сургуульд сурсан байх шаардлагагүй.
Сүүлийн жилүүдэд манай их, дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан мэргэжлийн хичээлээ бус зөвхөн ерөнхий эрдмийн хичээл үздэг болсныг өөрчилмөөр санагддаг. Мэргэшүүлэх чиглэлийн хичээлээ хангалттай судалж, чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд илүү анхаармаар байна.
-97 их, дээд сургуулийн 17 нь л хүлээн зөвшөөрөгддөг гэхээр бусад 80 сургуулийн оюутан ХБНГУ-д суралцах боломжгүй гэсэн үг үү?
-Харамсалтай нь тийм. Олон оюутнууд асуудаг. Зөвшөөрөгдөөгүй их, дээд сургуулийн гадаад харилцааны албаныхны хөөцөлдөх ажил шүү дээ. Намайг ажиллах хугацаанд 3,4 сургууль л сургуулиа хүлээн зөвшөөрүүлэх талаар мэдээлэл авч байсан.
-Энэ жил 40 мянган хүүхэд ЭЕШ өгнө. Тэдний дийлэнх нь дээр дурдсан хүлээн зөвшөөрөгдөөгүй сургуульд элсэн суралцах юм шиг байна. Манайд арван жилээ төгсөөд л шууд их, дээд сургуульд суралцах ёстой юм шиг ойлгодог хэр зөв бэ?
-Диплом авах нь та амжилттай явна гэсэн баталгаа биш. Мэдээж би боловсролыг үгүйсгээгүй. Хамгийн сайн боловсролыг эзэмших хэрэгтэй. Гэвч суралцахын өмнө та зорилгоо зөв тодорхойлох нь чухал. Монголд олон асуудал байгаа ч түүнийг боломж гэж харах хэрэгтэй. Асуудлыг шийдсэн нь амжилтад хүрдэг. “Тэр сургуульд сурна гэхээсээ өмнө би ирээдүйд хэний, юуны, ямар асуудлыг шийдвэрлэх, шийдэлцэх вэ, юуны үнэ цэнийг өсгөхийг хүсч байна вэ” гэдгээ тодорхойлох нь чухал. Алсын хараа чинь тодорхой бол юуг хийж болох, болохгүй вэ гэдэг чинь тодорхой, мөн өдөр бүр хийх ажил чинь ойлгомжтой шүү дээ.
-Та ЭСЯ-нд ажиллахын зэрэгцээ аялаад, мөн аялал жуулчлалын бизнес эхлүүлээд явж байна. Үүнээс гадна “Монгол-Германы Гүүр”  ТББ-ын удирдах зөвлөлөөр ажиллаж байна. Энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг вэ? Та цагаа хэрхэн төлөвлөдөг вэ?
-Миний ажил уян хатан учир өдөр бүр цагаа бүртгүүлж оффис дээр суух шаардлага байдаггүй. Би гаднын түнш нартайгаа хамтран ажиллахдаа viber, skype зэрэг цахим сүлжээ ашиглан гэрээсээ ч ажлаа хийх үе байдаг. Өнөөдөр ажиллах арга барил нэлээд өөрчлөгдөж байна. Та хэр хувийн зохион байгуулалттай гэдгээс л бүх зүйл шалтгаалдаг болчихсон. Би олон зүйлд төвлөрөх биш нэг жилдээ 5 зүйлийг л амжуулах зорилт тавьдаг. Миний амьдралын зорилго, төсөөлөл тодорхой учир юунд төвлөрөх, юуг хийхгүй байх нь ойлгомжтой болж ирдэг. Тиймээс би өмнөө харагдсан асуудал бүхнийг шийдэх гэж гүйвэл амьдрал хүрэлцэхгүй шүү дээ. Тодорхой зорилго цаг хэмнэдэг гэж хэлнэ. Цагийн менежмент, төлөвлөдөг дадал минь Швейцариудаас сурсан том туршлагуудын нэг гэж боддог.
Төлөвлөлтийн дэвтэр дээрээ бүгдийг бичиж тэмдэглэдэг. Өдөр бүр хардаг учир илүү тод үлдэж, биелдэг юм шиг санагддаг. Би амьдралынхаа төсөөллийг тав, таван жилээр 60 нас хүртэл сийрүүлж, төлөвлөсөн. Эхний 5 жилээ гаргачихсан учир нэг жилд юу хийх ээ мэднэ. Тэрийгээ улирал, сардаа хуваачихна. Тиймээс л надад маш амар байдаг. Мэдээж энэ бүхэн хүсч байгаа төсөөлөл, төлөвлөгөө шүү дээ. Энэ нь өөрчлөгдөх боломжтой. Төлөвлөлтийн дэвтэр бол музейн үзвэр биш учир арилдаг харандаагаар бичдэг, мөн жилийн календариа арилдаг пламестраар бичээд  ханандаа өлгөдөг. Ямартай ч хийх ажил нүдний минь өмнө тодорхой, ерөнхий зураглал байнга байх нь чухал. Жишээлбэл тавдугаар сарын 18, 19-ний өдөр гадаадад төгсөгчдийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ мэт хоёроос гурван сарын өмнө л “To do list”- дээ тусгачихвал би хэзээ завтай, хэзээ завгүй гэдгээ мэдэх боломжтой байдаг.
Хүмүүстэй цаг төлөвлөх гээд тодорхой өдөр асуухаар “За тухайн үед юу болж байх нь уу” гэж хариулдаг. Энэ нь надад буруу хандлага санагддаг. Жилээ байг гэхэд ядаж өмнөө байгаа 14 хоногийн амьдралаа мэдэхгүй, тодорхойлохгүй байж болохгүй шүү дээ. 14 хоногийнхоо амьдралаа мэдэхгүй хүн  хэрхэн 5 жилийн дараах том зорилгодоо хүрэх билээ. Тиймээс л залуусыг цаг төлөвлөлтийг сайн хийж сураасай гэж хүсдэг. Бид цаг төлөвлөлт сайтай хүн гэхээр цагаасаа огт хоцордоггүй байх гэж ойлгох нь бас өрөөсгөл юм. Маш чухал бизнес уулзалт, шалгалт, нислэгээс мэдээж хоцорч болохгүй. Гэвч 7 хоногийн явцын дунд нэг цагийн өмнө гарч ирсэн уулзалтад цаг барих манайд асуудалтай шүү дээ. Урьдчилж төлөвлөгөөгүй гал унтраах зорилготой эдгээр уулзалтад түгжрэлээс болоод таван минут хоцорсон бол цагийн менежмент муутай гэхгүй. Ийм төрлийн уулзалтыг яавч, нухацтай чухал уулзалт гэхгүй. Харин амьдрах хугацааны төлөвлөгөөгөө гаргаж чадаагүй бол цагийн менежментгүй гэнэ.
undefined
-Та амьдралыг аялалтай зүйрлэсэн. Бас та аялах дуртай. Яагаад аялах хэрэгтэй юм бэ. Үүний үнэ цэнэ юу вэ?
-Гуравдугаар курсээ төгсөх жилээ хөтөч хийгээд өөрийн санхүүгээ зохицуулж байсан. Би зүгээр л гэртээ суухыг хүсдэггүй. Байгаа газраа шигдээд л байх вий гэхээс айдаг. Оюутан байхдаа германы эрлийз хүүхдүүдэд Герман хэлээр хэрхэн сайн уншиж, бичих вэ гэдэг хичээл орж орлого олдог байлаа. Үүний дараа 20 насандаа би Швейцарьт сурахаар очсон. Швейцариудын амьдралын онцлог нь ажлын цагтаа л ажлаа хийх байдаг. Харин амралтын өдрийг амарч өнгөрүүлдэг. Амралт гэдэг ойлголт Монгол, Швейцарь хоёрт зөрүүтэй юм шиг санагддаг. Очсоны дараа манай Швейцарь найзууд “Мандах аа чи амралтын өдөр хаашаа явах гэж байна. Юу төлөвлөсөн бэ” гэж асуухад нь гайхаж байлаа. Би одоо хаашаа явах ёстой юм болоо. Би амарч л өнжих байлгүй дээ гэж бодсон. Гэтэл тэдний хувьд амралтын өдрийг бол аялах, өөрийгөө хөгжүүлэх, идэвхтэй байх зэрэгт  зарцуулдаг. Харин бид гэртээ хэвтэх, тайван байхыг илүүд үздэг шүү дээ. Гэтэл амралт гэдэг өөрөө тайван байх гэсэн утга биш юм билээ. Энэ бол өөрийгөө хөгжүүлэх боломж. Аялж, идэвхтэй байснаар амьдрал баяждаг. Бидний амьдрал үнэндээ 200-300 км дотроо л зогсчихдог.  Жишээ нь бид дэлхийд 18-р байрт орох том газар нутагтай хэдий ч ертөнцөө зөвхөн УБ-аар төсөөлж, өөр өнцөг буланг үздэггүй нь үнэхээр харамсалтай. Монголынхоо хаа сайгүй очиж үзсэн хүмүүс хэд байгаа болоо. Тиймээс л бид эрэл хайгуул хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Дэлхий дээр өчнөөн улс байна. Аялал бол нэгэн цаг хугацаа, нэгэн орон зайд зэрэгцэн оршиж буй хүн төрөлхтнийг танин мэдэх, тэдний оршихуй, ахуй соёлыг ойлгох, түүхийг мэдэх, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, амьдралыг үзэх үзэл илүү өргөн болгож, давуу, сул талаа олж харах том боломж юм. Түүнээс “check list” бөглөх зорилгоор 7 хоногийн дотор 7 өөр орноор аялах биш л дээ.
Хүний амьдрал өөрөө аялал. Аялалд явахдаа бид зөвхөн шаардлагатай зүйлсээ л авч явдаг шиг амьдралдаа тэгж хандах хэрэгтэй болов уу. Явган аялалд бизнес аяллын тээш бэлдэх шаардлагагүй. Мандах гэдэг хүний амьдралын зорилгоос хамаарч миний чемоданд юу багтах, багтаах вэ гэдэг нь чухал. Амьдралдаа хэрэггүй, илүү зүйл тээж тэнхээгээ барах шаардлагагүй байхаа.
-Залуус нэгэн үеэ бодоход аялах сонирхолтой болсон юм шиг санагддаг. Гэхдээ яг үүргэвчээ үүрээд гарахад зориг бас ээж, аавын зөвшөөрөл хэрэгтэй болдог. Манайд 20 насандаа дэлхийг тойрохоор гарлаа гээд ээж аавдаа хэлбэл миний хүү үхэх дутаа юу л гэж хандана шүү дээ?
-Бид хуучнаасаа салах зоригтой байж л амжилтад хүрнэ. Чи байгаа газраа бухимдаад л эхэлбэл тэндээс түр явах хэрэгтэй. Би нэг газраа удах ч юм уу, дасах гээд байвал орчноо түр өөрчлөх хэрэгтэйгээ мэдэрдэг. Хүн орчиндоо амархан дасчихдаг шүү дээ. Бидэнд илүү жаргалтай амьдрах эрх байгаа шүү дээ. Аз жаргалтай амьдрахад  тийм ч олон зүйлс хэрэггүй. Орох орон мэдээж хэрэгтэй ч, залуу насанд өөрийн байх албагүй. Швейцарьт хүмүүс байр түрээсэлж амьдрах нь их. Мөнгөө байранд зарцуулахгүйгээр өөрийн мөнгөө өөртөө зарцуулж амьдардаг. Мэдээж түрээсийн хууль эрх зүйн орчин сайн. Тиймээс ч залуус нэг жил ажиллаж мөнгөө цуглуулаад дэлхийг тойрох аялалдаа гарах нь их. Манай нэг найз ч энэ аялалдаа гарахдаа надаас тусламж хүсч, би Монгол дахь аяллын төлөвлөгөөг нь гаргаж, хүлээж авсан. Цаг үеэ дагаад юмс өөрчлөгдөж байна. Бид үе, үеэрээ амьдардаг. Үе, үеийнхний амьдралын хэв маяг өөр. Эцэг эхийнхээ үгэнд орох ёстой хэдий ч бие даан шийдвэр гаргах төвшинд байх нь зүйтэй.
-Ярилцлагынхаа төгсгөлд та залуустаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?
-Бид дэлхийн цөм биш шүү дээ. Бид гуравхан сая ч энэ дэлхийн чухал хэсэг. Машины нэг эд анги муудвал бусдадаа нөлөөлдөг шиг бүх эд анги эрүүл байж машин аюулгүй ажиллаж, хүрэх газар чинь хүргэнэ. Яг л энэ машины эд анги шиг нэгэн цаг хугацаанд, нэг дэлхий дээр 200 гаруй улс оршиж байна. Биднээс магадгүй илүү эсвэл дутуу түүхтэй улс бий. Эдгээрийг судалж, мэдэж байж бид давуу, сул талаа олж харан улсаа хөгжүүлж, эх орноо бусдадаа зөвөөр илэрхийлж, таниулах нь залуус бидний үүрэг. Би хувьдаа МУ-ыг жижиг улсын “хөгжлийн модель” улс болоосой гэж хүсдэг. Хөгжлөөрөө бидний ард байгаа улс манайхыг жишээ болгон ярьдаг байгаасай, ард иргэд нь сайхан амьдардгаараа үлгэр жишээ байгаасай гэж хүсдэг. Амьдрал үнэхээр баялаг шүү. Инээх өдөр байхад уйлах өдөр байдаг. Энэ нь хэвийн зүйл. Унаж үзээгүй хөлд орж, олимпийн аварга болсон хүн байдаггүй байхаа. Ажиллаад, аялаад явж байхад чамайг чухалд тооцох хүн байвч хэн ч биш гэдгийг мэдрэх үе ч бий. Ийм л учраас байна, байхгүй гэж гомдоллох бус  амьдралынхаа алсын харааг зөв тодорхойлж, амьдрал, үнэт цагийнхаа эзэн нь байж, дэлхий ертөнцийг танин өөрийгөө нээ, цаашлаад олон улсын түвшинд өөрийгөө илэрхийлэхийг эрмэлз, МУ-аа “хөгжлийн модель” улс болгох үнэт зүйлсийг бүтээлцээрэй гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн