МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатартай ярилцлаа.
-Боловсролын шинэ сайдтай болоод удаагүй байна. Үүнээс шалтгаалаад МУИС-ийн төлөөлөн удирдах зөвлөлд өөрчлөлт орж, сургалтын төлбөр нэмэгдэх үү гэсэн эргэлзээ оюутнуудын дунд байна. Энэ тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Төрийн өмчийн их дээд сургуулийн сургалтын төлбөр БСШУС-ын сайдтай ямар ч холбоогүй. Дээд боловсролын тухай хуульд төрийн өмчийн сургуулиудын оюутны сургалтын төлбөрийг тухайн сургуулийн төлөөлөн удирдах зөвлөл нь тогтоохоор заасан байдаг. 2016 оноос хойш БСШУС-ын сайд дөрвөн удаа солигдоод байна. Энэ хугацаанд манай сургуулийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ нэг л удаа солигдсон. МУИС-ийн ТУЗ нь нийт 15 гишүүнтэй. Үүнд төрийн төлөөлөл 9, багш нарын төлөөлөл 3, төгсөгчдийн төлөөлөл 2, нийт суралцаж байгаа оюутнуудыг төлөөлсөн нэг хүн гэсэн бүрэлдэхүүнд нь багтдаг. ТУЗ-ийн бүрэлдэхүүн өнгөрсөн онд шинэчлэгдсэн. ТУЗ-ийн даргаар БСШУСЯ-ны эрдэм шинжилгээ инновацийн газрын дарга, доктор С.Мөнхбат, харин орлогч даргаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт гэж хүмүүс ажилладаг.
-Тэгэхээр ТУЗ солигдоогүй болохоор төлбөр бол нэмэгдэхгүй гэсэн үг үү?
-Одоогоор энэ асуудал хөндөгдөөгүй байна. Өнгөрсөн намар бид оюутныхаа сургалтын төлбөрийг нэмсэн. Сургалтын төлбөр энэ ондоо буюу ирэх хичээлийн жилийн намрын улиралд нэмэгдэхгүй.
-Өнгөрсөн намар МУИС оюутны сургалтын төлбөрөө нэмснийг оюутнууд их эсэргүүцсэн. Өөрөөр хэлвэл төлбөрийг нэмсэн нь бодит үндэслэлгүй гэж үзээд байсан. Энэ тухайд?
-Монгол Улсын ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал хандуулаад бид Ерөнхийлөгчийн иргэний танхимд хэлэлцүүлэг хийгээд “Төлбөрийг үндэслэлтэй нэмсэн” гэдэг ойлголцолд хүрсэн. Оюутнуудын сургалтын төлбөрийг нэмсэн нь хичээлийн кредит цагтай холбоотой. Бүрэлдэхүүн, салбар сургуулиудын сургалтын төлбөр өөр, өөр. Тийм учраас үүнийг нэг мөр болгосон. Төлбөрийг бид үндэслэлгүй байдлаар тогтоодоггүй. Хичээлийн байруудын цахилгаан, ус гэрэл, багш нарын цалин хөлс, номын сангийн сурах бичиг, засвар үйлчилгээ гэх зэрэг урсгал зардлуудаас гадна улс орны эдийн засгийн инфляцтай уялдуулж, тооцон төлбөрөө тогтоодог.
-2024 он гэхэд МУИС нь Азийн шилдэг 100 их дээд сургуульд багтана гэсэн том бодлого баримталж байгаа. Энэ хүрээндээ ямар ажлуудыг одоогоор хэрэгжүүлж байна вэ?
-Би БСШУС-ын дэд сайдаар ажиллаж байлаа. Энэ хугацаанд буюу 2015 оны сүүлээр төрөөс “Боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичиг, үзэл баримтлал” батлагдан 2024 он гэхэд Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг “Азийн шилдэг 100 их дээд сургуулийн эрэмбэд оруулна” гэсэн бодлогыг боловсруулсан. Мэдээж, үүнд МУИС манлайлж оролцоно гэсэн бодлогын үндсэнд стратеги төлөвлөгөөгөө 2015 онд баталж, 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Бид хамгийн түрүүнд судалгаанд суурилсан их сургууль болохыг зорьж ажиллаж байна. Тиймээс дэлхийн их дээд сургуулийн эрэмбэ тогтоодог томоохон гурван байгууллагын нэг болох QS-тэй бид хамтарч ажиллан, Одоогоор МУИС “Азийн хаана явж байна” гэдэг эрэмбээ тогтоолгоод, КPI шалгуур үзүүлэлтийнх нь дагуу бүх мэдээллээ QS-д өгөөд явж байна. Мөн QS-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Мэнди Мокийг урьж авчран, багш нартаа төдийгүй, бусад төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн удирдлагуудыг авчирч, сургалт семинар зохион байгуулсан. 2020 онд QS-тай хамтарсан Ази, Номхон далайн бүс нутагт маш том арга хэмжээг МУИС зохион байгуулна.
-“Азийн шилдэг 100 их дээд сургууль”-ийн эрэмбэд орохын тулд ямар шалгуур үзүүлэлтийг голчилдог вэ?
-Нэг оюутанд оногдож байгаа багшийн тоо, гадаад оюутнуудын тоо, нийт багш нарын дунд эзлэх доктор, эрдмийн зэрэг цолтой багш нарын тоо, тухайн сургуулийн профессор багш, судлаач нар нь имфакт, фактор, өндөр “web of science” “Scopus” зэрэгт харъяалагдах томоохон хэмжээний сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байдал, их сургуулийн орлогын хэдэн хувийг сургалтын төлбөр эзэлж байна зэрэг үзүүлэлтийг чухалчилдаг. Үндсэн арван нэгэн үзүүлэлт тэр дотроо задраад гучин гаруй үзүүлэлт байдаг. Тиймээс МУИС эрчимтэй үйл ажиллагаа явуулсны хүчинд QS-ээс гаргадаг дэлхийн 100 гаруй орны Ерөнхийлөгч, Парламентийн спикер, Ерөнхий сайд, томоохон их дээд сургуулийн удирдлагуудад хүргэгддэг сэтгүүлд МУИС өөрийн рекламаа байршуулсан. Мөн QS-ийн “SHOW CASE” гэх том каталогт МУИС-ийн захирал миний бие ярилцлага өгсөн. Удахгүй хэвлэгдэнэ.
-Дээрх сэтгүүлүүдэд МУИС рекламаа хэвлүүлснээр ямар ач холбогдолтой вэ?
-Дэлхий нийтийн хэмжээнд Монгол Улсад “МУИС хэмээх тэргүүлэх сургууль байдаг” гэдгийг мэдрүүлж, том сурталчилгаа болно гэж үздэг. Мөн жил бүр QS байгууллагын сургалтууд, зөвлөх үйлчилгээг нь авахаар болсон. QS-д МУИС эрэмбээ тогтоолгохын тулд маш их материал цуглуулж, шалгуур үзүүлэлтийн дагуу ажиллана. Зөвхөн төгсөгч нарын хувь ямар байна гэдгийг QS тогтоохын тулд манай сургуулийг төгсөж байгаа төгсөгч оюутнуудыг ажлын байраар хангаж байгаа гадна, дотны маш олон компаниудын нэрийг аваад, тэндээс лавлагаа авдаг.
-Та үндсэн 11 шалгуур үзүүлэлтэй гэж хэлсэн. МУИС-ийн хувьд ямар шалгуур үзүүлэлтэд хүргэхэд ойрхон яваа вэ. Мөн ямар шалгуур нь хол байгаа вэ?
-Эрдэм шинжилгээний өгүүллийн тоо, эрдмийн зэрэг цолтой багш нарын тоо гэх мэт шалгуур үзүүлэлтэд Монголдоо тэргүүлж байгаа. МУИС нийт орлогынхоо 70 орчим хувийг сургалтын төлбөрөөсөө, үлдсэн 30 орчим хувийг гаднах үйл ажиллагааны орлогоосоо бүрдүүлдэг. Энэ бол эсрэгээрээ байх хэрэгтэй. Ер нь судалгаа эрдэм шинжилгээний үйл ажиллагааны орлого нь төсвийн 50-70 орчим хувийг бүрдүүлэх ёстой. Мөн бид ахисан төвшний сургууль дээр бүтцээ сайжруулж, магистр, докторын сургалтуудаа цогцоор нь өөрчлөх төлөвлөгөөтэй байна.
-Их сургуулийн зүгээс Азийн шилдэг 100-д орохын тулд маш олон ажлуудыг хийж байгаа юм байна. Харин оюутнуудын зүгээс юу хийх хэрэгтэй вэ?
-МУИС-тай харьцдаг гадна, дотны 180 байгууллагын мэдээллийг QS рүү явуулж байна. QS тэднээс лавлагаа аваад, үнэлнэ гэсэн үг. Оюутнуудын хувьд сиси системээр явуулдаг сэтгэл ханамжийн судалгаа их чухал байдаг. Сүүлийн жилүүдэд судалгаагаар манай нийт оюутнуудын 75 хувь нь МУИС-д сэтгэл ханамж өндөр гэсэн үр дүн гарсан. Энэ тоо бол жил бүр өсөх ёстой. Нөгөө талаараа дийлэнх оюутнууд бакалавраа төгсөөд ахисан түвшинд суралцах хэрэгтэй.
-МУИС тухайн нэг хөтөлбөрөө “онлайн болгох” туршилт хийж байгаа гэж сонссон. Энэ тухайд та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
-Бид судалгааны их сургууль болохоор зорьж байгаа учраас магистр, докторынхоо сургалтуудыг хөтөлбөрийн хувьд өөрчлөлт ёстой. Иймээс МУИС дээр “Багшийн хөгжил-Цахим сургалтын төв” нээлтээ хийсэн. Одоо багш нар маань хичээлээ онлайнаар бэлтгэх тал дээр анхаараад ажиллаж байгаа. Студийг нь байгуулаад хөрөнгө санхүүг нь шийдсэн. Багш нар маань хичээлээ онлайн хэлбэрт оруулаад, контентоо бэлдээд түүнийг нь онлайнаар оюутнууд суралцах орчин бүрдэж байна гэсэн үг. Онлайнаар явагдах хичээлүүд нь англи хэл дээр бол дэвшил болно. Дэлхий нийтийн чиг хандлага, нээлттэй боловсрол чиглэлд явж байна. МУИС үүнээс хоцорч болохгүй.
-МУИС-ийн төгсөгч ер нь ямар хэмжээнд байх ёстой вэ?
-МУИС гэх дөрвөн үсэг бол брэнд. МУИС-ийн багш, ажилчид, оюутнууд маань сургуулиараа цаг ямагт бахархаж байх ёстой. Манай сургуульд Монголын ЕБС төгсөж байгаа сурагчдын хамгийн шилдгүүд нь орж ирж сурдаг. Энэ ч утгаараа Монгол Улсын 180 мянган оюутан дундаа манай МУИС-ийн 20 мянган оюутан бол тэргүүлэгч манлайлагч байх ёстой. Тиймээс энд суралцаж байгаа 4-5 жилийн хугацаанд багш нарынхаа зааж байгаа эрдэм мэдлэг, ур чадварыг бүрэн хэмжээнд эзэмшин, онолын хувьд, мэргэжлийн хувьд бүрэн бэлтгэгдсэн, тодорхой, практик дадлагыг эзэмшсэн, хаана ч очоод ажиллахад бэлэн тийм бүх талын өв тэгш хүн төгсөх ёстой. МУИС төгсөгчдийн 73 хувь нь ажлын байранд шууд гарч байна. Энэ бол өндөр үзүүлэлт. Гэхдээ бид үүнд ханаж болохгүй. Нэмж хэлэхэд, Монголд МУИС-тай холбоогүй нэг ч өрх айл, албан байгууллага байхгүй.
-Та ер нь хэрхэн МУИС-тай холбогдож байв?
-МУИС бол миний амьдралтай их холбоотой. Манай аав МУИС төгссөн. Манай ах эгч нар бүгд МУИС төгссөн. Би өөрөө 2006 онд МУИС-д улс төр судлалаар доктор хамгаалсан. Түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй. МУИС-ийн 76 жилийн түүхэнд би 12 дахь ректор нь гэж бичигддэг. Тиймээс энд байх хугацаандаа их сургуулиа хөгжүүлэх, сайн менежер байх, амьдралаа МУИС-д зориулсан багш нарынхаа итгэл найдварыг алдахгүй байх зэрэгт анхаарч ажилладаг.
-МУИС саяхан бүх газраа баталгаажуулж авлаа. Энэ нь ямар ашиг тустай вэ?
-Их сургууль ахиж газраа алдахгүй болсон. Бүх хичээлийн байрууд болон дотуур байруудын газрыг хашаагаар нь баталгаажуулсан. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй урт хугацаатай зээлээс 25 сая долларыг авч хичээлийн VI байраа шинэчлэхээр ажиллаж байна. Одоогоор ашиглалтаас гарсан байгаа зургадугаар байраа нураагаад, 16 давхар хичээлийн шинэ байр барина. Түүнд лабораториудаа оруулна. Үе шаттайгаар хичээлийн байруудаа шинэчилж, илүү орчин үеийнх болгоно. Үүнд хичээлийн дөрөвдүгээр байр ч гэсэн багтана. Нэг оюутанд дөрвөн метр квадрат гэж бодвол МУИС-д 80 мянган метр квадрат талбай хэрэгтэй. Тэгтэл өнөөдөр 30 гаруй мянган метр квадрат л байна. Тиймээс хичээлийн байруудаа шинэчлэх шаардлага тулгараад байгаа юм. Мөн энэ жил багш оюутнуудынхаа үйлчилгээний төвийг бид барьж эхлэх гэж байна. Хичээлийн хоёрдугаар байрны ард “food court” гээд барууны жишгээр хоолны газар нээнэ. Цаашдаа оюутнуудынхаа байрыг шинэчлэх ажлыг төлөвлөж байна. Одоо МУИС өөрийнхөө газраас алдахгүй, хичээлийнхээ байруудыг, бүх оюутны байруудаа үе шаттайгаар шинэчилнэ.
-Зарим мэргэжлүүд улсын хэмжээнд илүүдэлтэй байна гэж яригддаг. МУИС хөтөлбөрүүдийнхээ хувьд энэ тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мэдээлэл, технологи болон химийн хөтөлбөр ОУ-д магадлан итгэмжлэгдсэн. Харамсалтай нь МУ хөдөлмөрийн зах зээлийн судалгаагаа хийж чадаагүй яваа. Бид байгалийн ухааны салбарын физик, математик, хими, биологи зэрэг чиглэлээр суралцаж байгаа оюутнуудаа бодлогоор дэмждэг. Тэтгэлгүүдийг тэдэнд түлхүү олгодог. Оюутнууд сонгохгүй байгаа хөтөлбөрүүдийг шинэчилж, хандалт ихтэй байгаа хөтөлбөрүүд дээр зохицуулалт хийнэ.
-МУИС, МҮИС гэх нэршлийн асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Энэ бол хамгийн буруу. У,Ү гэх хоёр үсэгний ялгааг ард түмэн сайн анхаарах ёстой. МУИС гэдэг бол брэнд нэр. Гэтэл Монголын үндэсний их сургууль гээд нэршлийг манай Боловсролын яам өгсөн байдаг. Үүнээс болоод оюутан залуус хохирч байна. МУИС гэж бодоод МҮИС-ийг сонгох тохиолдол цөөнгүй. Бид хоёр шатны шүүхээр явсан. Гэвч асуудал сайн шийдэгдэхгүй байна. Солигдсон дөрвөн сайдад “МҮИС-ийн нэрийг хүчингүй болгох”, “тус сургуулийн нэршлийг өөрчлөх” саналаа үндэслэлтэй хүргүүлсэн боловч “Боловсролын сайд нар үүнийг шийднэ” гэж хэлээд одоог хүртэл шийдэж чадахгүй байна. МУИС-ийнхаа эрх ашгийг хамгаална. Сургуулиа нэг өрх айл гэж сэтгэвэл би “эцэг” нь гэсэн үг шүү дээ. Тиймээс МУИС-тэй бүх шатанд хуулийн хүрээнд хатуу тэмцэнэ. Өнгөрсөн долоо хоногт бид Ё.Баатарбилэг сайдад “энэ асуудлыг шийдэж өг” гээд бүх үндэслэлтэй нь хэдэн хуруу зузаан материал явуулсан байгаа.