Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Хүүхдүүдээ химийн хорт бодистой тоглоомоор тоглуулахгүй байхыг анхаарууллаа

Хүүхдүүдээ химийн хорт бодистой тоглоомоор тоглуулахгүй байхыг анхаарууллаа
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 14
Зарим аав, ээж хүүхэд нь тоглоомоо хэд хоног, хэдхэн сар болоод эвдчихдэг учраас хямд, эсвэл хүүхдийнхээ авахыг хүссэн тоглоомыг авах тохиолдол бий. Гэхдээ хүүхдэдээ тоглоом сонгохдоо ингэж хайнга хандаж болохгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Хүүхэд тоглоомоор тоглохдоо амандаа хийж, сонирхон үздэг нь хүүхдийн шинийг мэдэх гэсэн хүсэл учраас буруутгах аргагүй. Тиймээс хүүхэддээ тоглоом авахдаа дараах зүйлсийг анхаарахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна.
Хүүхэлдэй, барби
Охидуудын тоглодог хүүхэлдэйнүүд ихэвчлэн хуванцраар хийгддэг бөгөөд хар тугалгыг хуванцарт тогтворжуулагч болгон ашигладаг. Хуванцар тоглоомд фталат хэмээх бүтээгдэхүүнийг  хуванцрыг зөөлөн нугарамтгай болгох зорилгоор хэрэглэдэг байна. Тэгвэл тэрхүү фталат нь дотоод шүүрлийн тогтолцоог хямрааж, хавдар үүсгэх чанартай аж. Тиймээс худалдан авах гэж буй хүүхэлдэйн шошго дээр “Эко” гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай. Хэрэглэхийн өмнө хүүхэлдэй болон түүний чимэглэлүүдийг сайтар угааж цэвэрлэх хэрэгтэй юм байна.  
Модон тоглоом
Модон тоглоом бүр аюулгүй гэж бодож болохгүй. Цавуу агуулсан модон тоглоом нь хорт хавдар үүсгэгч химийн бодис формалдегид агуулж байх магадлалтай учир аюултайд тооцогддог. Лак болон хүнд металл түүний дотор хар тугалга агуулж болох модон тоглоом ч байдаг аж. Лакдаагүй, будаггүй эсвэл байгалийн будаг, өнгөлгөөтэй химийн хоргүй тоглоом худалдан авах хэрэгтэй. Наасан хэсгүүд нь аль болох цөөн, хатуу, модон тоглоом худалдаж авч заншаарай.
Хуванцар тоглоом
Зөөлөн хуванцар тоглоомонд синтетик резин тоглоом, шаар, зөөлөн хуванцар гэх мэт тоглоом багтах бөгөөд эдгээр нь дааврын тогтолцоонд нөлөөлөх фталат нэгдлийг агуулж болно. Зарим тоглоомууд нь хүнд металл болон бусад аюултай бодисыг агуулдаг аж. Тиймээс байгалийн резинэн тоглоом сонгох, шошго дээр PVC-free, Free phthalate гэсэн бичигтэй поливинип хлор болон флалат агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгох. Химийн бодис хүчтэй үнэртэж буй бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй.
Чихмэл тоглоом
Урт ширхэгтэй нийлэг үслэг даавуугаар хийсэн чихмэл тоглоом ихэвчлэн харшил үүсгэдэг бөгөөд даавууны нарийн үс ширхгийг хүүхэд залгих аюултай байдаг. Тиймээс байгалийн гаралтай болон органик үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд “Эко” шошго байгаа эсэхийг шалгаж, хэрэглэхийн өмнө угааж, агаарт хатаах ёстой юм.
Гоо сайхны болон будгийн хэрэгсэл
Энэ ангилалд тосон, будаг, будгийн харандаа, усан будаг, баримлын шавар, гарын болон нүүрний усан будаг, гоо сайхны будгийн иж бүрдэл зэрэг багтана. Гоо сайхны иж бүрдэл нь хар тугалга, формальдегид болон фталат агуулдаг аж. Гоо сайхны тоглоом нь насан туршид эдгэршгүй харшил үүсгэж болзошгүй тул хүнсний болон ургамлын будагтай бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй.
Цахилгаан үүсгүүртэй тоглоом
Зайгаар болон цахилгаанаар ажилладаг тоглоомууд багтах бөгөөд DVD тоглоом, цахим тоглоом, гар утас, цахилгаан машин зэрэг электрон бараа бүтээгдэхүүн хамаарна. Эдгээр тоглоомын зай гоожсоноос үүсэх бромт нэгдлийн хордлогын эрсдэлтэй. Иймд бага насны хүүхдүүдэд цахим болон зайгаар ажилладаг тоглоомуудыг худалдан авч өгөхгүй байхыг анхааруулж байна
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн