Open iToim app
Зочин | 11 мин уншина

Х.Булгантуяа: Орлого нь 50 хүртэлх сая төгрөг бол жилд 4 биш, 1 удаа тайлан гаргаж, нэг хувийн татвар төлнө

Х.Булгантуяа: Орлого нь 50 хүртэлх сая төгрөг бол жилд 4 биш, 1 удаа тайлан гаргаж, нэг хувийн татвар төлнө
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 27
Сангийн дэд сайд Х.Булгантуяатай татварын багц хуулийн шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Татварын багц хуулийн шинэчлэлийн төслийг нэг сарын хугацаанд орон даяар хэлэлцүүлж дууслаа. Иргэд аж ахуйн нэгжээс ямар саналууд ирсэн бэ. Татварын багц хуулийн шинэчлэлийн гол агуулга юунд чиглэгдэж байгаагаас яриагаа эхэлье.
-Татварын багц хуулийг 2017 оны аравдугаар сараас боловсруулж, өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас яамны вэб сайтдаа байршуулсан. Үүний дараагаас татварын шинэчлэлийн төслөөр Сангийн яам, Татварын ерөнхий газарт нийт 15 удаагийн хэлэлцүүлэг өрнүүллээ. Бүх аймаг орон нутгийн татварын байгууллагууд хэлэлцүүлэг хийж саналаа ирүүлснийг бид нэгтгэлээ. Олон нийтээс бичгээр мэйлээр, сошиалаар гээд нийтдээ 5500 гаруй санал авсан. Зөвхөн цахим хэлбэрээр гэхэд 900 гаруй, бичгээр 800 гаруй санал ирүүлсэн байна. Хэлэлцүүлэгт оролцогчдоос татварын бааз суурийг нэмэгдүүлэх, тэгш шударга байдлыг хангах, татвараас зугтаах, зайлсхийх байдлыг багасгах, татварын байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, хүнд суртлыг арилгах, хууль хоорондын уялдааг хангах, үг, найруулгыг сайжруулах тал дээр нэлээд санал гарсан. Удахгүй эдгээр саналыг нэгтгэж, гуравдугаар сарын 28-нд болох Эдийн засгийн форумаар танилцуулахаар бэлдэж байна. Багц хуулийн шинэчлэлийн гол зорилго татварын хувь хэмжээг нэмэхээс илүүтэйгээр татварын бааз суурийг тэлэх, бизнесийн орчныг сайжруулах, ил тод байдлыг хангах, татварын албыг хариуцлагажуулахаас гадна бэхжүүлэх, чадавхжуулах, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтыг татахад  чиглэж байгаа.
-Татвараа үнэн зөв мэдүүлдэг, төлдгийг нь дэмжихэд чиглэж байгааг хэлэлцүүлгийн явцад түлхүү онцолж байсан. Тиймээс “үнэнч” татвар төлөгчийг хэрхэн дэмжихээр тусгасан онцлох заалтуудаас дурдвал?
-Өнөөдөр улирал бүр тайлан гаргахыг шаардах нь ялангуяа жижиг бизнесүүдэд дарамт болдог. Тайлангаа буруу гаргаснаас болж дараа, дараагийн санхүүжилт, зээл нь хойшлох, татвар, нийгмийн даатгалын хяналт, шалгалт ихсэх, үйл ажиллагаа нь доголдоход хүргэдэг талаар ЖДҮ-үүд хэлдэг. Энэ чиглэлд хэд хэдэн өөрчлөлт оруулахаар тусгасан. Тухайлбал, бичил жижиг бизнес эрхлэгчдэд татвар ногдуулах ажиллагааг хялбаршуулж жилд татварын тайлан ирүүлэх тоог цөөлж, татвар төлөгчийг алдаа гаргахаас урьдчилан сэргийлж татварын албанаас тайлан боловсруулалтаар зөвлөмж өгөх, тайлангийн алдааг нэг жилийн дотор залруулах боломжийг олгох, нэг шатлалтай маргаан таслах зөвлөл ажиллуулж, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэхээр тусгаж байна. Мөн татварын албанд өр барагдуулах хугацаа хоёр сар байгааг 24 хүртэл сар болгож сунгах, илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно.
Эрсдэлгүй, цаг хугацаанд тайлангаа өгдөг, татвараа төлдөг, хариуцлагатай татвар төлөгчийн татварын зардлыг бууруулах, хяналт шалгалт оруулахгүй байх зарчмыг баримталсан. Харин залилангийн шинж чанартай үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, мөн эрсдэлтэй өрийг түрүүлж хураах гэх мэтээр татвар төлөхөөс зайлсхийдэг, хугацаандаа төлдөггүй, эрсдэлтэй татвар төлөгчидтэй тэмцэнэ. Европын холбооны зөвлөмжийн дагуу Монгол Улсын элсэж орсон “Татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”, “Татварын зорилгоор мэдээлэл солилцоо, ил тод байгууллагын олон улсын форум”-оос тавигддаг шаардлагуудыг татварын шинэчилсэн хуулийн төсөлд нийцүүлж байгаа. Жишээлбэл, олон улсын стандартад нийцүүлэн үнэ шилжилтийн тайланг гаргадаг болно. Багц хуулийн шинэчлэлийн хүрээнд татварын дөрвөн хуульд өөрчлөлт оруулахаас гадна  дагалдаж 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орохоор байна.
-Татварын тайланг гаргах хугацааг багасгаж жилд 1-2 удаа тайлан гаргахаар тусгасан нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд илүү  хамааралтай юм уу?
-Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд томоохон компаниудтай нэгэн ижил зарчмаар орлого, зарлагаа жилд дөрвөн удаа тайлагнаж, 10 хувиар татвар төлж байсныг, жилд 50 сая хүртэл борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш ААН өөрөө хүсвэл жилд 1 удаа тайлан гаргаж нийт орлогоосоо 1 хувиар татвар төлнө. Үүнээс гадна жилд 1.5 тэрбум хүртэл татвар ногдох орлоготой ААН төлсөн татварын 90 хувийг жилийн эцэст буцаан олгохоор тусгасан болно. Түүнчлэн, нийт татварын тайлан өгдөг аж ахуйн нэгжүүдийн 43 орчим хувь нь Х тайлан гаргаж байна. Энэ тооны аж ахуйн нэгжүүдийг тайлан авах, бүртгэх, хянах, мэдээлэл бүрдүүлэх гэх мэтээр татварын албанд нэлээд ачаалал нэмдэг. Иймд Х тайлантай аж ахуйн нэгжүүд жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний татвар төлдөг болгохоор хуулийн төсөлд тусгаад байна. Нөгөө талаас компани татан буулгах нь хүндрэлтэй байдаг тул татан буулгах нөхцөл бүрдсэн шаардлагатай тохиолдолд хялбаршуулсан байдлаар хяналт шалгалт оруулдаг байх боломжийг судалж байна.
-Том компаниудыг дэмжих, татварын хувь хэмжээг багасгах ямар заалтууд байгаа юу?
-Хамгийн томоохон дэмжлэг бол Монгол Улсад байрладаггүй татвар төлөгчөөс хөрөнгө татаад орлого олгосон тохиолдолд 20 хувийн суутган татвар ногдуулдаг байсныг 15 хувь болгож байна. Мөн дотоодын томоохон компаниуд хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татахыг татварын хуулиар дэмжлээ. Жишээ нь, компаниудын хөрөнгийн биржид гаргасан хувьцааны ногдол ашгийн орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг таван хувь болгон буурууллаа. Банк эх үүсвэрээ хөрөнгийн биржээр бонд гаргах байдлаар бүрдүүлэхэд ногдуулдаг 10 хувийн татварыг тав болгон бууруулж байна. Эрх борлуулсны орлогын татварыг нийт борлуулалтын орлогын 30 хувь байсныг өөрчилж, зөвхөн ашгаас нь 10 хувийн татвар авах зохицуулалтыг хийж байгаа. Түүнчлэн, үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа 40 жил байсанг 25 жил болгосон.
Үүнээс гадна экспортыг дэмжих зорилгоор давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран Монгол Улсын аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн татварыг хасч тооцохоор болж байгаа. Ингэснээр экспортлогч компани давхар татвар төлөхгүй нөхцөл бүрдэнэ.
-Татварын хөнгөлөлт урамшууллын хувьд ямар өөрчлөлт орж байгаа вэ. Мөн татварын системийг илүү хялбарчлах чиглэлд ямар шинэчлэлийн ажлууд хийгдэх юм бэ?
-Тайлагналтыг хялбаршуулах ажлын хүрээнд зөрүүгийн тайланг хялбаршуулахаар нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байна. Татварын багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдах 40 гаруй журам, аргачлал гарна. Үүнийг бид бас олон нийтэд хэлэлцүүлж, хөрөнгө оруулагч, ЖДҮ, ТББ, эрдэмтэн судлаачдын саналыг тусгахад анхаарах болно. 
Хуулийн өөрчлөлтөөр бид хөнгөлөлт, чөлөөлөлтийг аль болох буцаан олгодог болгох зарчмын өөрчлөлтийг хийж байна. Татвараа тайлагнаад, төлсөн тохиолдолд татварын дэмжлэг буцаан олголт хэлбэрээр олгогдох юм. Хөнгөлөлт урамшууллын хувьд НӨАТ-ын буцаан олголтын  урамшууллыг жилд нэг удаа олгож байсныг улиралд нэг удаа олгодог болно. Анх удаа орон сууц худалдан авсан бол гурван сая төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг байсныг зургаан сая төгрөг болгоно. Ер нь татвараа төлдөг, үнэн зөв мэдүүлдэг бол буцаан олгох зарчмыг илүү баримтална. Нэгэнт улсаас зээлийн хүүг хүчээр бууруулж, татаас өгч, хөнгөлөлттэй зээлээр хангаж чадахгүй байгаа тул татварын хөнгөлөлттэй бодлогоор дэмжих нь зүйтэй.
-Нөгөө талд татвараас зайлсхийх бүлэг байгаад л байдаг. Татвараа төлдөггүй, зайлсхийдгийг нь чангалах, хариуцлага тооцох ямар заалтууд орж байгаа вэ?
-Эрсдэлтэй, татвараа хугацаандаа төлдөггүй, тайлан гаргадаггүй компаниудад татварын шалгалт орох магадлал нэмэгдэнэ, хариуцлага чангарна. Хоёрт, төрийн байгуулалтын худалдан авалт, зээл тусламжийн хөтөлбөрт татвар, тайлангаа хугацаанд нь өгдөггүй аж ахуйн нэгжийг цаашид хамруулахгүй байх санал ч ирж байгаа. Төрийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээхгүй байгаа аж ахуйн нэгжүүд төрөөс дэмжлэг хүсэх эрхгүй.
-Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосноор нэлээд эсэргүүцэлтэй тулаад Засгийн газар татварыг шатлалыг цуцалсан. Татварын багц хуулийн хүрээнд шаталсан татварын систем рүү шилжих үү. Олон улсын жишгээ дагасан ч шаталсан татвартай болох цаг болсон гэж ярьдаг шүү дээ?
-Энэ удаагийн хуулийн төсөлд тусаагүй. Яваандаа шаталсан татварын системтэй болох нь зүйтэй гэдгийг олон улсын байгууллагуудаас зөвлөж байгаа. Өнөөгийн нөхцөлд эдийн засаг бүрэн тогтворжоогүй байна. Дээр нь шаталсан татварыг хэрэгжүүлэхэд улирлын чанартай ажилладаг салбарынхан илүү хамрагдаад байгаа. Хортой, хүнд нөхцөлд ажиллаж, жилийн талаас илүү хугацааг гэр орноосоо хол ажиллаж байгаа хүмүүсээс өндөр татвар авах болж байсан. Тиймээс нөхцөл нь хараахан бүрдээгүй гэж үзсэн.
-Иргэд НӨАТ-ын баримтаараа дамжуулан орлого, зарлагаа хянах боломжтой болж байна. Гэхдээ худалдааны томоохон төвүүд НӨАТ-ын баримт өгдөггүй, хууль хэрэгжихгүй байгаа. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Монгол Улсын төсвийн 80 гаруй хувь татвараас бүрддэг. Тиймээс татварын бааз суурийг нэмэгдүүлэх чухал юм. 2016 оноос хэрэгжсэн НӨАТ-ын хууль нь татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд нэлээд үр дүнгээ өгсөн. Гэхдээ гол худалдааны захууд дээр одоо хүртэл НӨАТ-ын хууль хэрэгжихгүй байгаа. Өнөөдөр жижиг дунд бизнесүүд ч гэхгүй зарим томоохон компаниуд Нарантуул, Да-Хүрээ, 100 айл дээрээс очиж бараа материалаа авдаг. Харин эдгээр захууд нь НӨАТ-ын баримт өгөхгүй байгаагаас НӨАТ-ын хуулиа бүрэн цикл болгож хэрэгжүүлж чадахгүй байна. Тиймээс зах худалдааны төвийг хамруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа.
Иймд бид татварын бодлогоор татвар төлөгчдийг цахим төлбөрийн баримтын систем рүү шахах, аль болох хамрагдалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Цаашдаа үе шаттай арга хэмжээ авснаар гаалиар орж ирж байгаа бүх бараа, бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид очих хүртлээ бүртгэгддэг байхаар зорьж байна. Ер нь бид НӨАТ-ын баримтаар дамжуулан насанд хүрсэн бүх хүн буюу 2 сая татварын байцаагчтай болно гэсэн үг. Ингэж л бид далд эдийн засгийг илрүүлэх, багасгах боломж бий болно гэж харж байгаа.
-Иргэдийн дунд “НӨАТ-ын системээр дамжуулан миний орлогыг хянаж байна. Хэрвээ би орлогоосоо давсан зарлага гаргавал шалгах юм биш биз” гэсэн болгоомжлол байдаг л даа?
-Монголын хууль эрх зүйн хувьд таны хэлж байгаа шиг иргэдийн орлогыг хянаад хариуцлага тооцох заалт байхгүй. Харин төрийн албан хаагчдын хувьд 50 сая төгрөгөөс дээш худалдан авалт хийж, өмч хөрөнгө нь нэмэгдэж байгааг цаг тухай бүрт Авлигатай тэмцэх газарт  мэдээлдэг. Харин хувийн хэвшил, иргэдийн хувьд энэ нь огт хамааралгүй учраас орлого, зарлагыг хянаж байна гэж айх хэрэггүй. Нөгөө талд татвар төлөхгүйгээр олон сая төгрөгийн борлуулалт хийдэг, ашиг олдог, эсхүл эцсийн хэрэглэгчид цахим төлбөрийн баримт өгөлгүй өөрөө бүртгүүлдэг иргэд, ААН байна. Энэ бол өөр асуудал. 
-Татваргүй бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг олон улсын байгууллагуудаас татвар хураах зохицуулалтыг хийсэн гэж байсан. Энэ талаар?
-Татвар төлөхгүй бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг олон улсын байгууллагуудыг 2016 оноос нэлээд цэгцэлсэн. Хуучин, тухайн салбар хариуцсан Засгийн газрын гишүүн хүсэлт тавьснаар Сангийн сайд татвараас чөлөөлөх эрхийг олгодог байсан бол одоо зөвхөн Монгол Улсын Засгийн газартай гэрээтэй олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ. Нийт 71 төсөл, арга хэмжээ НӨАТ, гаалийн татвараас чөлөөлнө. Бусад нь татвар төлөх үүрэг хүлээж байгаа.
-Биет бус хөрөнгө борлуулсны орлогод татвар ногдуулахаар болж байгаа юм байна. Биет бус хөрөнгө гэдэгт яг юу, юуг багтааж байгаа вэ?
-Оюуны өмч,  худалдааны тэмдэгт, Франчайз,  зохиогчийн эрх гээд олон зүйлийг багтаж байгаа. Мөн, онлайн бизнесийн татварын харилцааг зохицуулах шаардлага олон улс орнуудад тулгамдсан асуудал болсон байгаа. Жишээ нь, дэлхийд такси захиалгаар алдартай Uber, Amazon Монголд орж ирэх, эсвэл монголын бараа бүтээгдэхүүнийг борлуулж ашиг орлого олоход бид тэндээс ямар ч татвар авч чадахгүй байгааг бид олон улсын жишигт нийцүүлэн судалж байна.
Манай татварын хууль дэлхийн зарим улс орныхтой уялдаа холбоо муутай хийдлийг далимдуулан тэндээс нь завшиж байгаа компаниуд байгаа. Үүнийг арилгахын тулд татварын хуулийн шинэчлэл нэлээд чиглэж байна. Олон улсын стандартыг нэвтрүүлэх талд дээр дэлхийн шилдэг татварын аудитын компаниуд зөвлөмж өгч байгаа. Дотооддоо ч Монголын эрдэмтэн судлаачидтайгаа нягт хамтран ажиллаж байна.
Төрийн банк, хөрөнгийн биржийн хувьчлалын бэлтгэлийг хангаж байгаа
-Төсөвтэй холбоотой хэдэн асуулт асууя. Эхний улирлын байдлаар төсвийн гүйцэтгэл харьцангуй сайн гарч байна. Эдийн засаг ч өсөх хандлагатай байна. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны нөлөө юү, эсвэл гадаад зах зээлийн таатай байдал нөлөөлсөн үү. Ер нь Сангийн яам эдийн засгийн хэтийн төлөвийг хэрхэн харж байгаа вэ?
-Он гарсаар татварын орлого маш сайн биелэлтэй байгаа. Татварын алба улс, орон нутгийн төсөвт 2017 онд 3276.6 тэрбум төгрөгийг татварын орлого төвлөрүүлэхээс 3829.1 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 116.9 хувиар, 2018 оны эхний 2 сард 547.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 728.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 133.2 хувиар амжилттай биелүүлсэн. Үүнд, хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад зарлагаа нэлээд хумьсан. Үүнийг дагаад төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах бодлогыг баримталж байна. Өмнө нь бид орлого өссөн бол дагаад зарлагаа нэмчихдэг байсан бол сүүлийн хоёр жилд балансаа зөв зохицуулж хуримтлал үүсгэж чадаж байна. Хуримтлалаасаа дотоодод босгосон өндөр хүүтэй бондоо хугацаанаас нь өмнө төлж барагдуулж, банкууд дээр эх үүсвэрийг чөлөөлж өгч байна. Үүнийг дагаад банкны зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. Эдийн засгийн өсөлт 5.1 хувь буюу өнгөрсөн онд бидний тооцоолж байснаас өндөр гарсан. Энэ онд үүнээс ч өндөр байна гэж тооцож байна. Үүнд, дэлхийн зах зээлд манай улсын экспортолж буй бараа бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа ч нөлөөлж байна. Дээр нь, манай улсын хөрөнгө оруулалтын орчин тогтворжлоо. Энэ хандлага гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхэд нөлөөлж байна. Аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудад хадгалсан мөнгөө эдийн засагт оруулж, бизнесээ идэвхжүүлэх хандлага ч ажиглагдаж байна.
-Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд энэ жил хэдий хэмжээний санхүүжилт хийх вэ. Санхүүжилтийн хуваарилтууд нь ямар салбар, төсөл хөтөлбөрт хийгдэх юм бэ?
-Энэ онд Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд зөвхөн төсвийн дэмжлэг хэлбэрээр 2018 онд 600 гаруй сая ам.доллар орж ирэхээр тооцоолсон. Төслийн санхүүжилтүүд мөн төслийн явцтай уялдан хийгдэж байна. Жишээ нь, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед гэрээ нь байгуулагдсан Улаанбаатар-Эрдэнэт-Мандалговь чиглэлийн цахилгаан дамжуулах шугамын 200 сая гаруй ам.долларын  санхүүжилттэй төслийн барилга, угсралтын ажил эхэлнэ. Гачууртын уулзвараас Чойр хүртэлх авто замыг өргөтгөх шинэчлэх ажил эхлэх гэж байна. Цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийн асуудал Ерөнхий сайдын Хятадад хийх айлчлалын үеэр бүрэн шийдэгдэж ажил нь эхлэхээр байна. Цэвэрлэх байгууламжийн ажилд энэ жил төсвөөс 10 тэрбум төгрөг зарцуулна. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд “Сервис центр” байгуулах ажил эхэлнэ. Энэ оны төсөвт 600 гаруй хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжихээс 200 гаруй нь боловсролын салбарт байна. Орон даяар сургууль, цэрэглэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил эхэлнэ. Зарим төслийг хэрэгжүүлэх эрхийг шууд орон нутагт нь шилжүүлж байгаа учраас тухайн орон нутгийн компаниуд бүтээн байгуулалтыг хийх боломжтой.  Орон нутгийн бизнесийг дэмжвэл орон нутгийн төсөв сайн төвлөрнө. Хэрвээ төсөв давж биелэвэл давсан орлогоо Иргэдийн хурал нь өөрөө зарцуулах эрхтэй байдаг. Тиймээс орон нутаг, аж ахуйн нэгжийг дэмжсэн бодлого баримталж байгаа.
-Төсөвт өмч хувьчлалаас 100 гаруй тэрбумын орлого олохоор төлөвлөсөн. Гэхдээ өмч хувьчлалын ажил хийгдэх үү гэдэг нь өөрөө асуудал болоод байна?
-Өмч хувьчлалын ажлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцан явуулна. Манай харьяалалд багтдаг Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлал багтаж байгаа. Санхүүгийн чухал обьектуудын хувьд өмч хувьчлалыг хэрхэн яаж явуулах талаар судалгаа хийж, хөрөнгийн үнэлгээ, тайлан балансыг нь цэгцэлж байна. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлал хийх бэлтгэл ажлыг хангаж байна. 
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн