Зарим үед тодорхой шалтгаангүйгээр санаа зовних нь байдаг. Тэрхүү санаа зовнил нь даамжирвал юунд хүргэдэг болоод түүнийг хэрхэн даван туулж, өөртөө амар тайван, эерэг мэдрэмж бий болгох талаар АШУҮИС-ийн багш, СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч Р.Энхтүвшинтэй цөөн хором ярилцлаа.
-Зарим үед аливаа асуудлыг хэт хүндээр хүлээж авч, санаа зовних нь байдаг. Гэхдээ ямар хүмүүс санаа зовних нь илүү байдаг вэ?
-Санаа зовнил гэдгийг улиг бодол гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл, ямар нэг зүйлд их анхаарал хандуулж, гүн гүнзгий бодож, тухайн бодлоосоо салж чадахгүй байхыг хэлээд байгаа юм. Харин санаа зовнил хүн болгонд өөр өөр байдлаар илэрдэг. Аливаа асуудлыг хүлээж авч байгаа хүн бүр өөр өөрийн гэсэн хэв шинжтэй байдаг гэсэн үг. Психоастеник буюу сэтгэцийн хувьд төрөлхийн мэдрэмтгий хүмүүс бусдаас илүү санаа зовнидог. Тухайлбал, хэн нэгэн хатуу үг хэлэхэд түүнийг хэт хүндээр хүлээж авч, гомдвол мэдрэмтгий хүн гэсэн үг. Сэтгэцийн хувьд мэдрэмтгий хүмүүс нь маш их стресстэж, түүнийг даван туулах хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Зарим үед хэт санаа зовнилоосоо болж аливаад сөрөг хариу үйлдэл үзүүлдэг.
-Хэт санаа зовнил нь удаан хугацаанд үргэлжилбэл хүний сэтгэл зүй, үйл хөдлөлд хэрхэн нөлөөлөх вэ?
-Нэгд, удаан хугацаанд санаа зовнилтой явснаар улигт бодлын сэтгэцийн эмгэг тусдаг. Тухайлбал, бохирдлоос айх айдастай хүн гэж байдаг. Ширээн дээр байгаа нян, бактериас бохирдох вий гэсэн айдас, гар бохирдож, түүнээс өвчин тусах вий гэж айж, зовниж, бухимддаг. Цаашлаад хүнтэй харьцаж чадахаа больдог. Энэ бол эмгэг хэлбэрт шилжсэн гэсэн үг. Үүнээс гадна зарим хүмүүс муу болон сайн тоонд ач холбогдол өгдөг. Тухайлбал, 2-ийн тоог өөртөө муу гээд ойлгочихвол 2-ын тоотой зүйлээс аль болох хол байхыг эрмэлздэг. Энэ бол шаардлагагүй зүйлд хэт анхаарч улигт бодлын эмгэг тусч байгаа юм.
Хоёрт, улигт бодлоо албадмал үйлдэл болгодог. Тухайлбал, бохирдох вий гэдэг айдсаасаа болж, байнга гараа угаахыг хэлнэ. Энэ үйлдэл нь хэт ихсээд ирэхээр янз бүрийн зуршилтай болдог. Тухайн зуршил нь албадмал үйлдлээс үүдсэн зуршил эсэхийг ялгах хэрэгтэй. Тухайлбал, бохирдох вий гэсэн санаа зовнилоос болж, байнга гараа угаах нь албадмал үйлдлээс болж байгаа хэрэг. Уг үйлдлээ хийхгүй бол санаа зовнилоосоо болж, тухайн хүн түгшиж эхэлдэг. Ямар нэг үйлдэл хийсний дараа түр тайвширдаг байдал нь сэтгэцийн эмгэг хэлбэрт шилжсэн гэсэн үг. Үүнийг эмийн эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээтэй заавал хавсарч эмчлэх хэрэгтэй.
-Сэтгэцийн хувьд төрөлхийн мэдрэмтгий хүмүүс яавал асуудлыг хөнгөхөн хүлээж авдаг болох вэ. Үүний тулд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?
-Аливааг хүлээж авах хэмжүүрээ өөрчилнө. Аливаа асуудлыг байх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг, ойлгодог болох хэрэгтэй. Үүний тулд эхлээд би юу мэдэрч, аливааг хэрхэн хүлээж авч байгаа мэдрэмжээ тухайн хүн өөрөө ойлгох ёстой. Дараа нь түүнийгээ хянаж, зөв илэрхийлж сурна гэсэн үг.
-Хувь өөрөө санаа зовнилоо даван туулах ямар арга зам байна вэ?
-Санаа зовнилоос гарахын тулд тухайн хүн юунаас болж, яагаад зовниод байгаагаа олох хэрэгтэй. Мөн EQ буюу сэтгэл хөдлөлийн ухамсраа хөгжүүлэх байж болно. Үүнээс гадна сарниулах арга чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал, санаа зовоод байгаа асуудлаасаа өөр зүйлд анхаарлаа хандуулна гэсэн үг.
Хамгийн сүүлд нь сөрөг мэдрэмж, айдсаа эерэг зүйлрүү чиглүүлэхэд өөрийгөө дайчилж, сэдэлжүүлэх хэрэгтэй. Тархи анхдагч, язгуур үгийг ихэвчлэн хүлээж авдаг. Тухайлбал, би айхгүй байна гэж хэлбэл, тархи айх гэдэг үгийг тархи хүлээж авдаг. Тийм учраас “айх” гэж хэлэхгүй байх ёстой гэсэн үг. Хэрвээ айж байгаа бол “би тайван байна” гэж хэлэх ёстой гэсэн үг. Тайван гэдэг үгийг тархи хүлээж авна. Өөрөөр хэлбэл, сөрөг үгээс илүү эерэг үгийг хэлэх хэрэгтэй. Би чадна, би чадна гэж л хэлнэ гэсэн үг.
-Санаа зовнилоо даван туулахад EQ буюу сэтгэл хөдлөлийн ухамсраа хөгжүүлэх хэрэгтэй гэж ярилаа. Үүнийг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?
-Сэтгэл хөдлөлөө эхлээд мэдрэх хэрэгтэй. Хүүхдүүдийн хувьд өдрийн тэмдэглэл хөтлөх нь үр дүнтэй байдаг. Тэмдэглэл хөтөлснөөр тухайн хүүхэд өөрийн мэдрэмжээ илэрхийлж, өөрийгөө гаднаас нь харж сурдаг. Харин насанд хүрсэн хүмүүс юу мэдэрч байгаагаа хэн нэгэнд ярьж, харилцан ярилцах хэрэгтэй юм. Гэхдээ хүн болгон чамайг ойлгох албагүй. Тухайн хүний ярьсныг хэрхэн хүлээж авах нь тухайн хүний EQ чадвараас хамаарна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.