Усан паркийн газарт орон сууц барьж буй асуудлаар шүүхэд хандсан “Онч шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.
-Дунд голын ай сав, Усан парк барих зориулалттай газарт орон сууц барьж буй асуудлаар танай байгууллага шүүхэд хандсан байна. Энэ процесс хэзээнээс эхэлж, ямар шатандаа явна вэ?
-Хавар хэвлэл мэдээллийнхэн Усан парктай холбоотой асуудлыг олон нийтэд дэлгэж, хүчийг авахуулсан. Үүнтэй холбогдуулан газрын тухай хууль, Усны тухай хууль зөрчсөн байна уу гэдэгт судалгаа хийхэд хууль зөрчсөн байсан. Усны тухай хуулийн Усны онцгой хамгаалалтын бүс дотор хориглосон үйл ажиллагаа явуулж буй нөхцөл илэрсэн юм.
Тухайн байгууллага шүүхээс орон сууц барих хуучин эрх сэргэсэн учраас барилгаа үргэлжлүүлж байна гэж тайлбарладаг. Гэвч үүнийг нь судлахаар шүүхээс усан паркийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл өгсөн болохоос орон сууцны зөвшөөрөл өгөөгүй байв. Тиймээс зургадугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргад өргөдөл өгч “Танай харьяа Нийслэлийн ерөнхий архитектураас баталсан байна. Захирамжаа цуцалж, шийдвэрээ хүчингүй болго” гэх асуудлыг хөндсөн. Гэвч хуулийн хугацаанд бидэнд хариу өгөөгүй. Тиймд шүүхэд нэхэмжлэх гаргаснаар наймдугаар сарын 25-нд захиргааны анхан шатны шүүх хэрэг үүссэн. Одоогоор шүүхийн шийдвэр гарахад эрт байна. Холбогдох нотлох баримтад үндэслэн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн.
-“Эм Энд Жи” компани нийслэлтэй шүүхдэлцсэн үеийн мэдээлэл тийм ч нээлттэй бус байдаг. Танайх уг асуудалд холбогдуулан мэдээлэл цуглуулах үед яг ямар процессоор шүүхэд ялж, барилгын ажлаа үргэлжлүүлэх нөхцөл нь бүрдсэн байна вэ?
-“Эм Энд Жи” констракшн 2008 онд орон сууцны зориулалтаар тус газрыг авсан. Тухайн үед 2004 оны усны тухай хууль үйлчилж байсан юм. 2004 оны Усны тухай хуулиар голын өөрийнх нь хамгаалалтын бүс гэж тогтоогоогүй. Харин голын эхийг хамгаалах онцгой бүс гэж байсан. Тэгэхээр 2004 оны хууль үйлчилж байх үед 2008 онд орон сууцны зориулалтаар тус газрыг эзэмшиж болж байв. Харин 2014 онд Усны тухай шинэ хууль батлагдаж, голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс гэж тогтоосон юм. Түүнд БХБ болон БОАЖ-ийн сайд нарын хамтарсан тушаалаар онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийн журам гэж гаргасан. Үүгээр усны далан болон усны үерийн хуримтлуулах сав зэрэг усны байгууламжид онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэх заалттай. Мөн усны далан баригдсан бол түүнээс хойш 50 метрийн дотор онцгой хамгаалалтын бүс тогтооно гэсэн заалттай.
2018 онд нийслэлийн Засаг дарга тухайн газрыг усан паркийн зориулалтаар хувааж олгохдоо гурван захирамж гаргасан. Үүнийг нь 2020 онд нийслэлээс хүчингүй болгосон. Ингэхдээ газрын тухай хуулийн 41.6 буюу эзэмшил газраа хоёроос дээш жил зориулалтынх нь дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр цуцалсан. Уг шийдвэрийг шүүхээс захирамжилсан хугацаа нь хоёр жил хүрэхгүй байна. Хугацаа нь дуусаагүй байна гэх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг Газрын тухай хуульд нийцээгүй гэж үзээд хүчингүй болгосон. Нийслэлийн Засаг даргын захирамж хүчингүй болсноор өмнөх Усан паркийн зориулалтаар газар эзэмших эрх нь сэргэсэн. Үүний дараа нийслэлийн Засаг дарга шинэ захирамж гаргах ямар ч үндэслэлгүй болов.
2022 оны нэгдүгээр сард тус компани шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гэх нэрийдлээр орон сууцны зориулалттай захирамж гаргуулж авсан. 2022 оны гуравдугаар сард Нийслэлийн ерөнхий архитектороос барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гэж авсан. Энэ нь загвар зургаа ийм стандартын дагуу гаргаарай гэдэг даалгавар, заавар байдаг. Үүнд үндэслэн зураг төслөө батлуулдаг. Тэрхүү иж бүрэн зургаа Барилгын хөгжлийн төвөөр магадлан дүгнэлт хийж, зөвшөөрүүлснээр барилгын ажлаа хийдэг.
-Уг асуудлыг шийдэх боломжтой үед нь шийдээгүйгээс болж Усан паркийн оронд босож буй орон сууц 12 давхар хүртлээ босчихлоо. Яг ямар шатанд, аль түвшний шийдвэр гарах ажил гацсанаас өдий хүртэл үргэлжлэв?
-Барилгын хөгжлийн төвөөр магадлан дүгнэлт хийгдэж, зөвшөөрүүлснээр барилгын ажлаа явуулах ёстой. Гэтэл зөвшөөрөл гарахаас хоёр сарын өмнө барилгын ажлаа эхлүүлсэн. Зөвшөөрөл 2022 оны долдугаар сарын 22-ны өдөр гарсан байдаг.
Зургадугаар сард зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байна гэж НМХГ-аас торгууль ногдуулж, тогийг нь тасалсан. Уг нь зөрчил шалган шийдүүлэх хуулиар эрх бүхий албан тушаалтны үүрэг нь зөрчилд хариуцлага ногдуулахаас гадна зөрчлийг таслан зогсоох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хууль бусаар баригдсан барилгад буцааж буулгах арга хэмжээг авах ёстой байсан. Энэ арга хэмжээг аваагүй байх хугацаанд тус компани хөөцөлдөж байгаад барилгын зөвшөөрлөө батлуулж авсан байна. Одоогоор барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй холбогдуулж нэхэмжлэхийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа. Шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээж аваад хариуцагчид нэхэмжлэх гардуулбал БХБЯ хамтран байгуулагчаар орж ирнэ. Энэ үед захиргааны актыг түдгэлзүүлэх буюу барилгын ажлыг зогсоох тухай хүсэлт өгнө. Үүнийг шүүх шийдтэл барилгын ажлыг зогсоох боломжгүй.
-Шүүхийн шийдвэр орон сууц барихыг хориглосон тохиолдолд нураах боломжтой гэж үзэж болох уу, өөр ямар нэгэн байгууллагын шийдвэр шаардлагатай юу?
-Шүүхийн шийдвэр хууль бус болохыг нь тогтооно. Цаашлаад хууль ёсны зөвшөөрөл эрх олгосон байгууллагууд нь нураах үүрэг хүлээнэ. БХБЯ болон нийслэлийн Засаг дарга нар хариуцан хийнэ. Нураах шийдвэр гарсны дараа дээрх хоёр газар шийдвэрийг нь хэрэгжүүлэх нь үү, үгүй юү гэдгийг харъя.
-Танай ТББ уг асуудлыг хөндсөн нь ямар нэг ашиг сонирхлын асуудал байгаа эсэхийг уншигчид сонирхож магадгүй. Үүнд та хариулт өгөхгүй юү?
-Манай “Онч шийдэл” ТББ-д ямар нэгэн эрх ашиг байхгүй. Бид угаасаа л стратегийн өмгөөлөл, олон нийтийн эрх ашиг хөндсөн асуудлыг шүүх дээр гаргаж тавьдаг байгууллага мөн. Энэ удаад Улаанбаатар хотын иргэдийн эрх ашгийг боомилсон, нөгөө талдаа авлига, хээл хахуулийн шинжтэй асуудлыг хөндөж байгаа юм. Энэ бол нийслэлийн иргэдийн эрх ашгаас гадна байгаль орчин, усны тухай хуулийг зөрчиж байгаа.