“Миний хүү хөдөө очоод томоотой байгаарай. Ээж нь ирэхэд чинь хашаатай болчихсон байна аа” хэмээн таван настай хүүгээ үдэж буй бүсгүй бол энэ удаагийн #Гудамж цувралын эзэн. Манай улсад 69,132 өрх толгойлсон эх байдаг. Тэдний нэг нь энэ удаагийн түүх бүтээгч.
...Манайх хөдөө амьдардаг ч сүүтэй цай уух нь цөөн тийм л айл байлаа. Мал гээд байх зүйлгүй. Аав ажилгүй, ээж сумын төвийн худагт ус түгээгч. Тэдний ганц найдвар нь би. Багаасаа л сумын бүхий л уралдаан тэмцээнд орж, чадахаас чадахгүй хүртэл явна. Онгирсондоо ч биш. Сурлагын хувьд манай суманд надтай барьцах, дээр гарах гэж уралдах хүүхэд байдаггүй байсан юм. Хүн бүр л магтана. Ээж ч баярлаж, час хийсэн мэргэжилтэй төмөр хадагтай болох нь л гэнэ. Гэхдээ арванхоёрдугаар ангид орох хүртэл. Миний өдөр бүрийн маршрут сургууль, гэр, заалнаас хэтрэхгүй. Өглөө хичээлдээ суугаад өдөр нь бэлтгэлдээ явж, орой нь гэртээ харих гэх зэргээр. Харин энэ маршрут төгсөх жилд өөрчлөгдөж эхэлсэн. Шалтгаан нь доод ангийн хүүхэд. Одоо ч залуу болсон байх. Бид сагсны нэг бэлтгэлд явдаг байсан юм. Нэгэнтэйгээ тэгж их дотно биш. Бэлтгэл дээр таардаг байсан төдий. Хичээл эхлээд удаагүй арваннэгдүгээр сарын долоо хоногийн амралтаар аймагт тэмцээн болоход хамт явцгаасан. Манайх зоондоо тэр тэмцээнд түрүүлэх хэмжээний хоёр сумын сурагчидтай хуваарилагдчихсан нэлээд айдастай байлаа. Гэхдээ азаар хоёуланд нь хожчихсон. Тэгсэн хожсон, хожигдсон хоёр хоорондоо тэмцээн дуусаад яагаад ч юм маргаж билээ. Тэр дунд нь багийн ахлагч нэртэй би явж байсан юм. Удалгүй өнөө доод ангийн хүүхэд гарч ирж намайг аваад өөр тийшээ тайвшруулахаар холдлоо. Тэгж явахдаа яагаад уурлаад байдаг байна, хожигдож сураагүй юмнууд гээд л ярьж гарлаа. Маргаашаас нь сургууль, бэлтгэл гээд байнга уулзсаар нэг мэдсэн хайртай, дуртай дээрээ тулчихсан явсан. Би анх удаа үерхэж үзэж байгаа нь энэ. Гэрээс холддоггүй хүүхэд чинь маршрут нь өөрчлөгдөж, оройтох нь ихсэж, найзындаа үе үе хонодог болов. Хүүхдийн гэнэн мөрөөдлөөр гэрлэнэ гээд байнга л хамт байх гэж байгаа юм зайлуул. Сүүлдээ гарж орох нь ихсэж цагдуулаад, түүндээ их л дургүйлхэж том болчихсон байхад гээд хаалга савах нь холгүй. Харин тухайн жилийн Цагаан сар нэгдүгээр сард болж байсан юм. Тэр үед л цагдуулаад гэртээ байх нь яав гэж бодоход хүрсэн. Ингээд л 18 настайдаа ээж болчихсон. Амьдрал гээд байгаа руу нь тийм ч дуртай орсонгүй. Нэгэнт л төрнө гэчихсэн болохоор аав, ээж төрдөө л гэсэн. Гэхдээ араа өөрөө даагаарай гэж билээ.
Арван жилээ арай гэж төгссөн болоод л оюутан болох намраа хүүхдээ гаргасан. Манайх боломж тааруу болохоор нөхрийндөө амьдрахаар боллоо. Нөхөр ээж, охин дүүтэйгээ амьдардаг. Арван жилээ чүү ай төгссөн 18-т, арван жилээ төгсөх гэж байгаа 17-т хоёр болно, болгоно гэсэн ч болоод байгаа зүйл нэг ширхэг ч байсангүй. Хадмын хаяа түшсэн би гэж хүн ажилгүй, анхиагүйгээрээ дуудуулж эхэллээ. Эхэндээ ч удахгүй гайгүй болно гэж найддаг байсан. Нөхөр нялхаараа аав болчихсон болохоор сургууль дээрээ байх дуртай, бэлтгэлдээ ч байнга явж оройтож ирнэ. Төрөөд удаагүй шөл, цай дөхүүлэх хүнгүйддэг байв. Өөрөө хийе гэхээр байнга гар дээр унтдаг, тэврүүлэхгүй бол уйлдаг хүүхэд гэж байдаг даа. Манай хүү ер нь тиймэрхүү болохоор ахыг нь бараг хүчээр аваад суучихсан гэж боддог дүүг нь туслаач гэхэд хэцүү. Орлогогүй хүн чинь хүүхдийнхээ давууг угааж гарна. Сүүлдээ эрхий хуруу, долоовор хурууны хавьд цэврүүтчихээд мушгиж болохгүй устай шахуу заримыг нь өлгөнө.
Нөхрийг сургуулиа төгсөхөд нь хадам хот орж сургуульд сургана гээд бид гурав таван буудалд хашаа байшин түрээсэлж амьдрах болсон. Нөхөр их сургуульд орсноос хойш суманд байсан үеэс гэрт байх нь багасаж, гадуур хонох нь ч ихсэв. Гэрт ирэхээр байнга уцаарлаж, бухимдсан хүн. Анх чам руу муухай ч харж чадахгүй гэдэг байсан хүн хүүхдээ тэврээтэй над руу “Чи наад хувцас хунараа солиод, нүүр амаа янзлаач хачин авгай шиг л байх юм” гэнэ. Заримдаа оюутан ангийнхаа залуусын найз охидуудтай харьцуулна. Тэд чинь хүүхэд гаргаж, амьдралаа эхлүүлээгүй байгаа шүү дээ. Ингэж жил орчим явсан. Нэг удаа гэртээ ганцаараа болохоор нойл орохдоо хүүгээ орон дээр уяад орхисон чинь орж ирэхэд уначихсан байсан. Оройн нь халуурч шар, ногооноор гүйлгээд л нүүр нь цайчихсан. Сандраад нөхрийг ирэхгүй болохоор нь залгасан хөдөө ээж дээрээ байна гээд бид хоёрыг тоосон шинжгүй л байлаа. Ийм үед л больдог юм уу гэж бодогддог юм билээ. Гэхдээ салаад хаачих билээ. Араа өөрөө даагаарай гэсэн аав, ээж рүү гээ буцах уу. Энд ажиллах уу, хүүхдээ хэнд харуулах уу гээд л наад захын асуудал.
Орон нутгийн харьяаллаар нэгдүгээр эмнэлэгт үзүүлэх ёстой болохоор Багшийн дээд дээр явж байгаад арван жилийн ангийнхаа охинтой таарсан ганган гэж жигтэйхэн. Харин миний байдал авгай өмд, сул цамц, халтар гутал хааш яаш боосон үс, том цүнх, төрөөд турж эцсэн ясан бие. Ангийн хүүхэд болохоор хаана сурч ажиллаж, хэр байгаа гээд л шалгаахад нь асуултад хариулахаас илүү миний бодож байгаа зүйл яаж муугаа харуулахгүй зугтах вэ л байсан. Бараг анх удаа тэгж их ичиж үзсэн. Сургууль байтугай сумын, аймгийн лидер хүүхэд ингээд л явж байх гэж бодсон байх. Гэрийнхэн хаа нэг ямархуу байна гэхээр нь гайгүй ээ, нөхөр гадуур ажилтай, сургууль дээрээ давтлагатай, бэлтгэлтэй байгаа удахгүй байранд орж ч магадгүй юм шиг байна зэргээр аргалдаг байсан. Гэтэл тэгж таарсны дараа манай ангийн охин сум орсон юм билээ. Тэгэхдээ ээжтэй таарч л дээ. Манайхан гэвэл аав дуугүй тайван төрлийн хүн. Яаж ч байсан надад нэг их юм хэлэхгүй. Харин ээж хэл ам болсон тачигнасан хүн. Намайг хаашаа явав, яав ийв гээд шалгааж гарна. Тэрэн шигээ ангийн хүүхдийг шалгааж намайг зутруу байгааг дуулаад л маргааш нь замын унаагаар ирчихсэн. Ирэхэд нь нөхөр байхгүй хөдөө ээж дээрээ байсаар. Тэр үед ээжийн хэлсэн үг нь ядарч яваа бол миний хүү тэнд байгаад яах вэ гээд байдаг “эхийн сэтгэл” шүлэг. Эмэгтэй хүн шийдвэр гаргах дээр л удаж, шийдвэр гаргачихвал буцдаггүй юм билээ. Надад яг том шалтаг л дутаад байсан. Харин ээж тэр шалтгийг нь гаргаж өгсөн. Биднийг салахад түүнийг араас гуйж хүүгээ авъя гэнэ байх гэсэн ч тэгээгүй. Тэр бараг л баярласан. Одоо салаад дөрвөн жил болж байна. Өнөө лидер охин нь сургууль ч үгүй, мэргэжил ч үгүй, хоноглох газар ч үгүй хүүхэд тэвэрсэн гэрийн авгай болсон байснаа салалтын дараа л өөрийгөө нэг харахтай болсон. Хүү бид хоёр 16-р хороололд нийтийн байранд байгаа. Гэхдээ сүүлийн хоёр жил хураасан мөнгөө жаахан нэмчихвэл энэ зундаа хашаа байшин авчих гээд байгаа юм. Зуны гурван сар надтай энд өглөө гарч орой орж ирж байхаар хүүгээ ядаж сар ч болтугай эмээ өвөө дээр нь байлгах санаатай. Ер нь төрлөө гээд өөрийгөө хаяж болохгүй, суулаа гээд хувийн өмч биш гэдгийг л санах хэрэгтэй шиг санагдсан. Ээж хүн, эхнэр хүн ч хүн л бол хүн. Салалт ч гэсэн шийдэл юм билээ. Хоёулаа байснаас ганцаараа байсан нь ч амар санагдах үе байдаг. Хэн нэгэнд санаа зовохгүй, хүн хүлээж гар харахгүй, хэн нэгнээс ямар нэг тусламж хүлээхгүй. Сүүлийнх юм шиг амьдрахаа больцгоо. Энэ бүхэн эцсийнх биш...