Open iToim app
Хүний эрх | 4 мин уншина

Ц.Тэрээдээ: 13 настай охиныг минь хөнөөсөн хэргийг шийдэж өгөөч гэж Ерөнхийлөгчид хандсан

Ц.Тэрээдээ: 13 настай охиныг минь хөнөөсөн хэргийг шийдэж өгөөч гэж Ерөнхийлөгчид хандсан
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 3
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Дарь-Эхийн гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин нас барсан хэрэг өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гарсан. Гэсэн хэдий ч уг хэрэг одоо болтол шийдэгдээгүй, анхан шатны шүүх рүү буцаагдаад байгаа юм байна. Хэргийн талаар хохирогчийн ар гэр болох талийгаачийн өвөөгөөс зарим зүйлийг тодруулсан юм.
-Хэрэг явдлыг анхан шат руу буцаасан гэсэн. Ямар шалтгаанаар буцсан юм бэ?
-Зөрчлийн тухай хууль маш буруу хууль болсон байна. Жишээлбэл, гэмт хэрэг үйлдсэн этгээд, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол цагдан хорино гэж Зөрчлийн тухай хуульд заасан. Миний охины амь насанд хүрсэн хоёр хүн бүтэн сар хоригдоогүй гадуур байсан. Гэмт хэрэгтнүүд хууль хяналтын байгууллагынханд нөлөөлж байна. Урьдчилан хэлэлцүүлгээр ороод хоёр шалтгаанаар анхан шатны шүүх рүү буцаасан. Нэгт,  охины минь биеэс 5.7 хувьтай архи илэрсэн. 13 настай охин гадна орчинтойгоо харьцаж чадахгүй болтлоо үхэлд хүрсэн байдлыг хууль зүй, эмнэлэг,  шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоохоор болсон. Хохирогчийн аав нь сэтгэцийн өвчинтэй байна, энэ өвчнөөр өвдсөн эсэхийг тогтоолгохоор буцаасан. Прокурор нь эсэргүүцэл бичсэн ч нийслэлийн шүүх хэрэгсэхгүй болгоод анхан шатны шүүх рүү буцаасан. Анхан шатны шүүхээс нь дахин нэмэлт мөрдөн байцаалтаар дээрх хоёр шалтгааныг тогтоолгохоор болсон. Хэрэг гараад долоон сар гаруй болж байна. Энэ хугацаанд хууль хүчний байгууллагынхан үнэнч шударгаар асуудлыг шийдэхгүй байна. Хэргийг шийдвэрлэж чадахгүйдээ бус сэтгэл дутуу ажиллаж байна. Миний охин амьд байсан бол сурагчдынхаа дунд сурч боловсроод гэр бүлдээ баяр баясгалан болоод явах байсан ч хөлдүү газар булаатай хэвтэж байна. Энэ хугацаанд бид амьдаараа тамлагдаж байна. Бид аргаа бараад Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн. Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх хуулийг санаачлах гэж байгаа юм байна. Энэ бол маш зөв алхам. Хөхнөөсөө гаргаагүй хүүхдээс эхлээд дөнгөж шилжилтийн насны цэцэг шиг хүүхдүүдийг хүчирхийлээд байна шүү дээ. Гэтэл бодит байдалд хохирогчоос илүү яллагдагч нарын эрхийг илүүд үзэж байна. Ар гэрийнхнийг нь хохироосон дээр нь нэмж хохироож байна. Миний талийгаач охины аав нь сэтгэцийн өвчтэй болчихоод Сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарлаа. Өмнөх шигээ хэвийн болохгүй гэж эмч хэлсэн.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт хоёр удаа, өөр өөр гарсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Миний охин автобусны буудал дээр зогсож байхад Жавхлан ирээд утсыг нь авч дэлгүүр рүү зугтсан байсан. Охин минь хойноос нь гүйгээд гурвуулаа дэлгүүрээс гарч ирж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгээд л камерт дахиж бичигдээгүй. Тэр өдрийн орой охин ирэхгүй, бид шөнөжин хайсан. Өглөө нь Баянзүрх дүүргийн Шүүхээс цогцос олдлоо охин чинь байж магадгүй гэсэн. Охины минь хамар мурийсан, нүүр ам нь дан цус болсон байдалтай байсан. Эрүүл саруул өсч явсан хүүхэд шүү дээ. Гэтэл шүүх эмнэлгийн эхний дүгнэлтээр үүдэн шүдгүй гэж гарсан. Тухайн үед бид шүдийг нь харж чадаагүй л дээ. Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтээр үүдэн шүдгүй гэж гарчихаад дараагийнх нь дүгнэлтээр шүдтэй гэж гарсан. Үнэндээ миний охиныг зодож байгаад архи, дарс уулгасан. Түүнээс миний охин архи, дарс гэж юу байдгийг ч мэдэхгүй. Өвөө, эмээгийнхээ өвөрт унтдаг байсан хүүхэд юм шүү дээ.
-“Очир” төв үйл ажиллагаа явуулж байгаа юу?
-“Очир” төв үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хажуугаар нь бид өдөр бүхэн өнгөрнө. Ямар хэцүү гэж бодно. Бид охидоо яаж насанд хүргэх вэ. Нялх үрсээ хаанаа нууж нас  биед хүргэж өсгөх вэ. Энэ нийгэм улам л харгис, улам л аймшигтай болж байна шүү дээ.
-Сэжигтнүүдтэй холбогдсон уу. Ар гэрээс нь та бүхэнтэй холбогдсон уу?
-Сэжигтнүүд хоригдож байгаа. Бид нар хүүхдээ өвчнөөр алдсан бол ингэж тамлагдахгүй. Гэтэл ийм зэрлэгээр хөнөөгдсөн нөхцөлд тайван байж чадахгүй нь. Хоёр яллагдагчийн ар гэрийнхэн өнгөрсөн долоон сарын хугацаанд нэг ч удаа утсаар яриагүй. Эмгэнэл илэрхийлээгүй, оршуулгын зардал ч өгөөгүй. Бид нар “ Юу ч үгүй хоосон айл” гэж өмгөөлөгч нараараа хэлүүлсэн. Ийм хүнлэг бус хүмүүсийн гарт миний охин амиа алдсанд маш их харамсаж байна. Дээр нь Монголын төр миний 13-хан настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт анхаарлаа хандуулахгүй, удаа дараа буцааж, шүүх шинжилгээний хариуг өөрчилж байна. Үнэхээр гомдолтой байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн