Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 оны Монголын эдийн засгийн төлөв байдлын тайланг өнөөдөр танилцууллаа. Монголын эдийн засгийн төлөвийг Азийн хөгжлийн банкны Монгол дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий сэтгүүлчдэд танилцуулсан юм.
Монголын эдийн засгийн өсөлт 2019 он эцэс болон 2020 онд бага зэрэг саарна
Монгол Улсын эдийн засаг 2019 оны эхний хагас жилд 7.3 хувиар өссөн билээ. Энэхүү өсөлтөд уул уурхай, барилга, үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа эрчимжсэн нь нөлөөлсөн байна. Тэгвэл Азийн хөгжлийн банкны төлөвөөр энэ оны эцэст эдийн засгийн өсөлт бага зэрэг саарч, 6.7 хувь болно гэж тооцжээ. Мөн 2020 онд Монголын эдийн засаг 6.1 хувь өснө гэж таамаглажээ. Эдийн засгийн өсөлт саарч буй шалтгаан нь Хятадын эдийн засагтай шууд холбоотой гэлээ. Учир нь, АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны дайны нөхцөл байдлаас хамаарч Хятадын эдийн засаг удааширч, импортын хэмжээ хумигдах хандлагатай байгаа аж. Үүнийг дагаж Монголын уул уурхайн түүхийн эдийн экспорт буурах эрсдэл байна. Дотоодын эрэлтийг хангахын тулд импорт өсч нийт эдийн засгийн өсөлт бага зэрэг буурна гэж шинжээчид үзжээ.
Инфляцийн төвшин бага багаар өсч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар найман хувь байгаа бол оны эцэст 8.5 хувьд хүрнэ гэж таамаглажээ. Учир нь хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа махны үнэ өндөр байгаа нь суурь инфляци өсөхөд нөлөөлж байгаа аж. Нөгөө талд бодит хүү бага байгаа нь хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болж байгааг дурдсан.
Улсын төсвийн хувьд авч үзвэл, эхний хагас жилд ДНБ-ий 4.7 хувийн ашигтай гарсан байна. Төсвийн орлого 21.9 хувиар, зардал 14.1 хувиар өсчээ. Мөн эхний хагас жилд Монгол Улсын гадаад валютын албан нөөц 25 хувиар нэмэгдэж, дөрөв тэрбум орчим ам.доллартай тэнцжээ.
Урсгал дансны алдагдал ДНБ-ий 10.2 хувьтай тэнцэж байгаа бол оны эцэст 10.7, 2020 онд огцом нэмэгдэж 16.1 хувьд хүрнэ гэж таамагласан байна.
Төлөөлөгч Деклан Магий танилцуулгын үеэр Монголын эдийн засагт шууд нөлөөлөх дөрвөн эрсдэл байгааг анхааруулсан.
1. БНХАУ-ын эдийн засаг удаашрах
Монгол Улсын хувьд Хятад бол хамгийн чухал түнш. Учир нь, Монголын нийт экспортын 90 гаруй хувь Хятадаас хараат байна. Энэ нөхцөлд Хятадын эдийн засаг удааширвал дагаад Монголын экспорт буурна. Тиймээс экспорт буурах нөхцөл байдал ажиглагдаж эхэлбэл Монголын бодлого тодорхойлогчид түншүүдтэйгээ тухай бүрт нь яриа хэлэлцээ хийж, бодлогын зохицуулалт хийх нь хамгийн оновчтой гэж зөвлөв.
2. ОУВС-ийн хөтөлбөр амжилттай хэрэгжихгүй зогсох, эсвэл банкны дахин хөрөнгөжүүлэх үйл явц зогсох
Монгол Улс 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засагт бодитой ахиц гарч гэж харж байгаа гэв. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны тооцсон аргачлалаар хөтөлбөрт хамрагдсанаас хойш Монгол Улсын ДНБ-д эзлэх өрийн хэмжээг 25 функтээр буурсан байна. Энэ бол гайхалтай том өөрчлөлт гэдгийг онцолж байв. Мөн улсын төсвийн алдагдал ДНБ-ий 17 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр 2.6 хувь болж буурсан зэрэг сайн үр дүнгүүд гарч байна. Хамгийн гол нь бодлого тодорхойлогчид зөв зохистой бодлогыг удаан хугацаанд тогтвортой хэрэгжүүлж явах нь маш чухал гэв. Төлөөлөгч Деклан Магий хэлэхдээ, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого нь түргэн хугацааны эмчилгээ, мацаг барихтай адил зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Гол нь макро эдийн засгийн зөв бодлого хэр удаан, хэрхэн хэрэгжихээс эцсийн үр дүн шалтгаална. Хөтөлбөрийн хугацааг дуусгаад өмнө гаргасан алдаагаа дахин давтах уу, эсвэл үр дүнтэй бодлогоо цааш үргэлжлүүлэх үү гэдгээс бүх зүйл хамаарна.
3.Оюутолгойн гүний уурхайн ажил хойшлогдох болсон тухайгаа зарласны дараа гадаадын шууд хөрөнгө оруулалтад томоохон өөрчлөлтүүд гарах
Оюутолгойн гүний уурхайн ажил удааширч, хөрөнгө оруулалт хойшлох нь Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай.
Учир нь, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа уул уурхайд хийсэн хөрөнгө оруулалт болон Монголын эдийн засгийн өсөлтөд Оюутолгойн төслийн үйл явц нэлээд чухал нөлөөтэй байна. Цаашдаа Оюутолгой төсөл амжилттай хэрэгжих нь нийт эдийн засаг болон хөрөнгө оруулалтын орчинд чухал нөлөөтэй юм.
4. Дэлхийн худалдааны дайны маргаанаас болж түүхий эдийн үнэ хэлбэлзэх
Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайны сөрөг нөлөөллөөс болж дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ хэлбэлзэх эрсдэл байна. Энэ нь Монголын гол түүхий эдийн үнэд нөлөөлөх, цаашлаад эдийн засгийн өсөлтийг сааруулах магадлалтай.
Монголын эдийн засаг дотоод хүчин зүйл гэхээс илүү гадаад хүчин зүйлээс хамаарч өсөлт бага зэрэг саарах төлөвтэй байгааг тодотгосон. Мөн Монголын эдийн засаг харьцангуй тогтвортой байдалд шилжиж байгааг төлөөлөгч Деклан Магий онцолсон юм. Цаашдаа Монголын бодлого тодорхойлогчид макро эдийн засгийн бат бөх сайн менежментийн бодлогоо тууштай хэрэгжүүлэх нь чухал байна. Улсын хөрөнгө оруулалтыг оновчтой зөв хэрэгжүүлэх. Иргэн, хувийн хэвшлийг дэмжсэн оновчтой хөрөнгө оруулалтыг хийж ажиллах шаардлагатай гэж зөвлөв.