Олон улс судлаач Ч.Сумъяагийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Япон улс дэлхийн II дайнаас хойшхи ихэнх хугацаанд баримталж буй бодлогын хэм хэмжээг эвдэх үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах шинэ стратеги зарлав. Энэхүү стратегид Хятад улс Оростой стратегийн харилцаагаа бэхжүүлж олон улсын дэг журмыг зөрчихийг оролдож байна гэсэн бол Хойд Солонгосын цэрэг пуужингийн үйл ажиллагаа нь Японы үндэсний аюулгүй байдалд урьд өмнө байгаагүй ноцтой аюул учруулж байна гэв.
Токио 1976 оноос хойш мөрдөгдөж байсан ДНБ-ий нэг хувьтай тэнцэх албан бус хязгаарлалтыг халж, ирэх таван жилийн хугацаанд батлан хамгаалах зардлаа бараг хоёр дахин нэмэгдүүлж 2027 он гэхэд 80 тэрбум ам.доллартай тэнцэх төсөвтэй болох төлөвлөгөөгөө танилцуулав. Мөн тус улс алсын тусгалтай, өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай далавчит пуужинтай болох төлөвлөгөөгөө танилцуулав. Токио сөрөг довтолгоо хийх чадавхитай болохоор төлөвлөж, хоёрдугаар дайны дараах цэргийн хүчний хэтийн төлөвт тавьсан хязгаарлалтыг сулруулж байна. Энэхүү шинэ стратегийн нөлөөгөөр, Монгол багтах Зүүн азийн бүс нутгийн аюулгүй байдлын орчин ирэх жилүүдэд ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдал үүсэх төлөвтэй байна.
Арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Японы засгийн газар Үндэсний аюулгүй байдлын стратеги, Үндэсний батлан хамгаалах стратеги, Батлан хамгаалах хүчний хөгжлийн төлөвлөгөө зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой гурван шинэ баримт бичгийг баталжээ.
2022 оны Үндэсний аюулгүй байдлын стратегийн шинэчилсэн найруулга нь 2013 онд хэрэгжиж эхэлснээс хойшхи анхны шинэчилсэн найруулга бөгөөд Японы аюулгүй байдлын салбарын хамгийн дээд түвшний баримт бичиг юм. Нөгөө хоёр баримт бичиг нь Батлан хамгаалахын анхны баримт бичгийг орлох Үндэсний батлан хамгаалах стратеги болон Батлан хамгаалах хүчний бэлэн байдлын төлөвлөгөө юм. Энэ гурван баримт бичиг нь ойрын 5-10 жилд Японы аюулгүй байдлын бодлогын чиг хандлагыг тодорхойлно.
Арванхоёрдугаар сарын 16-нд баталсан шинэчилсэн найруулгад энэ хугацаанд Зүүн Ази даяар өрнөсөн геополитикийн өөрчлөлтийг тусгасан. Япон улс 2013 оны үндэсний аюулгүй байдлын стратегидаа Хятад, Орос хоёрыг стратегийн түнш гэж тодорхойлсон байдаг. Одоо Хятад улс хүчирхэгжиж байгаа нь олон улсын дэг журамд "хамгийн том стратегийн сорилт" болж байна гэж Япон үзэж байгаа бөгөөд “дайнч” Оросын талаарх нэлээд хатуу байр суурьтай болсон байна.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн долоо хоногт "Аюулгүй байдлын энэ хүнд нөхцөлд батлан хамгаалах чадавхыг үндсээр нь бэхжүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал" гэж хэлсэн. Сонирхолтой нь, 10 жилийн өмнө ч санаанд багтамгүй мэт санагдаж байсан сөрөг довтолгооны чадавхыг дэмжих хөгжүүлэх талаар японы олон нийт энэ удаад 60 гаруй хувь нь дэмжсэн байна[1]. Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид Япон улс "эсрэг довтолгооны чадавхтай" гэдгийг онцолжээ. Өөрөөр хэлбэл, "дайсны бааз руу довтлох чадавхтай" байх ёстой гэж тунхагласан. "Сөрөг довтолгооны чадавх"-д бүх төрлийн алсын тусгалын довтолгооны пуужин, АНУ-ын армитай хамтран ашигладаг "агаарын довтолгооноос хамгаалах болон пуужингийн довтолгооноос хамгаалах нэгдсэн" систем багтах юм. Энэ нь Японд дэлхийн хоёрдугаар дайны дараа баримталж байсан өөрийгөө хамгаалах онцгой стратеги (専守防衛senshu bōei、Англиар Exclusively Defense-Oriented Policy) зарчмаас бодитоор татгалзах боломжийг олгохоор байна.
Гурван баримт бичигт дурдсанаар, Япон улс батлан хамгаалах хүчээ ихээхэн бэхжүүлж, 2023-2027 он хүртэл ойрын таван жилийн батлан хамгаалахын нийт зардлыг 43 их наяд иенээр (315 тэрбум орчим доллар) нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд 2027 он гэхэд жилийн батлан хамгаалахын зардлыг 11 их наяд гаруй иен(80 тэрбум ам.доллар)-д хүргэхээр болжээ[2]. Япон НАТО-гийн орнуудын жишгээр батлан хамгаалах зардлаа 2027 он гэхэд ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр зорьж байна[3]. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида татвар нэмж өсөн нэмэгдэж байгаа батлан хамгаалах зардлыг санхүүжүүлнэ гэсэн хэдий ч хүн ам нь хөгширч, эдийн засгийн өсөлт буурч буй өрийн дарамттай тэмцэж байгаа улсын хувьд өрийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх нь тийм ч хялбар биш байх болов уу. Иргэдийн хувьд Фүмио Кишидагийн татвар нэмэх асуудалд, таатай хандахгүй байгаа Kyodo news санал асуулгаар тодорхой харагдаж байна[4]. Хэдийгээр Токиогийн батлан хамгаалахын шинэ төсөв нь түүнийг дэлхийн хамгийн өндөр батлан хамгаалахын зардалтай орнуудын нэг болгож магадгүй ч Вашингтон, Бээжингээс хол хэвээр байна. Стокгольмын энх тайвны судалгааны олон улсын хүрээлэнгийн мэдээлснээр, 2021 онд АНУ-ын зардал 801 тэрбум доллар байсан бол Хятад улсынх 293 тэрбум доллар болжээ. Япон улс 2021 онд батлан хамгаалахын зардлаар Саудын Арабын дараа дэлхийд 9-рт оржээ[5]. Америкийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Салливан мөн өдөр мэдэгдэл хийж, "Японы батлан хамгаалахын хөрөнгө оруулалтыг утга учиртай хэмжээнд нэмэгдүүлэх зорилтын дагуу Япон-Америкийн холбоотны харилцааг бэхжүүлж, шинэчилнэ" гэжээ. Тэрээр мөн Японы шинэчилсэн аюулгүй байдлын баримт бичгүүдийг "Чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг бэхжүүлэх, хамгаалах зоримог бөгөөд түүхэн алхам" гэж сайшаав[6]. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Пат Райдер ч мөн хүчтэй дэмжиж байгаагаа илэрхийлж, "Бид холбоотон болон түншүүдийнхээ өөрийгөө хамгаалах эрхийг бэхжүүлэх хүчин чармайлтыг өргөнөөр дэмжиж байгаагаа тодорхой илэрхийлсэн"[7] гэжээ. Мөн Японы Ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн жил албан тушаалдаа орсноос хойш анх удаа Цагаан ордонд айлчилж, нэгдүгээр сард болох Японы парламентын ээлжит чуулганы өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Япон, АНУ-ын аюулгүй байдлын харилцааг бэхжүүлэхээр талууд тохиролцох боловуу гэж эх сурвалжууд мэдээлж байгаа аж[8]. Улаанбаатарын хувьд, 2013 оны үндэсний аюулгүй байдлын стратеги дээр, Монгол улсыг “түнш” гэдэг утгаар онцгойлон оруулж байсан бол энэ удаад “like-minded countries(ижил төстэй, үзэл бодол нэгтэй улсууд)” гэдэг дотор ерөнхийлж оруулсан ба 2022 оны шинэ аюулгүй байдлын стратегит Монгол улсын талаар онцгойлон дурдаагүй. Гэхдээ “үндэсний батлан хамгаалах стратеги”-д “Монгол Улс газарзүйн хувьд Хятад, Оросын дунд оршдог ардчилсан орон болох стратегийн ач холбогдлыг харгалзан Япон улс батлан хамгаалахын техник, технологийн хамтын ажиллагааг ахиулж, улс төр, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах болно. Түүнчлэн, бүх түвшний батлан хамгаалах салбарын солилцоо, чадавхыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх, олон талт сургуулилтыг зохион байгуулна” гэжээ. Эндээс харвал, газарзүйн байршил уламжлалт харилцааг онцолж цэрэг батлан хамгаалахын харилцааг илүү хөгжүүлэхээр батлан хамгаалахын стратегит оруулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны арваннэгдүгээ сард Япон улсад хийсэн айлчлалын үеэр, хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдэв[9]. Хамтарсан мэдэгдэлд, Монгол Улстай хил залгаа оршдог БНХАУ, ОХУ-ыг бодолцож, статус квог нэг талт хүчээр өөрчлөхийг Монгол Улс зөвшөөрөх ёсгүй гэдгийг онцолсон нь[10] онцгой анхаарал татаж байгаа юм. Монгол Улсын оршин буй эргэн тойронд, Украин дахь Оросын түрэмгийлэл(Russia's aggression against Ukraine)[11] мөн Хятад улс Тайванийг тойрсон тэнгис, агаарын орон зайд цэргийн үйл ажиллагаа(China has been intensifying its military activities in the sea and airspace surrounding Taiwan)[12] эрчимжүүлж, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөгжүүлэлтээ(North Korea’s nuclear and missile development)[13] нэмэгдүүлж байгаа зэрэг нь статус квог нэг талт хүчээр өөрчилж магадгүйд Япон улс аюулгүй байдлын орчиндоо зовниж буй бөгөөд “сөрөг довтлох чадавх” зэрээ хөгжүүлэхээр стратегийн бичиг баримтдаа тусгасныг харж болохоор байна. Бээжингийн хувьд, Японы үндэсний аюулгүй байдлын шинэ стратегид БНАСАУ, ОХУ-ын өмнө Японд тулгарч буй сорилтуудын дунд БНХАУ-ыг нэгдүгээрт жагсаав. Энэ нь анх удаагаа Япон улс Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хангах сонирхол, статус квог нэг талын өөрчлөлт хийхийг эсэргүүцэж буйгаа ил тод илэрхийлэв. Cтратегийн агуулга дотор, Хятадыг аюул заналхийлэл гэж шууд үгээр илэрхийлээгүй боловч “Хятад улс түүхэн дэх хамгийн том стратегийн сорилт болж байна” гэжээ.
Кишидагийн Засгийн газар Бээжинтэй "бүтээмжтэй, тогтвортой" харилцаа тогтоох талаар бодлогын бичиг баримтдаа тодорхойлсон бөгөөд энэ нь Хятад улс Японы худалдааны хамгийн том түншийн статусыг харуулж байгаа бөгөөд эдийн засгийн нягт харилцааг дэмжихтэй хамт саатуулах алхмуудыг хослуулсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Бангкок хотноо Фүмио Кишида Ши Жиньпинтэй уулзсаны үр дүнд хоёр талын эдийн засгийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээх түр тохиролцоонд хүрсэн нь энэхүү хандлагын нэг илрэл юм. БНАСАУ, ОХУ-аас Японд учруулж буй заналхийллийг Үндэсний аюулгүй байдлын стратегид тусгасан боловч энэ удаад анх удаа БНХАУ-ыг гол сорилт учруулагч байхаар тодорхойлжээ.
Нөгөөтэйгүүр, Хятадын ГХЯ Бээжингийн зүгээс өнгөрсөн баасан гарагт Японд хандаж "шинэ бодлогын баримт бичгийн талаар эргэн тунгаан бодохыг" уриалав. Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин сэтгүүлчдэд хэлэхдээ, "Япон улс бодит байдлыг үл тоомсорлож, Хятад, Японы нийтлэг ойлголт, хоёр талын харилцааны амлалтаасаа хазайж, Хятадын нэр хүндийг гутааж байна" гэжээ.
Арваннэгдүгээр сард болсон Ерөнхий сайд Фүмио Кишида, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтын дараа Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши энэ сарын сүүлчээр Хятадад айлчилж, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байна[14]. Японы шинэ аюулгүй байдлын стратеги, хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа, Ши Жиньпиний ирэх жилүүдэд Японд хийх айлчлал зэрэг сэдвүүд ярианы гол сэдвүүд байх бололтой. Москвагийн хувьд, Японы үндэсний аюулгүй байдлын стратеги нь Орос, Хятадын цэргийн хамтын ажиллагаа, мөн хойд арлууд (Оросоор нийтэд Куриллын Итуруп, Кунашир, Шикотан, острова Хабома, Японоор 択捉島Etorofu-tō, 国後島Kunashiri-tō, 色丹島 Shikotan-tō, 歯舞群島, Habomai-guntō) гэх Курилын арлуудын эзэмшилтэй холбоотой маргаан, Агнуурын тэнгис дахь Оросын цэргийн флот оролцоо бэхжиж байгаа талаар тусгасан байна.
Баримт бичигт "ОХУ манай орны эргэн тойронд цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, умард нутаг дэвсгэрт үзүүлэх цэргийн дэмжлэгээ бэхжүүлж байна. Эдгээр нутаг дэвсгэр нь Япон улсын салшгүй хэсэг юм. Ингэж байгаагийн цаад тал нь агнуурын тэнгис бол стратегийн цөмийн хүчний нэг хэсэг болох стратегийн цөмийн шумбагч онгоцнуудынхаа идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэр гэж үзэж байна. Үүнээс гадна ОХУ Хятадтай цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Япон улсын эргэн тойронд Орос, Хятад хоёр улсын байлдааны хөлөг онгоцууд, мөн бөмбөгдөгч онгоцуудаар хамтарсан сургуулилт хийж байна" гэжээ.
"Японы аюулгүй байдлын стратеги"-д "Оросын Энэтхэг Номхон далайн бүс нутаг дахь оролцоо, цэргийн ажиллагаа, Хятадтай стратегийн харилцаа холбоотой зэрэг нь аюулгүй байдалд ихээхэн эрсдэл учруулж байна" гэж онцолсон байна.
Үүний зэрэгцээ Япон улс бүс нутгийн аюулгүй байдал, өөрийн үндэсний ашиг сонирхлын үүднээс Оростой харилцах бодолтой байна. Японы удирдагчид энхийн гэрээний хэлэлцээрийг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан нь баримт бичгээс харагдаж байна.
СОЛОНГОСЫН ХОЙГИЙН ТАЛААР
Сөүлийн хувьд, БНСУ-ын Гадаад хэргийн яам баасан гарагт Японы үндэсний аюулгүй байдлын стратегийн баримт бичгээс газар нутгийн маргаантай арлуудын(Солонгосоор 독도/獨島 Dokdo, Японоор 竹島/たけしま Takeshima) нэхэмжлэлийг нэн даруй хасахыг уриалж, энэ алхам нь хоёр улс "ирээдүйд чиглэсэн харилцаа тогтооход" тус болохгүй гэж мэдэгджээ.
Сөүл, Токиогийн харилцаа сүүлийн жилүүдэд хамгийн муу байгаа бөгөөд энэ оны хэд хэдэн өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хоёр улс харилцаагаа сэргээхийг уриалсан юм[15]. Сөүл, Токио хоёр маргаантай арлуудын төлөө удаан хугацааны турш тэмцсээр ирсэн. Токио уг арлуудыг өөрийн эзэмшилд байдаг гэх бөгөөд Сөүлийн захиргааг хууль бусаар эзэмшиж байна гэж үздэг. 1910-1945 оны хооронд Япон Солонгосын хойгт эзлэн авсан ба түүхэн маргаанууд үүнээс үүдэлтэй бөгөөд хоёр улсын харилцааг бүрхэг болгожээ.
Мөн БНСУ-ын Гадаад хэргийн яам Сөүл дэх Японы Элчин сайдын яамны ахлах дипломатчийг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар 19-нд хэлэхдээ, Японы засгийн газар Солонгосын хойгийн аюулгүй байдал болон БНСУ-ын ашиг сонирхолд шууд хамааралтай асуудлаар БНСУ-тай урьдчилан нягт зөвшилцөх эсвэл БНСУ-ын зөвшөөрлийг авах хэрэгтэй гэжээ.
Пхеньяний хувьд, арванхоёрдугаар сарын 20-нд Японыг дайсны баазуудын "сөрөг довтолгооны чадавх"-д төвлөрсөн довтолгоонд чиглэсэн аюулгүй байдлын стратегийг албан ёсны болгож байна гэж буруутгаж, үүний хариуд "практик арга хэмжээ" авахыг анхааруулав[16]. БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ, Токиогийн шинэ стратегийн баримт бичиг нь бусад орны эсрэг урьдчилан сэргийлэх цохилт өгөх чадвартай болох нь бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байна гэж мэдэгджээ.
Үүний үр дүнд Солонгосын хойг болон Зүүн Азийн аюулгүй байдлын орчинд ноцтой аюул занал учруулж байна. Японы сурталчилж буй "сөрөг довтолгооны чадавх" нь тусгаар тогтносон улс орнуудын өөрийгөө хамгаалах эрхийг хууль ёсны дагуу хэрэгжүүлэхтэй ямар ч холбоогүй бөгөөд бусад орны эсрэг дайралт хийх чадвартай болохыг илтгэж байна гэж БНАСАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч албан ёсны KCNA-д мэдэгдэв[17]. Япон улс өөрийн шунахай амбицдаа зохисгүй аргаар хүрэхийг оролдож байна, БНАСАУ бодит үйлдлээр хариулах болно гэдгийг яриа хэлэлцээнд анхааруулав. БНАСАУ Японы буруутай үйлдлийг эрс буруушааж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, язгуур ашиг сонирхлыг хамгаалахын тулд цэргийн шийдвэртэй арга хэмжээ авах эрхтэй гэдгээ дахин нотолж байна. БНАСАУ өөрийгөө хамгаалах эрхээ хууль ёсны дагуу хэрэгжүүлж байгаа үндэслэлээр сөрөг довтолгооны чадавхыг нэмэгдүүлэх Японы үйлдлийг БНАСАУ хэзээ ч зөвшөөрөхгүй гэжээ[18]. XX зууны эхний хагаст Японы түрэмгийллийн золиос болсон хоёр Солонгос зэрэг олон хөршийн хувьд Японы цэргийн хүчээ нэмэгдүүлэх, зардлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө нь эмзэг асуудал юм. 2022 оны арванхоёрдугаар сарын 20-нд Сөүл дэх Японы Элчин сайдын яамны үүдэнд шинэ үндэсний аюулгүй байдлын стратегийн эсрэг солонгосын иргэд жагсагчид цагдаа нартай муудалцаж, Японы энх тайванч Үндсэн хуулийн дагуу аюулгүй байдлын бодлогодоо томоохон өөрчлөлт хийж, дайсны бааз руу цохилт өгөх хүчин чадалтай болсныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байна[19]. Японы эрх баригч Либерал ардчилсан нам(Японоор 自由民主党/じゆうみんしゅとう Jiyū minshu tō, LDP) болон эвслийн түнш Комэйто нам(Японоор 公明党/こうめいとう Kōmei-tō, CGP) Япон улсад "сөрөг довтолгоо" хийх чадавх хэрэгтэй гэдгийг тодорхой хүлээн зөвшөөрсөн тул шинэ стратегит зэвсэглэлийн худалдан авалтад ахиц дэвшил гаргах шийдвэрийг тусгасан байна[20]. Дайн дууссанаас хойш Япон улс алсын тусгалын пуужин, нисэх онгоц тээгч, стратегийн бөмбөгдөгч онгоц зэрэг зэвсэгт хүчний төлөвлөлтийн чадвараас зайлсхийсэн бөгөөд дэлхийн II дайны дараах Японы өөрийн батлан хамгаалах стратегийн үндсэн байр суурь нь Үндсэн хуулийн 9-р зүйлд заасны дагуу өөрийгөө хамгаалах онцгой стратеги (専守防衛senshu bōei、Англиар Exclusively Defense-Oriented Policy). Японы Засгийн газар сэншү боэйгийн тогтолцоо хэвээр байна гэж мэдэгдэж байгаа хэдий ч алсын тусгалын далавчит пуужингууд нь Японы саатуулах арга барилыг үндсээр нь өөрчлөх чухал хүчин чадал юм.
Байгуулагдсаны 100 жилийн ойгоо “удахгүй” тэмдэглэх Хятадын ардын чөлөөлөх арми цэргийн шинэчлэлийн хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлж, Зүүн Хятадын тэнгист Японд үзүүлэх далайн дарамтыг нэмэгдүүлж, Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд газар нутгийн маргаантай (Хятадаар Дяоюйда́о/钓鱼岛, Японоор Сэнкаку-сёто/尖閣諸島) арлуудын орчмоор эргэлдэж, Тайваньтай холбоотой болзошгүй мөргөлдөөнд бэлэн байдлыг хангахын тулд Япон улс баруун өмнөд арлуудад хамгаалалтаа бэхжүүлж эхэлжээ. 2019 оны гуравдугаар сард Японы хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин Мияко арал (Японоор 宮古市/みやこし) дээр аюулгүй байдлын механизмыг ажиллуулж, жилийн дараа пуужингийн хүчийг байршуулсан. 2023 оны гуравдугаар сард Японы Засгийн газар Хуурай замын өөрийгөө хамгаалах армийг Тайваньтай ойр орших Ишигаки арал (石垣島/いしがきじま) руу өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд пуужингийн цэргүүдийг байгуулж, алсын тусгалын пуужингуудын харвах цэг болгон байрлуулж, батлан хамгаалах дэд бүтцээ сайжруулж байна[21]. Токиогийн Окинава орчмын стратегийн шинэ байрлал нь Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудыг Номхон далайн баруун хэсэгт нэвтрэхэд хүндрэл учруулж болзошгүй. Япон мөн пуужингийн довтолгооноос сэргийлэх найдвартай хариу арга хэмжээ гэж илэрхийлэгддэг сөрөг довтолгооны чадавхад хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Япон улс АНУ-ын үйлдвэрлэсэн “Томагавк” 500 орчим пуужинтай болж, улмаар өөрийн зэвсгийн системийг ашиглахаар болов.[22] Түүнчлэн Япон улс дараагийн үеийн сөнөөгч онгоцыг бүтээхэд Итали, Их Британитай хамтран ажиллана. Мөн 2030 он гэхэд эдгээр онгоцыг Токио одоо байгаа АНУ-ын F-35 сөнөөгч онгоцоор нөхөх болсонд Пхеньян дургүйцлээ хүчтэйгээр илэрхийлэв[23]. 1. Монгол Улс байрлах бүс нутгийн бүх голлох орнууд Америк, Орос, Япон, Хятад, Солонгосын хойгийн хоёр орон гэх мэт аюулгүй байдлын болон гадаад бодлогын стратеги хөгжлийн урт хугацааны бодлогууддаа тохируулга хийлээ. БНХАУ, ОХУ, Хойд Солонгосыг Япон улсын аюулгүй байдлын шинэ стратегид онцолсон, Монгол улсын оршин буй гадаад орчин нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа энэ үед тохирсон бодлогын өөрчлөлтүүдийг хийх нь цаг болсон байна. Шууд хэлэхэд, аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалаа шинэчлэх цаг үеийн шаардлага бий болж байна.
2. Сүүлийн хэдхэн жилийн дотор бүс нутгийн хэд хэдэн улс орнууд батлан хамгаалах зардлаа огцом нэмэгдүүлсэн нь анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна. Аюулгүй байдал, батлан хамгаалахын зардал нэмэгдсэнээр, тухайн оронд нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалтууд багасаж зарим улсуудад эдийн засгийн хямрал хүндрэлийг авчрах төлөвтэй байна. Мөн аж үйлдвэржсэн орнууд бүс нутгийн орнууд тухайлбал Япон, Хятад г.м хөгжиж буй Монгол г.м орнуудад гадаад худалдааны болон эдийн засаг, хөрөнгө оруулалтын шахалтууд үзүүлэх хандлагатай байна.
3. Фүмио Кишидагийн засаг захиргааны үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги нь Абэгийн хэрэгжүүлсэн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлд тулгуурлан Японы батлан хамгаалахын төлөв байдалд томоохон өөрчлөлтийг эхлүүлсэн эргэлтийн цэг юм. Хэдхэн жилийн өмнө санаанд багтамгүй байсан эдгээр өөрчлөлтүүд нь АНУ-Японы холбоотны харилцааг гүнзгийрүүлж, Орос-Хятадын стратегийн харилцааг улам ойртуулах төлөв ажиглагдаж байна.
[9] “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргалаа. https://president.mn/25460/