Open iToim app
Анализ | 7 мин уншина

А.Сарнай: Бага насны хүүхдэд харь хэл эзэмшүүлэх гэж яарах хэрэггүй

А.Сарнай: Бага насны хүүхдэд харь хэл эзэмшүүлэх гэж яарах хэрэггүй
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 6
Герман хэлний “Холун” төвийн үүсгэн байгуулагч , багш А.Сарнайтай Герман хэлийг хэрхэн суралцах талаар зөвлөгөө, ярилцлага бэлтгэлээ.
-Таны хувьд Герман хэлийг хэрхэн суралцсан бэ?
-Би дунд сургуульд байхдаа математикийн хичээлдээ сайн ч англи, орос хэл дээр байнга тааруухан дүн авдаг, хэлний чиглэлийн хичээлдээ нэлээд дургүй хүүхэд байсан. Математик, физикийн олимпиадуудад идэвхтэй оролцож амжилт үзүүлдэг хүүхэд байсан учир англи, орос хэлнийхээ дүнг ч тэгсхийгээд гаргуулчихдаг байсан. Өөрийгөө хэл сурах авьяасгүй гэж боддог байлаа. Нэг удаа автобусанд явж байгаад сонссон дууны дуудлага нь “зэвүүн” санагдаад “Хөөх ямар хэл гэхээрээ ийм байдаг байна” гэж өөрийн эрхгүй бодсон. Дараа нь тухайн дууг MTV-ээс олж Герман дуу гэдгийг нь мэдсэн. Үүнээс хойш л Герман хэлэнд дурлаж, суралцах болсон. Герман хэл их хатуу дуудлагатай. Германчууд поп дууг ихэвчлэн англи хэл дээр дуулдаг байсан юм шиг байна лээ. Миний л мэдэхийн “Tic Tac Toe” хамтлаг анх удаа Германаар дуулж, дэлхий даяар хит болж байсан юм. Би энэ хамтлагийн дууг сонсоод Герман хэлэнд дурласан болохоор энэ хэлийг сайн сурсан юм болов уу гэж боддог. Иймээс зөвхөн гадаад хэл биш, ямар ч зүйлийг дурлаж хийвэл хэцүү байдаггүй гэж боддог.
Байгалийн шинжлэх ухааны мэдлэг нь баттай, нотлогдсон яг таг байдаг учраас энэ чиглэлээр суурьтай хүмүүс гадаад хэл сурахдаа удаан байдаг. Байгалийн шинжлэх ухааны салбарт эхнийх нь гарцаагүй үнэн байж дараагийн мөрдлөг үнэн байдаг учир тэр чигээрээ зүй тогтолтой, уялдаа холбоотой. Герман хэлний дүрэмд энэ чанар хадгалагдсан байдаг нь энэ хэлийг сурахад дөхөм болсон болов уу гэж боддог. Инженер, байгалийн ухааны суурьтай хүүхдүүдэд сурахад хамгийн амархан хэл бол Герман хэл юм.
-Герман хэлний онцлогийг хэрхэн тодорхойлох вэ?
-Герман хэлийг сурахад нас хүрэлцэхгүй гэж үг байдаг. Герман хэл маш их дүрэмтэй, өгүүлбэрийн гишүүд өөр өөрийн байрлалтай, нэг л гишүүн өөрчлөгдвөл тэс өөр утга илэрхийлдэг. Харин миний бодлоор Герман хэл маш сайхан зүй тогтолтой хэл учраас эргээд маш сайхан хураангуйлагдаж, ойлгоход хялбарчлагдах боломжтой санагддаг.
-Монгол хүний хувьд Герман хэл сурахад хэр дөхөм байдаг вэ?
-Герман хэлний дуудлага нь Монгол хүнд маш хялбар байдаг. Герман болон Монгол хэлүүд хөгжлийн явцад хоорондоо харилцан нөлөө багатай явсан гэхэд дүрмүүд нь хоорондоо маш өндөр хувьтай хөрвүүлэгддэг. Дүрэм хүндрэх тусам утга илэрхийлэх байдал нь илүү адилхан болдог. Мөн түүнчлэн монгол хэлэнд, тэр тусмаа кирилл бичиг үсэгт бүх авиа дуудлага багтсан байдаг нь Монголчуудын Герман төдийгүй бусад барууны хэлийг сурахад дөхөм болдог гэж боддог. Герман хэл сурч байгаа гадаадуудын хувьд Монгол, Казак, Киргиз гэх мэт Алтайн язгуурын хэлтэй хүмүүсийн дуудлага хамгийн цэвэрхэн байдаг.
-Гадаад хэлийг хэдэн насандаа суралцахад тохиромжтой гэж үздэг вэ?
-Гадаад хэлний мэдлэг бол бидний боловсролын өчүүхэн жаахан хэсэг, боловсрол мэдлэгт хүрэх хэрэгсэл болохоос эх хэлээ уландаа гишгэж, харь хэлээр гангарч гайхуулаад байхаар зүйл гэж бодохгүй байна. Эх хэлээ сайн эзэмшээгүй байж болсон болоогүй гадаад хэлээр буруу зөрүү бичиж байгаа залуучуудыг харахаар хэлэх үг олддоггүй. Манай нийгэмд зонхилж байгаа нэг зохимжгүй зүйл нь эцэг эхчүүд эх хэлээ ч бүрэн эзэмшээгүй, эх хэлний дархлаа тогтоогүй хүүхдүүдийг хар багаас нь гадаад сургуульд сургаж байгаатай холбоотой гэж бодож байна.
Еврей нар 12-с доош насны хүүхдэд гадаад хэл заадаггүй, 23-с доош насны охидоо гадаад руу сургууль соёлд явуулдаггүй гэдэг. 23 наснаас доош насанд гадагшаа явсан эмэгтэй хүн гаднын соёлыг бүрэн хүлээж авдаг учраас эргээд өөрийнхөө эх оронд нийгэмшиж чадахгүй хэцүү байдаг, хүүхэд 12 нас хүртлээ эх хэлээ бүрэн эзэмшиж, сэтгэлгээ нь эх хэл дээрээ бүрэн хөгжих ёстой гэдэг нь бодож үзэх л хэрэгтэй асуудал юм.
-Герман хэлийг хэдий хугацаанд суралцах боломжтой вэ?
-Сурахад нас хүрэлцэхгүй гэж яригддаг энэ хэлний бүх дүрмийг манай сургалтын хүүхдүүд гурван сарын дотор үзэж дуусгаж байна. Одоо гадуур заагаад байгаа төвшинд баригдсан хөтөлбөрүүд Монгол хүнд тийм ч тохиромжтой биш гэж боддог. Би анх Герман хэлийг зурагтай Герман номоос үзэж байсан. Ийм төрлийн номоос үг л тогтож үлдэхээс биш авах ёстой дүрмүүдээ авч үлдэж чаддаггүй. Би Германд тийн ялгалаа ч ялгаж сураагүй очсон. Очоод анхан, дунд шатны шалгалтууддаа унаж, дахин шалгалт өгч хамгийн доод оноогоор тэнцэж байлаа. Ер нь иймэрхүү байдлаар цаашаа явахгүй юм байна гэдгээ ойлгоод хичээлдээ явахаа болиод номын сангуудаас бүх Герман хэлний номуудыг авч, сар гаруйн турш өдөр нь унтаад, бүх оюутан унтсан хойно шөнөөр сууж дүрмээ базаж өөрийн болгож авсан. Жил гаруй огт ярьж чадахгүй байсан хүн сарын дараа шууд л ярьж эхэлсэн. Ингээд сарын дотор гэрээр хичээллээд ангийнхныгаа гүйцэж хоёр сарын дараа өөрийн ангиасаа дээд төвшний шалгалтад тэнцсэн цөөхөн хүмүүсийн нэг болж чадсан. Герман хэл нь дүрмээс зугтвал хэдэн жил суралцсан ч зөв сурахгүй, харин бүх дүрэм гарт байхад ярихгүй байхын аргагүй л хэл юм.
-Анзаарч байхад ямар хүүхдүүд хэлийг хурдан сурдаг вэ. Мөн хэл сурч байгаа хүмүүс юунд анхаарах хэрэгтэй санагддаг вэ?
-Гадаад хэл сурахад суурь мэдлэгээ зөв авах нь чухал. Миний хувьд багаасаа гадаад хэл үзчихсэн, гадаад сургуульд сурдаг болон сурч байсан хүмүүст Герман хэл заах их хүндрэлтэй байдаг. Герман хэл Монгол хэлтэй их ойрхон тусаад байгаа учраас Монгол дүрмээрээ холбож тайлбарлахаар тэд өөрсдийнхөө эх хэлний дүрмээ ч мэдэхгүй учраас хүндрэл гардаг. Ер нь хэл сурахад харьцуулалтаар ойлгогддог зүйл их бий. Аав ээж нь Германы иргэншилтэй, тэнд өсөж том болсон Монгол хүүхдүүдээс их дээд сургуульд сурдаг нь өдрийн од шиг байдаг. Унаган шахуу герман хэлтэй тус хүүхдүүдийн сэтгэлгээ нь Монгол хэл дээрээ ч биш, Герман дээр ч бүрэн хөгжиж чадаагүй байдаг. Нөгөө талаас суурь мэдлэгээ энэ хоёр хэлний алин дээр нь ч сайн авч чадаагүй завсардсантай холбоотой гэж би боддог.
Манайд нэгдүгээр ангиасаа Герман хэл үзсэн хүүхдүүд их ирдэг. Тэдний хувьд яагаад гэдгийг нь ойлгож биш, цээжлэж, анзаарч явсан учраас нэгэнт хоногшчихсон алдааг нь залруулах хэцүү санагддаг. 10 жил хэл сурсан хүнээс 20 нас хүрсэн хойноо ирээд сурч байгаа хүмүүс гуравхан сарын дотор илүү сайн сураад байгаа нь юм бодууштай санагддаг. Гадаад хэл сурахад суурь дүрмүүдээ цэгцтэй зөв авах нь чухал, суурь буруу тавигдсан бол нэгэнт хоногшчихсон буруу мэдлэгийг залруулах нь амаргүй байдаг. Тиймээс миний хувьд бага насны хүүхдэд харь хэл эзэмшүүлэх гэж яарах хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Харин эх хэлийг нь сайн эзэмшүүлж, шинжлэх ухааны суурь хичээлүүдийн суурийг сайн тавьж өгөхөд анхаарвал зүгээр санагддаг.
-Герман хэлийг сурахад хамгийн тохиромжтой арга зүй юу вэ?
-Цээжлэх техник хэл сурахад тохиромжгүй. Миний хувьд цээжлэх техникээс зайлсхийдэг. Угаасаа ийм гоё зүй тогтолтой, Монгол хэлний дүрэмтэй их ойрхон тусаж байгаа хэлийг логиктой ойлгож, сурах нь чухал. Үг хуурайгаар цээжлэх нь үр дүн муутай байдаг. Хүний тархи хогийн сав биш шүү дээ. Хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргэх хэрэггүй. Мөн хүний тархи хүлээж авах хязгаартай. Ашигтай ашиггүй үг бөөн бөөнөөр цээжлээд байх нь ачаалал өгөхөөс хоол болохгүй. Чухал үгийн санг аль болох цээжлэхгүй хэрэглээгээр эзэмшихээр цаашдаа үг харьцуулалтаар хурдан анзаарагдаад тогтоод эхэлдэг.
Би Герман хэлний дүрмийг Монгол дүрэмтэйгээ холбож тайлбарлаад өгүүлбэрийг Монголоосоо Герман руу хөрвүүлж бичих зарчмаар заадаг. Өгүүлбэрээ аль болох өргөн хэрэглээний үгсээр байнгын давтагдахаар тооцож өгүүлбэр дээр ажиллуулдаг. Өгүүлбэрт хэд хэд ашиглаад ирэхээр цээжлэхгүйгээр үг тогтоод ирдэг.
Үүнээс гадна шууд герман номон дээр ажиллаж энэ хэлийг олон жил үзсэн хүмүүс уншиж ойлгохын хувьд сайн хэдий ч хэлэх гэсэн санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаггүй. Харин эхнээсээ Монгол дүрэмтэйгээ холбож ойлгож хүлээж авсан, Монголоосоо Герман руу буулгаж сурсан хүн хэдхэн сарын дараа хүссэнээрээ хэд хэдэн нийлмэл өгүүлбэр холбож, гаргах гэсэн санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг. Монгол хэлний энэ дүрэм Герман хэлний энэ дүрэмтэй тохирдог, ийм Монгол өгүүлбэр Германаар ингэж илэрхийлэгддэг гэдгийг эхнээсээ ухаарчихсан учраас хүндрэл байдаггүй.
Гадаад хэлийг ашиглаж чадахын тулд эх хэлээ бас сайн мэддэг байх хэрэгтэй. Хэрэв эх хэл болон гадаад хэлний хооронд хөрвүүлэх буулгах чадвар байхгүй бол тэр хэлийг хэрэглэж ашиглаж чадахгүй.
-Герман хэл сурахад үг хялбархан тогтоох аргууд
-Үгийг утгын хувьд бүлэглэж сурвал амархан анзаарагдаж тогтдог. Жишээ нь бороо орох, цас орох, салхи салхилах гэх мэт үгсийг нэг дор ялгаж бичээд ажиглахаар хурдан тогтдог.
-Адил ижил утгатай үгс Герман хэлэнд их байдаг. Энэ нь өгүүллэгт нэг үгийг давтаж хэрэглэхгүй, адил утгатай өөр үгийг нь хэрэглэх нь өгүүллэгийн бүтцийг сайхан болгож өгдөг. Миний хувьд адил утгатай үгийг нэг дор хэлээд өгчихөөр сурч байгаа хүмүүсийн үгийн сан хурдан нэмэгдэж байгаа нь ажиглагдсан. Манай сургалтын хүүхдүүд В1 төвшин хүртэл толь бичиг ашиглахгүйгээр явдаг.
-Герман хэлэнд үйл үгийн өргөтгөл гэж байдаг. Нэг үйл үгэн дээр тогтсон өргөтгөл хэмээх зүйл залгагдаад цоо шинэ өөр утгатай үг үүсдэг. Энэхүү өргөтгөлүүд нь хамаа замбараагүй утга нэмээд байхгүй, тодорхой хэмжээгээр логиктой утга нэмж явдаг. Хэрэв чухал үйл үгийн сан байгаад тэрхүү сан дээрээ тулгуурлан салдаг салдаггүй өргөтгөл авч үүсэж байгаа үгсийг жагсааж бичих замаар ажиглаж ажиллавал цээжлэхгүйгээр үгийн сан огцом нэмэгддэг давуу талтай байдаг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн
2 өдрийн өмнө
    •    
1 мин уншина
2025 оны 7 сарын 9
    •    
1 мин уншина