Open iToim app
Анализ | 4 мин уншина

‘Нэг хаалга-нэг шинжилгээ’-нд зарцуулсан мөнгөөр нийслэлчүүдийн тал хувийг хоёр тунгаар вакцинжуулах боломжтой байжээ

‘Нэг хаалга-нэг шинжилгээ’-нд зарцуулсан мөнгөөр нийслэлчүүдийн тал хувийг хоёр тунгаар вакцинжуулах боломжтой байжээ
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 2
Улаанбаатарт хатуу хөл хорио тогтоож, 2021 оны хоёрдугаар сарын 11-23 өдрүүдэд нийслэлийн есөн дүүрэгт “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан. НОК-ын мэдээлснээр 442,303 иргэнийг “COVID-19”-ийн халдвар илрүүлэх “ПГУ” шинжилгээнд хамруулж, “COVID-19” халдварын 126 тохиолдол, 33 голомтыг илрүүлсэн юм.   
Уг арга хэмжээний гол зорилго нь халдварын тархалтыг хумьснаар эдийн засгаа нээх явдал байв. Харамсалтай нь, сахил хүртээд шал дордов гэдэг шиг уг арга хэмжээний дараагаас халдварын тоо огцом, бараг 10 дахин нэмэгдсэнээр өчигдрийн байдлаар  8841 болж, нас баралт 12 болоод зогсохгүй, “ногоон бүс” байсан 16 аймагт халдвар бүртгэгдээд байна.
undefined
УОК-оос “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулахад 30.66 тэрбум төгрөг төсөвлөснөө эхэндээ зарласан. Харин Үндэсний аудитын газраас хийсэн /Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021 оны 2 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний үр дүн/ аудитын тайланд уг арга хэмжээг зохион байгуулахад урьдчилсан гүйцэтгэлээр 18.41 тэрбум төгрөгийн нийт зардал гарсан гэж тооцсон байна. Нийтдээ 18.4 тэрбумыг зарж, анх тооцсон төсвөөс 34.6 хувийн хэмнэлт гаргажээ.
Гэвч хэмнэлт хийсэн зүйлс дотор:
-Эрүүл мэндийн ажилчдын илүү цагийн хөлс
-Шинжилгээ авах ажилтнуудын хоол, шатахуун, илүү цагийн хөлсний зардал
-Хэсгийн ахлагч нарын хоолны зардал
-Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналтын алба хаагчдын хоолны зардал зэргийг хэмнэжээ.
Харин хэтэрсэн зардлууд дунд:
-Шинжилгээ авахад шаардлагатай хамгаалах хэрэгсэл 135.8 хувь
-Ариутгалын зардал 300.7 хувь
-Тээвэр шатахууны зардал 418.1 хувиар тус тус анх төсөвлөсөн хэмжээнээс өссөн байна.
undefined
Нэг хаалга-нэг шинжилгээнд зарцуулсан 18.41 тэрбум төгрөгөөр тээврийн зардлыг оруулахгүйгээр тооцоход 807.7 мянган хүн тун “AstraZeneca”, 323.1 мянган хүн тун “Sputnik-V”, 107.7 мянган хүн тун “Sinopharm” вакцин тус тус худалдан авах боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл, нийслэлд хийсэн Нэг хаалга-нэг шинжилгээний зардлаар Улаанбаатарын 1.4 сая хүн амын 55 орчим хувийг хоёр тунгаар дархлаажуулах вакцин худалдан авах бүрэн боломжтой байж. Энэ мөнгөөр Монгол Улсын нийт хүн амын 3.2-24.5 хувийг “COVID-19”-ийн эсрэг вакцины хоёр тунгаар бүрэн дархлаажуулах боломжтой байв.
Оном сангийн эрдэмтдийн баг Монгол Улс цар тахлын халдвар, түүнээс үүдэлтэй хатуу хөл хорионы улмаас эдийн засагт өдөрт 60 тэрбум төгрөгийн алдагдал гарч байна гэх тооцоог Ерөнхий сайдад гаргаж өгсөн. Мөн Оном сангийн эрдэмтэд 411 мянган өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах нийт зардлыг 23 тэрбум төгрөг гэж тооцож байсан бөгөөд энэ нь хатуу хөл хорионы улмаас эдийн засагт учирч буй алдагдалтай харьцуулахад хамгийн ухаалаг зардал байх болно гэж байсан нь цахим орчинд бүрэн эхээрээ байх.
Үүгээр тооцвол Нэг хаалга-нэг шинжилгээний хорионы 12 хоногт гээд тооцвол эдийн засагт 720 тэрбум төгрөгийн алдагдал гарчээ гэж болох. Нэг хаалга нэг шинжилгээний зардлын 18 тэрбум төгрөг дээр  хөл нь тушигдсан эдийн засгийн алдагдлаа нэмбэл 738 тэрбум төгрөг буюу тэмээн дээр ямааны гарз аж.
“Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулахад нийт 313,069,766 төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Үүний 269 сая нь дээр дурдсан ПОС машины шууд худалдан авалт юм. Нийслэлийн эрүүл мэндийн газрын “Шилэн данс”-нд байршуулсан гүйлгээний мэдээллээс харахад ЭМЯ-наас 2021 оны нэгдүгээр сарын 28-нд ПОС машин гэх утгатай 400 сая төгрөгийн санхүүжилт орж, хоёрдугаар сарын 10-нд 176 сая төгрөгөөр 200 ширхэг ПОС машин болон 14.1 сая төгрөгөөр 4700 ширхэг ПОС машины стикер цаас худалдан авчээ.
Харин ЭМЯ Гэрэгэ Системс ХХК-аас 2021 оны хоёрдугаар сарын 11-нд 120 сая төгрөгөөр 80 ширхэг шинжилгээний сорьц унших “Sunmi” ПОС машин худалдан авсан байна. Гэвч төрийн худалдан авах ажиллагааны цахим систем “tender.gov.mn” вебсайтад дээрх худалдан авалтыг хийх тендер огт зарлагдаагүй байгаа юм. Мөн үлдсэн 2,969,766 төгрөгөөр НЭМГ тус бүр 180-аас 2149 төгрөгийн үнэ бүхий 9334 ширхэг хогийн уут худалдан авсан байна.
Үндэсний аудитын газраас “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хэрэгжилтэд хийсэн аудитын тайланд
Бүлэг 1: Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын гаргасан шийдвэр үйл ажиллагааг шинжлэх ухаанчаар болон хуульд нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлсэн эсэх:
1.2 Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан төрийн  байгууллагуудын  уялдаа  холбоо  хангагдаагүйгээс Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу өмнө хийгдсэн байх ёстой судалгаа, мэдээллийг дахин гаргах чиг үүргийг бий болгож холбогдох төрийн байгууллагуудын ажлын ачаалал нэмэгдүүлэх, тус арга хэмжээний зохион байгуулалтад оролцож байгаа төрийн албан хаагчид, шинжилгээ авч байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын үйл ажиллагаанд хүндрэлийг үүсгэжээ;
1.4 УОК, НОК болон холбогдох төрийн байгууллагуудын батлан гаргасан  төлөвлөгөөнүүдэд  “Нэг  хаалга-Нэг  шинжилгээ”  арга хэмжээг зохион байгуулах хариуцан, зохион байгуулах ажлын хэсэг, байгууллага  нэгжийг  томилохдоо  Гамшгаас  хамгаалах тухай хуулийн  5  дугаар  бүлэгт  заасан  гамшгаас  хамгаалах  үйл ажиллагааны  зохион  байгуулалт,  удирдлагын  зохицуулалт,  чиг үүрэгтэй  уялдуулаагүй,  хуулийн  этгээд,  иргэний  оролцоог тусгаагүй, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд суурилаагүйгээс уг арга хэмжээний хэрэгжилт доод болон дунд шатанд хэрэгжүүлэх, биелэлтийг тооцоход хүндрэлтэй байдлыг үүсгэсэн байна;
1.5 УОК-ын ажлын алба батлагдсан орон тоогоор ажиллаагүйгээс холбогдох байгууллагуудаас ирүүлж буй тайлан мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх,  үүрэг даалгаврын биелэлт бодитой эсэхийг хянах боломж бүрдээгүй байна;
1.9 Бүх  нийтийн  бэлэн  байдлын  зэрэгт  шилжин  ажиллах  үед дайчлан ажиллуулах албан хаагчдыг холбогдох тооцоо судалгаанд үндэслэн хуваарилсан ч цагдаа хүчний байгууллагаас бусад төрийн албан  хаагчдын  нэгдсэн  мэдээллийн  сан  шинэчлэгдээгүйгээс зохион байгуулалт нь төлөвлөлтийн дагуу хэрэгжээгүй байна;
Бүлэг 2: Энэ үйл ажиллагаанд шаардагдах санхүү, хөрөнгө, нөөцийг зохих ёсоор төлөвлөж, бүрдүүлж, үр ашигтай удирдаж байгаа эсэх:
2.2 “Нэг  хаалга-нэг  шинжилгээ”  арга  хэмжээнд  шаардагдах хөрөнгийг    хууль,  журмын  дагуу  үндэслэлтэй  төлөвлөж, хэрэгжүүлээгүй байна;
2.5 “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд зориулан 296.0 сая төгрөгийн ПОС машиныг шууд худалдан авсан байна;
2.8 “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний шийдвэр, хөрөнгө санхүүжилтийн  мэдээлэл,  олон  нийтэд  ил  тод  байдлыг  бүрэн хангаагүй байна;
Бүлэг 3: Эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж байгаа оношилгоо, шинжилгээний үйл ажиллагаа үр дүнтэй оновчтой хэрэгжиж байгаа эсэх:
3.1 “Нэг  хаалга-нэг  шинжилгээ”  арга  хэмжээг  зохион  байгуулах ерөнхий  төлөвлөгөөтэй  нийслэл,  дүүргийн  онцгой  комиссын төлөвлөгөөг уялдуулан төлөвлөөгүй байна;
3.4 Шинжилгээ  авах  үйл  ажиллагаанд  түр  оршин  суугч  болон бүртгэлгүй  өрхийг  хамруулсан  боловч нэгдсэн  тоо  мэдээ гаргаагүй, 355 орон гэргүй, тэнэмэл иргэнийг хамруулсан байна;
3.5 Улсын болон Нийслэлийн онцгой комиссын удирдлага зохион байгуулалт хангалтгүйгээс дүүргийн онцгой комисс шинжилгээ авах үйл ажиллагааг бодит тооцоо судалгаанд үндэслэхгүйгээр төлөвлөж хэрэгжүүлсэн байна гэх алдаа дутагдлуудыг илрүүлжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн