Украины Донбасс, Херсон болон Запорожье мужуудад ОХУ-д нэгдэх тухай бүх ард нийтийн санал асуулга таван өдрийн турш явагдаж, өндөрлөсөн. Оросын төрийн мэдлийн “TASS” агентлагийн мэдээлснээр одоогоор нийт саналын 60 гаруй хувийг тоолсноос Донецк – 99.23 хувь, Луганск – 98.42 хувь, Херсон 87.05 хувь, Запорожье – 93.11 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжих санал өгсөн байна.
Бүх ард нийтийн санал асуулгын үр дүнг эцсийн байдлаар эцсийн танилцуулах хүлээлттэй байна. ОХУ-ын Үндсэн хуулийн дагуу гадаадын улсын нутаг дэвсгэрийг өөрт нэгтгэх процесс дараах байдлаар үргэлжилнэ.
1. Украины мужууд бүх ард нийтийн санал асуулгын үр дүн болон ОХУ-д нэгдэх хүсэлтээ Москвад хүргүүлнэ.
2. ОХУ-ын Ерөнхийлөгч хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд парламент болон Засгийн газарт энэ талаар мэдэгдэж, улс төрийн зөвшилцөл хийнэ.
3. Зөвшилцөл амжилттай болбол гадаад улс эсвэл гадаад улсын газар нутгийн зарим хэсгийг ОХУ-д нэгтгэхийг хүлээн зөвшөөрөх тухай олон улсын гэрээний төслийг боловсруулж, батлах ёстой. Олон улсын гэрээгээр ОХУ-д нэгдэж буй шинэ нутаг дэвсгэрийн албан ёсны нэр, статус, иргэншил, төрийн болон нутгийн удирдлагын бүтэц, үйл ажиллагаа, хууль тогтоомж зэргийг зохицуулна.
4. ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх дээрх гэрээ нь тус улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг нягтлана.
5. Хэрэв ОХУ-ын Үндсэн хуулийн шүүх зөрчилгүй гэж үзсэн тохиолдолд парламентын доод танхим болох Төрийн Думаар газар нутаг нэгтгэх тухай хууль тогтоомжийг хэлэлцэн баталж, дээд танхимд шилжүүлнэ. Үүний дараа парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлөөр мөн хэлэлцэн батална. Үүнтэй зэрэгцэн Төрийн Дума болон Холбооны зөвлөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн баталах ёстой.
Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан даруйд Украины Донбасс, Херсон болон Запорожье мужууд ОХУ-д албан ёсоор нэгдсэнд тооцогдох аж.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өнгөрсөн баасан гаригт “Хэрэв Донецк, Луганск, Херсон болон Запорожьегийн оршин суугчид санал асуулгаар ОХУ-д нэгдэхийг дэмжсэн тохиолдолд бид хуульчлах процессыг боломжтой хамгийн хурдан хугацаанд хэрэгжүүлэх болно” гэж мэдэгдсэн.
Мөн тэрээр “Хэрэв Донецк, Луганск, Херсон болон Запорожье ОХУ-д нэгдвэл Украины зүгээс газар нутгаа эргүүлэн авах гэсэн оролдлогыг манай газар нутагт түрэмгийлсэнд тооцно” гэж анхааруулсан юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гаригт “ОХУ-ын газар нутаг, бүрэн бүтэн байдалд халдсан тохиолдолд боломжтой бүх арга хэрэгсэл, түүний дотор тактикийн зэвсэг ашиглах болно. Энэ бол хий дэмий үг биш” гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл ОХУ-ын парламентын дээд танхим буюу Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко мягмар гаригт “Бүх ард нийтийн санал асуулгын үр дүн эерэг гарч байна. Бид Донецк, Луганск, Херсон болон Запорожьегийн оршин суугчдын шийдвэрийг хүндэтгэх болно. Хэрэв тэд ОХУ-д нэгдэхээр шийдсэн бол бид дэмжих болно. Одоогоор парламентын ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй гэж бодож байна. Бүх зүйл ном журмын дагуу явбал аравдугаар сарын 4-ний өдөр Холбооны зөвлөл Бүгд найрамдах Донецк ард улс, Бүгд найрамдах Луганск ард улс, Херсон болон Запорожье ОХУ-д нэгтгэх тухай асуудлыг хэлэлцэнэ” гэж мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл, ОХУ-ын парламент ирэх долоо хоногт Украины газар нутгийн 15 хувийг Орост нэгтгэх асуудлыг эцэслэн батлах бололтой.