Open iToim app
Зочин | 10 мин уншина

Б.Энхтүвшин: Том компаниуд дөнгөж хөлд орж байгаа гарааны бизнесүүдийг залгих гэж оролддог

Б.Энхтүвшин: Том компаниуд дөнгөж хөлд орж байгаа гарааны бизнесүүдийг залгих гэж оролддог
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 16
Байгальд ээлтэй, ухаалаг нэрийн хуудасны үйлчилгээ санал болгож буй “Ухаалаг” ХХК-ийн үүсгэн байгуулагчид болох Б.Баттамир, Б.Энхтүвшин нартай ярилцлаа. Технологийн салбартай огт холбоогүй мэргэжилтэй 24-26 насны гурван найз технологийн гарааны компани үүсгэн байгуулж, богино хугацаанд чамлалтгүй амжилт гарган, эерэг бизнесээрээ зах зээлд танигдаж эхлээд байгаа юм.  
-“ICT EXPO 2020” арга хэмжээний үеэр танилцуулсан “Ухаалаг нэрийн хуудас” олон хүний анхаарлыг татаж байгаа харагдсан. Энэхүү үйлчилгээ болон компанийнхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Б.Баттамир(Б.Б): Зөвхөн АНУ-д жилд 100 тэрбум нэрийн хуудас хэвлэхийн тулд 6 сая мод тайрдаг гэх баримт бий. Үүнийг дэлхийн хэмжээнд авx үзвэл сар их тоо гарах нь ойлгомжтой. Мөн харилцагчид очсон нийт цаасан нэрийн хуудасны 96 хувь нь долоо хоногийн дотор хогийн саванд ордог гэх судалгаа байдаг. Үндсэндээ хүн төрөлхтөн хогийн сав руу шууд явдаг цаасан нэрийн хуудас хэвлэхийн тулд жил бүр маш их модыг тайрч байдаг. Байгаль орчин, эко системд асар хөр хөнөөлтэй энэхүү байдал нь эргээд дэлхийн цаг уурын өөрчлөлт, түүнээс улбаатай өвчлөл, эдийн засгийн хямрал үүсгэх шалтгаануудыг бий болгосоор байна. Мөн тухайн хүний албан тушаал, ажлын газрын хаяг, эсвэл утасны дугаарын ердөө нэг орон өөрчлөгдөх л хуучин нэрийн хуудаснуудаа хаяж, шинээр хэвлүүлэх шаардлагатай болдог. Энэ нь эргээд мод тайрах шалтгаан болоод зогсохгүй таны хэтэвчнээс нэмэлт зардал гаргадаг. 
Бид анх жил бүр ийм олон сая модыг хэрэгцээгүй тайрдаг гэдгийг мэдээд үүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ гэх судалгаа хийж эхэлсэн. Ингээд энэ асуудлыг бизнес болгож, технологийн аргаар шийдэх боломжтой юм байна гээд 2019 оны есдүгээр сард гарааны бизнесээ эхлүүлсэн. Ухаалаг нэрийн хуудас нь “веб”-д суурилсан учир мэдээж цаасны хэрэглээг хална гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн бүр ухаалаг нэрийн хуудас хэрэглэдэг болчихвол цаасан нэрийн хуудсанд зориулж мод тайрах шаардлагагүй болно. Үүнээс гадна ухаалаг нэрийн хуудас ашигладаг тухайн хэрэглэгч өөрийн мэдээллээ хүссэн үедээ өөрчлөх боломжтой гэдгээрээ давуу талтай. Хэрэглээний хувьд та өөрийн ухаалаг нэрийн хуудсаа ердөө харилцагчийнхаа гар утсанд уншуулахад л хангалттай. Ухаалаг нэрийн хуудсыг бүх төрлийн ухаалаг гар утсанд суурилагдсан байдаг “NFS” технологиор уншуулдаг учир та болон таны харилцагч үүнийг ашиглахын тулд ямар нэгэн нэмэлт аппликейшн татах шаардлагагүй гэдгээрээ мөн давуу талтай.
Мөн дэлхий нийтээрээ байгаль орчныг хамгаалах ногоон чиг хандлагад эрчимтэй шилжиж байна. Уул уурхай олборлогч тэргүүлэгч компаниуд нүүрсний бизнесүүдээ орхиж, хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүч болон нүүрс, нефтийг орлох бусад технологиудад түлхүү хөрөнгө оруулах болсон. Улс орнууд ч Парисын хэлэлцээрээс гадна “Zero-emission” буюу нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах бусад хөтөлбөр, санаачилгуудад нэгдэн орцгоосоор байна. Тиймээс ухаалаг нэрийн хуудасны хэрэглээ нь компаниуд, бизнес эрхлэгчдийн хувьд нийгмийн хариуцлага, компанийн соёл, орчин үеийн технологийн шинэ чиг хандлагуудыг хэрхэн зөв бөгөөд ухаалгаар нэвтрүүлдэг вэ зэрэг дүр төрхөө давуу байдлаар хэрэглэгчид болон нийгэмд эерэгээр харуулах нэг хэлбэр юм.
-Дэлхийн ямар орнууд ухаалаг нэрийн хуудсыг өргөнөөр ашиглаж байна вэ. Та бүхэн ухаалаг нэрийн хуудсаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ болгож гаргах хүртэл технологийн хөгжүүлэлт дээр хэдий хугацаа зарцуулсан бэ. Монголчууд ухаалаг нэрийн хуудсыг хэр зэрэг худалдан авна гэж харж байгаа вэ?
-Б.Энхтүвшин(Б.Э): Зөвхөн Улаанбаатарт гэхэд 10000 гаруй компани байдаг. Анх бид судалгаа хийж байх явцдаа 10 компанид бүтээгдэхүүнээ зарах зорилго тавьж байсан. Ухаалаг нэрийн хуудсаа хаяж, эвдлээгүй бол нэг удаа л авсан бол байнга хэрэглэх боломжтой. Ингээд өөрийн сонгосон үйлчилгээний хураамжаа төлөөд явахад тухайн компани болон хувь хэрэглэгчийн цаасан нэрийн хуудас хэвлүүлэхэд зарцуулдаг байсан зардлыг хэд дахин хэмнэнэ. Тиймээс бид ухаалаг нэрийн хуудас сайн борлуулагдана гэж харж байгаа.  
Өнөөдрийн байдлаар Америк, Канад, Өмнөд Солонгос зэрэг оронд ухаалаг нэрийн хуудсыг өргөнөөр ашиглаж байна. Мөн хамгийн түгээмэл бөгөөд хэрэглэхэд хялбар “NFS” технологид суурилсан учир хэрэглээ нь зөвхөн ухаалаг нэрийн хуудсаар хязгаарлагдахгүй. Ажлын үнэмлэх, кодтой хаалга онгойлгох, хөнгөлөлтийн карт зэрэг олон төрлөөр ашиглах боломжтой. Ганцхан ухаалаг нэрийн хуудсанд энэ бүхнийг багтаж болно. Бид ч гэсэн хэрэглэгчдэд өөрсдийнх хүссэн загвар, хувилбараар үйлчилгээ санал болгож байгаа.
Ухаалаг нэрийн хуудсыг эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэх хүртэл тал дээр “NFS” бол технологийн  мэдлэгтэй хүмүүсийн хувьд хэн ч хөгжүүлж чадахаар маш хялбар технологи. Бид хэд технологийн хөгжүүлэлтээ 6-7 сарын хугацаанд хийсэн.
-Дөнгөж эхэлж байгаа гарааны бизнесүүдийн хувьд өөрсдийн үйлчилгээний давуу талаараа хэрэглэгчдэд танигдаж, хөрөнгө оруулагчдыг татах гэдэг хамгийн чухал шүү дээ. Миний хувьд ухаалаг нэрийн хуудастай “ICT EXPO” дээр танилцсан. Үүнээс өмнө та бүхэн бүтээгдэхүүнээ хэрхэн хэрэглэгчдэд танилцуулж байсан бэ. Ер нь гарааны бизнесүүд энэ үе шатандаа маш олон адал явдлыг туулж, их ч зүйл суралцдаг гэдэг. Та бүхэнд бүтээгдэхүүнээ таниулах тал дээр ямар бэрхшээлүүд тулгарч байна вэ?
 
undefined
-Б.Б: Бид нар үндсэндээ нэгд, цаасны хэрэглээг багасгая, хоёрт, таны цаг, мөнгийг хэмнэнэ гэдэг маркетингтай яваа. Одоогоор бол өөрсдөө компаниуд дээр бүтээгдэхүүнээ барьж очоод тулж ярилцах зарчмаар борлуулалтаа хийж байгаа. Үндсэндээ эхлээд байгууллагууд руу утсаар холбогдоод ухаалаг нэрийн хуудсаа өөрсдөөр нь ашиглаж үзүүлээд, бодитоор тайлбарлаж өгье гэх маягаар явдаг. Ингээд ярихаар ихэнх нь “борлуулалтын хүмүүс ярьж байна” гээд “за имэйлээр танилцуулгаа явуулчих” гэдэг. Зарим нь бол шууд утсаа тасалчихдаг. Танилцуулгаа явуулсан байгууллагуудын дийлэнхээс нь хариу ирдэггүй. Боломж олгосон цөөхөн байгууллагууд дээрээ явж очоод дижитал нэрийн хуудас гэхээр төлбөр төлж болох юм уу, хөнгөлөлт эдлэх үү гэж их асуудаг. Xүмүүс ер нь картын хэрэглээг төлбөр тооцоо болон хөнгөлөлтийн карт хэлбэрээр илүү ойлгодог юм байна гэж бодсон. Энэ мэтчилэн бүтээгдэхүүнээ танилцуулаад явж байхад хүмүүс сайн ойлгохгүй байх зэрэг тохиолдлууд их гарч байгаа. Гэхдээ сүүлийн үед байгууллагууд руу залгахаар “Ухуулаг нэрийн хуудсыг харсан. Та нар юм уу. Их хэрэгтэй, сайхан үйлчилгээ байна лээ шүү” гэх зэргээр нэг үе ээ бодоход бид хэд бас ч гэж танигдаж байх шиг санагдсан. Энэ нь бидэнд их урам өгч байгаа.           
-Б.Э: Нэмж хэлэхэд, ухаалаг нэрийн хуудсаа танилцуулаад явж байхад монголчууд ер нь шинэ юманд нэлээд эргэлзээтэй, няхуур ханддаг юм шиг санагдсан. Харин давуу байдлыг нь олж харахаараа их хурдан хэрэглээндээ нэвтрүүлж, дасан зохицдог юм билээ. Тиймээс бид нар татгалзсан байгууллагуудтайгаа ч эргэж холбогдоод “Нэг л боломж өгчих. Бид нар удахгүй. Хурдан танилцуулна” гэх зэргээр нэлээд уйгагүй, тууштай явсан хэвээрээ байгаа. “ICT EXPO”-гийн дараагаас хүмүүс холбогдоод “Аан, та нар ийм юм хийдэг хүүхдүүд байсан юм уу. Онцлох гурван технологи гээд тэр дундаас харлаа. Хүрээд ирээч. Худалдаж авъя” гэх зэргээр олон хүмүүс холбогддог болсон. Тэгэхээр “ICT EXPO”-гийн дараагаас хүмүүс холбогдож худалдаж авдаг арай өөр процесс руугаа орж эхэлж байх шиг.  
Мөн энэ завшааныг ашиглаад өнгөрсөн хугацаанд биднийг дэмжин, ухаалаг нэрийн хуудсыг худалдан авч манай анхны харилцагч, хэрэглэгчид болсон байгууллагууд болон хувь хүмүүст талархлаа илэрхийлмээр байна. Учир нь ухаалаг нэрийн хуудас ашигладаг хүмүүс маань өөрийн харилцагчиддаа биднийг сурталчилж, ойлгуулж байгаагийн ачаар цөөнгүй хүн нэрийн хуудсыг худалдан авахаар бидэнтэй холбогдох болсон.
-Та бүхний хувьд мэдээллийн технологийн мэргэжил огт эзэмшээгүй хэрнэ технологийн гарааны бизнес хөгжүүлээд явж байгаа. Өмнө нь ч гэсэн технологийн салбараас тэс ондоо өөр ажил хийж байсан юм билээ. Тиймээс технологийн салбарт бизнес хийхэд ямар бэрхшээлүүд тулгарч байна вэ. Хэдий эхлээд удаагүй байгаа ч та бүхэн энэ хугацаанд хуримтлуулсан бага ч гэсэн туршлага гарааны бизнес хийхийг зорьж байгаа бусад залууст хэрэгтэй байж болох юм. Миний хувьд ч анхлан суралцагчдын алдаа, шинэ салбарт хүч сорихоор орсон бизнесүүдийн тухайн салбарын асуудлаа хэрхэн харж байгаа зэрэг нь их сонирхолтой санагддаг?
-Б.Э: Миний хувьд өмнө нь аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан. Аялал жуулчлалын салбар харилцаа, харилцагч хоорондын том сүлжээн дээр явагддаг. Жишээ нь, жуулчдад хөтөч хийхэд өдрийн цалин тодорхой үнэлэмжтэй байдаг. Харин технологийн салбарын хувьд бид өөрсдийн чадахгүй зүйлээ мэргэжлийн хүмүүс болон компаниудаас авах гээд холбоо бариад, өөрсдийн зорилгоо танилцуулаад, манай вебийн энэ хэсэгт ийм ажил хийгээд өгөөч гэхээр ямар ч үнэлгээ байдаггүй юм билээ. Ер нь манай улсын аль ч “IT” компанид тийм үнэлгээ байдаггүй гэж анзаарагдсан. Үндсэндээ тухайн инженер нь хийх ажлынхаа ачааллаас шалтгаалаад үнэ, ханшаа өөрөө тогтоодог. Инженер бүр өөрийн үнээ хэлнэ. Ууг нь тогтсон тариф байвал үйлчлүүлэгч нарт илүү амар байх болов уу. Одоогоор технологийн салбарын бэрхшээлтэй зүйл гэвэл үнийг л хэлэхээр байна. Мөн технологийн компаниуд бие биетэйгээ тийм ч их хамтран ажиллаад байдаггүй юм шиг санагдсан.
Харин эсрэгээрээ Монголд жилд 10000 “IT” инженер бэлдэх хөтөлбөр, технологийн парк байгуулах зэрэг гоё санаачилгууд хэрэгжиж байгаа нь бидний хувьд сайн хэрэг гэж харж байгаа. Учир нь ийм хөтөлбөрүүд яг бид нар шиг гарааны бизнесүүд болон технологийн салбарт орох хүсэлтэй ч мэдэхгүй байгаа хүмүүст маш үр өгөөжтэй. Ер нь Монголын “IT” салбарыг тууштай дэмжээд өгвөл хурдан хөгжих байх гэж боддог. 
-Танай вебийг яг хариуцдаг хүн байгаа юу. Ер нь та хэдийг бусад компаниудтай хамтран ажиллахад нээлттэй байгаа гэж ойлголоо?
undefined
-Б.Э: Яг одоогоор байхгүй байгаа. Манай “uhaalag.mn” вебсайтыг “Модив софт” гэдэг компани хөгжүүлсэн. Бид нар зургаан сараар хамтран ажиллах гэрээ хийсэн нь дуусах шатандаа ороод явж байна. Тиймээс дараа сараас яг веб хариуцдаг хүнтэй болж багаа 5-6 хүний бүрэлдэхүүнтэй болгон өргөжүүлэхээр төлөвлөсөн. Тэр хүнээ ч олчихсон байгаа. Одоохондоо шинэ хүмүүсээ шууд цалинжуулах уу, эсвэл хувь өгөх үү гэдэг дээрээ ярилцаад явж байгаа.
Харилцан ашигтай тохиолдолд хамтран ажиллах тал дээр үргэлж нээлттэй. Гэхдээ энэ дээр нэг сонин зүйл ажиглагдсан нь том компаниуд дээр очоод бүтээгдэхүүнээ танилцуулахаар ер нь л залгих гэдэг ч юм уу, тийм хандлага нэг бус удаа гарч байсан. Ерөнхийдөө та гурав хүнээ нэмээд, ачаалал даах чадвартай болоод манай нэг салбар ч юм уу, “Unitel”-ийн “U-Point”, “Номин супермаркет”-ын бонус карт гэдэг шиг манай ийм урамшууллын картыг хөгжүүлээч, эсвэл зөвхөн манай компанийн хөнгөлөлтийн картыг хөгжүүлээд, ажилд орох уу зэрэг санал ирсэн. Бид гурав ингэж сонсоод “За, ер нь л том компаниуд шинэ бизнесүүдийг дөнгөж хөлд ороод алхаж эхлэхээр нь ингээд залгих гээд байдаг юм байна. Эсвэл санааг маань шууд аваад өөрийн болгочих гээд байдаг юм байна” гээд ярьж байсан.
-Нээрээ ухаалаг нэрийн хуудсыг ямар ч төхөөрөмж дээр ашиглаж болж байгаа юу?
-Б.Б: “iPhone X” болон түүнээс хойш загварын гар утаснуудын хувьд шууд камер дээр нь ухаалаг нэрийн хуудсаа бариад “NFS”-ээр уншиж байгаа. Харин “iPhone X”-ээс өмнөх загварын утаснуудын хувьд “QR Code”-оор уншдаг. Учир нь хэдий “Apple”-ийн бүх гар утас дотроо “NFS”-чиптэй ч яагаад ч юм компанийн зүгээс уг технологийг дэмждэг горимыг цаанаас нь нээж өгөлгүй, унтраачихсан байдаг. Харин сүүлийн загварууд болон “iOS” үйлдлийн системүүд дээрээ “NFS”-ийг “On” болгосон учир шууд камер дээрээ бариад ухаалаг картыг уншуулна. “Android” үйлдлийн системтэй гар утаснуудын хувьд 2012 оноос хойш худалдаанд гарсан “NFS” дэмждэг бүх төхөөрөмжүүд дээр ажиллана.
-Ухаалаг нэрийн хуудсанд хэрэглэгч өөрийн 30 хүртэлх мэдээллээ хийх боломжтой. Магадгүй гэрийн хаяг, регистрийн дугаар зэрэг эмзэг мэдээллүүдээ хийхийг үгүйсгэхгүй. Тэгвэл та бүхэн хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ. Учир нь нэгд, та гурав технологийн салбарын мэргэжилтнүүд биш. Хоёрт, өөрсдийн гэсэн “IT” баг хараахан байхгүй байна. Тиймээс магадгүй танайхыг сонирхож байгаа 1000 ажилтантай харилцагчид та нар ямар баталгаа өгөх вэ. Бүр хэрэв асуудал үүсэн тохиолдолд энэ тал дээр манай улсад бараг төрийн зохицуулалт байхгүй шахуу байгаа шүү дээ?  
-Б.Б: Бид гурвын хувьд одоогоор хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр маш сайн байгаа гэж харж байгаа. Хэрэглэгчид ухаалаг нэрийн хуудсыг худалдан авч, ашиглахынхаа өмнө манай нууцлалын бодлоготой уншиж танилцах нь зүйтэй. Үүн дээр та өөрийн харилцаж байгаа, итгэмжлэгдсэн хүндээ харуулахыг хүссэн мэдээллээ л хийгээрэй гэдэг. Мэдээж хүмүүс өөрийн 30 мэдээлэл дундаа гэрийн хаяг, регистрийн дугаар, банкны данс зэргээ хийгээд байхгүй шүү дээ.
-Хэрэглэгчид хүссэн мэдээллээ оруулах боломжтой гэж ойлголоо. Тийм үү?
-Б.Э: Тийм. Гэхдээ бид веб дээр суурилдаг. Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл манай вебээс гадна, “Google”-ийн сервер дээр хадгалагддаг. Үнэхээр гоц хүн байлаа гэж бодоход “Google”-ийн серверийг хакердаад манай хэрэглэгчдийн мэдээллийг авч болно. Гэхдээ өнөөдөр ямар ч гоц хүн байлаа гээд дэлхийн хэдэн тэрбум хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хиймэл оюуны тусламжтай хамгийн шилдэг инженерүүдээр хамгаалж байгаа, технологийн салбарын тэргүүлэгч компанийг хакердана гэдэг бараг л боломжгүй шүү дээ. Энэ тохиолдолд манай вебийг эвдээд хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах боломжтой гэх байх. Бид эхэлсэн цагаасаа хүмүүсийн хувийн мэдээлэлтэй харьцана гэдгээ мэдэж байсан учир энэ асуудлыг анхнаасаа хамгийн чухал болгон авч үзсээр ирсэн. Учир нь хэрэв бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг алдлаа гэхэд зах зээлийн итгэлийг алдаад зогсохгүй, маш хор хөнөөлтэй үр дагаврууд авчирч болзошгүй. Дээрээс нь бид өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ маш их ухамсарладаг.
Тиймээс бид гурав маш их судалгаа хийж, Монголын бараг бүх “IT” компани, инженерүүдтэй уулзсаны эцэст бидний хүсээд байгаа стандартаар мэдээллийн аюулгүй байдлыг хангаж чадах хүнийг Канадаас олсон. Тэгээд өөрсдийнхөө хувьд чамгүй мөнгө зарж мэдээллийн аюулгүй байдлаа хангасан. Хэдий бид гарааны компани ч гэсэн мэдээллийн аюулгүй байдалдаа сар болгон хамгийн их зардал гаргаж байгаа. Бид тодорхой хураамжаа төлөөд явж байгаа цагт хэрэглэгчийн аюулгүй байдал дээр асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно.
-Ярилцсанд маш их баярлалаа. Миний үеийн залуус өөрсдийн хүчээр бий болгосон, манай зах зээлд өмнө нь огт байгаагүй бүтээгдэхүүнээрээ богино хугацаанд чамлахааргүй амжилт гаргаж байгааг харах үнэхээр урамтай байна. Мөн та гурвын бизнесийн хариуцлагаа ухамсарлаж байгаа байдлыг үнэхээр өндрөөр үнэлж байна.       
-Б.Б: Баярлалаа.
-Б.Э: Баярлалаа. Урьж ярилцсанд баярлалаа. Ер нь залуус бид заавал төр засаг, эцэг эх, эсвэл өөр хэн нэгний гарыг харах биш. Өөрсдөө хөдөлмөрлөж, бүтээх нь хамгийн чухал гэдэг дээр бид гурав санал нийлдэг. Мөн бид энэхүү бизнесээр ашиг олохыг нэгт тавиагүй ээ. Хэдий манай улсад бэрхшээлүүд байгаа ч бид үүнийг өөрчлөх эхлэл нь байх ёстой. Магадгүй дараагийн хүмүүсийн ачааг бага ч болов хөнгөлөх ёстой гэдэг үүднээс бизнес дээ илүү их ханддаг. Тиймээс та бүхэн биднийг дэмжихийн сацуу, байгалиа хамгаалах үйлсэд нэгдэж ухаалаг нэрийн хуудсыг ашиглаарай гэж уриалъя.
-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн