Наро Банчэн хутагт Орхон аймгийн сүсэгтэн олонд насны авшиг хүртээх номын айлдвар айлджээ. Сэтгэлийн амар амгаланг олж, аз жаргалтай байх айлдварын хэсгээс хүргэж байна.
-“Зарим хүн эд хөрөнгө, нэр алдартай болоод жаргалтай болчихдог гэж боддог тал бий. Хэчнээн нэр алдар, эд хөрөнгөтэй болоод ч тухайн хүний сэтгэл амгалан биш байвал жаргалтай байх ямар ч бололцоогүй. Нэр алдартай нь нэр хүндээ унагаах вий, бусад хүн муулах вий, эд баялагтай нь надаас хүн юм гуйх вий, эсвэл байгаа байдалдаа сэтгэл санамжтай байж чадахгүй учраас жаргалтай байх бололцоогүй. Өөрт байгаа эд баялгийг тэрнээс дор зүйлтэй харьцуулбал сэтгэл зүйн хувьд баян болоод ирнэ гэж үздэг. Харин өөрөөсөө дээр зүйлтэй харьцуулаад эхэлбэл сэтгэлгээний хувьд ядуу болоод ирнэ. Ямар хүнийг баян хүн бэ гэвэл “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барьж чаддаг, байгаа зүйлээсээ сэтгэл ханамж авч чаддаг хүнийг баян хүн гэж үзнэ. Шунал, хүсэл хязгааргүй шүү дээ. Энэ буруу сэтгэлийг хорьж, барьж чадахгүй бол дэлхийг эзэлсэн хаан болсон ч сэтгэлийн амар амгаланг олж, жаргалтай байх бололцоогүй. Бидний жаргалтай байх, байхгүй нь аливаа юмыг харах өнцөг, сэтгэлзүйгээс маш их хамааралтай байна.
Ядуу ч гэлээ дотоод сэтгэл нь хиргүй, амгалан, муу муухай боддоггүй хүн эд баялагтай, нэр хүндтэй хүн хоёрын хэн нь илүү аз жаргалтай байна вэ гэвэл дотоод сэтгэл амар амгалан байгаа ядуу хүн илүү аз жаргалтай байна. Тэгэхээр бие сэтгэл хоёрын сэтгэл нь илүү амар амгалан өгдөг. Бид бүхэн, манай улс гадна талдаа маш сайхан хөгжиж байна. Гэхдээ бид бүхэн сэтгэлийн хөгжил, сэтгэлийн боловсролыг орхигдуулж байгаа. Аз жаргал сайн сайхан зүйл рүү тэмүүлж л байгаа бол аль нь илүү сайн, сайхан зүйл өгч байгаагаа л сонгох хэрэгтэй.
Бурхны шашинд сэтгэлийг юу жаргалтай болгодог, юу зовлонтой болгоод байгааг учир шалтгааны үүднээс маш нарийн судалж байгаа. Буруу сэтгэлийг хорих, бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэл болон юмсын мөн чанарыг үнэн зөв таньж мэдэх ухаарлыг хөгжүүлэх арга зам бий. Хүний сэтгэлийг зовоодог, хямраадаг гол хүчин зүйл нь буруу сэтгэл буюу уур, шунал, атаархал, бусдыг хорлох сэдэл нь сэтгэлийн амар амгалан байдлыг бүрмөсөн байхгүй болчихдог.
Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн бодит байдалтай зохицоогүй аминч үзлийн гэмээр буруу сэтгэл төрдөг. Хэчнээн боловсролтой, мэдлэгтэй байгаад ганцхан амин хувиа хичээсэн, бусдад хамаагүй гэсэн сэтгэхүйтэй хүнтэй хамтарч ажиллахад хүртэл хэцүү шүү дээ. Харин бусдыг энэрч хайрласан сайхан сэтгэлтэй зөв хүнтэй ажил төрөл явуулахад хүртэл бүтэмжтэй байдаг.
Аминч үзэл бол юмсын мөн чанарыг үнэн зөв таньж мэдээгүй, мэдэхгүйн буюу мунхгийн эрхээр үүсдэг. Бодит байдал 10 хувь байхад 90 нь бидний сэтгэлзүйгээс хамааралтай байна. Нэг зүйлд туйлын сайхан мэтээр татагдвал түүнд шунал төрөх, түүнд хүрэхэд саад тотгор үүсэхэд маш их уур бухимдал буруу сэтгэл хүчтэй төрдөг. Өөрөөр хэлбэл, бодит байдлаас оюун ухаан нь хэтэрхий их хэтрүүлэгтэй хардаг. Хүний оюун ухаан юу бодно, түүнийг үнэн юм шиг хүлээн авдаг. Худлаа мэдээллийг сонсоод тавгүйтээд эхэлдэг. Тиймээс аливаа юмсыг ухаалгаар харах нь чухал.
Уураа дарах, барих хоёр арга зам бий
Уурын мөн чанар нь сэтгэлийн амар амгалан байдлыг үгүй болгодог. Бусдын жаргалтай байдлыг бусниулах хорлох сэтгэл юм. Уур ямар гэмтэй юм бэ гэдгийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Уурын гэмээр өөрийн сэтгэл амгалангүй болохоос гадна бусдын тайван байдлыг бусниулдаг. Гэр бүл, хамт олон дунд нэг л ууртай хүн байхад эргэн тойрны жаргалтай, амгалан тайван байдлыг бусниулдаг. Уурлахаар хайртай дотнын хүнээ их гомдоодог, түр зуурын уураас болж алдсан хүн олон байна. Уур бол маш гэмтэй сэтгэл. Далд хэлбэрээр урт удаан наслах, эрүүл энх, элбэг дэлбэг байх буяны үр дүнг шатаадаг.
Хүссэн юманд нь саад тотгор ороход уур уцаар төрдөг. Хүсээгүй юмыг нь хүн хийхэд бас төрнө. Дургүй хүнд нь туслахад хүртэл уур бухимдал төрдөг. Өөрийн сэтгэлд юмс үзэгдэл нийцэхгүй болохоор л уур бухимдал төрөөд байна гэсэн үг. Бодит байдал дээр бүх юмс үзэгдлийг өөрийн сэтгэлд нийцүүлэх боломжгүй. Гадаа өвөл болох гэж байхад байгаль дэлхий дааруулаад байна орилж, бухимдвал ямар ч үр дүнгүй шүү дээ. Өөрийн сэтгэлийг гадна талын юмс үзэгдэлтэй нийцүүлж байж л сэтгэл амгалан, жаргалтай байх боломжтой.
Уурыг дарах арга замын нэг нь бусдыг энэрч хайрлах сайн сэтгэлийн бясалгал. Чин сэтгэлээсээ ойр дотнынхоо хүмүүсийг битгий зовоосой, жаргалтай байгаасай гэж боддог болбол бусад руу уурлаж чадахгүй. Хорлох сэтгэл, бусдыг жаргалтай байгаасай гэсэн сэтгэл бол гал ус хоёр шиг харш зүйл. Чин сэтгэлээсээ бусдыг жаргалтай байгаасай гэж бодвол өөрийн сэтгэл маш амгалан байна. Бусдад тустай зүйл хийх нь бусдад ч амар амгаланг өгдөг. Үүний үр дүнд эрүүл энх байх, сайн сайхан байдал дэлгэрдэг.
Уур бухимдлыг удирдах хоёр дахь арга зам нь тэвчээр бясалгал юм. Бурханы шашинд тэвчээрийг сэтгэлийг хямраах, тавгүйтүүлэх нөхцөл бүрэлдэхэд тэнд хямрахгүй байж чадах нь тэвчээрийн мөн чанар юм. Энэ орчлонд жаргалтай байх гэхээс илүү зовлонгийн шалтгаан маш их байна. Зовлон хүлээж авах тэвчээр бясалгалыг маш сайн хийж байх хэрэгтэй.
Асуудал, бэрхшээлийг хэрэгтэй талаас нь харвал сэтгэл шаналахгүй, гутрахгүй, хямрахгүй даваад гарах бололцоотой. Зовлон бэрхшээлээс хүн бусдыг энэрч хайрлах нинжин сэтгэл төрдөг. Би энэ зовлонг хүсэхгүй байгаа шиг бусад хүн ч хүсэхгүй байгаа. Зовлон үзэхээрээ буруу сэтгэлээ дарж, бусдыг өрөвдөж хайрладаг. Зовлон бэрхшээлд хүний омоглон, дээрэнгүй зан зэрэг буруу сэтгэлүүд хүчтэй дарагддаг.
Буруу сэтгэлийг дарах арга бурхан, ном, хуварга гуравт байна. Хүн бурхан ч болох бололцоотой чухал биеийг аваад төрдөг. Гэхдээ энэ бие чинь мөнх биш, хугацаатай. Хэзээ нэгэн цагт бидэнд үхэл ирэх нь ойлгомжтой. Харин хэзээ үхэх нь тодорхой биш. Үхэхийн цагт бие, хэл, сэтгэл гурваар бусдад тустай сайн үйл хийсэн үү, муу үйл хийсэн үү гэдэг үйлийн үрээ аваад дараа төрөл рүү явна. Бурханы шашинд дараа төрөл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Физикийн ухаанд ч энерги устдаггүй. Тэгэхээр хүн үхээд бүх зүйл байхгүй болчихож байгаа юм биш. Сүнс нь дараа төрөл рүү явж байгааг шинжлэх ухаанаар хүлээн зөвшөөрч байгаа.
Бид дараа төрөлдөө сайн төрлийг ольё гэвэл 10 хар нүгэл буюу буруу үйлийг тэвчих хэрэгтэй. Арван хар нүгэл биеэр үйлдэж байгаа гурав, хэлээр үйлдэж байгаа дөрөв, сэтгэлээр үйлдэж байгаа гурав байна. Биеэр гэдэгт амьтны амь таслах, хулгай хийх, буруу хурцал буюу гэр бүлээс гадуур янз бүрийн харилцаа багтана. Хэлээр үйлдэхэд худлаа ярих, хов зөөх, ширүүн муухай үг хэлэх, дэмий чалчих багтана. Ямар ч үр дүнгүй, хэрэггүй чалчаад байвал бурхан ч болох боломжтой үнэ цэнэтэй биеийг дэмий зүйлд ашиглаж байна гэсэн үг. Сэтгэлээр үйлдэх гэдэгт нь хомхой сэтгэл, хорт сэтгэл, буруу үзлийг багтаадаг. Хомхой сэтгэл гэдэг нь бусдын юманд шунах, шуналаа гүйцээхийн тулд худлаа хэлэх, хулгай хийх. Хорт сэтгэл гэдэг нь атаархлыг хэлж байгаа юм. Бусдын нэр хүндийг унагаая, энэ надаас илүү гарчихлаа, энийг даръя гэдэг. Атаархал бол өөрийн сэтгэлийн амгаланг байхгүй болгохоос гадна бусдыг хорлодог. Буруу үзэл гэдэг бол дараа төрөл гэж байхгүй, үйлийн үр гэж байхгүй гэж үзэх нь үзэл юм.
Бурхны шашны сургууль номлолыг дан ганц сүсэг төдий биш, учир шалтгааны үүднээс судалж мэдээд хэрэгжүүлэх маш зөв шүү сүсэгтэн олондоо хэлмээр байна” гэлээ.