Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

Боловсролын сайд Ц.Цогзолмаа ЕБС-ийн захирлуудад үүрэг өглөө

Боловсролын сайд Ц.Цогзолмаа  ЕБС-ийн захирлуудад үүрэг өглөө
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 28
Өнгөрсөн долоо хоногт 79-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүүхэд хаалганд даруулан нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал, засвар үйлчилгээ, хичээлийн жилийн бэлтгэл хангах, сахилга хариуцлагыг сайжруулах талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр нийслэлийн ЕБС-ийн захирлуудтай уулзаж, үүрэг даалгавар өглөө.
Тэрээр “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт бидний ажлын хариуцлагагүй үйлдлээс сургуулийн орчинд хүүхэд эндсэн тохиолдол гарсан. Энэ асуудал бол манай сургуулиудын орчин аюулгүй байж чадаж байна уу, сургуулийн захирлууд хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу гэсэн асуултын хариулт болж байна.
Хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хичээлийн жил дуусахаас өмнө хоёр удаа аймаг, нийслэлийн Боловсролын газруудад хүргүүлсэн. Гэтэл сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар яамнаас хүргүүлсэн чиглэл төдийлөн ажил хэрэг болж чадахгүй, Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсээс тавих хяналт сулаас эмгэнэлт хэргүүд гарч байна. Зуны амралт эхэлж байгаа энэ мөчид сургуулийн орчинд хүүхэд аливаа болзошгүй эрсдэлд өртөх, хохирогч болохоос урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан дараахь үүрэг даалгаврыг өгч байна” хэмээн ярилаа.
1. Сургуулийн эзэмшлийн биеийн тамирын талбай, байгууламжид суурилуулсан тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгсэл, тоглоом, сүүдрэвч, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс, цахилгааны утасны аюулгүй байдал, тэдгээрийн эвдрэл, гэмтлийг хянах үзлэгийг сургуулийн захирал удирдаж 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор чанартай зохион байгуулах, эрсдэлийн зэрэг тогтоох, илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих;
2. Сургуулийн эргэн тойронд болон ойролцоо хийгдэж буй засвар үйлчилгээтэй холбогдуулан ухаж бэлтгэсэн нүх, тогтоол усанд хүүхэд унаж бэртэхээс сэргийлж хамгаалах бүс, анхааруулга тэмдэг тэмдэглэгээ тавих, энэ талаар эцэг, эх, асран хамгаалагч болон оршин суугчдад мэдээлэл хүргэх
3. Сургуулийн жижүүр зуны амралтын хугацаанд дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллахаар нэмэлт гэрээ байгуулж, сахилга хариуцлагыг өндөржүүлэх. Үүнд:
  • Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн шинээр батлагдсан дүрмийг танилцуулах, ёс зүйн хэм хэмжээ сахин ажиллах асуудлаар талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлэх
  • Жижүүр хүлээн авах, хүлээлцэх тохиолдол бүрт гадаад, дотоод орчинд суурилуулсан  тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгсэл, тоглоом, сүүдрэвч, гэрэлтүүлэг, цахилгааны утас, зам талбай, ногоон байгууламж, хашаа, хайсын аюулгүй, бүрэн бүтэн байдлыг тэмдэглэл хөтөлж хүлээлцэж байх
  • Эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд нэн яаралтай засвар, үйлчилгээ хийлгэх ажлыг сургуулийн захирал холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх
  • Сургуулийн эзэмшлийн талбайг байнга нээлттэй байлгаж, бүрэн бүтэн найдвартай тоглоом, тоног төхөөрөмж, байгууламжид хүүхэд тоглох боломжийг бүрдүүлэх, сургуулийн орчинд хүүхэд тоглож байгаа тохиолдолд гадаа хяналт тавих
  • Одоо ашиглаж байгаа камерт хянагдах боломжгүй талбай, ногоон байгууламжийг  2 цагт тутамд эргэх
  • Байгалийн давагдашгүй хүчин зүйл/салхи, бороо, мөндөр гэх мэт/-ийн улмаас үүссэн эвдрэл, гэмтэл, хохирлыг тэмдэглэх, холбогдох албан тушаалтанд тухайн цаг хугацаанд мэдэгдэх
  • Жижүүр, харуулын үйл ажиллагаанд хяналт тавих, эвдрэл, гэмтлийг засварлах эрх бүхий албан тушаалтныг зуны улиралд ажиллуулах зохицуулалтыг хийх, сургуулийн удирдлага 14 хоног тутам биечлэн хяналт тавих
Мөн автобусны үйлчилгээтэй сургууль хүүхдийн автобусны стандарт, шаардлагыг хангах, засвар үйлчилгээ хийх, улсын үзлэгт 2018 оны наймдугаар сарын 1-8-ны өдрүүдэд хамруулахаар тусгажээ. 
Барилга угсралт, засварын ажлын талаар
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө, олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгөөр хийгдэж буй сургууль, дотуур байр, спорт заалны барилга угсралт, их завсар, тохижилтын ажлын явцыг сургуулийн удирдлага хянаж, хичээлийн жил эхлэхээс өмнө ажлыг бүрэн дуусгах,
Барилга угсралт, засварын ажлын явц болон гэрээний үүргийн биелэлтийг хянах, захиалагчийн хяналт тавих, хамгаалалтын бүс, тэмдэг тэмдэглэгээ хийх,
Сургуулийн элсэлт, бүртгэлийн талаар
1. Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн тоо өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад улсын хэмжээнд 10 мянга орчмоор нэмэгдэх урьдчилсан тооцоо гараад байна. Иймээс сургууль бүр ирэх хичээлийн жилд суралцах, үүний дотор нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тооны төлөвийг үндэслэлтэй гаргах, дутагдаж болзошгүй бага ангийн багшийг хэрхэн нөхөх асуудлыг бүрэн шийдэх,
2. Зургаан настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулах, шилжиж ирсэн болон түр оршин суугчийн иргэдийн хүүхдийг холбогдох баримт бичгийг үндэслэн чирэгдэлгүй, аливаа хураамж, төлбөр, хандивгүйгээр бүртгэж суралцуулах
3. Бага ангийн багш мэргэжлээр шинээр төгссөн багшид нэгдүгээр анги хариуцуулахгүй байх зохицуулалт хийх
4. Анги, бүлэг дүүргэлтийг 40-өөс хэтрүүлэхгүй байх. Иймээс хамран сургах тойргийн бус хүүхдийг аливаа хандив, төлбөр, хураамж, элдэв тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэл шаардан авч элсүүлэхгүй байх
5. Нэгдүгээр ангийн хүүхдийн хэрэглэх цүнхийг сонгох талаар эцэг, эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгөх, мэдээллийг ил тод байрлуулах
6. Бага ангид үндсэн сурах бичгээс гадна яамны албан ёсны зөвшөөрөлгүй аливаа нэмэлт ном, гарын авлага, материалыг суралцагчдад тулган борлуулах үйлдэл гаргахгүй байх. Энэ нь цүнх хүндрэх шалтгаан болж байгааг анхаарах /1 ангийн 6 сурах бичгийн нийт жин 1350 грамм байгаа/
7. ЕБС-д суралцаж байгаа бүх ангийн хүүхдийг боловсролын салбарын мэдээллийн системд бүрэн бүртгээгүйгээс төгсөх ангийн 162 хүүхэд гэрчилгээ, үнэмлэх авч чадахгүй, хохирох асуудал нийслэлд гарсан.  Энэ сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг яамнаас нийслэлийн Засаг даргад уламжилсан. Мөн гадаад улс орны сургуулиас шилжин ирсэн болон сургуульд таван настай  элсүүлсэн атал мэдээллийн систем бүртгэхгүй, хичээлийн жилийн төгсгөлд бүртгэхээр хүлээлгэх, шан харамж авах байдлаар асуудлыг шийдэхэд боловсролын газар, хэлтсийн зарим удирдлага, мэргэжилтэн, сургуулийн удирдлага манлайлан оролцож байгаа үйлдлийг таслан зогсоохыг үүрэг болголоо. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн