БХБ-ын сайд Б.Мөнхбаатар барилгын материал үйлдвэрлэгчдийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Тус уулзалтын дараа барилгын материал үйлдвэрлэгчид хэвлэлийнхэнд Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан: Цар тахлын өнгөрсөн хугацаанд манай улсын хөгжил дэвшилд цементийн үйлдвэр ямар хэрэгтэй байсныг сайн ойлгосон байх. Өнөөдөр хэдий хил нээгдсэн ч бид импортын цементийг нэг тонныг л гэхэд 400 мянган төгрөгөөр оруулж ирэх нөхцөл үүсээд байгаа. Энэ үед цемент үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ 200 мянган төгрөгөөс доош үнээр худалдаалж байна. Барилгын материалын үнэ ерөнхийдөө их өссөн. Хөгжлийн банкнаас зээл авсан гурван цементийн үйлдвэрт тулгараад байгаа асуудал нь ханшийн зөрүү юм. Учир нь тухайн үед Хөгжлийн банкнаас Засгийн газрын тогтоолын дагуу зээлийг төгрөгөөр олгох байсан ч ам.доллараар олгосон. Үүний үндсэнд ханшны маш их алдагдалд орсон. Үндсэндээ ханшны алдагдалтай төлбөрөө төлөөд явж байна. Монцемент үйлдвэрийн хувьд нийт 126,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас 118,1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгээд байна. Үлдсэн зээлийн төлөлтөө хийх болно. Бид ханшийн алдагдал болон бусад зээлтэй холбоотой асуудлаар төр засаг болон Хөгжлийн банктай хэлэлцээр хийгээд явж байна. Бидний үйл ажиллагаанд цар тахал тулгарснаар маш их сорилтыг давах шаардлагатай болсон. Цар тахлын үе буюу өнгөрсөн 2020, 2021 оны үед дөрвөн удаа хөл хорио тогтоосны улмаас 213 хоног үйлдвэр хаалттай байсан юм. Энэ үед аль ч цементийн үйлдвэр төлбөрөө төлөх ямар ч боломжгүй.Мөн хэрэглээний зээлийг бид аж үйлдвэрийн салбарын урт хугацааны зээлтэй андуурч байна. Энэ зүгээр нэг хороолол барьж ашгаа хийгээд гарах төсөл биш. Олон улсад цементийн үйлдвэрийн санхүүжилт 10-15 жилийн эргэн төлөгдөх хугацаатай байдаг. Анх зээл авахдаа бид ханшийн зөрүүнээс үүдэж аль болох хурдан төлөх графикийг гаргаж 2019-2020 он хүртэл илүү төлөлттэй явсан."Хөтөлийн Цемент Шохой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Чинбат: Хүнд аж үйлдвэрийн салбарын төслийг урт хугацаатай байх ёстой. Тухайн үед үнэхээр санхүүгийн хүндрэл гарч дотоодоос зээл хөөцөлдөхөд таван жилийн хугацаатай 8,1 хувийн хүүтэй зээлийг Хөгжлийн банкнаас авахаар болсон. Энэ зээлийг авснаар бид үйлдвэрийн хүчин чадлаа ихэсгэж, техник технологийн хувьд зуун хувь сайжруулсан. Өнөөдрийн байдлаар манай компани 720 ажилтантай хэвийн ажиллаж байна. Бидний төсөл хэрэгжсэнээр компанийн хүлээсэн үүрэг буюу Хөтөл тосгоны 100 орчим аж аухйн нэгж 1000 гаруй айл өрхийг дулааны эрчим хүчээр хангах үүргээ 100 хувь биелүүлэн явж байна. Зөвхөн үүнд л гэхэд компани жилд дунджаар 2-3 тэрбумын алдагдал хүлээдэг. Төслөө хэрэгжүүлэн явж байх үед зах зээл хумигдсан. Иймээс бид зээлээ 2015 онд таван жилээр сунгаж 2020 оноос төлж эхэлсэн. Гэвч 2020 онд цар тахал гарч хүнд байдалд орсон. Иймээс Хөгжлийн банкинд удаа дараагийн санал хүсэлтийг албан бичгээр хүргүүлж уулзалт хийсэн. Харамсалтай нь шийдвэрт хүрээгүй байсаар ийм байдалд хүрлээ. Төслийн хувьд зорилго зорилт нь зуун хувь хэрэгжсэн. Гадуур яриад байгаа шиг Хөгжлийн банкны зээлийг буруу ашигласан зүйл байхгүй гэлээ.